x

Киевийн төлөөх тулаан

Тусгай ажиллагаа (ТА) нь хууль сахиулах байгууллагууд, түүний дотор зэвсэгт хүчин болон цагдаагийн байгууллагын тусгай үйл ажиллагааны нэг төрөл юм. Тусгай ажиллагаа нь ердийн цэргийн ажиллагаанаас зорилго (тагнуул, хорлон сүйтгэл, нууц үйлдэл гэх мэт), арга (нууцлал, далд ажиллагаа) зэргээрээ эрс ялгаатай. Цэргийн ажиллагааг зөвхөн тусгай хүчнийхэн (тагнуул, далд сүйтгэгчид гэх мэт) гүйцэтгэдэг.

Тусгай ажиллагааны гол зорилго нь уламжлалт цэргийн аргаар хүрч чадахгүй цэргийн болон улс төрийн зорилтуудыг шийдвэрлэх явдал. ТА-ы гол шинж чанарууд нь бэлтгэх, хэрэгжүүлэх нууцлал, гэнэтийн байдал, үйл ажиллагааны хурд юм. ТА-г зөвхөн сэтгэлзүйн бэлтгэлийн түвшин өндөр, ямар ч нөхцөлд бие даан ажиллах чадвартай, хүлээгдэж буй даалгаврыг шийдвэрлэхэд тулгарах гэнэтийн саад бэрхшээлийг даван туулах чадвартай цэргийн албан хаагчдын жижиг бүлгүүд гүйцэтгэдэг. ТА нь маш богино хугацаанд зорилгоо гүйцэтгээд дуусгавар болгодгоороо дайн тулалдаан, байлдаанаас эрс ялгаатай.

Путины Украин дахь “Тусгай ажиллагаа” эхлээд гурав дахь жил рүүгээ орлоо. Энэ Тусгай ажиллагаа анх хэрхэн эхэлсэн тухай өгүүллийг сонирхуулахаар орчуулан толилуулж байна.

Оксана Тороп,

Святослав Хоменко

КИЕВИЙН ТӨЛӨӨХ ТУЛААН

Довтолгооноос өмнө юу болсон бэ

2021 оны намар гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд барууны тагнуулын мэдээллээс эш татан Орос улс Украин руу бүрэн дайралт хийхээр бэлтгэж байна гэж бичиж эхэлсэн. Энэ тухай 10-р сард Вашингтон Пост сонин анх бичиж байжээ . ОХУ-аас Украины хил рүү асар их хэмжээний цэрэг техник татаж буйд анхаарал хандуулав. Өрнөдийн шинжээчид "Энэ бол сургуулилт шиг харагдахгүй байна."

Дараа нь барууны удирдагчид Украин руу Орос довтлох нь гарцаагүй гэдгийг илэн далангүй дэлгэж эхлэв. 2022 оны 2-р сарын 18-нд Жо Байден хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: "Ирэх долоо хоног, эсвэл ойрын өдрүүдэд Путины шийдвэрээр Орос улс Украинд довтлох болно гэж үзэх үндэслэл АНУ-д байна.."

Украины эрх баригчид Америкийн анхааруулгыг зөөлрүүлж хэлэхэд тэвчис хийгээд өнгөрөөв. Ерөнхийлөгч Владимир Зеленский, засгийн газрын гишүүд, эрх баригч намаас Дээд Радын депутатууд сэтгүүлчид, бизнесийн төлөөлөгчидтэй уулзахдаа барууныхны “дэгсдүүлэлтийг” Оростой хийж буй геополитикийн сөргөлдөөнтэй холбон тайлбарлав. Тэрээр засгийн газрын албан тушаалтнуудад хандан Украйнаас хөрөнгө оруулалтыг дайжуулахад хүргэж болзошгүй тул асуудлыг хурцатгахгүй байхыг хүсчээ. Ингэж Зеленский өөрийн биеэр украинчуудыг тайвшруулсан. 2022 оны 1-р сарын 19-нд тэрээр, Украин улс болзошгүй дайнд бэлтгэж байгаа ч гэсэн "Хавар гэхэд бид урьдынхаа нэгэн адил шорлогоо шарж идээд сууж байх болно" гэжээ. 

2022 оны эхээр Тагнуулын төв газрын дарга Вильям Бөрнс Киевт нууцаар ирэв. Владимир Зеленскийтэй шийдэмгий ярилцлаа. Тэрээр яг тэнд л Украины удирдагчид хандан өөрийн улс руу нь оросууд довтлох гэж байгаа тодорхой төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй ярьжээ.

