x

Д.Урианхай: Зорилгогүй амьдралын цаг хугацаа бол хамгийн эмгэнэлтэй үхлийн үргэлжилсэн цаг хугацаа байх болно

Азийн тэргүүн найрагч "Бодь сэтгэл, эв хамт ёс" ганцаарчилсан хөдөлгөөний тэргүүн, зохиолч, найрагч Дамдинсүрэнгийн Урианхайтай философийн ярилцлага өрнүүллээ.

-Дэлхийг тохинуулж, даяарыг залуурдаж байсан монголчууд бид өдгөө бусдын, харийн бодлогын хавханд, эрх мэдэлд нь атгуулаастай, оршихуйн хүсэл хяслын хявцаатай ангалд дутуугийн, зүдүүгийн зовлонд нэрвэгдэж явна л даа. Өнөөгийн техник технологийн хөгжлийг би л лав хүний оршихуйн жинхэнэ хөгжил гэж үзэхгүй. Чухамдаа байгаллаг, урсгал ахуй гэгдэх мал аж ахуйтны амьдралын хэмнэлээр бид оршин буй нь нэг бодлын “хөгжлийн” хоцрогдол ч нөгөө талаар ирээдүйд цойлон гарах давуу тал ч болж мэднэ гэж санах юм?

-Өнөөдөр хүн төрөлхтөнд хэрэгтэй юм гэвэл, хөгжлөөсөө илүү аврал хэрэгтэй цаг, түүх тулсан байх аа! Орчлонгийн “Оршихуй”-н зүй тогтолд урагшлах үйл явцтайгаа зэрэгцээ “эгэх” үйл явц нэгдэж орчилддог нь шинжлэх ухааны судалгаанд ер баригдаагүй, танин мэдэгдээгүй юм шиг санагдаад байна. Одоо хүн төрөлхтний хөгжилд байгаль руугаа эргэх, бурхан руу эргэх, ардчилал руу бус амьдралын хариуцлага руу эргэх сэтгэлгээнд л тулгуурлах ганц зөв зам үлдсэн. Монголчуудын амьдралын уламжлалт ухаант арга-амьтан бүгдийн амьдралын иш үндэс болсон агаар огторгуй, газар ус, эх байгальтайгаа шүтэн барилдаж, зүй тогтолд нь харшлах бусармаг үйлд гар сарвайхгүйгээр зохицож, айж, хайрлаж, харилцан тустай нэгдэн амьдрах сэтгэлээр түүхэн цаг хугацаагаа туулсан гайхамшигт туршлага хүн төрөлхтний хамгийн ухаалаг зөв амьдралын хэв загвар байсан нь ойрын ирээдүйд ойлгогдоно.

-Хүн гүрний хаан Модун Шаньюй “Газар бол улсын үндэс” гэж тунхагласан. Европ дахинаа улс төр, чөлөөт эдийн засгийн суурь бүхий төрийн маркетингийн хичээл заасан Хүннүгийн Аттила хаан, Их эзэн Чингис хааны мөнх тэнгэрийн үзэл зэрэг нь өнөөгийн бидний төдийгүй барууны гүрнүүдийн анхаарлыг өгүүлшгүй ихээр соронзон мэт татаж урьд байгаагүйгээр судлах болов. Чухамдаа оршин тогтнохуйн лут философийн системтэй байжээ гэж боддог. Эндээс бид ирээдүйгээ бүтээх жигүүрээ олж болох бус уу?

