Засгийн газрын хуралдаанаар ЕБС, цэцэрлэг, МСҮТ, Их, дээд сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зогсоох шийдвэр гаргасан билээ.
Уг шийдвэрүүдтэй холбоотойгоор орон нутгийг чиглэсэн хөдөлгөөний эрчим их байгааг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тус төвөөс хот хоорондын чиглэлд зам хаах, хөдөлгөөн зогсоох ямар нэгэн шийдвэр гараагүй, зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн цагийн хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байгааг мэдэгдлээ.
Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 60 чиглэлд 77 тээврийн хэрэгслээр 2,695 зорчигч үйлчлүүлж байгаа бөгөөд нийт нутгаар цаг агаар тогтуун, тээвэрлэлт хэвийн, зам даваа саадгүй байгаа аж.
Харин иргэдэд хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт хэрэглэж, Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг дагаж мөрдөхийг санууллаа.
Зөвхөн Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хиллэдэг хилийн боомтын улс хоорондын зорчигчдын тогтмол болон тогтмол тээврийг тодорхойгүй хугацаагаар түр хязгаарласан талаар АТҮТ-өөс мэдээлэв.



