x

Нацизм & Радикал исламизм (2)

  • “Тэнгэрт Аллах, газарт Гитлер”–1940 онд Сирид тархсан мусульманчуудын залбирлын үгс, уриа
  • Зөнчтэй адилтгах ганцхан хүн байна. Тэр бол Гитлер

Энэчлэн баримт яривал фашист үзэл санааг араб, иран мусульманчууд зөвхөн дэмжээд байсан бус үлгэр жишээ авч, үзэл санааныхаа эцэгтэй адилтгаж (Тэнгэрт Аллах, газарт Гитлер), тэнгэрийн гэсгээл зарлиг гэх шахуу авч үзэж байсан ба одоо ч тийм бололтой. Жишээ нь Саудын Арабт нацизм, ваххабизм хоёр хоёр талаасаа угталцан золгосон баримт олон буй. Оргож очсон нацистууд ваххабитуудтай холбогдсон, шашны догмыг нь улс төр-цэргийн үзэл санаа болгон шат ахиулж өгсөн түүх буй. “Лалын жинхэнэ хамгаалагчид”-ын цэргийн сургалтын төвүүдийг СС-ийн офицерууд байгуулж өгснөөр “арабын террористууд” түүхнээ анхлан буй болжээ. 

Сирид Вермахтын жанжин штабын хурандаа Крибль, Гестапогийн офицер Рапп нар Сирийн армийг эмхлэн зохион байгуулах ажлыг гардсан. Тэд израилийн жүүдийн эсрэг үндсэрхэг үзэлтнүүдтэй нийлэн хэд хэдэн удаа төрийн эргэлт хийхэд оролцсон ба Раппнь 1949 онд Дамаскт цэргийнхний үймээнийг удирдаж байв. Сири дэх генерал Шишеклийн дэглэмийн үед нацистууд Сирийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэжээ. Шишеклийн дэргэд 11 нацистаас бүрдсэн цэргийн зөвлөхүүдийн бүлэг ажиллаж, арабын бүх улсыг нэгтгэх төлөвлөгөө гэдгийг боловсруулж хэрэгжүүлж байв. 

Иракт 1958 онд хаант засгийг түлхэн унагасны дараа Бүгд найрамдах улсын шинэ Засгийн газарт “Бранденбург” хэмээх гитлерийн дивизийн нэг герман офицер “Жабр Омар” нэрээр Гэгээрлийн сайдаар томилогдон ажиллав. Нацист Германы тагнуулын албаны агент байсан Саддик Шаншал Үндэсний барилгажилтын сайдаар томилогдов. ХБНГУ-д хожим германы “Баадер-Майнхоф” гэх террорист байгууллага гарч ирснээр палестины террористууд тэдэнтэй хамтран ажиллах болжээ. 

Нурж унасан Рейхийн дүрвэсэн нацистууд арабчуудыг ийнхүү цэнэглэн байсан бол ялсан СССР-ийн коммунистууд Палестины еврейчүүдийн талд эхний үед баттай зогсож байлаа. Ерөөсөө Израиль Улс байгуулна гэдэг нь анхлан Москвагаас гарсан санаа юм. Нацистууд арабчуудыг зэвсэглэж сурган жүүдүүдийн эсрэг тулалдуулсан бол дөнгөж байгуулагдсан израилийн армид тусламжийн гараа Москва сунгажээ. Улаан арми дахь өдий төдий еврей дайчид сайн дурын цэрэг болж Израилийг зорихоор бүртгүүлж,израилийн офицерууд Зөвлөлтийн цэргийн академиудад суралцахаар түрүүчээсээ ирж байв. Чехословак, Унгараар дамжуулан зөвлөлтийн зэвсэг Израиль руу цувж, Прагад Готвальдын бригад нэрээр Израилийн батлан хамгаалахын ирээдүйн дарга нар зөвлөлт сургагчдынхаа номын дууг сонсов. Гэвч Израиль Улс социализмын замаар замнахгүй нь тодорхой болмогц нацистуудын үнэнч шавь Насерыг Зөвлөлт өөртөө татаж эхэлсэн түүхтэй. 

