x

Үндэсний эрх чөлөөг тунхаглаж, тусгаар тогтнолоо сэргээсэн хүндэтгэлт өдрийн утга учир

1911 оны энэ өдөр Монголчууд Манж Чин гүрний ноёрхлыг түлхэн унагаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, язгуурын Монгол Улсын төрийг дахин тунхаглажээ.

Тодруулбал, энэ өдөр Монголчууд тусгаар улс болсноо дэлхий дахинаа албан ёсоор зарлан тунхаглаад VIII Богд Жавзандамба хутагтыг улсын эзэн хаанаар өргөмжилж, анхны таван яамыг байгуулан сайд нарыг тохоон томилж ажилд нь оруулжээ. Өнөөдрийн Монгол Улс бол төр ёсны уламжлал хийгээд газар нутаг, өв соёл, үнэт зүйлийн хувьд энэхүү түүхийн шууд үргэлжлэл юм.

Монголчууд ийнхүү үндэсний эрх чөлөөний хувьсгал хийж, Манж Чин гүрний эрхшээлээс гарч, тусгаар тогтнолоо зарласан буюу албан ёсны нэршлээр бол Үндэсний эрх чөлөөг тунхаглаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой энэ жил тохиож байна.

УИХ 2007 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдрийг тэмдэглэлт өдөр болгож, мөн оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд анх удаа албан ёсоор тэмдэглэж байв. Улмаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.7-д Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29. хэмээсэн заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмж, энэхүү өдрийг нийтээр тэмдэглэх үндэсний баярын өдөр болгосон юм. 

***

Түүх сөхвөл, Их эзэн Чингис хааны 1206 онд байгуулсан Монголын эзэнт гүрнээс үлдсэн Монгол Улсын сүүлчийн хаан Лигдэн 1634 онд нас барж, 1636 оноос Өмнөд Монгол, 1691 онд Халх Монгол, улмаар 1757 онд Манжийн эсрэг тэмцсэн Хотгойдын Чингүнжав, Ойрадын Амарсанаа нарын бослого дарагдаж монголчууд нийтээрээ Манжийн эрхшээлд оров. Ингэснээр Монголчууд өөрийн гэсэн албан ёсны төр засаггүй болж, дотоод, гадаад гэж хуваагдан, гадаад буюу Ар Монголын хэргийг Манж Чин улсын Бээжин дэх Гадаад Монголын төрийг засах явдлын яам хариуцах болов. Нэг ёсондоо монголчууд нэгдсэн төр улсгүй болж, бусдын эрхшээл дор хавсарга байдлаар амьдрах 200 гаруй жилийн түүх ийнхүү эхэлжээ.

1727 оны Буурын гэрээгээр Монгол-Оросын хилийг тогтоож, Орос-Монголын харилцаатэй холбоотой бүх асуудлыг Манж Чин гүрэн, Хаант Оросын гадаад бодлогын хүрээнд зохицуулахаар болжээ. Нэг ёсондоо Ар Монгол нь Манж Чин гүрний нөлөөний бүс болж, хязгаар нутаг нь болж хувирсан юм.

Манж Чин гүрэн Монголыг гадаад ертөнцөөс ангид, тусгаарлагдмал байлгах бодлогыг 19 дүгээр зууны 2-р хагас хүртэл баримталж байв. Гэвч 1860, 1962, 1869, 1881 оны Манж, Оросын гэрээнүүдээр Монгол дахь Оросын нөлөөлөл нэмэгдэж иржээ. Энэ үед Манж Чин гүрний хүч нөлөө ч суларч, үүнтэй зэрэгцээд Гадаад Монголыг улам колончлох бодлого барьж, "Шинэ засгийн бодлого" гэгчийг хэрэгжүүлж эхэлсэн нь олон жил дарлагдсан Монголчуудын дургүйцлыг улам хүргэж, 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийх урьдач нөхцөлийг бүрдүүлж эхэлсэн гэж түүхчид үздэг юм. Учир нь Манжийн "Шинэ засгийн бодлого" нь Монгол нутагт хятадуудыг суурьшиж амьдрах, газар тариалан эрхлэх, тэр байтугай өмнө хатуу хориотой байсан хятад, монгол иргэд ураг барилдаж гэрлэх, монгол газар хятад нэр хэрэглэх, хятад хэлийг албанд хэрэглэхийг хориглож байсныг цуцлах, зөвхөн Манжид хэрэглэж байсан есөн эрүү шүүлтийг монголчуудад тулгах зэрэг явдлыг дэмжиж, нэг ёсондоо Монголын газар нутгийг эрхэндээ оруулж байгалийн баялгийг цөлмөх, хүн амыг хятадчилж ураг удмыг устгах бодлого явуулж эхэлсэн байна. Тиймээс нийт монголчууд энэ бодлогыг эсэргүүцэж, Манжийн төрөөс тусгаарлах арга зам хайхад хүргэжээ. Тухайлбал, Халхын шарын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт 1895, 1900 онд Хаант Орост хандаж Манжаас тусгаарлахыг дэмжихийг  хүссэн захидал, элчийг явуулж байсан бол 1900-гаад оны эхээр Өвөрмонголд Тогтох тайжийн тэргүүлсэн бослого гарч, 1900 онд Улиастайн 2000 монгол цэргийн бослого, 1906, 1910 онд Их хүрээнд хятадын худалдаачдыг эсэргүүцсэн ард олны болон лам нарын хөдөлгөөн гарчээ.

