Харин одоогийн байдлаар энэхүү цэвэрлэх байгууламж хүн амын суурьшил, хэрэглээнээс хамааран хоногт 1 200-1 600 м.куб бохир усыг татан төвлөрүүлж, үүний 50-70 хувийг цэвэрлэн байгальд нийлүүлж байна. Өөрөөр хэлбэл, аймгийн албан байгууллага, айл өрхөөс гарч буй бохир усыг ариутгах татуургын тусламжтайгаар цэвэрлэх байгууламжид авчирч, механик болон биологийн цэвэрлэгээний аргаар цэвэрлэн байгальд нийлүүлдэг ажээ.
Дорноговь аймагт 73 мянга орчим хүн ам оршин суудаг бөгөөд үүний 30 мянга гаруй нь Сайншанд хотод төвлөрдөг. Тус цэвэрлэх байгууламж нь Ар, Өвөр Шандыг холбосон 4.4 км урт бохир усны төв магистрал шугамаас бүрддэг. Энэхүү байгууламж нь Сайншанд хотын дэд бүтцийг сайжруулах, оршин суугчдын амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хөрсний бохирдлыг бууруулах, цэвэрлэсэн усыг говийн ногоон байгууламж, мод тарих, зам талбайн усалгаанд дахин ашиглах зэрэг олон талын ач холбогдолтой юм.



