Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өчигдөр /2026.05.20/ нийслэлд нөөцийн мах нийлүүлж буй есөн аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болон сүлжээ дэлгүүрүүдэд хийж буй нийлүүлэлт, түгээлтийн явцыг шалгаж, холбогдох үүрэг чиглэл өгчээ.

Сайд урьдчилан хэлэлцэж зохион байгуулалтаа хийсэн атал нөөцийн махны хүргэлт сүлжээ дэлгүүрүүдэд дутуу хүргэгдсэн, өргөтгөсөн худалдааны зохион байгуулалтын улмаас иргэдийг урт дараалалд оруулж, чирэгдэл учруулж буйг шүүмжилж, цаашид нөөцийн махны түгээлтэд хариуцлагагүй хандвал хариуцлага тооцно гэдгийг хатуу анхаарууллаа.
Мөн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөр дуусгавар болгож, “Номин”, “М-Март”, “Миний дэлгүүр” сүлжээний нийт 81 салбарт маргааш өглөө гэхэд нөөцийн махны нийлүүлэлтийг бүрэн хүргэх үүргийг Улаанбаатар хотын ЗАА, холбогдох аж ахуйн нэгжүүдэд өглөө.
Түүнчлэн сайд нөөцийн мах нийлүүлэх гэрээний хэрэгжилт, түгээлт, борлуулалт, эрүүл ахуйн хяналтад тогтмол анхаарч, хяналтыг эрчимжүүлэн ажиллахыг ХХААХҮЯ, МЭЕГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албаныханд үүрэг болгож, өөрөө биечлэн хяналт тавьж ажиллахаа мэдэгдлээ.



