x

30 гэр бүл буюу 30 чеболь

Монгол Улсад дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон “30 гэр бүл”-ийн хяналт дарангуйлалд автсан, аливаа томоохон хэмжээний төсөл, хөтөлбөрийн үр шимийг зөвхөн тэд л хүртдэг тогтолцоотой болсон талаарх шүүмжлэл нийгэмд бий. Сонирхолтой нь, Өмнөд Солонгост улс төртэй хутгалдсан бизнесийн элит “30 гэр бүл” гэх ойлголт байдаг ажээ. Тэд улс орноо хөгжүүлж буй мэт харагдах хэрнээ улс орныхоо эдийн засагт нөхөж боломгүй хямрал авчирсан байх юм.

Түүхийн хуудас сөхвөл:
1950-иад оны Солонгос. Хагас зууны Японы дарлал, Солонгосын дайн зэрэг асар хүнд нөхцөл байдлын улмаас эдийн засгийн хөгжлөөрөө илт хоцорсон ирээдүйгүй улсад тооцогдож байв. Гэвч Өмнөд Солонгос ердөө 30 орчим жилийн дотор эдийн засгаа босгож чаджээ. 1996 онд тус улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (Organisation for Economic Co-operation and Development, OECD) гишүүнээр элсчээ. Тус байгууллага ардчилал, чөлөөт зах зээлийн үнэт зарчмуудыг хүлээн зөвшөөрдөг 36 гишүүн орноос бүрддэг.

Тус байгууллагын ихэнх гишүүд өндөр орлого, хүчирхэг эдийн засагтай бөгөөд хүний хөгжлийн индекс зэрэг үзүүлэлтээр дэлхийн хэмжээнд дээгүүр орно. Солонгос дэлхийд усан онгоц, компьютерийн чип, автомашин, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл зэргээр тэргүүлж байна. Гэвч Samsung, LG Group, GS Group, Hyundai, SK Group, Daewoo, Lotte, CJ Group зэрэг дэлхийн хэмжээний группууд нь цөөхөн гэр бүлийн(чеболь) эзэмшилд байдаг онцлогтой.

Чеболь нь Солонгосын үйлдвэрлэл, санхүүгийн томоохон бүлэглэлийн нэг хэлбэр. Эдгээр группуудийн захиргаа, санхүү, хяналтын шийдвэр гаргах хэмжээний хувьцааны хувь цөөн гэр бүлийн мэдэлд бий. Чеболиуд Солонгосын дайны сүүлээр үүссэн бөгөөд өнөөг хүртэл оршин тогтнож байна. Тэднийг “30 гэр бүл” гэж нэрийддэг. 1998 онд Солонгосын нийт аж үйлдвэрийн салбарын борлуулалтын 46 хувь тэдэнд оногдож байжээ. Энэ нь Солонгосын эдийн засгийг тэдэнгүйгээр төсөөлөх боломжгүй гэсэн үг.

1980-аад оны дунд үеэс Өмнөд Солонгос эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхлэв. Тэд асар богино хугацаанд дэлхий нийтийг “алмайруулах” амжилтад хүрч чадсан. Гэвч хөгжиж буй эдийн засагтай улсуудад тохиолддог нийтлэг алдаа дутагдал “хөөсөрч” байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Чеболиуд “нүсэр том” болж хүрээгээ тэлсэн группийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг дүгнэж цэгнэх, тэр ч байтугай хяналт тавих боломжгүй байжээ[Sung Wook Joh, “Corporate Governance and Firm Profitability: Evidence from Korea Before the Economic Crisis’]. Үүнээс гадна, өрийн асуудал хэр хэмжээнээсээ хэтэрч эхэллээ. Тухайлбал, Samsung-ын хувьд гэхэд л өөрийн хөрөнгөөс нь даруй 3,5 дахин, Daewoo 4,1 дахин, Hyundai 5,6 дахин өртэй болсон байв.

1990 оны үеэс чеболиуд улс төрийг манлайлагч намуудын удирдах түвшинд гарч ирлээ. Тэд энэ давуу байдлаа урвуугаар ашиглаж, бага хүүтэй асар их хэмжээний зээл авах, группийнхээ өрийн дарамтыг харьцангуй бага үнээр төлөх зэрэг боломжуудыг тултал нь ашиглаж эхэлсэн юм. Тухайн үед Солонгосын санхүүгийн салбар хөл дээрээ баттай зогссон гэж тооцоо хийсэн гаднын хөрөнгө оруулагчдаас капитал татах шиг хялбар асуудал байсангүй. Мөн чеболиуд гаднын банкнаас хүссэн хэмжээгээрээ зээл авч байв. “Hot money” буюу “халуун мөнгө”-ний урсгалыг чеболиуд өөрийн урт хугацаат төслүүд рүү цутгаж эхэлжээ.