-Чи бол түүхийн мэргэжилтэн, жүжгийн зохиолч хүн. Мэргэжлээрээ бол миний багш! Энэ тал дээр бид хоёрын багш шавийн байр солигддог. Миний түүхийн мэдлэг даанч харамсалтай нь нимгэн, шувууны өндөгний зуламнаас ч нимгэн байх! Модун Шаньюйгийн намтраас “Газар бол улсын үндэс!” гэж хэлсэн үгийг нь л мэдэхээс өөр мэдэх юм байхгүй! Харин тэр үгнийх нь цаадахыг их боддог. Энэ дөрвөн үгэнд “Газар нутаг бүхэл бүтэн байваас улс орон тусгаар тогтнохын үндэс!” гэсэн утга санаа гүн агуулагдаж байгаа болохоос өнөөдрийнх шиг “лиценз” гэдэг тамгатай бичгээр хэсэглэн хувааж хувьд ашиглуулж буй өртөө өртөө газрыг ч юм уу, эсвэл хүн хүнд, өрх өрхөд “өмч” нэрээр тасар татаж өгсөн алаг цоог, адсага ширдэг шиг газрыг хэлж буй утга санаа бус юм. “Улсын үндэс”-газар нутгийг хүмүүст хуваан өмчлүүлж яавч болохгүй! “Газрыг хувьд өмчлүүлэх нь зөв, энэ хувьчлах арга бол хөгжлийн үндэс гэж үзсэн сэтгэлгээ бол хүн төрөлхтний сэтгэлгээний хамгийн том алдаа, анхдагч алдаа, хүн төрөлхтний амьдралыг хамгийн их эмгэнэл, гай гамшигт хүргэсэн аюултай алдаа байсан. Дэлхийн түүхийн ихэнх дайн байлдаанууд, үндсэндээ, хүний өөрсдийнх нь бүтээл бус газрыг өмчлөх, эрдэс баялгийг нь ашиглан баяжих сэтгэлгээнээс үүссэн гамшиг хөнөөл юм. Газрыг хүн төрөлхтөн хувь хувьдаа өмчлөх өөрсдийн дур, шуналаар эзэмшин ухваргүй ашигласнаар газар өнөөдөр анхны бүтэц бүрдэлээ ч, газар чанараа ч алдан газар биш болсон. Бурханы бүтээл газар устсан, үржил шимээ бараад ихэнхдээ органик бус хиймэл биет болсон. Газар дэлхий өнөөдөр хүн төрөлхтөнд эх дэлхий бус харин дайсан, өдөр бүр аюул, айдас төрүүлэх хөл доорхи “цөмийн бөмбөг” болж хувирсан. Энэ эмгэнэлт үйл явцын бодит шалтгаан нь газрыг хувьчлах, өмчлөх тэнэг сэтгэлгээ л юм. Өнөө ч, хойшид ч хүн төрөлхтний зөв амьдралын философи бол, юуны өмнө, газар дэлхийгээ бүрэлгэх “хөгжил”-өөс татгалзах, эсрэгээр, аргадах, ариглан хайрлах, хамтдаа өнө удаан оршин тогтнох сэтгэлгээний систем байх ёстой.

-Өрнө, дорнын философичид орчлонгийн язгуур бол матери, эсвэл оюун санаа хэмээн маргалдсаар ирсэн. Дэлхийн том сэтгэгчид (Буддагаас Хегель хүртэлх) “Хоосон чанар”, “Бурхан”, “Монада”, “Субстанц” гэх мэтээр оноосон хэдий ч Та “юм”, “юм бус”-ын нэгдэл буюу “үр эх” гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, та өөрийгөө үр-эхийн үзэлтэн гэж тунхагласан билээ. Үүнийг тань энгийнээр юу гэж ойлговол дөхөм болох вэ?

-Орчлонг би дан бүтэцтэй биш гэж боддог. Нүдэнд харагдах, гарт баригдах дүр дүрстэй орчлон ертөнцтэй маань нэгдмэл хэрнээ хахь өөр дүр дүрстэй, төлөв байдалтай, хахь өөр шинж чанар, хууль зүйтэй орчлон ертөнц давхар зэрэгцэн, хосолмол бүтэц үүсгэн оршдог юм байна! гэж элдэв уншсан юмнаасаа боддог болсон. Өөрөөр хэлбэл, орчлон ертөнц дан материйн бодит үүдэлтэй ч бус, хоосон чанарын үүдэлтэй ч бус, дан хийсвэр, оюун санааны үүдэлтэй ч бус, нэг нь нөгөөгөө үүсгэдэг үйлчлэлтэй “хам чанар”-аар нөхцөлддөг хосолмол бүтэц бүхий үүтгэлтэй гэж бясалган сэтгээд тэр үүтгэлийг “Үр-эх” гэж нэрлэсэн.

