x

З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй

Туул голын усны бохирдлын асуудал нийгмийн анхааралд өртөөд буй билээ. Энэ талаар Усны газрын дарга З.Батбаяртай ярилцлаа.

-Улаанбаатарчуудын ундны усны хамгийн гол эх үүсвэр Туул голоос гэдэсний савханцар их хэмжээгээр илэрсэн. Энэ талаар мэргэжлийн хүний хувьд тодорхойлж хэлбэл?

-Ус бидний амьдралын сэдэв юм. Монголчуудын ялангуяа Улаанбаатарчуудын өглөө босоод бодох нэг зүйл бол Туул гол ямар байна вэ гэдэг асуудал. Яагаад гэвэл бидний ирээдүй энэ голтой шууд хамааралтай. Гэтэл харамсалтай нь сүүлийн жил гаруй хугацаанд 4, 5 удаа хийсэн шинжилгээнд Туул голын уснаас гэдэсний савханцар нян илэрлээ. Гэдэсний савханцар нян гэж юу юм бэ, ямар аюултай вэ гэж хүмүүс надаас их асууж байна. Хүний биеэс гардаг өтгөн ялгадаст хадгалагдаж байдаг 4 янзын нян байдаг. Үүнийг 1800-гаад оны дунд үед илрүүлсэн байдаг бөгөөд тэр үеэс эхлэн хүн жорлонд орохдоо гараа угаах ёстой юм байна, тэгснээр гэдэсний савханцар нян хүний биед шингэхээс сэргийлэх юм байна гэдгийг ойлгуулсан. Өөрөөр хэлбэл, 00 орчихоод гараа угаах нь энэ нянгаас л сэргийлж байна гэсэн үг. Гэтэл харамсалтай нь энэ нян голын уснаас илэрч байна.

Голын уснаас нян илэрсэн учраас наймдугаар сард Усны газраас мэдэгдэл гаргасан. Хүмүүс тэр үед тоохгүй, амралт зугаалга гээд өнгөрөөчих шиг болсон. Тухайн үед тэр мэдэгдэл дээр гарын үсэг зурахдаа би маш их эмзэглэсэн. Би өөрөө Дунд гол, Сэлбэ голд сэлж, Туул голд шумбаж өссөн хүн юм л даа. Гэтэл тэр голуудаас бидний үр хүүхдүүдийг өвчлүүлэх, халдварт өвчнөөс салахгүй байх үндэс суурь болсон нян илэрсэн. Сэлж болохгүй, гадаргын усанд орж болохгүй гэж хэлээд л сууж байна.

-Таны бодлоор гэдэсний савханцар юунаас үүдсэн байх магадлалтай вэ?  