Халуун мөнгө гэдэг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэл эрхлэх зориулалттай урт хугацааны хөрөнгө оруулалт биш, харин богино хугацаанд ашиг хийгээд хэзээ ч гарч явахад бэлэн мөнгөний урсгал учраас хөгжиж буй эдийн засагт туйлын хортойд тооцогдоно. Ингэж санхүүгийн хямрал Солонгост эхлэлээ тавьжээ. Бизнесийн олон төрлөөр амжилттай ажиллаж байсан Samsung автомашин үйлдвэрлэлийн урт хугацаат төсөлд “халуун мөнгө”-ийг орууллаа. Энэ нь хожмоо тус компанийг асар их өрөнд оруулсан буруу шийдвэр болов.

Daewoo группийн эзэд хуучин социалист улс орнуудын орон зай, түүний дотор Оросын өргөн нутаг дэвсгэрт тооцоо судалгаа багатай их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, олон тооны “нүсэр” үйлдвэрүүд босгож эхлэв. Мөн автомашины үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийж дампуурах эхлэлээ тавьсан байдаг.

Ийнхүү 1996 онд хямралын анхны шинж тэмдэг мэдрэгдэв. Гангийн үйлдвэрлэгч Hanbo Group дампуурлаа зарлав. Удалгүй автомашин үйлдвэрлэгч Kia групп санхүүгийн асар хүнд байдалд орсон талаар шуугиан дэгдлээ. 1997 оны зун зургаан том чеболь дампуурлаа зарлаж, гадаадын хөрөнгө оруулагчид сандарч, бужигнаж эхэллээ. Тэд чадах чинээгээрээ хөрөнгөө татаж эхлэх нь тэр. Ийнхүү нэгэнт эрчээ авсан хямралыг тогтоох ямар нэгэн хүчин зүйл тэр үеийн Солонгосын эдийн засагт байсангүй. Энэхүү хямралыг эдийн засгийн буруу бодлого гэхээсээ илүүтэй улс төрд шургалсан цөөн “гэр бүл” өрдсөн байдаг.

Ийм түүхийг Индонезийн ерөнхийлөгч Сухартогийн үеийн Индонез, Б. Ельцины үеийн ОХУ... зэрэг олон улсын жишээнээс харж болно. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын гарал үүслийн талаар олон янзын шалтгаан нэрлэдэг ч хөгжиж буй эдийн засагтай улс орны хувьд анхаарах гурван хүчин зүйл байдгийн нэг нь “Бизнес, санхүүгийн лидерүүд улс төртэй хэт хутгалдах” гэх шалтгаан бий.

Монголын “30 гэр бүл”

Гэр бүлийн тоо тийм чухал биш. “30 гэр бүл” гэдэг нь “цөөн” гэсэн утга илэрхийлнэ. Манай улсын томоохон мөнгөн дүнтэй эдийн засаг, санхүүгийн аливаа шийдвэрт бүлэглэлийн эрх ашгийг тооцдог болоод багагүй хугацаа өнгөрч байгаа бололтой. Хэрэв “30 гэр бүл”-ийн эрх ашиг нь зөрчигдвөл УИХ-ын шийдвэрийг ч гацаадаг талаар ноцтой баримтыг зарим улс төрчид ярьж байна. Ардчилсан нам засаглаж байх үед “Чингис бонд”-ын мөнгөнөөс чамгүй хүртсэн “бизнесмэн” гишүүд, МАН төрийн эрх барьж буй өнөө цагт олон тэрбумын концессыг өөрийн мэдлийн компаниуддаа хуваарилсан... гээд жишээ татвал захаас аваад олон. Бүлэглэлийн шийдвэр албан ёсны хууль болж гардаг учраас тэдэнд хариуцлага тооцох боломжгүй. Учир нь УИХ-д тэд өөрсдөө эсвэл төлөөллөө хангалттай шургуулжээ.

