x

Улстөрчид гаднынхны мөнгөнд дуртай мөртлөө гаднын банканд дургүй

 

Гэтэл банканд ч гэсэн мөнгө л байдаг бус уу? гээд асуучихад илүүдэхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт даллахыг амны уншлага болгосон эдийн засагчид, ялангуяа гадаадаас бонд босгох талаар байнга сэтгэж явдаг улстөрчдөөс.

Гэвч тэд гаднынхны мөнгөнд дуртай мөртлөө гаднын банканд дургүй аж. Энэ сэдвийг хөндөхөөр банкны эзэд, банканд хувьтай улстөрчид гадаадын банкуудыг нүд үзүүрлэн бизнесийн талбараа хамгаалсаар ирсэн.

Эзэн нь хойно, эдээ хамгаалах нь яалт ч гүй алхам. Тэдний эсрэг бизнесийн салбарынхан их хэмжээний ам.долларын хөрөнгө оруулалт, бага хүүтэй зээл л байвал Монгол Улс хөгжих нь өнөө, маргаашийн асуудал ухааны юм хэлдэг.

Ерөнхийдөө 30 гаруй, эдийн засгийн идэвхжил өндөртэй үед буураад 18 хувийн хүүтэй зээлээр бизнес эрхэлдэг тэд ингэж хоёр гараа өргөхөөс өөрцгүй.

Гэхдээ хамгийн бага хүүтэй зээл харьцангуй төлбөрийн баталгаатай цөөн тооны томоохон компаниудад олддог гэдгийг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Жижиг, дундчуул нь дотоодын банкуудын өндөр хүүг даалгүй дампуурдаг.

Даваад гарсан хэд нь улстөрчидтэй холбогдох, эсвэл уул ухахгүй л бол томордоггүй нөхцөл байдал үндсэндээ 25 жил үргэлжилсэн гэхэд хилсдэхгүй. Энэ хугацаанд гаднын банк орж ирснээр хөрөнгө оруулалтын салбарт өрсөлдөөн бий болж, монголчуудын олон жилийн мөрөөдөл зээлийн хүү нэг оронтой тоонд орно.

Эсвэл Монголынх шиг жижигхэн эдийн засгийг гадаадын акулууд ганцхан ангайлтаар зажлахгүй залгичихна гэх мэтээр хоёр талцаж, олон жил мэтгэлцлээ. Төр засгийн түвшинд ч гаднын банк оруулж ирэх замаар хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчинг бүрдүүлэхээр олон ч парламентын бүрэн эрхийн хугацаанд улстөржлөө.

МАН 2016 оны сонгуульд ялалт байгуулсан даруйдаа эдийн засгийн хямралыг оношлоод, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр дэвшүүлсэн. Түүнийх нь тэргүүнд “Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх”, “Банк, санхүүгийн системийн нээлттэй, ил тод байдлыг хангаж, гадаадын банкны салбар нээн ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох” зэрэг эрүүл зорилтууд багтсан байдаг юм.

Энэ хүрээнд УИХ-ын 30-аад гишүүн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлэв, хөөрхий. Хөөрхий гэхээс ч өөр аргагүй.

40 хүрэхгүй гишүүнээр ирц бүрдүүлээд, 20 хүрэхгүй хүн хэлэлцэн хууль баталчихдаг улс өөрсдийнхөө санаачилсан төслийг хууль болгон төрүүлж дөнгөхгүй байгаад хамаг учир бий. УИХ-д өргөн баригдаад гурван жил орчим болж байгаа ч хэлэлцэх эсэхийг нь дэмжих маягтай болоод замхрах шинжиндээ оров.

Гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдлыг ойлгож, зарчмын хувьд дээрх хуулийн төслийг дэмжсэн УИХ-ын гишүүд Хятадын банканд хаалгаа нээсэн эрлийз, хурлийзаараа цоллуулахаас айсан уу, яасан таг дуугүй болсон.

Уг нь МАН-ын Засгийн газар 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд, зарчмын хувьд дэмжсэн байдаг. Намын бүлэг, чуулганы нэгдсэн хуралдаанаар үзэл баримтлалыг нь дэмжсэн.

Гэтэл анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд оруулмагц дарга нь алх цохиод хугацаагүйгээр хойш тавьсан юм. Тухайн үед УИХ-ын эдийн засгийн асуудал эрхэлсэн байнгын хороог банк санхүүгийн салбарын либералчлалыг харьцангуй ойлгодог, баруунд боловсрол эзэмшсэн Д.Тэрбишдагва даргалж байсан бол өнөөдөр шинэ үеийн бизнесмэнүүдийн төлөөлөл Ж.Ганбаатар алх цохих эрхтэй даналзаж байгаа.

Банкны салбарын өрсөлдөөнийг либералчлах асуудал дээр энэ хоёрын байр суурь төстэй л дөө. Тэдний байр суурийг эргэн сануулахад, Д.Тэрбишдагва “Дэлхийн нийтэд гадаадын банк оруулж ирээгүй улс бараг байхгүй. Олон улсын банкны менежментийг оруулж ирээд, арилжааны банктай өрсөлдөхүйц хэмжээнд ажиллах нь олон эерэг нөлөөтэй.

Ялангуяа үйлдвэр аж ахуй нэгжүүдэд чухал ач холбогдолтой. Гэхдээ хязгааргүй олон банк оруулж ирэх бус Монгол Улсын мөнгөний бодлогод тулгуурласан, хатуу шаардлагатай, хууль эрх зүйгээр тодорхой үйлдлийг хязгаарлаж чадсан байх ёстой.