-Зайсан орчимд голын эрэг дээр шорлог зараад зогсож байхтай та бүхэн таарсан байх. Үнэхээр сайхан амттай шорлог гэж ярьдаг юм билээ. Гэхдээ тэр хүмүүс шорлог хийсэн төмрөө юугаар угаадаг бол. Сав суулгаа, гараа ч юм уу Туул голын усаар угааж байгаа байх гэж таамаглаж байна. Туул гол бохирдсон шалтгааныг би Төв цэвэрлэх байгууламжтай холбох гээд байна. Өөрөөр хэлбэл, 2010-аад оны үеэс эхлээд Төв цэвэрлэх байгууламж хүчин чадлаасаа давсан хэмжээний бохир ус аваад байна. Одоо улам бүр бохир усны хэмжээ нэмэгдсэн. Төв цэвэрлэх байгууламжид өөрийнх нь хүчин чадлаар буюу хоногийн 170 мянган метр куб ус ирдэг байсан бол маш сайн цэвэрлэж байгаа. Харамсалтай нь өнөөдөр түүнээс давж ирээд байгаа юм. Яагаад ч хоёр литрийн саванд 3 литр ус багтахгүйтэй адил цэвэрлэх байгууламж хүчин чадлаасаа давсан усыг цэвэрлэх боломжгүй. Ингээд Туул гол аюулд орсон. Ус бохирддог бас нэг шалтгаан нь нүхэн жорлон. Би 680 мянган нүхэн жорлон байна гэж ярьдаг. Энэ тоог няцааж байгаа хүн ч алга, баталж байгаа хүн ч байдаггүй. 680 мянган нүхэн жорлон байна гэж үзэх юм бол Улаанбаатар хотод машинтай ижилхэн хэмжээний жорлон байна гэсэн үг. Тэдгээр жорлонд хэдэн жил хуримтлагдсан ялгадас, хэр хэмжээний гэдэсний савханцар нянгаас авахуулаад аюултай зүйлс байх вэ гэж бодож үзээрэй. Улаанбаатар хотод айл өрхүүдийн хэрэглэж байгаа 17 мянган худаг байна. Тэгэхээр 680 мянган жорлонг 17 мянган худагт харьцуулбал нэг худгийг тойроод 40 жорлон байна гэсэн үг. Тэгэхээр тэр худаг эрүүл байх үндэс байх болов уу. 2008 онд бидний хийж байсан нэг судалгааны үр дүнгээр нэг нүхэн жорлон ямар хөрсөнд байгаагаас шалтгаалаад 4-250 метрийн радиуст хөндлөнгөөрөө тархдаг. Хөндлөнгөөрөө 250 метрийн радиуст тархаж байгаа бол доошоо ямар байх нь ойлгомжтой. Газрын татах хүч, хөрсний ус доошоо чиглэлтэй байдаг учраас маш аюултай. 

Улаанбаатар хот орчмын гадаргын усанд орохгүй байхыг зөвлөж байна

-Сэлбэ, Дунд гол Дамба орчмоор буюу яг гэр хороолол дундуур урсаж байна? 

-Сэлбэ, Дунд гол хажуу талаас нь урсаж Туул голд нийлдэг бол доод талаас нь Төв цэвэрлэх байгууламж илүүдэл бохироо цутгаж байна. Өнгөрөгч онд буюу 2023 оны есдүгээр сарын 16-ны өдрийн судалгаагаар Шадивлангийн гүүрний доороос дээж авахад гэдэсний савханцар илэрсэн. Шадивлангийн гүүрнээс дээж авах болсон шалтгаан бий л дээ. Шалгалтаар явж байгаад Хандгайтад байшин барьсан айлын жорлонгийн хажуугаар урсаж байсан хэсгээс шинжилгээ авахад гэдэсний савханцар илэрсэн. Гол урсах явцдаа өөрийгөө цэвэршүүлэх ёстой гэсэн таамаг тавиад тухайн газраас 12 километрийн доороос шинжилгээ авч үзэхэд гэдэсний савханцар нян бас л илэрсэн. Өөрөөр хэлбэл, зуслангийн орчимд байгаа жорлонгууд гол руу орж байна гэсэн үг. Өмнө нь зуслан хавиар тэр чигтээ гоё жижиг, жижиг горхитой байсан бол одоо горхиуд ширгэчихсэн.

Туул голоос гэдэсний савханцар нян илрэх болсон нь хоёр янзын эх үүсвэртэй байж болох нь. Нэг нь Төв цэвэрлэх байгууламж, нөгөөх нь нүхэн жорлон. Өнгөрсөн жил бид яриад зарим хүн дургүйцэж байсан нэг зүйл бол Зайсанд ундны уснаас нь гэдэсний савханцар нян илэрсэн асуудал. Зайсан орчмоор гэхээр ганцхан Зайсанг яриад байна гэж зарим хүн ойлгоод байдаг.