Бөрнс өөрөө дараа нь энэ ярианы дэлгэрэнгүй мэдээллийг Politico-д гаргасан. Оросууд Беларусийн хилийг давж, Киевт хурдан хүрч, нийслэлийг эзлэн, Украины засгийн газрыг түлхэн унагаж, Оросын талыг баримтлагчаар солих санаатай байгаа талаар Тагнуулын төв газрын дарга Зеленскийд тайлбарласан байна.

Оросын зүгээс Киевийг түргэн эзлэхийн тулд Киевийн баруун хойд хэсэгт орших Гостомелийн нисэх онгоцны буудлыг булаан авч, агаарын десантын буух талбар болгон ашиглахыг зорьж байна гэх мэт хэд хэдэн нарийн ширийн зүйлийг ч Бөрнс хэлжээ. 

Бөрнс хожим мөнөөх нийтлэлдээ Зеленский ямар хариу үйлдэл үзүүлсэн талаар дурджээ. "Тэр мухардалд орсон. Миний үг түүнийг цочирдуулсан ч, хэцүү байдалд орсноо бас ойлгосон. Украинд эдийн засаг, улс төрийн үймээн самуун дэгдээхийг тэр хүсээгүй. Украинд армийн бүрэн дайчилгаа зарлах мэт алхам нь үүнийг Путин өдөөн хатгасан шинжтэйн нотолгоо болгож магадгүй гэж болгоомжилж байлаа. Гэхдээ тэр асуудлыг эрүүл саруулаар харж байлаа."

Харин дайны эхний жилд Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй дагнан уулзах эрх авсан Америкийн сэтгүүлч Саймон Шүстер саяхан хэвлэгдсэн “Шоумен” номондоо өөрийн сэтгэгдлийг дүрсэлсэн байдаг.

Бөрнс Зеленскийг итгүүлж чадаагүй гэж Шустер бичжээ. “Дөрвөн сая хүн амтай том хотыг эзлэхүйц хангалттай тооны цэрэг оруулах төлөвлөгөө оросуудад байх учиргүй гэж Зеленскийн хэлжээ. Тэгэх дээрээ тулбал ард иргэд бослого гарган эсэргүүцэх болно гэж найдаж байсан. Америкийн тагнуулын мэдээлэл түүнд ямар ч үндэслэлгүй мэт санагдсан. Түүний бодлоор Оросын үйл ажиллагааны олон төлөвлөгөөний нэг хувилбарыг л Бөрнис ярьж байна, гэвч магадгүй хамгийн түрэмгий, гэхдээ хамгийн магадлал муутай хувилбар аж. Олон жилийн турш харилцаа холбоо, утсаар ярих, дээд хэмжээний уулзалт, энхийн хэлэлцээний явцад Зеленскийн хувьд Путин нь хүйтэн хөндий ч боломжийн, ууртай гомдомхой ч галзуу биш хүн шиг аж ."

Тохиромжтой нисэх онгоцны буудал

Уг нь Украины америк түншүүд Гостомелийн нисэх онгоцны буудалд онцгой анхаарал хандуулсан. Уг дэд бүтэц нь том онгоц байрлуулах боломжтой, дэлхийн хамгийн том тээврийн онгоц Мрия энд "амьдардаг" зэрэг нь дэмий нэг хэрэг биш юм. Мрия нь иргэний нисэх төдийгүй асар олон цэрэг, их техник хэрэгсэл тээвэрлэх чадвартай цэргийн тээврийн онгоц юм. Газарзүйн хувьд ч Гостомель нь Киевээс 25 км-ийн зайд байрладаг.

Оросын бүрэн хэмжээний довтолгооноос өмнө Гостомель дахь Антоновын нэрэмжит нисэх онгоцны буудлыг ихэвчлэн ачааны нислэг, нисэх онгоцны туршилтад ашигладаг байсан. Петр Порошенког ерөнхийлөгч байх үед энд хямд өртөгтэй агаарын тээврийн компаниудыг ажиллуулах талаар ярилцсан.

Цэргийн үүднээс авч үзвэл Антонов буудал нь Киевийг бүсэлж авахаар төлөвлөж буй талбар гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой стратегийн маш чухал цэг байв. Бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойш хоёр жилийн дараа ч Киевийг аль болох хурдан авах нь оросуудын гол зорилго байсан гэдэгт цэргийн мэргэжилтнүүд санал нэг байна. 