 

1909, 1910 оны үеэс Ар Монголын ноёд шинэ засгийн бодлогыг эсэргүүцэн албан ёсоор нэгдэж, Богд Жавзандамба хутагттай энэ талаар хэлэлцэн Манж Чин гүрний засаг захиргаа хэзээ мөдгүй унаж мөхөх нь тодорхой болж буй тул энэ завшааныг ашиглан тусгаар тогнолоо зарлаж, төр улсаа байгуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна.

Энэ хүсэл зорилгоо 1911 оны зун болсон Богдод даншиг өргөх наадмаар улам бататгаж, халхын ноёд найр наадам үүсгэх байдлаар удаа дараа сэм уулзан Богд Жавзандамба хутагт, Халхын дөрвөн аймгийн хангуудын гарын үсэг бүхий тусгаар тогтнолын хэрэгт тусламж үзүүлэх тухай захидлыг дахин Хаант Орос улсад илгээхээр тогтжээ. Энэхүү захидлыг Богд Жавзандамба хутагтыг төлөөлж Да лам Цэрэнчимэд, Халхын ноёдыг төлөөлж Чин ван Ханддорж, Өвөр Монголын төлөөлөл болж Хайсан гүн нар авч 1911 оны 7 дугаар сард Хаант Оросыг зорьжээ.

Хэдийгээр Хаант Оросын зүгээс шууд дэмжээгүй ч энэ нь монголчуудыг өөрийн хүчээр тусгаар тогтнолоо сэргээн мандуулах үйлсийг эхлүүлэх зорилгыг шулуутгажээ. Улмаар 1911 оны 10 дугаар сард Хүрээний хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар буюу Түр Засгийн газрыг Түшээт хан Г.Чагдаржаваар ахлуулан байгуулж, Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлах, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залах бэлтгэл хангах, цэрэг, зэр зэвсэг дайчлах, мөнгө санхүү босгох зэрэг ажлыг хариуцуулан ажилд нь оруулжээ. Мөн Манжаас Хүрээнд сууж асан Сандо амбанг 12 дугаар сарын эхээр хөөж явуулж, хятад цэргүүдийн зэвсгийг хураав.

Чухамхүү энэ Хүрээний хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар буюу Түр Засгийн газар нь 1911 оны 12 дугаар сарын 29 буюу Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есний бэлгэт сайн өдрийг сонгож, Олноо өргөгдсөн Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлан тунхаглаж, Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаанд залж, анхны таван яамыг байгуулах, төрийн тамга, сүлд, далбааг урлаж бэлэн болгох зэрэг бүх бэлтгэл болон гүйцэтгэл ажлыг хариуцаж хийсэн юм.

Манжийн төрийг түлхэн унагаж, оронд нь гарч ирсэн Дундад Иргэн Улс тусгаар тогтнолоо зарлахаас ердөө гуравхан хоногийн өмнө өрсөж, 1911 оны 12 дугаар сарын 29-нд монголчууд ийнхүү үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжиллөө. Төрийн тамга, далбаа, дуулал, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэрүүд гарч, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулав.

Богд хааны анхны зарлиг тэр өдрөө гарч Монголын тусгаар тогтнолыг дахин тунхаглан бататгаж, энэ үйл явдлыг тохиолдуулан онцгой гавьяа байгуулсан хүмүүсийг шагнаж урамшуулан, хишиг түгээж, өршөөл уучлалыг үзүүлжээ.