Төвлөрсөн шугамд холбохгүйгээр тухайн үедээ тэр цэвэр, бохир усны асуудлыг өөрсдөө шийдсэн гэдэг хотхонууд бохир цуглуулдаг ёмкостийг ихэвчлэн бэлэн хийснийг авч ирдэг. Энэхүү ёмкостийг пластмасаар хийсэн байдаг. Пластмас нь хичнээн зузаан, сайхан байсан ч гэсэн үйлдвэрээс өгдөг баталгаат хугацаа нь 10 жил байдаг. Монголын цаг агаар ямар билээ дээ. Өвөл нь хөлдөж, зундаа халсны улмаас тэлж, агшина. Тэгэхээр  ёмкость эвдэрч, гэмтсэн байна. Стандартын бус болчихсон гэсэн үг. Үйлдвэрээсээ 10 жилийн баталгаатай хийсэн бол 8 дахь, 9 дэх жилдээ солих ёстой. Бүр шугам хоолойн дээрээ зогсоол хийчихсэн байж байгаа юм. Тэр нь дарагдаж, хаанаа хугарч, сэтэрч байгаа нь мэдэгдэхгүй. Би яагаад Зайсанг онцлоод байдаг вэ гэхээр Зайсан урдаасаа хойшоо уруу хэлбэртэй буюу шууд Туул гол руугаа ордог хэсэг. Зайсангийн ундны уснаас илэрсэн гэдэсний савханцар Туул гол руу орж байгаа нь бараг 100 хувийн баталгаатай. Иймд Улаанбаатар хот орчмын гадаргын усанд орохгүй байхыг зөвлөж байна. 

Санамсаргүй байдлаар 19 компанийн уснаас шинжилгээ авч үзэхэд, 3 нь л асуудалгүй байсан

-Бохирдол гэдэг том агуулга дотор гэдэсний савханцар, нянг ярилаа. Өөр ямар бохирдол байна вэ?  

-Хамгийн түрүүнд ярьдаг биологийн хэрэгцээт хүчилтөрөгч, химийн хэрэгцээт хүчилтөрөгч гэдэг хоёр ойлголт байна. Энэ бол хэвийн хэмжээнд байхаас бараг 1000 дахин илүү байж байгаа юм. Энэ нь биологийн болон химийн янз бүрийн урвалууд явахад таатай нөхцөл үүсжээ л гэсэн үг. Тэгэхээр тэнд бүх төрлийн бодисууд ямар нэгэн гадны бодис орж ирэхэд асар хүчтэй урвалууд явж бохирдлууд үүсэх хөрс суурь нь хамгийн сайн бэлтгэгдсэн байна гэсэн үг. Харин сүүлийн үед үйлдвэрүүд үйлдвэрийн хог хаягдлаа Туул гол, Дунд гол руу нийлүүлэхээ багасгасан нь сайшаалтай. Ер нь бол хууль эрхзүйн орчин чангарсан, 2012 онд ус бохирдуулсны төлбөр төлдөг болсон. Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй байсан ч гэсэн гол руу хийчихвэл баларна, эрүүгийн хэрэг үүснэ гэдгийг мэддэг болчихсон. Мөн машинаа дуртай үедээ голд угаадаг байсан бол одоо гол руу ордог замыг нь хаасан. Тийм үйлдэл хийдэг хүн ч багассан байх. Одоо машинаа угаавал бүр аюултай боллоо. Хэрэв та Туул голын усаар машинаа угаах юм бол хайртай үр хүүхдүүддээ гэдэсний савханцар наах юм байна шүү гэдгийг ойлгоорой.

-Гадаргын ус бохирдсон юм бол гүний ус ямар байгаа бол?   

-Бид савласан усыг шинжилж үзсэн. Ерөнхийдөө санаа зовж байсан ч тийм ноцтой үр дүн гараагүй бөгөөд хор болохоор зүйл байгаагүй. Гэхдээ санамсаргүй байдлаар 19 компанийн уснаас шинжилгээ авч үзэхэд, 3 нь ямар нэг асуудалгүй, стандартын шаардлага хангасан байсан. Харин 16 нь стандартын шаардлага хангаагүй. Зарим газар усыг хэт их шүүгээд байх ёстой эрдэс бодисгүй болгочихсон байна. Ямар ч эрдэс бодисгүй ус өвчлөлийн эх үүсвэр болно.

