x

МАН даргын албин, АН-ын золбин хоёроос ард түмэн хамгаалалтгүй үлдэв 

Нэг.

УИХ-д олонхи болсон МАН, дараачийн олон суудал авсан АН болон ХҮН-ыг Засгийн газартаа урьж, хамтрахаар болов. Энэ тухай МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Монголын эдийн засгийн чуулганы дундуур зарлаад, үдээс хойш нь гурван намын дарга 2024-2028 онд Засгийн газарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад өнөөдөр Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг чуулганаар хэлэлцүүлээд явчихлаа. Өнгөрөгч пүрэв гаригт АН, ХҮН-д урилга хүргүүлсэн гэхэд хариулт нь хэтэрхий хурдан байна.

Засгийн газарт хамтрах болсон шалтгаанаа МАН-ын дарга “Өнгөрсөн 30 жилийн гол алдаа нь Засгийн газрын насжилт богино, улс төрийн намууд тогтворгүй явж ирсэнтэй шууд холбоотой. АН, ХҮН-тай хамтарч өнгөрсөн хугацаанд улс төрийн тогтвортой орчин бүрдүүлэх эрх зүйн шинэчлэлийг амжилттай хийсэн. Тогтолцооны энэ реформын хүрээнд сонгодог парламентын жишгээр эвслийн Засгийн газар байгуулж байна” гэв.

Ядаж л энэ удаагийн эвсэл нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулахад чиглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч. Тэгвэл АН болон ХҮН яагаад МАН-ын Засгийн газрын тогтвортой байдлыг хангах үүрэгтэй болчихов? Хамгийн тогтвортой, бүр үнэмлэхүй олонхиор засагласан өнгөрсөн найман жилдээ МАН яг юу хийсэн юм бэ, ямар бодлого явуулсан гэдгийг эргээд нэг удаа бодож үзсэн үү?

Бас өнгөрсөн удаад АН болон ХҮН-ын оролцсон, МАН-ыг дэмжсэн ганц шинэчлэл бол сонгуулийн тогтолцоог өөрчилсөн, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлсэн явдал. Гэтэл энэ нь Засгийн газрыг байгуулах болон эвсэл байгуулахтай ямар холбоотой болчихов? Бас нэг таавар, шуудхан хэлбэл төөрүүлэг. МАН-ын дарга зүгээр л ямар ч баримтгүйгээр, амандаа орсноо ярьж байна. АН ч үүнд нь итгэсэн гэдэг худлаа.

Гэвч харамсалтай нь, УИХ-д цөөнх болсон АН болон ХҮН эрх баригч намын дутууг нөхөж, дундуурыг дүүргэхээр болов. Өчигдөр Монголын эдийн засгийн чуулган дээр хөндөгдсөн /CNN-ийн сурвалжлагч Ричард Кест/ “Тэгвэл сөрөг хүчин хэн байх вэ? Ардчилал хаана байна?” гэдэг асуулт хариултгүй үлдлээ. Харин АН-ын даргын хэлсэн “Бид парламент дээр ч хяналт тавина, Засгийн газарт ч хяналт тавина” гэдэг бол хэнд ч хэрэггүй үг юм. Хэрэггүй гэдгийн хамгийн эхний баталгаа нь өнөөдрийн чуулганаар хэлэлцүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал.

2021 оны нэгдүгээр сард МАН-ын дарга, Ерөнхий сайдын албыг хүлээж авсан Л.Оюун-Эрдэнэ 2022 оны наймдугаар сард танхимаа шинээр эмхэлж, 17 яам 20 сайдтай /дэд сайд нарыг оролцуулахгүйгээр/ хамгийн том, хамгийн нүсэр Засгийн газрыг байгуулж байлаа. Гэтэл өнөөдөр түүнийгээ давуулж, Ерөнхий сайдаасаа гадна 22 сайд, 16 яамтай Засгийн газрыг байгуулж байна. Ингээд АН-ын, АН-ын даргын амласан “төрийг цомхон, чадварлаг болгох, төсвийн зардлыг бууруулах” эхний амлалт будаа... Засгийн газраа байгуулсны дараа сайд нарын хариуцсан чиг үүргийг дагуулаад баахан үндэсний хороо, агентлагууд бий болно. Хэрэв АН МАН-тай хамтраагүй бол өнөөдөр ийм зүйл болохгүй байлаа. Болдог байлаа ч АН бусад намуудтайгаа нийлээд дор дараад авна. Гэвч харамсалтай нь тийм зүйл болсонгүй.

