x

“ЖДҮ”-чид хуулиас мултрахад ганцхан алхам...

УИХ, Засгийн газрын зарим гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж “ажил хаяснаар” УИХ-ын үйл ажиллагаа бүрэн зогсов. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 60 тэрбумынхантай хариуцлага тооцож, хууль ёсыг сахиулах, шударга ёсыг тогтоох чин хүсэл байгаад эргэлзэхгүй байна л даа. Гэхдээ, 60 тэрбумынхантай хариуцлага тооцох ганц боломж, батлагдаж нотлогдсон баримт нь энэ “ЖДҮ” юм аа, үүнийгээ шалгуулаач ээ гэхээр хөдөлж өгдөггүй нь гайхалтай.

Өнгөрөгч долоо хоногт болсон “Хууль дээдлэх ёс-Авилга, ашиг сонирхлын зөрчил” хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нэгэн ноцтой мэдэгдлийг хийсэн. ЖДҮХС-гаас зээл олгосон материалуудыг яаралтай татаж авахгүй бол компаниудын нэр солигдоод, өмчлөгчид нь өөрчлөгдөөд байна шүү гэж. Уг нь ийм мэдэгдэл хийсний маргааш л АТГ, прокурор хэвлэлийн бага хурал зарлаад “ЖДҮХС-тай холбоотой зээлийн материалуудыг бид бүгдийг татаж авсаан. Энэ хэргийг хуулийн дагуу, түргэн шуурхай шалгаж шийдвэрлэнэ” гэж хэлэх ёстой байв. Гэтэл аль аль нь таг чиг, бараг долоо хоног өнгөрлөө. Харин энэ хооронд “ЖДҮ”-чин гишүүд аль хэдийн хожлын нүүдлээ хийгээд эхэлчихлээ. Энэ сардаа багтаан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ батлах гэж байна.

Баримт өгүүлэхэд ЖДҮХС-гийн нэр дээр 2018 онд 1031 төсөл ирснээс 498 нь зээлийн шаардлага хангасан юм байна. Үүнээс 134 төслийг сангаас шууд санхүүжүүлжээ. Үүний тулд Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2016 оны есдүгээр сард “ЖДҮС-гаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах түр журам” гэгчийг баталж, үүнээс гурван сарын дараа ЖДҮ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулсан байна.

Тодруулбал, ХХААХҮ-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А/88 тоот тушаалд “Төсөл сонгон шалгаруулах хорооны 2018 оны тавдугаар сарын 8-ны өдрийн хурлаар хэлэлцэж, төсөл нь дэмжигдсэн 125 иргэн, хуулийн этгээдийн төслийг ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А/61 дүгээр тушаалын хүрээнд санхүүжүүлэх хуваарийг 1 дүгээр хавсралтаар баталсугай. Төсөл хэрэгжүүлэгч барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй болон бусад шалтгааны улмаас санхүүжилтийн эх үүсвэр үлдсэн тохиолдолд хоёрдугаар хавсралтад заасан есөн иргэн, хуулийн этгээдийн төслийг санхүүжүүлсүгэй” гэсэн байна. Зээлийн гэрээ байгуулж, санхүүжүүлэх үүргийг ЖДҮХС-ийн захирал С.Төгсбилэгт (Одоо хорих 461-р ангид саатуулагдаад байгаа) өгчээ.

Гэтэл үүнээс хоёр сарын дараа ЖДҮХС-гаас “ХХААХҮЯ, ЖДҮХС нь урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл хүлээн авна. Жилийн 3%-ийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, 50 саяас хоёр тэрбум хүртэлх төгрөг. Хугацаа: 2018.07.30-2018.08.03-ны 17 цаг 30 минут хүртэл” гэсэн зарыг долдугаар сарын 29-нд өөрийн пэйж хуудсандаа тавьсан байна. Өөрөөр хэлбэл УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдийн, тодруулбал ХХААХҮ-ийн сайдын “дэмжлэг үзүүлсэн” төслийн зээлийг баталсны дараа иргэдийн зээлийн материалыг хүлээж авсан гэсэн үг.