Энэ удаад компанийн нэрс зарласангүй. Цаашид урьдчилж хэлэхгүйгээр шинжилгээ хийнэ. Хэрэв ямар нэгэн байдлаар стандарт шаардлага хангаагүй байвал нэрийг нь шууд зарлаад, ард иргэддээ энэ усыг битгий уугаарай гэж уриалахаас өөр аргагүй байна.

-Зөвлөмж өгөхөөс өөр ямар арга, гарц шийдэл байна вэ?

-Тавдугаар сарын 16, 17, 19-нд бүх гүүрийн доороос шинжилгээ авсан. Зургаа, долоодугаар сард үер болох нь тодорхой байсан учраас үерт нилээн найдлага тавьсан. Үерийг дандаа аюул занал гэдэг талаас нь харж болохгүй. Байгаль өөрийгөө цэвэрлэж буй процесс юм. Бидний тавьсан найдлага үерийн дараа талаар болсон. Яг бороо орж байхад буюу долоодугаар сарын 2, 7-нд манай Усны газрын урд талын автобусны зогсоолд  тогтсон уснаас шинжилгээ авч шалгаж үзсэн. Долоодугаар сарын 2-ных дээр бага хэмжээтэй гэдэсний савханцар нян илрээд, 7-ных дээр их хэмжээгээр илэрсэн. Шалтгаан нь юу вэ гэхээр 2-нд бага бороо орсон учраас дээр байгаа Чингэлтэй хайрханы ёроолд байгаа нүхэн жорлонгууд халиагүй байна. Харин 7-ных дээр бороо их хэмжээгээр орсны улмаас нүхэн жорлон хальсан байна. Ингээд бодохоор машинаар бие бие рүүгээ борооны ус цацаж байгаа нь гэдэсний савханцар нян цацаж байна л гэсэн үг. Эндээс үзэхэд бид тун аюултай байдалд оржээ.

Тэгэхээр нэгдүгээрт, нүхэн жорлонгийн тоог эрс багасгая. 2017 онд Хөвсгөл нуур орчимд био суултуур хийж эхэлсэн. Энэ жил Хөвсгөлийн жуулчны баазуудад хийсэн судалгааны дүн 2017 онтой харьцуулахад  бохирдлын хэмжээ буурсан байгаа юм. Үүнээс нэг ч гэсэн жорлонг био гэдэг байдлаар солиход үр дүн гарч байгааг харж болно. Таны үр хүүхдүүдийн, ахмад настай хүмүүсийн чинь хамгийн чухал газар бол жорлон. Тэгэхээр тэр жорлонг тухтай байлгах, цэвэрхэн байлгах талаас нь бүгдээрээ анхааръя. Яагаад гэвэл та жорлондоо хөрөнгө оруулахгүй бол гэрийнхэн чинь өвчин тусаад эргээд эмчлүүлэх гэж илүү их зардал гарч магадгүй учраас үүнийг заавал хийгээрэй гэж уриалж байна.

Нэг тоо хэлчихье. 75-аас дээш насны хөгшчүүлийн ясаа хугалсан статистик мэдээнд дүн шинжилгээ хийхэд олонх нь жорлон руу явж байгаад унаж, хөлөө хугалсан байдаг. 

Усны асуудал хэн нэгний асуудал биш. Мөн жорлонгийн асуудал төрийн асуудал гэж хэлэхэд хэцүү. Тийм болохоор өөрсдөөсөө бүгдээрээ эхэлье. 

-Улсын төсөв хэлэлцэх үед Усны газар нүхэн жорлонг багасгая гэж экологийн асуудлаа огт яриагүй. Жишээлбэл, ваучертай харьцуулаад яривал. Тийм мөнгөөр юу хийж болох вэ?

