Өмнөговь аймгийн БОЭТ хавдрын тасагтай болж хими эмчилгээг орон нутагтаа хийж эхэлсэнтэй холбогдуулан “хөгжимт эмчилгээ”-г 2 дахь жилдээ явуулж байна.
Өмнөговь аймгийн ХЖТ-ын уран сайхны удирдаач, хөгжимчин А.Мөнгөн хөгжмөөр эмчлэхүй төслийг анх санаачлан аймгийн ЗДТГ болон Эрүүл мэндийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Хөгжим нь хүнийг тайвшруулах чухал нөлөөтэй. Ямар нэгэн хөгжим сонсоод хүн бүр өөр өөрийнхөөрөө мэдэрч, хүлээж авдаг бөгөөд дотоод мөн чанараа сонсох, өөртэйгөө ярилцах боломж бүрдүүлдэг. Мөн хөгжмийн эмчилгээ нь анагаах ухааны эмчилгээг дэмнэж үр дүнг сайжруулдаг гэдгийг эрдэмтэд нотолжээ.
Ялангуяа хавдрын онош сонсоод сэтгэл зүйн цочролд орсон хүн тайван орчинд хөгжим сонссоноор тодорхой нэг агшинд өвчнийхөө талаар төвлөрч бодох, яг өнөөдрийн байр суурин дээр өөртөө дүгнэлт хийх боломжтой болдгоороо ач холбогдолтой юм.