Тухайн үед шинээр байгуулагдсан Монгол Улс Халхаас гадна Ховдын хязгаар, Ил Тарвагатай, Хөх нуур, Ордос, Альшаа, Харчин, Барга, Солоон, Буриад зэрэг нийт монголчуудыг нэгтгэх зорилготой тул эдгээр бүх газар нэр сүрийг олсон хүн  зохимжтой хэмээн халхын ноёд үзэж Богд гэгээнийг Шашныг мандуулагч, олныг жаргуулагч, олноо өргөгдсөн Монгол Улсын эзэн, шашин төрийг хослон баригч, Наран гэрэлт, түмэн наст Богд хаан хэмээн өргөмжилж залжээ 

"XX зууны Монголын жинхэнэ түүх Монголчуудын өөрсдийнх нь тооллоор XV жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-ний өдөр албан ёсоор эхэлжээ. Энэ өдөр Хятадын Чин династийн яг 220 жил үргэлжилсэн ноёрхлыг Гадаад Монгол түлхэн унагаж Монгол Улс юугаа зарлалаа. Богд Жавзандамба хутагтын VIII дүр хэмээн Монголчуудаар бишрүүлэн шүтүүлсэн Агваанлувсанчойжиннямданзанваанчигбалсамбуу хэмээх ер бусын урт нэртэй, 41 настай төвөд эр энэ шинэ улсын хаанаар өргөмжлөгдлөө" хэмээн нэрт нийтлэлч, түүхч Баабар (Баабар. "Монгол түүх") бичжээ.

Түүнчлэн үйл явдлыг нүдээр үзсэн гэрчүүдийн нэг Жамбал донир "Цагаагчин гахай жилийн (1911 оны) өвлийн дунд сарын шинийн есөнд Богд хаан ширээнд суусан юм. Богд хаан ширээнд суухад дөрвөн аймгийн хан, ван, гүн, засаг, хошууны ноёд цөм цугларч, Хүрээний 30 аймгийн хамба, цорж, 30 аймаг, 10 дацангийн лам гэсгүй нар, хөдөө нутгийн олон нийдийн лам гэсгүй нар цугларч дөрвөн аймгийн хан, ноёд есөн цагаан хүргэж, олон аймаг, дацангууд цөм өөрсдөө есөн цагаан адуу, тэмээ, цэмбэ тэрэм, мандал, хадаг зэргийг өргөв. Маргааш нь цогчин дуганд  дөрвөн аймаг, шавь таваас түмэн лангийн мандал өргөв. Олон газрууд өөрсдийн хэрээр мандал өргөв" хэмээн (Ц.Дамдинсүрэн. Өвгөн Жамбалын яриа) дурсжээ.

  • Олноо өргөгдсөн Монгол Улсыг сэргээн тунхаглаж,

    Богд гэгээнийг хаан сууринд залсан их ёслолд оролцогсод

    Монголчууд үндэсний эрх чөлөөгөө олж, тусгаар тогтнолоо сэргээн зарласан 1911 оны 12 дугаар сарын 29-ний үйл явдал нь:

    • Тухайн үед оршиж байсан нийгмийн байгууллыг үндсээр нь өөрчилж, шинэ засаг төрийг тогтоон, бүхнийг дахин шинээр эхэлж, монголчууд өөртөө бүх эрхийг авсан хувьсгалт өөрчлөлт шинэчлэл байв.
    • Монголчууд 200 гаруй жил байхгүй болоод байсан төр засгаа албан ёсоор дахин байгуулж, харийн эрхшээлд байсан он жилүүдийг халсан нь эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг нийт монголчуудад мэдрүүлсэн, улмаар ард олны хүсэл зориг, сэтгэлгээнд ирээдүйдээ итгэх их өөрчлөлтийг авчирч, үндэстний бол төр ёсны сэргэн мандалтыг дахин идэвхжүүлсэн онцгой ач холбогдолтой үйл явдал болсон юм.
    • Харийн дарлалаас чөлөөлөгдөж, тусгаар тогтнолоо зарласан энэ үйл явдалд бахархаж баяссан ард түмэн Халх Монголоор тогтохгүй Өвөр Монгол зэрэг нийт монгол туургатныг хамарсан хөл хөдөлгөөн, хөөр баярыг үүсгэж байв. Энэ нь Хүрээнд зарлагдсан Монголын тусгаар тогтнол Ховдын баруун хязгаар, Урианхайн хязгаар, улмаар Өвөр Монголын олон нутаг, хошуудыг хамран цааш үргэлжлэхэд монголчууд талархан дэмжиж, зүйл бүрээр туслаж, иргэд баяртайгаар цэрэгт элсэж байснаар батлагддаг.
    • 1911 оноос хойш Монгол Улс өөрийгөө бусдаар /олон улсад/ хүлээн зөвшөөрүүлэх адармаатай түүхтэй их аянд эргэлт буцалтгүй мордож, энэ зуураа 1915 оны Гурван улсын Хиагтын гэрээ, 1919 онд Монголын автономит эрхийг цуцалсан үйл явдал зэрэг ээдрээтэй цаг үе, бартаа саад бүхий замыг туулсан ч чухамхүү 1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо зарлаж, нутаг орноо харийн түрэмгийллээс чөлөөлсөн нь 1921 оны Ардын хувьсгал ялах, 1945 оны Ялтын гэрээгээр Монголын статус кво-г тогтоох, 1961 онд НҮБ-д элсэж, олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдөх, 1990 онд Ардчилсан хувьсгалыг хийж, өнөөдрийн эрх чөлөөт ардчилсан Монгол Улсыг дэлхий дахинаа дахин тунхагласан зэрэг олон үйл явдлын үндсэн тулгуур, бат суурь нь болж өгсөн юм. Тиймээс өдгөө монголчууд 12 дугаар сарын 29-ний өдрийг тусгаар тогтнолоо сэргээн мандуулснаа дурсан санаж, өвөг дээдсийнхээ үйл хэрэгт хүндэтгэл үзүүлдэг баярын өдөр болгоод байна.