Манай улс уул уурхайн эрдэс баялгийн арвин их нөөцтэй. Өвгөдийн цусаар “тамгалсан” энэхүү баялгийг, өдгөө цөөн хэдэн нөхөд эзэн суужээ. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бүрэн хяналтдаа авсан төдийгүй олон нийтийн сүлжээг ч "барих" оролдлого хийж байна. Тиймээс “тэднийг өмгөөлдөг” дуу хоолой нийгэмд “нэн чанга”. “Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж туслах ёстой биш үү? Баялаг бүтээгчид рүүгээ дайрах нь буруу. Тэдний улсад төлсөн татвараар та, цалин, тэтгэвэртэй байгаа юм шүү” гэх ухуулга нэн хүчтэй цацагдаж байна. Энэ нь “онцгой эрх дархтай гэр бүл”-ийн ойлголтыг саармагжуулж, нийтийг талцуулах оролдлого.

Манай үндэсний үйлдвэрлэгчид нь төрөөс элдэв хөнгөлөлт чөлөөлөлт шаардахгүйгээр хөдөлмөр эрхлэн, татвараа төлж, ажлын байр бий болгож, Монгол улсын эдийн засгийн хүндийг үүрч яваа. Энэ олон мянган аж ахуй нэгжүүд манай улсын хөгжлийн гол түлхүүр гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин баялаг бүтээгчдийн ар зоогоор нуугдан, нийт иргэд аж ахуй нэгжийн төлсөн татвар болон байгалийн баялгаар “найрлаж” суугаа “30 гэр бүл” өндийж буй эдийн засагтай манай орны хувьд сайныг авчрахаасаа илүүтэй саад тотгор болно.

Манай эдийн засаг дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнээс ихээхэн хараат. Манай валют олдог гадаад худалдааны нийт дүнгийн 90 орчим хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт эзэлдэг. Тэр дундаа зэс, нүүрс ойролцоогоор 70 хувийг дангаараа бүрдүүлнэ. Тэгвэл энэ хоёр чухал түүхий эдийн статистик үзүүлэлтийг харцгаая. Зэсийн баяжмалыг 2013 онд 948,9 сая ам.доллароор борлуулж байсан бол 2018 онд 2 тэрбум 12 сая ам.доллар болж 2 дахин өссөн, нүүрс 2015 онд 555.9 сая ам.долларын борлуулалт хийж байсан бол 2018 онд 2 тэрбум 802 сая ам.доллар болж бараг зургаа дахин өсчээ.

Тэгвэл энэ хэрээр иргэдийн амьжиргааны түвшин, бодит орлого нэмэгдэж, нийт иргэдэд тэгш хуваарилагдсан уу гэдэг асуулт зүй ёсоор хөндөгдөх ёстой. Үнэн хэрэгтээ эрдэс баялгаас хамаарсан эдийн засгийн өсөлт хөгжлийн хэмжүүр огтхон биш. Хэрвээ үйлдвэрлэл хөгжиж, ажилгүйдлийн түвшин буурч, орлого нь зарлагаа давсныг нийтэд тэгш хуваарилаад ирвэл иргэн бүр үр шимийг нь мэдрэх боломжтой болно. Харин уул уурхайн орлогын дийлэнхийг “гарын үсэг” зурдаг эрх мэдэл бүхий цөөхөн гэр бүлийнхэнд ногддог. Орлогын тэгш бус байдал гэдэг санхүүгийн хямралаас ч аюултай үзэгдэл. Энэ үзүүлэлт нэмэгдэх тутам нийгэмд дургүйцэл, үзэн ядалт гаарч, үймээн самуун дэгдэж, төр улсаа самарсан жишээ олон.

АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч асан Франклин Д.Рузвельт: “Бизнесмэн хэзээ ч улс төрийн сайн зүтгэлтэн болдоггүй. Түүний цорын ганц сонирхол бол халаасаа зузаатгах явдал болохоос ард түмэн огт биш” гэж зүгээр нэг хэлээгүй нь лавтай.

Эдийн засагч Р.Даваадорж

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.42.111)
    Мундаг нийтлэл байна шүү.Дөжрөөд мангартчихсан олон нийтэд сайн хүрэхгүй л дээ
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (59.153.114.249)
    маш аятайхан нийтлэл бна шүү.
    2019 оны 08 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 51 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 59 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 1 цаг 3 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 1 цаг 8 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 1 цаг 41 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 3 цаг 16 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа
Top