“Үр юм” хийгээд “юм бус” нь “Эх юм”-аа хийгээд “юм бус”-аа үүтгэнэ. Эргээд урвуу үйл явцад шилжиж орчино. Энэ орчил бол орчлон ертөнц оршин тогтнох, хувьсах, хөгжих үйл явцын диалектик зүй тогтол гэж бодсон. Уг зүй тогтлын нөхцөл шалтгаан нь аливааг хувьсгагч, хөгжүүлэгч бодитой бөгөөд хийсвэр хүч байх ёстой. Тэр хүч бол ямар нэг эх чанар байна, тэр эх чанар нь “хоосон чанар” бус “Үр-чанар” байна! гэх мэтээр бодол үргэлжилсэн хэрэг. “Үр-чанар” бүх чанарыг үүтгэнэ. Үр-чанар өөрөө хөдөлгөөн! Үр-чанар матери ч үүтгэнэ, материас ангид, зэрэгцээгээр “Үр-эх төлөвт “матери биш”-ийг ч үүдээнэ. Үр-чанар өөрөө хувьсал, өөрчлөлтийн эх сурвалж хөдөлгөөнтэй нэгдмэл гэж үзсэн. Алив юмс хийгээд “юмс биш”-ийн оршихуй бол “Байгаа”-“Байхгүй”, “Бодитой”-“Хийсвэр”, “Эерэг”-“Сөрөг”-ийн нэгдэл буюу бүхэллэг орчил юм.

-Хөгжлийн гол хөдөлгөгч хүчийг зөрчил гэж Хегель өөрийнхөө диалектик сэтгэлгээгээр тодорхойлж л дээ. Таныхаар бол энэ хөдөлгөгч хүчийг заавал зөрчил, тэмцэл, тэсрэлт байх албагүй. Чухамдаа “зөрчилгүй хөгжил” байж болно. Энэ нь хүний үнэмлэхүй дээд чанар болох төгс гэгээрэл, бурхны ариун ёс суртахуунд тулгуурлана гэсэн шүү дээ. Энэ талаараа дэлгэрүүлнэ үү?

-Миний залуу насандаа боддог байсан бодол юм л даа. “Зөрчилгүй хөгжил байж болно, яагаад гэвэл, нийгмийн болоод хувь хүний хөгжил бол хүний ухамсартай, зөв үйл ажиллагааны л үр дүн болохоор хүн бүр хүнлэг ёс суртахуунтай, иргэнлэг ухамсартай, тэгээд гэгээрсэн, үйл ажиллагааны нь зорилго ариун, бурханлаг, хэн нэгэн нь хэн нэгэндээ тусч энэрэнгүй мөн чанартай шударга хөдөлмөрч байвал нийгмийн харилцаанд зөрчил үүсэхгүй юм. Нийгэм ийм нөхцөлд зөвхөн цэвэр гэгээн ёс суртахуунаар л хүрэх ганц боломжтой. Өөр зам, ид шид байхгүй. Тэгэхээр, хүний хөгжлийн бурхан нь хажуугийнх нь сайн сайхан үзэл санаатай хүн л байна! гэж үздэг байсан. Гэтэл хүний үнэн миний бодож байснаас өөр юм байна. Дэлхийн хүмүүс хэзээ ч өмч хөрөнгөний шунал, сэтгэлийн цөв, амь амиа хичээх прагматик зан чанараасаа авсанд ортлоо ангижрахгүй хадаастай үхэх мунхагийн туйлд амьдрах үйлтэй юм шиг байна аа.

Ингээд, хүний амьдрал л нийгэмд зөрчил үүсгэж, нийгмийн харилцаа хямралд ороолдож байгаа болохоор нийгэм зөрчилгүй хөгжинө гэж бодох нь утопи бодол байж! Уг нь, нийгмийн хөгжил гэдгийг бодитойгоор харвал, хүний материаллаг амьдралын өдөр тутамд өсөн нэмэгддэг хэрэгцээг тасралтгүй хангахаас л үүсдэг ахуйлаг, амьтанлаг, газардмал доод түвшний асуудал, зөрчлүүдийг зөв шийдэх үйл явц юм. Энэ нь хүний ухамсарт, оюунлаг дээд үйл ажиллагааг хөрөнгө, мөнгөний хэрэгцээ дарангуйлж буй түүхэн цаг үед боломжгүй үлдсээр байгаа харагдана.