Эхний давалгааны буух хүч нь Гостомелийн нисэх онгоцны буудлыг гэнэт эзэлж, үндсэн хүчээ хүлээн авахад бэлтгэх ёстой байв. Тэд нь Оросын цэргийн сансрын хүчний Ил-76 тээврийн онгоцоор хоёр дахь давалгаа болон нисэх буудалд ирэх учиртай. Гостомелийн байршлын улмаас тэндээс Киев рүү хойд чиглэлд - Минск массив ба Оболон руу, баруунаас - Святошино руу шилжих боломжтой байв.

Гостомелийн ажиллагаа амжилттай явагдсан бол Киевээс хэдхэн километрийн зайд хуягт машинтай Оросын таван мянга орчим цэргийн албан хаагч гарч ирэх байсан аж. Дараа нь өдөр бүр тэд Беларусаас Чернобылийн бүсээр, Житомир, Киев мужуудын засаг захиргааны хил рүү чиглэсэн зам дагуу урагшлах нэмэлт хүчнүүдтэй нэгдэх болно. Бараг бүхэл бүтэн хот Оросын их бууны цохилтын хүрээнд байх бөгөөд ингэснээр Киевт хүрэх болно. Өөрөөр хэлбэл Украины нийслэлийг бүсэлж, эзлэн авах нь технологийн асуудал мэт санагдаж байжээ.

Дөрөвдүгээр бригадын "арслангууд"

Стратегийн ач холбогдолтой нисэх онгоцны буудлын хамгаалалтыг Гостомель хотод байрладаг Украины Үндэсний гвардийн 4-р бригад хангах ёстой байв. Ерөнхийдөө энэ бригад нь 2015 онд анхны галын шугамд байлдааны ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан. Халдлага эхлэхийн өмнөхөн тэдний цэргийн ангид бэлтгэл сургуулилтын дохиолол байнга гарч, цэргүүд дайралтыг няцаахаар эрчимтэй бэлтгэж байсан ч Донбасст асуудал хурцадна гэсэн хүлээлттэй байсан.

2021 оны 12-р сард бригадын байлдаанд хамгийн бэлэн хэсэг болох хэдэн зуун гэрээт цэргүүдийг Львов муж дахь Яворовскийн бэлтгэлийн талбайд байлдааны зохицуулалт хийлгэхээр илгээв. Хоёр сарын бэлтгэл хийсний дараа 2022 оны 2-р сарын 20-нд тэд Гостомелд очоогүй, харин Луганск муж руу сэлгэн ажиллав. Тиймээс нисэх онгоцны буудлын ойролцоо байрладаг 3018-р цэргийн ангид хэдэн зуун хүн үлдсэн нь ихэвчлэн хугацаат цэргийн алба хаагчид, захиргааны ажилтнууд.

"Арслангууд" (гэрээт цэргүүдийг тэгэж нэрлэнэ) яваад өглөө. Хоёр зуу орчим хугацаат цэргийн алба хаагч л үлдсэн. Тэд маш богино алба хаасан. Тэд гэрээт цэрэг шиг тийм хүчтэй бэлтгэл сургуулилтад хамрагдаагүй. Тэд ямар нэг юм ачиж байна, эсвэл ямар нэг юм цэвэрлэж байна, эсвэл өвчтэй байна, эсвэл дүрэмт хувцастай хяналтын цэг дээр зогсож байна" гэх маягийн л рапорт өгөх төдий. Бригадын зэвсгийн ихэнх хэсэг нь "арслангууд" -тай хамт зүүн зүг рүү ачигдсан. 

Оросын тагнуулынхан Гостомелд ихэвчлэн хугацаат цэргийн алба хаагчид үлдсэнийг мэдэж байсан тул үүнийг ашиглахаар шийдсэн, үүнийгээ амархан бүтээж чадна гэдэгтээ итгэлтэй байв.

"Сандрах шалтгаан байхгүй"

2022 оны 1-р сард тус байгууламжид дипломатууд, Тагнуулын төв газар, АНУ-ын Батлан хамгаалах яамны тагнуулын агентлагийн төлөөлөгчид оролцсон Америкийн төлөөлөгчид зочилжээ. Тэдний зорилго бол Оросын довтолгооны эсрэг нисэх онгоцны буудлын эмзэг байдлыг үнэлэх явдал байв.