-Усны газрын төсөв үү, хэний төсөв үү гэж бодохоосоо өмнө бид ард иргэдээ эрүүл саруул болгоход ямар хөрөнгө мөнгө зарж байна гэдгээ бодох хэрэгтэй. Хамгийн түрүүнд Төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдлыг хэлж болж байна. Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй байгааг түрүүн хэлсэн. Одоо 2026 онд ашиглалтад орох Хятадын Засгийн газрын тусламжтайгаар баригдаж буй хоногт 250 мянган метр куб цэвэрлэх байгууламж баригдаж байна. Тэгвэл хуучин байгууламжтайгаа нийлээд хоногт 400 гаруй метр куб ус цэвэрлэх боломжтой болох юм. Тэгэхээр Туул гол руу орох бохирдлын хэмжээ багасна гэсэн ирээдүй харагдаж байна. Гэсэн ч төсөв мөнгөө бодохгүй бол байшин барилга нэмэгдсээр байна. Тэр бүрт үйлдвэрлэгдэж байгаа бохир усны хэмжээ улам ихсэх болно. 

Ерөнхийдөө Дэлхийн усны салбарынхан боддог юм л даа. Төр засгаасаа мөнгө гуйхаа больё. Харин усны төлбөр нь өөрөө усандаа ордог байх тэр зарчмыг гуйя гэж хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоо усны төлбөрөө нэмье. Нэмэхдээ ард иргэдийн хэрэглэж буй усны төлбөрийг нэмэх бус ашиг олж буй компаниуд одоо үйлчилгээний төлбөр төлж байгаа бол ус ашигласны төлбөр дээрээ нэмээд ус бохирдуулсны төлбөрөө төлөөчээ гэж байгаа юм.

Туул голын сав газарт нэг метр куб усны үнэ 9490 төгрөг байдаг

-Одоо ус ашигласны төлбөр, ус бохирдуулсны төлбөр хэд байгаа вэ. Хэд болгож нэмэхээр байна вэ? 

-Монгол Улсад 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Ямар нэгэн байдлаар татвараа төлж байгаа. Гэтэл Усны газраар, сав газрын захиргаагаар дамжаад усны дүгнэлт гаргаад ус ашигласны төлбөр төлж байгаа компанийн тоо мянга дөрөв, таван зуухан байна. Өөрөөр хэлбэл, нийт компаниудын 98 хувь нь төлбөр төлдөггүй. Хэн төлдөггүй юм, яахаараа авч чаддаггүй юм гэж хэлэх байх. Жишээлбэл, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа зочид буудлууд төлбөр төлдөггүй. Бидний зүгээс арваад таван одтой зочид буудалд хүсэлт тавьсан. Эдгээр газар Ус сувгийн удирдах газарт өгч буй усны үйлчилгээний төлбөрөө усны төлбөр гэж ойлгочихсон. Ус ашигласны төлбөр төлдөггүй. Гэтэл Шангри-ла зочид буудлаар жишээ авахад 250 орчим өрөөтэй, тэнд өрөө болгон жорлон, угаалтуур, душтэй. Энэ нь 250 айлын орон сууцтай тэнцэж байна. Гэтэл тэд ус ашигласны ямар ч төлбөр төлдөггүй. Мөн ресторан, худалдааны төвүүд ус ашигласны төлбөр төлдөггүй.

Туул голын сав газарт нэг метр куб усны үнэ 9490 төгрөг байдаг. Нэг литр ус 9 төгрөгийн үнэтэй байна гэсэн үг. Бид нар төлбөр авахдаа ашиг олох зорилгоор төлж байгаа бол үүний 15 хувь буюу 9-ийг зургаад хуваагаад 2 төгрөг орчмын төлбөр төлөх ёстой гэсэн үг.