-Алив шашин, ямар ч сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн асарт жаргал болоод зовлонгийн шалтгааны хариултыг дээд номлолоо болгодог. Энэ шалтгаанаас үүдэн Бурхан гэж яг юу вэ, хүний амьдралтай ямар харилцаатай байх вэ гэдгийн эрэлд мордсоор өдийг хүрчээ. Хүн бусадтайгаа шүтэн барилдаж амьдрах, “Би” үзлээсээ хагацах, “Сүнсний ертөнц”-ийн зүүд, ёр билгийн хам гадаргууг бор тархины гадаргуутай зэрэгцэн авч үзэх нь өнөөгийн хүний, өнөөгийн сэхээтний “үүрэг” болов уу гэж бодно. Та энэ талаар өгүүлээч?

-Хүн төрөлхтний сэтгэлгээнд оршсоор буй нэг үхжилт бол “Хүн нэг үхэхээс хоёр үхэхгүй!” гэж ойлгодог үхширмэл ойлголт юм. Үхэл гэдэг бол хүний биед “Бодисын солилцоо” явагдахаа, эд эсийн физиологи үйл ажиллагаа үргэлжлэхээ зогсч, хүн өөрийнхөө бие махбодиор л гадаад орчинтойгоо харилцаж чадахгүй болж буй үйл явц юм. Өнөөдөр дэлхий дээр 300 гаруй “Сүнс судлалын институт” ажиллаж, зарим алдартай институт нь үхэж буй хүнээс гарч буй сүнснийх нь зургийг нэн орчин үеийн компьютерээр авч, бас, хүний сүнс шилжүүлэн суулгах “мэс засал” хийж туршсанаа мэдээлж байна. Ингэхээр, хүнд сүнс, намш гэдэг ямар нэг амьд юм байдаг, хүний бие махбод үхлээ ч сүнс нь үхдэггүй, биеэс нь гараад хүний амьдралыг үргэлжлүүлдэг нь дэлхийн шинжлэх ухаанд тодорхой болж батлагдсан үнэн юм. Нөгөө нэг бүдэг бүрхэг байгаа асуудал нь Бурхан! Бурхан байдаг, үгүй нь хүн төрөлхтөнд XXI зууны өнөөг хүртэл тодорхойгүй, хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, шинжлэх ухаан ойрын жаран, зуунууддаа Бурхан байгааг ч баттай нотолж чадахгүй, байхгүй гэж үгүйсгэж ч баттай нотолж чадахгүй болов уу! гэж бодож байна. Математикийн шинжлэх ухааны хаан гэгддэг, математикийн хэрэглээний онолуудаар 80 гаруй боть ном бичсэн Карл Гаусс тооцоолоод “Бурхан байхгүй юм байна!” гэсэн гэдэг.

-Мөхөс миний хувьд Бурхан байж л таарна гэж мунхаглана?

-За тэгэхээр, оюун ухааныг нь “Хүн төрөлхтний өмч”-өөр зарласан, “Орчлон ертөнц ба Бурханы томьёог тайлах анхны тоонуудын мөн чанар, тэг ба нэгийн тоонуудын жинхэнэ үүрэг, хамаарал”-ын талаарх цоо шинэ ойлголтоор дэлхийн математикийн шинжлэх ухааныг баяжуулсан гэж үнэлэгдэж байгаа М.Сидик Афган “Миний шинжлэх ухаан гурван зүйлийг баталдаг. Эхнийх нь Бурхан байдаг гэдгийг баталлаа. Хоёр дахь нь санамсаргүй зүйл байхгүй гэдгийг, гурав дахь нь бүх амьд амьтны амьдрал зүй тогтлын дагуу явагдсаныг баталсан! гэжээ. Харин дэлхийн бүх шашин Бурханы бодитой оршин байгааг нотолж Бурханы мөн чанарыг, үйл ажиллагааны нь үнэнийг, Бурхан, Хүн хоёрын харилцааны зүй тогтлыг олон талаас нь таниулан номлодог. Хүн бол маш нийлмэл нөхцөл, харилцааны нөлөөлөл дунд амьдардаг. Макро орчлонгийн ч юм уу, дэргэдийнхээ ахуй орчныг ч, эсвэл Бурханы нууцлаг үйл ажиллагааны ч юм уу эрчим, мэдээлэл, долгионы үйлчлэлээр Хүн гэгч амьтан бид бодитой физик биеийнхээ бүтцээс гадна маш нарийн аура, астро гэрлэн, эфир биетүүдээс бүтдэг бүтэцтэй, тэр орон зайд нь хүний амьдралын өвчин, өтлөлт, үхэл мэтийн ойлгомжтой үзэгдлүүд, зүүд, зөн совин, ёр тохиолын сэрэхүй, сүнс сүлдэр мэтийн учир битүүлэг ойлгомжгүй үзэгдлүүд сүлжилддэг юм байна.