Нацизмаар тархиа угаалгасан Насерт Зөвлөлт Холбоот Улсын Баатар цол шагнамагц коммунизм руу эргэсэн гэдэг нь юу л бол? Түүний орлогч, залгамжлагч Анвар Садатын түүх шал өмнөөс өгүүлнэ. Дэлхийн II дайны үед Садат германы талд тагнуул хийж яваад баривчлагдан британийн гянданд хоригдсон, 1953 онд египетийн “Аль Мусаввар” сэтгүүлд нас барсан Гитлерт зориулан Садатаас бичсэн захидал нийтлэгдсэн нь “Миний хайрт Гитлер ээ. Би сэтгэл зүрхний угаас чамдаа баяр хүргэж байна. Нийтийнхний үзэж байгаагаар чи одоо дайнд ялагдаад байна. Гэвч жинхэнэ ялагч нь чи мөн. Хуучны егзөр Чөрчилль, түүний холбоотон шуламсын зулбадас хоёрын дунд чи шаантаг болон зоогдож байсан билээ” гэжээ. Гэх мэт жишээ олныг жагсааж болно.

Орчин үе рүү татаж ярья. Европт яг одоо бугшиж буй XXI зууны лалын экстремизм ба өнгөрсөн ХХ зууны нацизмын хоорондын адил талыг олж харж ажигласан Ришар Праскье гэж франц зүтгэлтний нэг тайлбар байна. Тэрээр Францын жүүдийн байгууллагуудын зөвлөлийн дарга явсан. Радикал исламизм, нацизм хоёр ингэж дуу дуугаа авалцах гэж дээ хэмээн шогширч ирээд л бичсэн байсан. Тэрээр Елисейн ордонд 2012 оны намар очиж, Ерөнхийлөгч Франсуа Олландад энэ үгээ хэлсэн байх ба цаадхи нь тэгтлээ шимтээгүй. Биднийг үхэл рүү хөтлөх үүрэг бүхий маш олон идэвхтнүүдээс бүрдсэн лалын үүр хороод Франц даяар унтаж байна шүү хэмээн бүр анхааруулж байжээ. Түүний зовлонт үгс:–Нацистууд жүүдүүдийг жоом, харх, бактери нян, хордуулагч гэж нэрлэж байсан бол өнөөдөр радикал исламистууд жүүд, христианчуудыг хамтруулаад сармагчин, гахай, илжиг, нохой гэх нь юуны ялгаа байна хэмээн Праскье асуужээ. Бусад улс үндэстнийг зоологийн үүднээс тодорхойлж үзэн ядах нь радикал үзэл онол, радикал шашны номлогчдод түгээмэл байх үзэгдэл аж. Дайсан л гэж үзсэн бол нярай балчир, өтгөс өвгөд, эр эм хамаагүй. 

Нацистуудын үед аж төрж, жүүдүүдийг хэрхэн хоморголж, алж талж байхыг харсан ахмад настан эдүгээ Францад (Европт) олон бий. Радикал исламизм, нацизм хоёрыг харьцуулаад ирэхтэй зэрэг тэд гайхаж зарим нь шооконд орсон. Хүн төрөлхтний түүхэнд хийсэн ялт үйлдлээрээ нацистуудын дээр гарсан өөр “изм” байхгүй ч, араас нь яваа “изм”-ыг бид одоо харж байна. Харгислалын тоо хэмжээний тухайд бус үзэл суртлыг нь Праскье адилтгасан. Нэгэнт л дайснаа өршөөхгүй, устгаж байж салах л юм бол улс төрийн ислам, нацизм хоёр юугаар ялгаатай байх билээ. Жишээ болгож ХАМАС-ын лалын суннит жихадизмыг аваад үз. Эсвэл Хезболлагийн лалын шиит жихадизм, шүтэн бишрэгчид нь зэвсэглээд арми болчхоод одоо ямар их хөнөөл тарьж байна. Жүүдүүдийг хүйс тэмтрээд Израиль Улсыг газрын хөрснөөс арчина гэсэн тэдний үзэл суртал нацистуудаас юугаараа ялгарах вэ? Орчин үеийн антисемитизм буюу жүүдүүдийг үзэн ядалт үзлийн тодорхой жишээ нь ХАМАС-ын Харти:–Цаг нь болоогүй байна. Мусульманчууд жүүдүүдийг хараахан ялаагүй байна. Жүүдүүдийг алж эхлээгүй байна. Гэвч тэднийг мөшгөсөөр байх болно гэх нь антисемитизм нь өнөөдөр радикал исламизмын гол үзэл суртал, өнгөрсөн үед нацизмын гол үзэл суртал байсны илэрхийлэл бус уу? 