-Усны бодлогыг багцаар барихад төсөв санхүүг олон нийтэд ойлгуулахад маш чухал байдаг юм байна. Усны эрүүл ахуйгаас чухал асуудал бидэнд байхгүй. Гэтэл нөгөө талаасаа хомстоод уух усгүй болох аюул руу шилжээд орчихлоо. Гэдэсний савханцаргүй болох ямар ажил хийх вэ?

-Төр засгийн үндсэн үүрэг бол ард иргэдээ эрүүл саруул сайхан амьдруулах ёстой. Яг үнэн хэрэгтээ Үндсэн хуулийн агуулгаар харах юм бол бид нарын зорилго хөгжил биш байх юм. Харин бид нарын зорилго бол ард иргэдээ сайхан амьдруулах юм. Ард иргэдээ сайхан амьдруулна гэдэг нь мэдээж баян тансаг байлгана гэдэг үг. Гэхдээ түүний наад талд эрүүл саруул байлгана гэсэн үг. Тийм болохоор үндсэн хэрэгцээ рүү нь илүү их хөрөнгө мөнгөө зардаг байя гэсэн санааг хэлээд байгаа юм. Усны нөөцийн нэгдсэн менежментийг Монгол Улсад ярьж эхэлснээс хойш 19, 20 жил боллоо. Үүнийгээ хэрэгжүүлээд тэр удирдах байгууллага Усны газраа бэхжүүлээд тухайн газар нь усны төлбөрийн тодорхой хувьд 35 хувийг мэдэж зардаг, түүнийгээ хэрэгтэй зүйлдээ зардаг, зарсан юм нь  ард иргэдэд нээлттэй байдаг байх ёстой. 

Энэ бол үр хүүхдийн чинь ус шүү гэдгийг хэлээд явдаг байгаасай. Усны газрын реклам гэж байхгүй. Хэрэв болдог бол хиймээр байна. Дэлхийн компаниуд болон бусад улстай харьцуулахад зарим компанийн соёлд нь усны асуудал орсон, заримд нь нийт боловсролын салбарт нь хэдэн хувийг зарцуулна гэдэгтэй адилхан усны салбарт хэдэн хувь зарцуулна гээд хуульчлаад өгсөн байдаг. 

-90-ээд оны үед Станбул далайдаа хүн сэлж болохгүй гээд хориглосон. Маш их үнэртэй бохир байсан. Бусад улс далайгаа цэвэрлэчихээд байна. Манайх голоо цэвэрлэх хэцүү юу?

-Амархан. Нэгдүгээрт, мөнгө ярих болно. Мөнгө бол шалтаг. Яг жинхэнэ шалтгаан бол бид голоо цэвэрлэж сураагүй байна. Сая Дунд голд нэг юм хийхийн тулд ямар юм болов. Гэтэл та гэрээ цэвэрлэхийн тулд зардал гаргадаг гэдгийг л ойлгомоор байна. Гэрээ цэвэрлэхийн тулд угаах усаа сонгож, мөн тоног төхөөрөмжөө сонгож, химийн бодис хийж цэвэрлэх гээд асуудал байдаг шүү дээ. Туул голд Төв цэвэрлэх байгууламж нийлсэн хэсэг газраас хойших 10 орчим километрийн зайд 380 мянган тонн хагшаас байгаа. Хагшаас буюу бохирдлыг цэвэрлэх тоног төхөөрөмж манайд нэг бий. Энэхүү тоног төхөөрөмж нь цагт 30 метр куб хагшаас цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд өдөрт 10 цаг ажилладаг гэж үзвэл бүтэн 1000 хоног ажиллах шаардлагатай болж байна. Гэтэл түүнийг 1 цаг ажиллуулахын тулд зарцуулдаг бензин хэд вэ гэж. Тэгэхээр цэвэрлэгээ гэдэг юмыг бид айлын гэрийг цэвэрлэхгүй бол юу болох вэ яг тэрэнтэй адилхан голыг цэвэрлэхгүй бол юу болох вэ гэдгийг л ойлгох хэрэгтэй. Туул, Дунд, Сэлбэ голыг бүгдээрээ хайрладаг, залбирдаг.  Энэ хайрладаг шүтдэг юмаа цэвэрлэх ёстой. Бурхан шүтээнээ ч хүн цэвэрлэдэг шүү дээ. 