Хоёрдугаар сард, Украины Аюулгүй байдлын албаны төлөөлөгчид нисэх онгоцны буудалд ирсэн. Тэд 4G сүлжээг ашиглан нисэх онгоцны буудлаас онлайнаар дүрсийг дамжуулдаг өөрөө ажилладаг видео хяналтын камеруудыг тэнд суурилуулсан. Гэтэл оросуудын халдлага болохоос хэдэн цагийн өмнө камерууд гэмтжээ. Хэн ингэсэн нь одоо ч тодорхойгүй.

Оросын цэрэг энд газардах боломжийн талаар Гостомелд алба хааж байсан цэргийнхэнд хэн ч анхааруулаагүй бөгөөд довтолгоо эхэлсний дараа Америкийн тагнуулын мэдээллийг хэвлэлээс олж мэдсэн гэж хожим нь мэдэгджээ. Онгоцны буудалд бэхлэлт ухах хүсэлтээ Командлал нь гуйсан боловч энэ нь газар доор байрлуулсан харилцаа холбоог гэмтээж болзошгүй гээд Антоновын иргэний удирдлага үүнийг зөвшөөрөөгүй.

Мөн 2022 оны 2-р сарын 23-ны өдөр онолын хувьд дайнд эрчимтэй бэлтгэж байсан цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын аж ахуйн нэгжүүд "Укроборонпром" концернийн тэр үеийн дарга Юрий Гусевын гарын үсэгтэй захидал хүлээн авав.

Гусев Украины батлан хамгаалах салбарын ажилчдыг сандрахгүй, ердийнхөөрөө ажиллахыг уриалсан тайвшруулах аялгуутай захидал бичжээ. “Одоохондоо бодитой үндэслэл байхгүй учраас бид тайван, итгэлтэйгээр ажлаа хийж, сандралгүй ажиллаж, амьдарч байна. Хэрэв тэд гэнэт гарч ирвэл би энэ тухай илэн далангүй мэдээлэхээ амлаж байна" гэж бүрэн хэмжээний довтолгоо эхлэхээс нэг хоногийн өмнө өгсөн баримт бичигт дурджээ. Мөн захидалд, батлан хамгаалахын үйлдвэрүүдийн ажилчдыг "хуурамч мэдээлэлд итгэхгүй байх", "цуу яриа цуглуулахаа зогсоох", мессенжерүүдэд хяналт тавихгүй байхыг уриалав.

Түүнчлэн Укроборонпром концерндь янз бүрийн нөхцөл байдлын үед авах арга хэмжээний тодорхой төлөвлөгөөтэй гэсэн баталгаа байсан. Энэ төлөвлөгөөний нарийн ширийн зүйлийг бүрэн хэмжээний халдлага эхлэхээс өмнө ч, дараа нь ч батлан хамгаалахын компаниудад мэдээлээгүй нь хожим тодорхой болох юм.

Тиймээс тэд Антоновын нэрэмжит улсын аж ахуйн нэгжид хэвийн амьдралаар амьдарч байв. Гостомель хотод ч, Киевийн Святошино дүүрэгт байрлах нисэхийн аварга том онгоцны буудалд ч ялгаагүй хамгаалалтыг бэхжүүлээгүй.

Гостомелийн нисэх онгоцны буудлын ойролцоох Үндэсний гвардийн цэргийн ангид ямар ч онцгой зүйл болоогүй байна. Довтолгооноос хэдхэн долоо хоногийн өмнө хугацаат цэргийн албан хаагчдыг нисэх онгоцны буудалд байрлуулжээ. Довтолгооноос хэдхэн хоногийн өмнө буюу 2-р сарын 20-ны өдөр команд нь нөхцөл байдалтай танилцахаар тус ангид өөрөө иржээ. Байлдагчдад юу ч тайлбарлаагүй.

Ингээд хоёрдугаар сарын 23-ны орой нисэх онгоцны буудал дээр дөнгөж дүрэмт хувцастай болсонн залуус гал түлж, хиам шарж, оройн хоолоо идээд халаалттай хуягт машиндаа хэвтэж амрахаар явлаа...

Довтолгоо эхэллээ. "Бид зүгээр суугаад л мэдээ үзэж байсан"

2-р сарын 24-ний өглөөний дөрвөн цагийн үед Украины бүс нутгууд руу оросууд анхны томоохон пуужингийн довтолгоо хийв: тавь гаруй пуужин гол төлөв нисэх онгоцны буудал, агуулах болон бусад цэргийн дэд бүтэц рүү нисэв. Мөн иргэний объектуудад цохилт өгсөн.

