Монголын тэмээн соёл уралдааны холбооны улсын хоёрдугаар зөвлөгөөн Улаанбаатар хотод энэ сарын 24-нд болж долоон аймгийн 121 тэмээчин оролцлоо.
Өмнөговь аймгаас 49 тэмээчин оролцсон бөгөөд холбооны зохион байгуулалт болон тэмээн сүргийг өсгөн хамгаалах, тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон талын асуудлыг хэлэлцжээ.
Мөн зөвлөгөөний үеэр Монголын тэмээн соёл уралдааны холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Р.Сэддоржийг сонгож батламжилсан байна.
Говь нутгийн бахархал болсон тэмээн сүргийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, дэлхийд таниулах, тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж ажиллаж байгаад нь тэмээчид талархал илэрхийлжээ.
Монголын тэмээн соёл уралдааны холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж нь “Тэмээний алдарт уяач” цолыг анх санаачлан хэрэгжүүлж 2024 оноос тэмээ уяачдад цолыг олгож эхэлсэн билээ.
Өмнөговь аймаг 148 мянган тэмээтэй. Үүнээс жилдээ сүүний зориулалттай 15-20 мянган ингэ ботголдог. Үүнийхээ 10 орчим хувийг саалинд хэрэглэж байна.
Хэрэв 50 хувьд хүргэж ашиглаж чадвал аймгийн нийт ингэнээс гарах сүү сүүн бүтээгдэхүүний жилийн эргэлт 60 тэрбум төгрөгийн ашиг хүртээнэ гэж эдийн засагчид үзжээ.