“Библ” сударт өгүүлснээр, “Бурханы бэлэг бол мөнх амь” гэдэг. Би бодохдоо, тэр “мөнх амь” бол сүнс байх гэж боддог юм. Буддагийн айлдварт ч сүнсийг мөнх, маш хөнгөхөн, цагаан, маш эерэг чанартай гэдэг. Тэгээд би заримдаа цонхоор үүл хараад, энэ тэрийг бодож суухдаа “Сүнсний тэжээл” нь сансрын гэрэл, гэрлийн эрчим, сүнсийг мөнхөд амьдруулагч хөдөлгүүр нь хөдөлгөөн, сүнс “амьд юм” болохоор хүнтэй л адил жаргал, зовлонтой, харин жаргал, зовлонгийн нь шалтгааны үндэс нь сүнсний эзний амьддаа газар дээр хүний биеэр, хэлээр, сэтгэлээр үйлдсэн буян, нүглийн үйлийн үр гэж боддог. Зарим ном, товхимолоос уншиж байснаа санахад, сүнсний амьдралын цаг хугацаа ямар нэг хурдасгуурын үйлчлэлд ордог, тиймээс газрын физик цаг хугацаатай харьцуулахад квадрат, куб зэрэгт дэвшсэн мэт хурдалсан байдаг. Тэгэхээр сүнсний эзэн энэ ертөнцөд өнгөрүүлсэн цаг хугацаа нь хэмжээтэй харьцуулахад их сунана гэсэн үг юм. Сүнсний эзэн бие махбодиороо газар дэлхий дээр амьдрахдаа үйлдсэн буян, нүглийнхээ үйлийн үрээр эдэлсэн жаргал, зовлонгийн хугацаа тэндэх ертөнцөд квадрат, куб зэрэгт дэвшин уртасна. Сүнс тэр ертөнцөд эдлэх зовлон харьцангуй их хүнд гэдэг. Тэгээд хүн сүнснийхээ (сүнс гэдэг маань хүний “Би”-гийн насан туршийн бүх үйлдлийн мэдээллийг агуулж яваа квант чанарын бие шүү дээ) эдлэх зовлонг нимгэлэх, багасгах цор ганц нөхцөл бол газар дээр амьдрах хугацаандаа нүглийн үр тарихгүй байх нөхцөл л юм. Энэ бол хүн амьдралынхаа хугацаанд хичээх, заавал биелүүлэх ёстой нэг гол үүрэг болж ариун шударга амьдрахын чухлыг хүнд үргэлж сануулдаг хатуу жам ёс юм.

-Та “Хүн төрөлхтнийг ёс суртахуун л аварна” гэсэн. Бас бидний гунинга яваагийн нэг шалтгааныг та үндэсний ахуй, харьцаан дахь эв нэгдлийн “татах хүч”-ний усталт гэж үзсэн нь дээд үнэн гэж миний хувьд дуу алдахаар байна. Монголчууд эвлэрвээс эх дэлхийгээ гэрэлтүүлчихдэг. (эзэлчихдэг гэж хэлмээргүй байна). Хоорондоо тэрсэлдвэл хоймрын тахилаа ч нураачихдаг. Хэрвээ Чингис хааны тогтоосон “Их засаг” хууль дахь эв нэгдлийн чанд зохицуулалтыг хэлбэрэлтгүй баримталсан бол ч.. гэж боддог. Эв нэгдлийн “татах хүч”-ээ бид эдүгээгийн будантай өндөрлөгт хэрхэн хүчирхгээр бүрэлдүүлж болох вэ?