Үндэсний гвардийн цэрэг Руслан өглөөний 4-6 цаг хүртэл үүрэг гүйцэтгэх ёстой байв. Тэрээр Вартагаас бууж, нисэх онгоцны буудлын нутаг дэвсгэрт байрлах нэг давхар байшингийн дээвэр дээр байсан тул толгой дээгүүр нь Киев рүү нисч буй пуужингийн чимээг өөрийн чихээр сонсов.

"Дараа нь бид дээвэр дээрээс бууж, бүх хүнийг сэрээж эхлэв: Дайн эхэллээ! Бид эцэг эх рүүгээ залгаж эхлэв ... "

Өглөөний таван цагийн орчимд ангид байлдааны бэлэн байдал зарлав. Үндэсний гвардид нэн даруй тоног төхөөрөмж, стандарт зэвсэг - гар буу, пулемётыг тарааж эхлэв. Тус ангид ирсэн хүмүүсийн дөрөвний нэг орчим нь захиргааны ажил эрхэлдэг: нягтлан бодогч, бизнесийн менежер, боловсон хүчний ажилтнууд, тэгээд ихэнх нь эмэгтэйчүүд. “Бүгд шоконд орсон. Хүүхнүүдийг гаргаад хаа нэг газар руу явуулах, тэд уйлалдаад л..."

Өглөө эрт Гостомелийн хилийн шалган нэвтрүүлэх боомтод арван эрэгтэй, хоёр эмэгтэй гэсэн 12 хилчин цугларчээ. “Үүнээс өмнө хэн ч бидэнд ямар нэгэн зүйл тохиолдож болно гэж хэлээгүй. Бидэнд ямар ч зэвсэг байгаагүй, сэрэмжлүүлэг болсны дараа тэд бидэнд зэвсэг өгөөгүй. Тиймээс бид зүгээр л мэдээ үзэж сууж байлаа” гэж тэд ярив. Хилчид яах ёстой вэ гэсэн тушаал хүлээж байсан ч ямар ч тушаал ирсэнгүй.

Өглөө долоон цагийн үед Владимир Зеленскийн уриалгыг телевизээр үзүүлэв. “Орос улс манай цэргийн дэд бүтэц, хилийн цэрэг рүү дайрсан. Украины олон хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдов. Бид улсынхаа нийт нутаг дэвсгэрт байлдааны дэглэм тогтоож байна."

Украины Ерөнхийлөгч хамгийн сүүлд костюм, цагаан цамцтай украинчуудад хандан үг хэлж байгааг Гостомелд байсан хүмүүс мэдээгүй, тэр өдөр тэрээр албан ёсны хувцасаа цэргийн хэв маягаар сольсон юм.

Өглөөний найман цагийн дараа Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын тусгай хүчний бүлэг, нийт гуч орчим хүн 3018-р цэргийн анги дээр ирлээ. Энэ хэлтсийн дарга Кирилл Буданов бол дайн эхлэхээс өмнө Оросууд бүрэн хэмжээний довтолгоо хийхээр бэлтгэж байна гэж чангаар зарласан Украины эрх баригчдын цорын ганц төлөөлөгч байсан юм. Тэрбайтугай Киев рүү хойд талаас нь дайрах нь Оросын үйл ажиллагааны үндсэн чиглэл болно гэж мэдэгдэж байв. Цэргийн тагнуулын ажилтнууд 2-р сарын 24-нөөс өмнө Гостомельд тандахаар ирж байсан нь гайхах зүйл биш. Тиймээс том дайны эхний өдрийн өглөө ГУР бүлэглэл хожим түүний үндсэн дээр одоо "Шаманбат" гэж нэрлэгддэг анги байгуулсан тул удахгүй болох тулалдааны талбарын талаар ерөнхийдөө төсөөлж байсан. 

Гостомель бол томоохон дайн гарсан тохиолдолд Оросын цэргүүдийн буух хамгийн боломжтой цэгийн нэг мөн. Ерөнхийдөө сандралдаж байсан ч өглөө есөн цагт Антоновын ажилчид ажилдаа ирэв. 80 орчим энгийн ажилтан буюу буудлын ажилтнуудын аравны нэг орчим нь. Тэд хуралдаж, юун түрүүнд Мрияаг сүйрүүлэхгүйн тулд хөөрөх зурвасаас зайдуу зогсоолоос тусгай ангаар руу нүүлгэхээр шийджээ. Онгоц дөнгөж засварт орж байсан. Үүн дээр хийх ажил бараг дуусч, зөвхөн нэг засварын хөдөлгүүр авчирахыг хүлээж байж. Тэр нь яг хоёрдугаар сарын 24-нд ирэх ёстой байлаа. Нэмж дурдахад Антоновын ажилчид бусад онгоцыг нэгэн зэрэг устгахаас сэргийлж тараасан байна. Энэ бүх ажил өглөөний 11 цаг гэхэд дууссан.