Ингэснээр нийт аж ахуй нэгжид тулгарч байгаа хүүний дарамтаас ангижрах давуу талтай” хэмээж байсан бол Ж.Ганбаатар “Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль бол цаг үеэ олсон, ач холбогдол өндөртэй хууль. Би 100 хувь дэмжиж байгаа. Харин жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарт хандаж байгаа өнөөдрийн арилжааны банкнуудын асуудал хэцүү байна. Хүүгээ төлөөд цаанаа ашгаа гаргаж чадахгүй байна.

Томорч чадахгүй байгаа учраас өөртөө ашигтай зээлдээ хамрагдаж чадахгүй байна. Том зээлдэгч нарт бол боломжтой зээл санал болгодог. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээлийн 24 хувийг давж гарч чадахгүйн улмаас ажлын байрны тоог нэмж чадахгүй байна” гэж байлаа.

Хуулийн төсөлд тусгаснаар Хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан 500 тэрбум төгрөгөөс доошгүй байна. Харин одоо дотоодын банкуудын дүрмийн сан 50 тэрбум төгрөг байгаа.

Өөрөөр хэлбэл, манай улсын дотоодын банкуудын дүрмийн сангаас 10 дахин их хэмжээний эх үүсвэртэй том тоглогч уг хууль төрснөөр орж ирэх үүд нээгдэх нь. Харин олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс доошгүй байх босго тогтоон өгч байгаа.

Ингэснээр Монголын банкуудын тоглох орон зайг дархалж өгч байна гэж ойлгож болно. Хөрөнгө оруулалтын банк иргэдээс хадгаламж татан төвлөрүүлэхгүй, хараат болон охин компани байгуулж болохгүй.

Зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр буюу томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор зээл олгодог байх бөгөөд гадаад төлбөр тооцоо гүйцэтгэх, өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авах эрхтэй байна.

Мөн зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах, хууль тогтоомжоор хориглоогүй Монголбанкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ гэсэн хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа эрхлэх боломжтой гэж хуулийн төсөлд тусгаад байгаа.

Үүнээс гадна санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх, итгэлцлийн үйлчилгээ, даатгалын зуучлагч, андеррайтерын үйлчилгээ, кастодиан, харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээг Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр явуулах боломжтой аж.

Одоогоор Монголд гаднын банк байгуулах, банкны үйл ажиллагаа явуулах талаарх харилцааг Банкны тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай, Компанийн тухай хууль болон Монголбанкны Банкны зөвшөөрлийн журам, Банкны нэгжийн журмаар зохицуулж байгаа аж.

Банкны зөвшөөрлийн журамд заасны дагуу дээрх төлөөлөгчийн газрууд нэгээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол банкны үйл ажиллагааг эрхлэх хүсэлтээ Монголбанк болон бусад эрх бүхий байгууллагуудад тавих эрх эдэлдэг. Уг журмаар зөвхөн гаднын банкны төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгох, татгалзах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай асуудлыг журамласнаас өөрөөр гаднын банкны талаар нарийвчилсан зохицуулалт Банкны тухай хууль тогтоомжид одоогоор байхгүй гэнэ.

Бусад үйл ажиллагааг хориглосон хуулийн зүйл заалт байхгүй. Мөн дотоодын гэх тодотголтой арилжааны 13 банкны найм нь их бага хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулалттай.

Манай үндсэн том гурван банк буюу ХААН, Голомт, Худалдаа хөгжлийн банк гадаад улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалттай байх жишээтэй. Харин гаднын таван банкны төлөөлөгчийн газар ажиллаж байгаа. БНХАУ-ын “ICBC”, Голландын “ING”, БНХАУ-ын “Bank of China”, Японы “Sumimoto Mitsui Banking Corporation”, “Tokyo Mitsi-bushi UFJ” банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээрээс “ICBC”, “Bank of China” хоёр БНХАУ-ын төрийн өмчийн оролцоотой, бусад нь арилжааных юм байна.

Тиймээс гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрүүлэх үүднээс хуулийн төслийг боловсруулжээ. Хөрөнгө оруулалтын банк байгуулахын тулд Монгол Улсад банкны төлөөлөгчийн газар байгуулж, нэгээс доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх шаардлагатай аж.

Ерөнхийдөө Хөрөнгө оруулалтын банк байгуулах шаардлага нөхцөл нь ингэж тусгагдаад байгаа. Харин зарим эдийн засагч гаднын банк орж ирэхийг хоёр гараа өргөн дэмжинэ гэж байгаа ч үндэсний аюулгүй байдлын түвшинд гадаад улсын төрийн өмчит оролцоотой банк оруулж ирэхийг эсэргүүцэж ирсэн.

Мөн дэлхий дээр гаднын банканд хаалттай Хойд Солонгос, Монгол гэсэн хоёрхон улс үлдсэн гэдгийг сануулах нэгэн ч бий. Эцэстээ “Айсан хүнд аргал хүртэл хөдөлнө” гэгчээр зах зээлээ нээлгүй айж бэргэсээр өдий олон жил өнгөрлөө.

"Үндэсний шуудан" сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 16 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 20 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 31 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 48 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 55 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 1 цаг 3 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 1 цаг 10 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 13 цаг 50 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 14 цаг 22 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 14 цаг 50 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 15 цаг 7 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 15 цаг 56 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 18 цаг 2 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 18 цаг 16 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 18 цаг 53 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 19 цаг 5 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 19 цаг 13 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 20 цаг 28 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв 21 цаг 45 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ...
Top