Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.
Аялал жуулчлалын гол чиглэл, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа
Улсын хэмжээний аялал жуулчлалын чиглэлүүдийг бодлогын бусад баримт бичигт заасны дагуу “Аялал жуулчлалын гол чиглэл”, “Цайны зам”, “Торгоны зам”, “Их түмэн гол” болон бусад хил дамнасан аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлүүдийг “Хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэл”, орон нутгийн аялал жуулчлалын чиглэлүүдийг “Аймаг, нийслэлийн аялал жуулчлалын цэг” гэж томьёолсон байна.
Гол чиглэлийн дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжил, жуулчны аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхээр боллоо. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжид хамруулах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж байхаар шийдвэрлэв.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:
-Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд цаашид баримтлах гол чиглэл болон хил дамнасан бүсийг баталлаа.
Энэхүү Засгийн газрын тогтоол батлагдсанаар аялал жуулчлалын салбарт бий болох хөрөнгө оруулалт урт богино хугацаанд тооцогдож тухайн бүс нутагт тогтвортой аялал жуулчлал хөгжих боломж бий болж байгаа юм. Мөн тухайн аялал жуулчлалын бүсэд ажлын байр нэмэгдэх боломжийг албан ёсоор Монгол Улсын Засгийн газар баталгаажуулсан гэсэн үг.
Тогтоол батлагдсанаар Үндэсний хөгжлийн газар, Сангийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, БОАЖЯ хамтарч томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын нэгдсэн тооцоог гаргана. Ингэснээр Монгол Улсын аялал жуулчлалын салбараас олдог орлого эдийн засгийн тулгуур болно гэсэн зорилтод хүрнэ гэж үзэж байгаа.
Мөн 2020 он гэхэд Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авах суурь тавигдаж байна гэсэн үг. Монгол Улс сая жуулчин хүлээн авбал Зүүн Өмнөд Азидаа аялал жуулчлалын сонирхолтой бүс болно. Үүнийг Засгийн газар шийдсэнээр энэ салбарт орох гадаад дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт баталгаажна.
Бид одоогийн байдлаар нэг олон улсын агаарын төвтэй аялал жуулчлалтай байгаа. Харин энэ чиглэлд орсноор бид зургаан олон улсын нисэх буудлуудыг орон нутагт бий болгоно гэсэн үг. Тодруулбал, Өмнөговь, Хөвсгөл, Хархорин, Ховд, Увс гэсэн чиглэлд шууд олон улсын нислэг үйлдэх бүрэн боломжийг Засгийн газар бий болгож ажиллана” гэлээ.
Өнгөрсөн онд 470 гаруй мянган жуулчин хүлээн авсан нь 2016 онтой харьцуулахад 14 хувь, аялал жуулчлалаас 400 гаруй сая ам.доллар олсон нь 20 хувиар өсчээ.
Гэрээний төслийг талууд нарийвчлан хэлэлцэн тохиролцсон бөгөөд Мянганы сорилтын корпораци Конгресст мэдэгдсэнээр гарын үсэг зурахад бэлэн болох юм.