Түүнээс илүү харамсалтай хийгээд эмзэглүүштэй нь Засгийн газарт орох АН-ын шийдвэрийг АН-ын дарга дангаараа гаргасангүй. АН-ын удирдах дээд байгууллага буюу ҮБХ-ны 400 гаруй гишүүн олонхиороо дэмжсэн явдал. Ард түмэн хамгаалалтгүй үлдлээ. Өнгөрсөн найман жилд МАН-ын хийсэн хулгай, луйврыг илчилж, хуулийн өмнө аваачих сонгуулийн амлалт, иргэдийн итгэлээр шал арчлаа. Ядаж намын дарга нь ганцаараа шунаад, ганцаараа шийдвэр гаргаад, ганцаараа ад болсон бол нэг хэрэг. Гэтэл бүхэл бүтэн намын удирдах дээд байгууллага нь хамаг юмаа шувталж хаяад олонхи болсон намын халаасанд орсныг өлбөн, золбин гэхээс өөр хэлэх үг алга. "Өлөн зэлмэн" гэдэг бол үгээгүй ядуу амьтны тухай. Өлбөн, золбин байна гэдэг түүнээс долоон дор зүйл. Өөрт байгаа зүйлийг үнэлдэггүй, цаддаггүй тийм их шуналыг хэлэх байх. АН-д өнөөдөр тийм л зүйл тохиолоо.

Яг үнэндээ АН энэ удаагийн сонгуулиар хангалттай олон суудал авсан. 11 суудлаа 42 болголоо. Парламентын хамгийн том сөрөгч хүчин, МАН-ын авсан суудалтай харьцуулбал бараг 60:40... Ийм том сөрөгч хүчинд эрх баригч намыг хүссэнээрээ хөдөлгөх боломж байлаа, парламентын бусад намуудтайгаа нийлээд.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт суудал бөглөхийн оронд ирэх гурван сард сөрөг хүчин шиг сөрөг хүчин байгаад, эрх баригч намд хяналт тавьсан шиг тавиад, өнгөрсөн найман жилийнх нь алдаа завхралыг хэлсэн шиг хэлээд, арьсыг нь хуулсан шиг хуулаад явсан бол ирэх намар болох орон нутгийн сонгууль АН-ынх болох байлаа. 2028 оны сонгуулиар АН жинхэнээсээ эрх барих боломжтой байлаа. Одоо тэгвэл орон нутгийн сонгуульд АН ямар уриатай, ямар бодлоготой орох юм? Сонгогчдод юу хэлж очих юм? “Итгэж өгсөн саналыг чинь эрх баригч намд зарчихаад ирлээ” гэх үү? 

МАН-ын дарга засагт хамтрах болсон шалтаг хайхдаа “Эрчим хүчний салбарыг либералчлахын тулд хамтарна. Нэг нам дангаараа шийддэг асуудал биш” гэсэн байна лээ. Нэг зөвлөгөө өгөхөд “Хийж чадахгүй зүйлээ бүү амлаж бай, хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэж МАН даргад хэлье.