-Цэвэрлэх үүрэг, хариуцлагыг хэн хүлээдэг юм бэ?

-Одоогоор орон нутаг нь өөрөө хариуцлага хүлээсэн учраас орон нутаг хийх ёстой. Мэргэжлийн, арга зүйн зөвлөгөөг Усны газар өгөх ёстой. Харин хаана яаж цэвэрлэх үү, тэр нь ямар аюул учруулах вэ гэдгийг уур амьсгалын өөрчлөлттэй холбоод Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам хэлэх ёстой гэж үзээд байгаа.

-Арванхоёрдугаар сарын 15-наас нийслэл төсвөө хэлэлцэнэ. Үүнд ус цэвэрлэх, гол цэвэрлэх төсөв байгаа юу?

-Ялангуяа нийслэл дээр бол би өөдрөг байгаа. Ноднин жилээс хойш нэлээн том мөнгө төгрөг тавьж эхэлсэн. Тэгэхээр энэ жил их найдаж байгаа. Нэмээд хэлэхэд, ус ашигласны төлбөр орон нутагт ордог. Нийслэл хотоос цуглуулсан мөнгө бидэнд биш нийслэл рүү ордог. Нийслэл тэр мөнгөө зарцуулах ёстой. 

Монгол Улсад Усны мэргэжлээр 14 оюутан суралцаж байна

-Усны газар энэ хяналтыг хийж чадах уу. Төсөв дээрээ мөнгө тавьж байна уу. Төлбөр аваад зориулалтаар нь цэвэрлэхэд зарцуулах уу?

-Манай төлбөр мөнгө, төсөв хөрөнгө аажмаар ч гэсэн нэмэгдэж байна. Гурван том асуудал байна. Нэгдүгээрт, хууль эрх зүйн зохицуулалт. Бид юм болгонд орж чадахгүй байна. Ний нуугүй хэлье. "Батбаяраа дуугүй сууж бай чи, тэр усаа л ярь" гэдэг үгийг маш их сонсож байна. Тэгэхээр тухайлбал нүхэн жорлонг ярьж болохгүй бол бид яаж юугаа ярих вэ. Хоёрдугаарт, боловсон хүчний хомстол асуудал болсон. Монгол Улсад байгаа их, дээд сургуулиудад усны мэргэжлээр 14 оюутан суралцаж байна. Энэ өөрөө гамшиг болох аюултай байна. 

Гуравдугаарт, одоо манай төрийн байгууллагууд дээр ч тэр зөвхөн хариуцсан ажлаа л хийнэ гэж ойлгоод байдаг. Гэтэл зөвхөн хариуцсан ажил гэсэн ойлголт байхгүй. Хүн болгоны хариуцлага юм. Ус бол төрийнх ч биш, чинийх ч биш. Гэхдээ бүгдийн асуудал юм. Ус бохирдвол би ч бохирдоно. Ус бол амьдралын эх үүсвэр учраас үүнийг бүгд анхаарах ёстой. Төрийн байгууллагууд  болон орон нутгийн удирдлагууд усны асуудлыг ойлгож, дэмжиж эхэлж байна. Өмнө нь сонсдоггүй байсан бол одоо ямар ч байсан толгой дохидог болсон байна. Одоо гарын үсгээ зураад, тэр нь мөнгө төгрөг болоод, үр дүнд нь ард иргэд нуур, голынхоо эрэг дээр зугаалдаг, айх аюулгүй голдоо сэлдэг болоосой. Миний хүүхэд байсан үе шиг болоосой гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