    Богд хаант Монгол Улсын төрийн тамга

    Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улс

    Хаан: VIII Богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжиннямданзанванчүгбалсамбуу. Тэрбээр 1869 онд Төвөдийн Лхаст төрсөн, төвөд үндэстэн. Түүнийг хоёр настайд нь Ар Монголын шарын шашны тэргүүн Жавзандамба хутагтын VIII дүрээр тодруулж, 1874 онд Их Хүрээнээ залж Богд гэгээний сэнтийд өргөмжилжээ. 1911 онд Монгол Улсын хаан  болж, 1924 оны 5 дугаар сард нас барах хүртлээ хаан ширээнд суусан юм. 

    Төрийн дуулал: Зуун лангийн жороо луус

    Оны цол: Олноо өргөгдсөн Монгол Улс

    Нийслэл: Нийслэл Хүрээ

    Яамд: 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Богд хааныг хаан ширээнд залж, Олноо Өргөгдсөн Монгол Улсыг байгуулсны зэрэгцээ анхны таван яамыг байгуулав. Үүнд:

    -Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Сайд Да лам Г.Цэрэнчимэд,

    -Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам, Сайд Чин ван М.Ханддорж,

    -Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Сайд Түшээт ван Г.Чагдаржав,

    -Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Сайд Далай ван Г.Гомбосүрэн,

    -Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Сайд Эрдэнэ ван М.Намсрай ажиллаж байв.

    Эдгээр яам нь өдгөөгийн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, Улсын дээд шүүхийн үүсэл билээ.

    1912 оны зун яамдын хамаг хэргийг бүгд ерөнхийлөн захирах сайд буюу Ерөнхий сайдын орон тоог бий болгож, Сайн ноён хан Т.Намнансүрэнг томилогдсон нь орчин цагийн Монгол Улсын анхны Ерөнхий сайд юм.

    Богд хаант Монгол Улсын төрийн сүлд, далбаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
В.Зеленский, Д.Трамп нар Орос, Украины дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэнэ 1 цаг 44 мин Үндэсний эрх чөлөөг тунхаглаж, тусгаар тогтнолоо сэргээсэн хүндэтгэлт өдрийн утга учир 1 цаг 49 мин АНУ-ын зүүн хойд нутгийг хүчтэй цасан шуурга дайрч, нислэгүүд цуцлагджээ 1 цаг 49 мин Японд 67 машин мөргөлдөж, хоёр хүн амиа алджээ 1 цаг 51 мин Энэ долоо хоногт болох онцлох үйл явдлын тойм 1 цаг 55 мин Зарим хилийн боомт баярын өдрүүдэд амарна 1 цаг 58 мин Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн өдөр тохиож байна 1 цаг 58 мин Өнөөдөр болох үйл явдлууд 1 цаг 59 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, салхи ширүүснэ 2 цаг 0 мин Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 2025-12-26 Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 2025-12-26 Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 2025-12-26 Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 2025-12-26 А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 2025-12-26 Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 2025-12-26 Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 2025-12-26 Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 2025-12-26 Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2025-12-26 “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 2025-12-26 Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 2025-12-26
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн б... Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэл... Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5... “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг у...
Top