“10-11 цаг хүртэл ямар ч онцгой зүйл тохиолдсонгүй... Сэтгэл санаа хэвийн, хэн ч уур уцаартай байсангүй. Тэд хошигнох гэж оролдсон, армид задгай хошигнол бол ердийн зан үйл. Хүмүүс техник хэрэгслийг хүлээн авч, галын хүчийг байрлуулсан" гэж хожим нэг нь дурссан.

Тэгээд л гэнэтийн үйл явдал эхэлсэн дээ, Гостомелд байсан бүх хүмүүс нисдэг тэрэгний архирах чимээ сонссон ...

Хар дарсан аймшигт зүүд шиг санагдлаа

Нисэх буудал дээр Үндэсний гвардийн хоёр байрлал, нийт 20 орчим цэрэг байв. Тэд зенитийн буу, жижиг зэвсэгтэй байв. Тус ангийн нутаг дэвсгэрт тусгай хайрцагт хэд хэдэн танк, хуягт тээвэрлэгч байсан гэж цэргийнхэн хэлж байна. Танкууд нь гэмтэлтэй байсан тул нүхэнд үлдсэн байв. Хөдөлж байсан хуягт тээвэрлэгчдийг мөн байрлалд нь оруулав. Харин бусад бүх тоног төхөөрөмж аль хэдийнээ зүүн Украин руу ачигдсан байсан.

Энэ үед Оросын нисдэг тэрэгнүүд тэнгэрийн хаяанаас ар араасаа нисэн гарч эхлэв. Ка-52 довтолгооны нисдэг тэрэг, Ми-8 тээврийн нисдэг тэрэгнүүд. Маш олуул болох нь даруй тодорхой харагдана.

Нисэх зурвасын нөгөө талд Үндэсний гвардийн хоёрдугаар бүлэг зенитийн буугаар аль хэдийн ажиллаж байв. 11 цагаас тулалдаан эхлэхэд Гостомелд байсан зэвсэггүй хилчид тэсрэх бөмбөгнөөс хамгаалах байр руу гүйлдэв. Тэд нисэх буудлын нийтийн хоолны байранд байрладаг байжээ. “Бөмбөгнөөс хамгаалах байранд бид дэлбэрэлтийн чимээг аль хэдийн сонссон. Яг энэ үед дайсны цэрэг Гостомелд бууж, үндэсний харуулууд тэднийг цохив" гэж хилчин Сергей ярьсан.

Өөр нэг нисдэг тэргийг тухайн үед 25 настай бага дэслэгч Сергей Фалатюк буудаж унагасан юм. “Би Ка-52-г хараад пуужин руу гүйж очсон. Би бариулыг нь татаж, хатгаж, нисдэг тэрэг рүү онилоход нисгэгч нь надтай маш ойрхон байгааг хараад түүнийг дээгүүр өнгөрөнгүүт, эргэж хараад араас нь буудсан" гэж Фалатюк сэтгүүлчдэд ярьсан. Нөгөө Ка-52 онгоцны сэг онгоцны буудлын ойролцоох хогийн цэгт байсаар байна. “Тэд баазын эргэн тойронд байнга эргэлдэж, нисэх буудлын орчимд, яг манай хөвгүүдийн хаана байгаа газар эргэлдсэн”.

Үндэсний гвардийнхан нисдэг тэрэг өөрсдийнх нь зүг ирж байгааг хараад шууд байр сууриа өөрчилсөн. "Байшингийн нэг талаас нисдэг гарч ирүүт, бид хүүхэлдэйн кинонд гардаг шиг энэ байшинг тойрон гүйсэн" гэж Үндэсний харуулын ажилтан Руслан дурсав.

Мөн ГУР-ын офицерууд Үндэсний гвардад газар дээр нь тусалсан байна. Тагнуулын ажилтан Игорь: "Бидэнд нэг хуягт тээвэрлэгч байсан, бусад бүх зүйл нь пикап, жийп, өөрсдийн тээврийн хэрэгсэл байсан, Бидний тал хувь нь энгийн иргэний хувцастай байсан." Тэр үед түүний хэлснээр Гостомелд агаарын довтолгооноос хамгаалах систем маш дутмаг байсан тул газардсан оросуудтай биеэр гардан тулалдсан тул, агаарын байны эсрэг ажиллах боломжгүй болсон. "Гэхдээ энэ нь аргагүй хэрэг байлаа, харамсалтай нь өөр арга байгаагүй. Нөхцөл байдал ямар нэг шалтгааны улмаас бид бүрэн хэмжээний довтолгоонд бэлэн биш байсан".

