/Reuters/ Эбола вирусний халдвараар 1887 хүн нас барж, халдвар авсан хүмүүсийн тоо 4120-д хүрснийг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Засгийн газар албан ёсоор баталгаажуулан мэдээллээ. Тавдугаар сарын 15-нд тус улсын зүүн нутагт халдвар дэгдсэн юм.
Тус улсын Харилцаа холбооны яамнаас наймдугаар сарын 6-ны байдлаар гаргасан мэдээлэлд дурдсанаар, нас баралтын түвшин 45.8 хувьтай байна.
Киншаса хотын ойролцоо тусгаарлалтад байсан хөлөг онгоцны зорчигчдын дунд эбола вирусийн тохиолдол илрээгүй гэж Эрүүл мэндийн яам мэдэгджээ. Ингэснээр ховор тохиолддог "Бундибугио" омгийн вирус нийслэл Киншаса хотод тархаж болзошгүй гэсэн айдас намжлаа.
Өнгөрсөн пүрэв гаригт дээр хөлөг онгоцоор аялж явсан нэгэн зорчигч эбола вирусний халдвартай төстэй өвчний шинж тэмдэгтэйгээр нас барсны дараа Киншасагаас 65 км-ийн зайд орших Малуку боомтод 200 гаруй зорчигчийг тусгаарлаад байсан юм. Био-анагаахын судалгааны үндэсний хүрээлэнгээс бүх сэжигтэй тохиолдолд "Бундибугио" омгийн вирусний халдвар илрээгүй тул Киншасагийн оршин суугчдад хандан тайван байхыг зөвлөсөн байна.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейесус хэлэхдээ, вирус хурдацтай тархаж буйг анхааруулаад, хариу арга хэмжээг яаралтай эрчимжүүлэхийг уриалжээ.