“2012.03.19” гэж эмгэнэлт өдөр Францын түүхнээ үлджээ. Праскье анхааруулж байсан нь яг нотлогджээ. Алжир гаралтай франц залуу исламист Мухаммад Мера Тулуз хот дахь жүүдийн коллежийн багш, сурагчдыг буудаж хөнөөсөн өдөр. Иерусалимаас очсон явуулын нэг лам хүртэл суманд нь өртжээ. Мера нь 4 настай жүүд хүүхэд рүү тулгаж байгаад хээв нэг буудчихсаныг учир шалтгааны талаас тайлбарлахад хэцүү. Тэгж яривал СС-ийн цэргүүд жүүдүүдийг алахдаа нялх үрс дээр нь тун эвгүй байдалд орж буйг Гиммлер өөрөө хүртэл ажиглаад тэмдэглэж үлдээсэн нь бий. Харин Мера аллагаараа бахархсан. Лалын сайтуудад олзуурхан бичсэн. Нацизм, радикал исламизм хоёрт яадгаа алдсан фанатик алуурчин гэж байна байхгүй тухай биш, тэд үзэл суртлаар тархиа нэвт угаалгаад хийж байгаа үйлдэл нь тэр юм. Нэг нь Аллахын нэрийн өмнөөс, нөгөө нь Фюрерийн нэрийн өмнөөс. 

Дүгнэж үзэхэд нацизм, радикал исламизм хоёрыг нэгтгэх гурван хүчин зүйл байна. Эхнийх нь хоёулаа жүүдүүдийг тэргүүлэх дайснаа гэж үздэг, хоёр дахь нь өршөөлгүй, хүнлэг бус, гурав дахь нь эвлэрэл байхгүй, хүлцэл тэвчил байхгүй. Энд миний дэвэргэж бичсэн мөр гэж байхгүй. Чадан ядан хөрвүүлсэн нь тэр болно. 

Төгсгөлд нь ганцхан баримт оруулъя. Орчин цагийн дайны түүх гэе дээ. Израилийн хэвлэлүүд бичжээ: 2023.10.7-ноос хойш 2024.11.4-ний хооронд Газa, Ливан, Иран, Йеменээс Израиль Улс руу 26360 пуужин ба шахед харважээ. Хорин зургаан мянга!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ 18 цаг 39 мин Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ 19 цаг 1 мин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ 19 цаг 14 мин 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 19 цаг 22 мин 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо 19 цаг 34 мин Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо 19 цаг 48 мин Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ 19 цаг 52 мин Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан хурцдав 19 цаг 59 мин АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 20 цаг 4 мин Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ 20 цаг 8 мин УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө 21 цаг 15 мин Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын зардлууд ирэх оны төсвөөс хасагдсан 21 цаг 29 мин Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна Уржигдар 22 цаг 36 мин Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлтгэнэ Уржигдар 17 цаг 31 мин Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 2026-10-29 Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ 2026-10-29 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026-10-29 “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 2026-10-29 Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 2026-10-29 Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 2026-10-29
iИх уншсан
С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Петр Ян аварга цолоо хамгааллаа О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top