УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил УИХ-ын даргад нэгэн саналыг тавьсан юм.
Тэрбээр “Хаврын чуулган завсарлахаас өмнө шийдүүлэх нэг асуудал байна. Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй болгох асуудлыг би сарын өмнө тавдугаар сарын 17-нд Төрийн тусгай хамгаалалтын газарт явуулсан. Иргэдээс маш их хүсэлт ирж байна. Зуны налгар цагт зуслан гарах нэгэн байна. Гарч чадахгүй нэгэн байна. Тиймээс цэцэрлэгт хүрээлэнг ашиглаад нар, сүүдэрт гарч байх хүсэлт тавьсан юм. Одоо болтол хариу алга. Ярихаар дарга цэрэг нь утсаа авахгүй юм. Сургийг нь сонсохоор хаалттай хэвээрээ байна гэсэн хариу өгөх гэж байгаа юм шиг байна. УИХ-ын дарга та энэ асуудалд анхаарлаа хандуулаач. Миний хувьд зөвхөн гишүүний хувьд биш Улаанбаатар хотын иргэний хувьд тавьж байна. Тэгээд ч Төрийн ордон том хашаагаар хамгаалагдсан, хойд талд нь байгаа цэцэрлэгт хүрээлэнд хүртэл хүн ордоггүй байж болмооргүй байна. Хүүхэд байхдаа зөндөө тоглож нааддаг байсан газар шүү дээ. Үдэш орой, жагсаал цуглаан болохоор нь хаана биз. Бүр болохгүй бол Төрийн ордны тухай хуульд нэмэлт оруулдаг юм уу. Чуулган завсарлахаас өмнө энэ асуудлыг шийдмээр байна” гэлээ.
Хариуд нь УИХ-ын дарга М.Энхболд:
-Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй болгоход юу нь болохгүй байгаа юм бэ. Хуучин баруун, зүүн хойд талаасаа хаалга нь онгорхой хүмүүс өглөө, орой орж гараад байдаг байсан шдээ. Тийм учраас Тамгын газар Төрийн тусгай хамгаалалтын газарт Ц.Мөнх-Оргил гишүүнээс явуулсан бичгийг нэгтгэж авч үзээд нээлттэй болгох тал дээр нь шийд” гэлээ.