Хоёрдугаарт, эрчим хүчний салбарыг либералчлах нь АН-ын ч гэсэн бодлого, АН ч үүнээсээ ухрах боломжгүй. Тийм болохоор энэ мэт ижил зорилгууд дээрээ нэгдээд, дэмжээд явах нь парламентын намын үүрэг. "Сөрөг хүчин гэдэг сөрөхийн нэр биш" гэдэг АН-ын даргын үг яг үүнд л хамаатай. Мэдээж хариуд нь татварыг бууруулах, төрийн өмчийг хувьчлах гэх мэт өөрсдийн бодлогоо ч гэсэн АН нэг нэгээр нь түлхээд явах бүрэн боломжтой. Явж явж энэ бүх асуудал чинь Засгийн газрын тогоон дотор биш, парламент дээр шийдэгддэг. Парламент дээр хэн илүү идэвхитэй ажиллаж, хүчтэй дуугарсан, иргэдэд хүргэж чадсан нь бодлогоо дэмжүүлээд, хэрэгжүүлээд явдаг. Үүний төлөө парламент байдаг.

Гэтэл энэ боломжоос АН ухарлаа. Явж явж олонхи болсон намьд арьсаа худалдахыг илүүд үзлээ. Тийм учраас иргэд, сонгогчид МАН-аас илүү АН-д урам хугарч байгаа юм. Хамтрах саналыг МАН тавьсан байхад АН-ыг зүхлээ гэж гомдоллох эрх хэн гуайд ч байхгүй. Нэгэнт МАН-ын Засгийн газарт орсон хойно нөгөө ногоон автобус, нүүрсний хулгай, ЖДҮ хулгай, Хөгжлийн банкны тухай дуугарах эрх чөлөө АН-д байхгүй. Засгийн газарт гаднаас нь хяналт тавьж чадаагүй нам дотроос нь хяналт тавина гэдэг үлгэр.

Хоёр.

Сүүлийн 24 жилд АН дангаараа засаглаж үзээгүй нь үнэн. Хоёр удаа хамгийн олон суудал авсан нь үнэн боловч дангаараа засаг байгуулах хэмжээнд хүрээгүй учраас хамтарсан Засгийн газрууд байгуулсан. 2008-2012 онд цөөнх болсон /МАН 45: АН 28/ авсан ч дахиад хамтарсан Засгийн газарт орсон. Яг үнэндээ энэ бол долдугаар сарын 1-ний эмгэнэлт хэрэг, гэм зэмгүй таван хүний амь насны төлөөсөөр байгуулсан Засгийн газар. “Стандарт бус” гэж нэрлэсэн тэр Засгийн газрыг толгойлсон С.Баяр гэдэг хүн өнөөдөр “Оюутолгойн гэрээг байгуулахын тулд бид Засгийн газарт хамтарсан, АН дэмжээгүй учраас Засгийн газарт урьсан” гэж ярьсан байна лээ.

Үгүй л дээ. 2004-2008 онд ч МАХН, АН хамтарсан. Тэр үед ч Оюутолгойн гэрээ яригдаж л байсан, явуулах боломж нь ч МАХН-д байсан. Чадаагүй. С.Баярын Засгийн газрын хувьд зүгээр л цаг хугацаа, зах зээл, хөрөнгө оруулалтын орчин нөхцөл тэгж таарсан хэрэг. Арай ч энэ гэрээг хийхийн төлөө таван хүний аминд хүрээгүй байлтай.

Харин МАН-ын даргын хувьд “Өмнө нь болж байсан юм одоо яагаад болдоггүй юм. С.Баярын хийж чадсаныг Л.Оюун-Эрдэнэ яагаад чаддаггүй юм” л гэж байх шиг байна. Тэгвэл ямар элэнцгийнх нь “шинэ 30 жил” байдаг юм. Яагаад хуучин 30 жилийнхээ муу бүхнийг үүрээд, чирээд шинэ 30 жил рүү алхах ёстой юм. МАНАН-гаас салъя гэж найман жил хашгирчихаад дахиад МАНАН-гаа байгуулж байгаа нь тэгээд “Шинэ 30 жил”-ийн нээлт үү, хаалт уу? Эсвэл Ц.Элбэгдорж, М.Энхсайхан байгуулахаар МАНАН болчихдог, Л.Оюун-Эрдэнэ байгуулахаар МАНАН арилчихдаг хэрэг үү?