-Хүн бол байгалиас заяагдсан нөхцөлөөрөө өнчин амьтан шүү дээ. Төрөхдөө ганцаараа л төрнө, хэн ч хамт төрөхгүй, ихрүүд байлаа ч гэсэн урд, хойноо орон 5-8 минутын зайтай нэг нэгээрээ цуварч төрнө. Хүн үхэхдээ ч ганцаараа л үхнэ. Ганцаараа л нэг нүхэнд булагдаад үлдэнэ. Фашист, нацист харгислалын үе шиг бөөнөөрөө нэг тасалгаанд туугдаж ороод хорт хийгээр утуулан амьсгал хураадаг ч юм уу, эсвэл улс төрийн зохиомол хэргийн хэлмэгдүүлэлтийн үе шиг бөөнөөрөө нэг том нүхний амсар дээр буруу харан нугдайн сууж байгаад дагз руугаа буудуулж нэг нүхэнд булагдчихгүй л бол ганц ганцаараа л нэг уулын эзгүй энгэрт тусдаа тусдаа овоолоостой шороон доор бөртийгөөд л хоцорно. Хүн бол, яг чухамдаа, их өрөвдөлтэй өнчин амьтан! Тийм учраас хүний амьдралд хүн дутагддаг, хүний сэтгэл ч, бие ч хүнээр дутаж амьдардаг. Хүн, хүнээр л дутаж амьдарсаар үхдэг. Хүнээр дутахдаа юугаар нь дутаж байгаа юм гэхээр хайраар л дутаж байгаа юм. Түүнээс биш, эмэгтэй нь эрэгтэйнхээ хүчирхэг булчингаар, эрэгтэй нь эмэгтэйнхээ зөөлхөн хэвлийгээр дутаж байгаа юм биш, хайраар нь, хамт амьдрах зорилгоор нь дутаж байгаа юм. Хувь хүмүүсийг болоод үндэстнийг хооронд нь нэгтгэдэг "татах хүч" нь хүн амьдралдаа зөвхөн хүнээрээ дутдаг, хамтдаа, дэргэд дэргэдээ байж дэм дэмэндээ амьдралын төлөө тэмцэхгүй бол ганцаардаад амьдрах нөхцөлөө бүтээж чадахгүй болдог жамаас буюу эв нэгдлийн зайлшгүй хэрэгцээнээс үүсдэг.

Монголчууд бид энэ ил болоод далд учир зүйн шалтгаанд ул үндэстэй гүн нэвтэрсэн, танин мэдэж хуульчилсан үндэсний нэгдмэл философигүй натурал амьдралаар олон зуунд аж төрснөөс эв нэгдлийн "татах хүч"-ний үйлчлэлгүй оршин тогтносоор ирсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, бидний үзэл санаанд, сэтгэлд, сэтгэл зүйд маань бие биеэ энэрэн хайрлах, бие биедээ харилцан туслах, хамтдаа хөгжих "хайрын хүч"-гүй, хайраар нэгдэх "хайрын философи"-гүй, эсрэгээрээ бие биеэ хялайх, бие биедээ атаархах, өрсөлдөх, хоорондоо хагаралдан тэмцэлдэж бие биедээ дайсагнах үзэл санаанд идэгдэж байсан гэсэн үг. Улс үндэстний эв нэгдэл бол наанаа харагдахдаа ард иргэд нь цөмөөрөө тус тусдаа биеэ даасан эрх чөлөөтэй амьдралтай мэт харагдавч цаанаа цөм нэгдмэл нэг зорилготой систем! Бие биеийнхээ орших хэрэгцээг хангах нэгдмэл үйл ажиллагааны систем юм. Систем гэдэг бол доторхи бүгд нь бие биеэсээ хамаараад оршиж, нэг нь нөгөөгөөрөө дутагдаж, тэгмэгц бие биедээ тус дэмээрээ татагдаж бие биетэйгээ харилцан шүтэлцэх "татах хүч"-ийг үүсгэдэг нэгдэл бөгөөд нэг нь нөгөөгөөрөө дутагдах бүрд нь үл нөхөгдөх орон зайн хоосон үүсч, тэр хоосонд нь системийн үйл ажиллагаа, харилцаанд тасалдал, гажуудал эхэлж систем бүхэлдээ хямралд ордог.

Системд үйлчлэх ёстой нэгдлийн "татах хүч" бидэнд өнөө ч их дутагддаг. Энэ дутагдаж буй хоосон орон зай руу бид уначихаад дээшээ гарч чадахгүй тэлчигнээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрсдөө хамтдаа дээшээ хүчтэй үсэрч, өөрсдийнхөө "үсрэлтийн эрчим"-ээр нийгмээ хөгжүүлж чадахгүй, дэмий л ийшээ ч тийшээ ч гараа сарвалзуулаад ам амандаа хашхиралдаад байгаа юм. Хэн маань ч хэнийгээ ойлгодоггүй, ойлгодоггүй байгаагаа ч ойлгодоггүй, ойлгодоггүйн шалтгаанаа ч ойлгодоггүй, тиймээс алив хөгжлийн ард хоцорч үлддэгийнхээ бурууг бие биеэсээ л эрээд өөрөө сугарч үлдээд, өөрийгөө буруугийн шалтгаанд оролцуулдаггүй юм.

