Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл нуурыг Төрийн тахилгат нуур болгосонтой холбогдуулан Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн орчны бохирдлыг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор хэрэгжүүлж буй “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ” аяны хоёрдугаар үе шат өнөөдөр эхэллээ.
Тус их цэвэрлэгээ нь Хөвсгөл нуур, Эгийн голын сав дагуу хуримтлагдсан хог хаягдлыг үе шаттайгаар цэвэрлэх, байгаль орчны доройтлоос урьдчилан сэргийлэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд нийт гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж байна.
Аяны хүрээнд Хөвсгөл нуур–Эгийн голын сав газрын их цэвэрлэгээг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх Хатгал тосгонд ажиллаж, цэвэрлэгээний ажлын явц, зохион байгуулалт, хэрэгжилттэй танилцан, холбогдох байгууллагуудад чиглэл өгч, ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.
Хөвсгөл нуур нь Монгол орны төдийгүй дэлхийн цэнгэг усны чухал нөөцийн нэг учраас түүний экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, орчны бохирдлыг бууруулахад төр, байгууллага, иргэдийн хамтын оролцоо чухал ач холбогдолтой гэж Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.




