Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Микко Киннунентэй уулзаж, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал бодлоо солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол Улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний зургаан шинэчлэлийг танилцуулж, хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн боловсролын чанарын ялгааг бууруулах, багш бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Финландын талтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Микко Киннунен хоёр орны хамтын ажиллагаанд бодит үр дүн хамгийн чухал болохыг онцолж, “Айлчлал, гэрээ байгуулах нь нэг хэрэг. Харин хамтын ажиллагааг тогтвортой, бодит үр дүнд хүргэх нь үүнээс илүү чухал” хэмээн байр сууриа илэрхийллээ. Талууд цаашид боловсролын чанарыг дээшлүүлэх, багшийн хөгжил болон боловсролын тэгш хүртээмжийг хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар санал нэгдэв.