 Эх сурвалж: Mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ 6 цаг 50 мин Украинд нэн даруй гал зогсоохыг Д.Трамп уриаллаа 7 цаг 29 мин Хэнийг жинхэнээсээ “хатуу, сээхээтэй, сүрлэг” гэж үнэлдэг вэ? 7 цаг 30 мин Өмнөд Солонгос Ерөнхийлөгч Юн Сог Ёльд хилийн хориг тавилаа 7 цаг 43 мин МҮХАҮТ, Голомт банк, Скайхайпермаркет ХХК хамтран бизнес эмэгтэйчүүдийг дэмжих цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ 22 цаг 0 мин Ардчилсан тогтолцоо хүн төрөлхтний түгээмэл үзэгдэл мөн үү? Өчигдөр 10 цаг 51 мин Б.Саруултай, О.Анужинтай, Э.Маралтай 11 дэх жилийн "ЦӨМӨӨХЭЙ" Өчигдөр 10 цаг 34 мин Солонгосын парламентын гишүүд пардаментын ордонд бандааштайгаа харайлгаж очлоо. Манайхан үсээ тосолж, ээмэг зүүлтээ бэлдэнэ Өчигдөр 09 цаг 26 мин Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно Өчигдөр 08 цаг 17 мин “Анна Каренина”-г УДЭТ-ын тайзнаа дахин тавина Уржигдар 16 цаг 46 мин Үзэл бодолтой байх, халдашгүй чөлөөтэй байх эрхийн тухай... Уржигдар 14 цаг 40 мин Өгөгдөлд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний системийг хөгжүүлж байна 2024-12-06 Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчилнө 2024-12-06 Цахим өргөдөлд 70 000 иргэн гарын үсэг зурснаар утааны асуудлаар УИХ-ын нээлттэй сонсгол хийх болов 2024-12-06 Сүхбаатар дүүргийн 624000 мкв талбайн цасыг цэвэрлэлээ 2024-12-06 Мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн шуурхай штаб ажиллаж байна 2024-12-06 Орчныхоо 50 метр хүртэлх зам талбайг цэвэрлэхийг иргэд, байгууллагад уриалав 2024-12-06 2025 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ 2024-12-06 Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ой тохиож байна 2024-12-06 Утааны сонсгол хийцгээе! нийтийн цахим өргөдөлд 52 мянган хүн санал өгөөд байна 2024-12-06
iИх уншсан
Солонгосын парламентын гишүүд пардаментын ордонд бандааштайг... Ардчилсан тогтолцоо хүн төрөлхтний түгээмэл үзэгдэл мөн үү? Л.Оюун-Эрдэнийн “баас”-ыг Д.Амарбаясгалан цэвэрлэлээ Урсула фон дер Ляйен: Еврокомиссийн даргын тухай 5 баримт SIPRI: Дэлхий даяар зэвсгийн наймаа эрс өслөө, нэн ялангуяа... Оюун-Эрдэнийг “минажуулсан” уу, Оюун-Эрдэнэ “минажуулав” уу?... ХЭРЭГ АЛГАА, ХЭРЭГ АЛГА ! Хойд Солонгосын цэрэг Украинд дайтахаар очсон нь Л.Дашням: Монголын нийгэм тэр чигээрээ тансагласан, нялхамсс... Хятадын хакерууд АНУ-ын харилцаа холбооны 8 компани руу халд... Ерөнхий сайдыг Араб руу нистэл “минажуулсны” нууц: Хятадын т... Цахим өргөдөлд 70 000 иргэн гарын үсэг зурснаар утааны асууд... Өгөгдөлд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний системийг хөгж... Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрх... Утааны сонсгол хийцгээе! нийтийн цахим өргөдөлд 52 мянган хү... Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хам... Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ой тохиож байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНЭУ-ын Ерөнхийлөгчид бараалхав Францад бий болсон хямралын талаар хэвлэлүүд хэрхэн бичив? 2025 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоо...
Top