Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо.
Тус чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав. Энэхүү чиглэлийн 101,7 км авто замыг зургаан эгнээ болгон өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөж буй.
Мөн Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийг хариуцан ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр Зам, тээврийн дэд сайд Г.Ганболдыг томиллоо.