Бүр давраад “Өнөөдрөөс эхлээд Монгол Улс мөнхийн Эвслийн Засгийн газрын тогтолцоотой боллоо” гэсэн байна лээ. Энэ яг юу гэсэн үг вэ? Сонгуулийн тогтолцоогоо хэлээд байна уу, эсвэл саналын луйвраа юу? Өчигдөр хэлсэн үгээ өнөөдөр үгүйсгэнэ, өнөөдөр хэлснээ маргааш мартана. Ардын намын даргын энэ албин, золбин байдал ард түмнийг гишгэх газаргүй болгож байна. Өнөөдөр энд, маргааш тэнд, нөгөөдөр хаана вэ? Ингэж МАНАН-тай тэмцэхгүй ээ, МАН дарга аа! Бас ингэж МАНгартаж болохгүй ээ, АН дарга аа!

МАН-ын даргаас АН, ХҮН-д зөвшилцөх урилга хүргүүлсэн яг тэр өдөр, өнгөрөгч пүрэв гаригт МАХН-ын дарга асан С.Баяр гэдэг хүн хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. Өгөх өгөхдөө Л.Оюун-Эрдэнийн амандаа хүлхсэн, уруул давуулж амжаагүй бүх үгийг цуглуулаад АН-ын даргад дайсан. Хамгийн эхнийх нь “МАН үнэндээ 80 хувийн суудал авчихсан байсан, Өвөрхангайн хэрэг гараагүй бол АН ийм хэмжээний суудал авахгүй байсан” гэж. Зүгээр л “Чи нэг хүний амиар наад суудал дээрээ сууж байгаа шүү, аятайхан байгаарай” л гэсэн байна лээ. Яг нөгөө 2008 онд хамтарсан Засгийн газар байгуулсан тэр жишгээрээ. Үүний дараа АН-ын дарга яаж, ямар нүүрээр намынхаа гишүүдтэй уулзах вэ?

Таван хүний амины үнээр Засгийн газар байгуулснаа “Монголд байхгүй стратегич” гэж эндүүрдэг зөнөг өвгөн Л.Оюун-Эрдэнийн өмнөөс АН-ын явах ёстой замыг заасан шүү дээ. Тэрийгээ бараг “би хийчихсэн” гэх маягтай. “Улс орны хөгжил, аюулгүй байдлын зарим том асуудлыг дангаараа шийдэх хэцүү шүү, барахгүй байж мэднэ шүү гэдгийг ёстой Ванга шиг хэлж байгаа...”. Үгүй л дээ. Л.Оюун-Эрдэнэ нь тархигүй болохоос тэнэг биш шүү дээ. Энэ зэргийн юмыг С.Баяраар заалгахгүй. Бэлэн “шаблон” нь байхад шууд аваад хийнэ. С.Баяр гуайн зөвшөөрөл ч хэрэггүй. Эрт гарсан чихнээс хойно гарсан эвэр урт гэж үгтэй. Өмнөх хулгайчаа давж хулгайлна уу болохоос дутуудуулна гэж харин ч нэг байхгүй. Кино үзэхдээ хүртэл тэмдэглэл хөтөлдөг хүн шүү дээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 16 цаг 0 мин 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 16 цаг 4 мин Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 16 цаг 13 мин Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 16 цаг 17 мин Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 16 цаг 33 мин Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 16 цаг 40 мин Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 16 цаг 55 мин Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 19 цаг 56 мин iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 20 цаг 2 мин Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 20 цаг 7 мин Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 20 цаг 14 мин М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 21 цаг 27 мин "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 21 цаг 49 мин Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 21 цаг 59 мин Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 22 цаг 4 мин МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 22 цаг 15 мин Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  22 цаг 25 мин Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 23 цаг 0 мин Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 23 цаг 19 мин М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 23 цаг 27 мин
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Хэлгүй бол төргүй 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг... SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгө... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, О... Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ б... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл...
Top