Гостомель болон зэргэлдээх суурингийн оршин суугчид нисэх буудлын нөхцөл байдлыг ажиглацгаана. Тэд гардан тулалдааны бичлэгийг хальсанд буулгаж, олон нийтийн сүлжээгээр шууд тараасан байна. Бараг бүх дэлхий Гостомелд юу болж байгааг бодит цаг хугацаанд нь харсан. Гостомелийн тулаан ширүүсч байх үед тэр үед Киевийн төвд нууц бункерт байсан Владимир Зеленский болон түүний ойр хүмүүс утас, зөөврийн компьютер дээрээ үүнийг харж байв. Нисэх буудалд болсон үйл явдлуудыг бараг шууд дамжуулж байна. “Ерөнхийлөгчийн уцаар туслах нарыг алмайруулсжээ. Тэд түүнийг ийм ууртай байхыг хэзээ ч харж байгаагүй. "Тэр хамгийн хатуу тушаал өгсөн" гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк дурсав. “Ямар ч өршөөл байхгүй, Оросын бүх юмыг устгахын тулд боломжтой бүх зэвсгээ ашигла" гэж Ерөнхийлөгч хашгичсан гэж Шустер номондоо бичсэн байдаг.

Гэсэн хэдий ч хоёр цаг хүрэхгүй тулалдааны дараа Украины нисэх буудлын хамгаалагчид тоон болон техникийн хувьд тэднээс хавьүй илүү дайсантай байлдахад бэлэн биш байсан тул сум нь дуусчээ. Энэ нөхцөлд командлагч нисэх онгоцны буудлыг орхихоор шийдэв. Үндэсний гвардаас хугацаат цэргийн алба хаагчдыг буц гэж тушаажээ. Хэдэн цагийн дараа тэд бас явлаа.

Гостомелийн зарим хамгаалагчид нисэх буудалд үлджээ, зарим нь тушаалыг сонсоогүй, зарим нь бөмбөгнөөс хоргодох байранд байж. Үүний дараа Гостомелд бүх зүйл хэсэг хугацаанд намжив.

"Бид бөмбөгөөс хамгаалах байрнаас гарахаар шийдсэн. Тэгэж энд оросуудтай анх нүүр тулсан. Тэд нисэх онгоцны буудлыг аль хэдийн эзэлж, хяналтандаа авсан байлаа” гэж хилчин Сергей ярьсан. Антоновын энгийн ажилтнууд ч гарч ирэв. “Бөмбөгнөөс хамгаалах байр руу орох, гарах хоёр гарц байсан. Бид тэдний нэгэнд очиход Гэгээн Андрейн тууз зүүсэн Оросын цэргийн хүн бидэн рүү пулемёт чиглүүлэв” гэж буудлын удирдлагын төвийн дарга Владимир Смус дурсав. Смус ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэх талаар хэлэлцээ хийж эхлэв: "Бид оросуудтай харилцахад тэд "Юунаас ч бүү ай, бид та нарыг чөлөөлөхөөр ирлээ" гэж хэлсэн. Энэ нь тэдний хувьд тарни шиг цээжилсэн үг байсан."

Хэлэлцээрийн дараа оросууд бүх энгийн иргэдийг нисэх онгоцны буудлаас гарахыг зөвшөөрөв. Мөн тэдэнтэй хамт хоёр эмэгтэй хилчинг сулласан байна. Бусад бүх цэргүүдийг бөмбөгнөөс хамгаалах байр руу буцаж орохыг тушаажээ. Энэ мөчөөс хойш арван хилчин, хэдэн арван үндэсний харуул оросуудад олзлогдсон юм. Тэдний гар утсыг хураасан тул хонгилын гадаа юу болоод байгааг огтхон ч мэдэхгүй байв. Хэдэн өдрийн турш тэднийг Оросын бэлэн хоолоор тэжээж, заримыг нь украинчуудын суманд өртсөн ямар нэг зүйлс ачих, орос цэргүүдийн цогцсыг зөөх зэрэг ажилд дайчлан, хааяа гадаа гаргаж, заримыг нь бөмбөгнөөс хоргодох байранд суулгасаар байв.

