Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө. Тус яамнаас өдөр бүр халдварт өвчний талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеээр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Шинэ коронавирусийн халдвар нэмэгдсээр байна. Сүүлийн өдрүүдэд олон улсын эрдэмтэд судалгаа шинжилгээгээ эрчимжүүлж, шинэ дүгнэлт, мэдээллүүд гарргасан. Коронавирусийн халдвар авсан нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай гэж дүгнэсэн байна. Түүнчлэн өвчний нууц үе буюу 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тараах магадлалтай гэж үзсэн. ДЭМБ-ын захирал сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан" гэлээ.
Мөн гадны улсуудад ажиллаж, суралцаж байгаа иргэдээс олон тооны амны хаалтыг хандивлаж байгаа. Тэдгээрийг эрсдэлт бүлэг буюу эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, мөн өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан настнуудад тарааж байгаа гэсэн юм.
Харин Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж хилийн боомтуудаар нэвтэрч буй иргэдийн талаар мэдээлэл өгөв.
Тэрээр "Монгол Хятадын хилийн боомтуудад зарим хязгаарлалт хийсэн болохоос хаагаагүй. Монгол Улсын иргэн хувийн ажлаар БНХАУ-руу зорчихыг хязгаарласан. Түүнээс биш БНХАУ-аар дамжиж өөр улс руу явж байгаа, тус улсад ажиллаж амьдардаг иргэд, оюутнуудыг, мөн эмнэлгийн зайлгүй шалтгаанаар зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Албан ёсны бичиг баримтаа үзүүлээд хилийн боомт дээр үзүүлээд БНХАУ-руу зорчиж байгаа. БНХАУ иргэдийнхээ Монгол улс руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Тиймээс гуравдагч улсаас манайд ирж байгаа БНХАУ-ын иргэдийг хүлээн авч байна.
Мөн дипломат ажилтнууд, тэдний гэр бүлийг хилээр нэвтрүүлж байгаа. УОК-ын шийдвэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай БНХАУ-ын иргэдийн хилээр нэвтрүүлж байна. Өчигдрийн УОК-ын хуралдаанаар авто замын боомтуудаар нүүрс тээвэрлэхийг зогсоох шийдвэр гаргасан. Бусад эрдэс баялаг тухайлбал, зэсийн баяжмалын тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ. Ачаа тээвэр мөн саадгүй үргэлжилнэ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд БНХАУ-ын талаас 634 иргэн хил нэвтэрч орж ирсний 625 нь Монгол Улсын иргэн байна. Дурдсан хугацаанд БНХАУ руу 388 иргэн гарсан. Үүний дийдэнх нь буюу 342 нь эрдэс баялгийн тээврийн жолооч байсан.
БНХАУ-ын олон зуун иргэн хилээр нэвтэрч орж ирж байгаа гэх ташаа мэдээлэл тарж байна. Хязгаарлалт тогтоосноос хойших 14 хоногт нийт 442 БНХАУ-ын иргэн орж ирсэн. Эдгээр иргэдийн дунд дипломат ажилтнууд, хүндэтгэн үзэх шалтгаантай БНХАУ-ын иргэд байгаа" гэв.
ЭМЯ-ны мэдээлснээр, энэ сарын 11-ний 10.00 цагийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдварын 43027 тохиолдол бүртгэгдэж, 1018 хүн нас барж, 3998 хүн эдгэрчээ.





Сэтгэгдэл (1)