Журмын 6.7-д “Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаас шалгарч дэмжигдсэн боловч санхүүжилтийн эх үүсвэр хүрэлцээгүйн улмаас санхүүжигдээгүй төслүүдэд тухайн төсөл сонгон шалгаруулалтад тавьсан нөхцөл, болзлын дагуу зээлийн санхүүжилтийг нөхөн олгож болно” гэсэн заалтыг ХХААХҮ-ийн сайд 2018 оны А-01 тоот тушаалаар хүчингүй болгосон байна. Товчхон хэлэхэд, огт байхгүй санхүүжилтийн төлөө ЖДҮХС-д төсөл илгээсэн 1000 гаруй, төсөл нь шалгагдаж тэнцсэн гэх 498 иргэн, аж ахуйн нэгж энэ луйврын золиос болжээ.

Тиймээс хамгийн түрүүнд энэ хүмүүсийг нэгтгээд ЖДҮХС-гийн зээл олгосон шийдвэрийг захиргааны хэргийн шүүхэд өгвөл зээл авсан этгээдүүдэд хариуцлага тооцуулах, хохирлоо нөхөн төлүүлэх боломж байна гэдгийг хуульчид ярьж байна. Захиргааны байгууллагын аливаа шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, тэр дундаа Захиргааны ерөнхий хуульд нийцсэн байх ёстой. Төрийн байгууллага, албан тушаалтны дур зоргоос иргэн, хуулийн этгээдийг хамгаалахын тулд 2015 онд энэ хуулийг баталж, дагаж мөрдсөн. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд тусгайлсан, мэргэшсэн шүүх хүртэл ажиллаж байна. Шүүхийн үүрэг нь төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгжийн хохирлыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох явдал.

Ингэж байж хууль, шударга ёс тогтоно уу гэхээс М.Энхболдыг У.Хүрэлсүхээс солилоо гээд шударга ёс тогтдоггүй болохыг цаг хугацаа бидэнд харууллаа л даа. Гэхдээ мэдээж шударга ёсыг тогтооход хувь хүний хүсэл эрзэлзэл, хүчин зүтгэл хамгийн чухал. Тэр нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувьд гэм буруутай нөхдийг хууль, шүүхийн өмнө аваачихад өөрийн зүгээс дэмжлэг үзүүлэх явдал. Ядаж л намынхаа нөхдөд “Хуулийн байгууллагаар шалгуулж, шүүхээр гэм буруугүй гэдгээ нотолсон тохиолдолд улс төрд дахин эргэж ирээрэй” гээд үүдээ хаах хэрэгтэй шүү дээ. Тэгэхийн оронд Д.Бямбасүрэн гуай шиг “Нохой нь ч нохой л доо, гэхдээ манай нохой” гэх шиг юм яриад, намаа голоор нь хуваачихаад “чиний, миний” гээд хэрэлдээд суувал шударга ёс тогтохгүй.

Тиймээс Ерөнхий сайдад сануулахад төрийн албаны хариуцлага сахилгыг сайжруулья гэвэл байхгүй хуулийг бий болгох тухай ярихаасаа өмнө байгаа хуулиа хамгаалах хэрэгтэй байна. Үүний тулд хамгийн түрүүнд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар өөрөө эргүүлэн татаж авах хэрэгтэй байна. Хэрвээ энэ хууль батлагдчихвал одоо хуулийн байгууллагын шалгаж байгаа захиргааны бүх маргаан хэрэгсэхгүй болж, Засгийн газар, түүний харьяа байгууллагын шийдвэр шүүхийн хяналтаас гарна. Үүний дотор ЖДҮ-ийн зээлийн маргаан ч бас яваа гэдгийг сануулах нь илүүц биз. Ердөө ганц алхаад хууль батлагдахад бүх зүйл дуусна. Эсвэл ганц алхаад "ЖДҮ"-чдийг (60 тэрбумынхныг) хуулийн өмнө авчирч болно, Ерөнхий сайд аа!  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 17 цаг 54 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 18 цаг 1 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 18 цаг 10 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 18 цаг 52 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 21 цаг 22 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 21 цаг 43 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 22 цаг 4 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 22 цаг 11 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 22 цаг 21 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 22 цаг 30 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 22 цаг 35 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 22 цаг 36 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top