Б.Цогнэмэх

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
GUYUK metaverse дээр SocialPay Junior аппликэйшний эвент эхэллээ 23 цаг 53 мин Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Өчигдөр 15 цаг 15 мин Тицианы хулгайлагдсан зургийг дуудлага худалдаанд тавьжээ Өчигдөр 12 цаг 14 мин С.Мөнгөнзаяа: Дотуур байрын унтлагын өрөөнд камер сурилуулсан ноцтой зөрчил илэрсэн Өчигдөр 10 цаг 22 мин Бэлчээрийн ургамал нийт нутгийн 70 гаруй хувьд цухуйгаагүй байна Өчигдөр 09 цаг 47 мин УЕПГ: 14 настай хүүхдийг УИХ-ын гишүүн хүчирхийлсэн гэх хэрэг мөрдөх байгууллагад бүртгэгдээгүй Өчигдөр 09 цаг 23 мин "Булевиртид" эмийг НӨАТ болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ Өчигдөр 08 цаг 54 мин Иргэд, тээвэрчдийн анхааралд! Өчигдөр 08 цаг 36 мин Нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 18 мин “Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын ажлыг эхлүүллээ Уржигдар 09 цаг 58 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Уржигдар 09 цаг 44 мин Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан, тараасан тохиолдолд торгох, зорчих эрх хасах, хорих ялтай Уржигдар 09 цаг 33 мин Отгон чуулганаар хэлэлцэн батлагдаж магадгүй хуулийн төслүүд Уржигдар 09 цаг 23 мин Г.Анхныбаяр: Улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй, хүртээмжтэй үзүүлдэг болсон Уржигдар 09 цаг 09 мин Эргүүлээр ажиллаж байхдаа шар өвс, гэр шатаж байсныг унтраажээ Уржигдар 08 цаг 52 мин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 08 цаг 34 мин БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлж, тусгай хамгаалалтаас гаргана 2024-04-11 Их хэмжээний сум, галт зэвсэг тээвэрлэж явсан иргэнийг саатуулжээ 2024-04-11 Х.Болорчулуун: Тойргийн гишүүд жагсаалтын гишүүдээс илүү хугацаагаар үг хэлэх ёстой 2024-04-11 Хувьцааны ногдол ашгаа аваагүй иргэд брокерын компанидаа хандахыг зөвлөлөө 2024-04-11
iИх уншсан
"Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" буюу Хотын дар... “Сүнстэй байшин”-гийн хэрэг-1 Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан, тар... Б.Наранбат: СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бол Монголбанкны хар жа... З.Энхболд: Таван толгойн ногдол ашиг ба есөн жилийн ой Л.Оюун-Эрдэнэ: "МАНАН"-тай тэмцээд МАНГАС болов Зөвлөлтийн КГБ (​Оросын ФСБ) гадагш хийх суртал нэвтрүүлэг М.Чимэддорж: Бүрэн эрх нь дуусч байгаа УИХ засаглалаар оролд... “СССР 100” явж явж гаатай бохь, жинсэнд сөхрөөд уначихсан С.Наранцогт: Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсанаар с... Төсөв дээр гар татсаны хариу гал сөнөөгчдийн алтан амиар төл... Өсвөр насны охид бүлэглэн нэгийгээ зоджээ Ц.Элбэгдорж: Миний нэр бол чиний Bible... Бурханч лам Г.Пүрэвбат таалал төгсчээ Дэлхийн хамгийн өндөр настай иргэн өөд болжээ Д.Ганбат: Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан Г.Батхүү... Увс, Завхан, Архангайн нутгаар цасан шуурга шуурч, байгалийн... “Миний дэлгүүр"-ийн агуулахад гарсан галыг унтраахаар ажилла... ЦЕГ: 8-ны өдөр хичээлдээ явахаар гараад сураггүй болсон 13 н... Сайд асан Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, А.Ариунзаяа, сайд Ч.Хү...
Top