x

Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ

Йеменд хэдэн жилийн турш харьцангуй намжмал байсан зэвсэгт мөргөлдөөн дахин хурцдах эрсдэл нэмэгдэж байна. Хуситууд сүүлийн үед Засгийн газрын хүчний байрлал, Улаан тэнгисийн боомт, худалдааны хөлөг онгоц болон Саудын Арабын газрын тосны байгууламжийг чиглэсэн халдлагаа эрчимжүүлсэн талаар “Аль Жазира” мэдээлжээ.

Йеменд 2014 онд хуситууд нийслэл Сана хотыг хяналтдаа авснаар Засгийн газрын хүчинтэй зэвсэгт мөргөлдөөн эхэлж, дараа жил нь Саудын Араб тэргүүтэй эвсэл дайнд оролцсон юм. Олон жил үргэлжилсэн мөргөлдөөний эрчим 2022 онд НҮБ-ын зуучлалтай гал зогсоох тохиролцооны дараа буурсан ч талууд өнөөг хүртэл улс төрийн иж бүрэн энхийн хэлэлцээр байгуулж чадаагүй байна. Ийм эмзэг нөхцөлд сүүлийн үеийн халдлагууд дахин өргөн хүрээний тулаанд хүргэж болзошгүйг шинжээчид анхааруулжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт хуситууд Йемений Засгийн газрын хяналтад байдаг цэргийн байрлалуудад пуужин, нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цохилт өгч, олон арван цэрэг амь үрэгдсэн байна. Мөн Улаан тэнгисийн эрэг дэх Аль-Маха боомт халдлагад өртөж, энгийн иргэд амиа алджээ.

Хурцадмал байдал далайн тээвэрт ч нөлөөлж эхэлсэн байна. Хуситууд стратегийн ач холбогдолтой Баб-эль-Мандебын хоолойд худалдааны хөлөг онгоц руу халдсан бөгөөд уг халдлагын үеэр хүний амь эрсдэж, шархадсан тохиолдол гарчээ. Хуситууд тухайн хөлөг онгоцыг зэвсэг тээвэрлэж байсан гэж тайлбарласан байна.

Мөргөлдөөн Йемений хилээс давж, Саудын Арабын нутаг дэвсгэрт хүрчээ. Хуситууд тус улсын Жазан дахь газрын тосны байгууламжийг онилж, улмаар Саудын Арабын эсрэг далайн бүслэлт зарласан нь Улаан тэнгисээр дамжих газрын тос болон олон улсын худалдааны тээвэрт шинэ эрсдэл бий болгож байна.

Энэ нөхцөлд Баб-эль-Мандебын хоолойн аюулгүй байдал онцгой анхаарал татаж байгаа юм. Уг хоолой нь Улаан тэнгисийг Адены булан, цааш Энэтхэгийн далайтай холбодог дэлхийн худалдааны стратегийн чухал гарцын нэг. Энд аюулгүй байдал алдагдвал зөвхөн Йемен, Саудын Араб төдийгүй Улаан тэнгисээр дамжих олон улсын худалдаа, эрчим хүчний тээвэрлэлтийн урсгалд нөлөөлөх эрсдэлтэй.

Хуситуудын ажиллагаа өргөжиж буйтай холбоотойгоор Саудын Араб Улаан тэнгисийн усан замын аюулгүй байдлыг хангах олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр оролдож байна. Эр-Рияд энэ чиглэлээр шинэ эвсэл байгуулах санаачилга гаргаж, Пакистан, Турк болон АНУ зэрэг түншүүдтэй аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа идэвхжүүлж буй талаар “Аль Жазира” мэдээлжээ.

Гэхдээ энэ нь Саудын Араб Йемений дайнд дахин өргөн хүрээгээр шууд оролцоно гэсэн үг биш гэж шинжээчид үзэж байна. Эр-Рияд олон жил үргэлжилсэн дайнд дахин татагдахаас зайлсхийх сонирхолтой байгаа ч хуситууд Саудын Арабын нутаг дэвсгэр болон Улаан тэнгис дэх ажиллагаагаа үргэлжлүүлбэл нөхцөл байдал өөрчлөгдөх магадлалтай.

Нөгөө талд хуситуудын сүүлийн үеийн ажиллагааг Йемений Засгийн газрын хүчнийг болзошгүй довтолгоо эхлүүлэхээс өмнө сулруулж, хамгаалалтын байрлалд оруулах зорилготой байж болзошгүй гэж шинжээчид тайлбарлажээ. Иймээс одоогийн мөргөлдөөн тус тусдаа халдлагаар хязгаарлагдах уу, эсвэл 2022 оноос хойш тогтсон эмзэг тэнцвэрийг эвдэж Йемений иргэний дайныг дахин өргөн хүрээнд өдөөх үү гэдэг нь гол анхаарал татсан асуудал болоод байна.

Олон жил үргэлжилсэн дайны улмаас Йемен дэлхийн хамгийн хүнд хүмүүнлэгийн хямралын нэгийг туулсан. Тиймээс зэвсэгт мөргөлдөөн дахин өргөжвөл хамгийн хүнд үр дагаврыг энгийн иргэд амсах эрсдэлтэйг шинжээчид анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 22 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 26 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 29 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 1 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 18 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 37 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 24 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 цаг 46 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 3 цаг 55 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 3 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 15 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 23 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 27 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 31 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 35 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 10 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top