Эцэст нь бүх хоригдлуудыг газраар Беларусь руу аваачиж, тэндээсээ ОХУ-ын урьдчилан хорих төвд аваачжээ.

Киевийг хамгаалж Оросын армийг хэрхэн ухраасан тухай үргэлжлэл бий.

Б.Баабар

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.171)
    энэ бол дайны үйл явцын тухай бичиж харж байсан биш үнэн ч юм уу худлаа ч юм уу чухам яагаад оросууд довтлох болов гэдэгт л учир байгаа юм
    2024 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (172.69.252.171)
    оросууд ялах нь тодорхой!
    2024 оны 02 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
GUYUK metaverse дээр SocialPay Junior аппликэйшний эвент эхэллээ 22 цаг 43 мин Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна 23 цаг 51 мин Тицианы хулгайлагдсан зургийг дуудлага худалдаанд тавьжээ Өчигдөр 12 цаг 14 мин С.Мөнгөнзаяа: Дотуур байрын унтлагын өрөөнд камер сурилуулсан ноцтой зөрчил илэрсэн Өчигдөр 10 цаг 22 мин Бэлчээрийн ургамал нийт нутгийн 70 гаруй хувьд цухуйгаагүй байна Өчигдөр 09 цаг 47 мин УЕПГ: 14 настай хүүхдийг УИХ-ын гишүүн хүчирхийлсэн гэх хэрэг мөрдөх байгууллагад бүртгэгдээгүй Өчигдөр 09 цаг 23 мин "Булевиртид" эмийг НӨАТ болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ Өчигдөр 08 цаг 54 мин Иргэд, тээвэрчдийн анхааралд! Өчигдөр 08 цаг 36 мин Нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 18 мин “Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын ажлыг эхлүүллээ Уржигдар 09 цаг 58 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Уржигдар 09 цаг 44 мин Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан, тараасан тохиолдолд торгох, зорчих эрх хасах, хорих ялтай Уржигдар 09 цаг 33 мин Отгон чуулганаар хэлэлцэн батлагдаж магадгүй хуулийн төслүүд Уржигдар 09 цаг 23 мин Г.Анхныбаяр: Улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй, хүртээмжтэй үзүүлдэг болсон Уржигдар 09 цаг 09 мин Эргүүлээр ажиллаж байхдаа шар өвс, гэр шатаж байсныг унтраажээ Уржигдар 08 цаг 52 мин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 08 цаг 34 мин БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлж, тусгай хамгаалалтаас гаргана 2024-04-11 Их хэмжээний сум, галт зэвсэг тээвэрлэж явсан иргэнийг саатуулжээ 2024-04-11 Х.Болорчулуун: Тойргийн гишүүд жагсаалтын гишүүдээс илүү хугацаагаар үг хэлэх ёстой 2024-04-11 Хувьцааны ногдол ашгаа аваагүй иргэд брокерын компанидаа хандахыг зөвлөлөө 2024-04-11
iИх уншсан
"Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" буюу Хотын дар... “Сүнстэй байшин”-гийн хэрэг-1 Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан, тар... Б.Наранбат: СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бол Монголбанкны хар жа... З.Энхболд: Таван толгойн ногдол ашиг ба есөн жилийн ой Л.Оюун-Эрдэнэ: "МАНАН"-тай тэмцээд МАНГАС болов Зөвлөлтийн КГБ (​Оросын ФСБ) гадагш хийх суртал нэвтрүүлэг М.Чимэддорж: Бүрэн эрх нь дуусч байгаа УИХ засаглалаар оролд... “СССР 100” явж явж гаатай бохь, жинсэнд сөхрөөд уначихсан С.Наранцогт: Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсанаар с... Төсөв дээр гар татсаны хариу гал сөнөөгчдийн алтан амиар төл... Өсвөр насны охид бүлэглэн нэгийгээ зоджээ Ц.Элбэгдорж: Миний нэр бол чиний Bible... Бурханч лам Г.Пүрэвбат таалал төгсчээ Дэлхийн хамгийн өндөр настай иргэн өөд болжээ Д.Ганбат: Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан Г.Батхүү... Увс, Завхан, Архангайн нутгаар цасан шуурга шуурч, байгалийн... “Миний дэлгүүр"-ийн агуулахад гарсан галыг унтраахаар ажилла... ЦЕГ: 8-ны өдөр хичээлдээ явахаар гараад сураггүй болсон 13 н... Сайд асан Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, А.Ариунзаяа, сайд Ч.Хү...
Top