Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэх үүднээс “Хичээх өдөр” арга хэмжээг 2019 оны арвандүгээр сарын 29-ний өдөр буюу маргааш улсын хэмжээнд зохион байгуулна. “Хичээх өдөр”-өөр “Энхтайваны өргөн чөлөө”-нд/Төв зам/ авто замын хөдөлгөөнийг 11.00 цагаас 5 минутын хугацаатай түр зогсоох үйл ажиллагааг зохион байгуулах тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Энэ үеэр зам тээврийн ослын үед хохирсон иргэдэд шуурхай тусламж үзүүлдэг цагдаа, эмнэлгийн яаралтай түргэн тусламж, онцгой байдлын шуурхай дуудлагын тээврийн хэрэгслүүд тусгай дуут болон гэрэл дохиогоо дуугарган иргэдэд анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.
Мөн зам тээврийн ослын дараа тээврийн хэрэгслүүд ямар байдалтай болдог талаар бодит осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийг иргэдэд үзүүлэх, ослоос хэрхэн сэргийлэх үзүүлэн самбарыг бэлтгэн харуулна.
Түүнчлэн замын хөдөлгөөний дүрмээ зөрчихгүй байх уриалга бүхий авто клубын залуус тээврийн хэрэгсэлтэйгээ цуваагаар 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн өглөөний 10:20 цагт Дүнжингарав худалдааны төвөөс хөдөлж, Нарны замаар Хүүхдийн паркийн баруун уулзвараар-Төв шуудан-Баруун 4 зам- Нарны гүүрний доогуур нарны замаар Дүнжингарав худалдааны төв гэсэн маршрутаар явах юм байна.
Монгол Улсад зам тээврийн ослын улмаас сүүлийн 5 жилд буюу 2014-2018 онд 2700 хүн амь насаа алдаж, 27,080 хүн хүндэвтэр болон хүнд гэмтэл бэртэл авч эрүүл мэндээрээ хохирсон байна. Бид нэг л өдөр замын хөдөлгөөний дүрмээ баримтлаад, явган зорчигч нар нь явган хүнийхээ зам, явган хүний гарц, гарамтай хэсгээр зорчоод, тээврийн хэрэгслээр зорчигч нар нь хамгаалах бүсээ бүслээд замын хөдөлгөөнд оролцож чадвал 2 хүн амь насаа алдахгүй, 15 хүн эрүүл мэндээрээ хохирохгүй, 260 зам тээврийн осол гарахгүй гэсэн үг.



