x

Яагаад Украин заавал ялах ёстой гэж?!

Гамшигт дайн эхлээд нэг жил болж байгаатай холбогдуулан энэ нийтлэлийг бичлээ. Хэд хэдэн сэтгүүл, сонин, вэб сайтад янз бүрийн засвар, оруулга, орчуулгатай нийтлэгджээ. Эх сурвалж болгох үүднээс өөрийн гараар Англи хэлнээс хөрвүүлэн Та бүхэнд хүргэж байна. 

2023 оны 2 дугаар сарын 28

Ардчилсан сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч байсных би эрх чөлөөний дуудлагад, түмэн олны хүчинд мөн дайралтад өртвөл хүмүүс эрхээ нэгдэж хамгаалж чадна гэдэгт хатуу итгэдэг. Миний энэ итгэл үнэмшил, дуудлага Украйны цус нэвчсэн хөрсөн дээр, урьд өмнөх арванд харагдаж үзэгдээгүйгээр туршигдаж байна. Би Мюнхений Аюулгүй байдлын хурлаас дөрөө мултлаад удаагүй ч Украйнд хүн бүр нь байлдагч болсныг дуулгая. Надад заримтай нь тэнд уулзах хувь тохиолоо. Тэд миний сэтгэлд хүрлээ. 

Ард иргэдийн дуу хоолой, зориг шийдэл бол ямар ч бууны дуутай зүйрлэшгүй хүч юм. Эрх чөлөө устгалтай нүүрлэсэн үед тохиролцох аргагүй. Украйн дахь дайн хоёрдох жил рүүгээ орж байгаа энэ мөчид олон улсын ардчилсан хүч тэдний ард улам шийдэмгий зогсох учиртай. 

Эрх чөлөө бүгдэд боломж олгодог. Харин дарангуйлал өөртөө таатай байдал, шийдлийг л санал болгодог. Тэд шударга ёсыг авч ирнэ гэж номлодог ч, хууль журмыг өөрсдийн сонголтоор хэрэглэдэг. Амьдралын шүтсэн хэв загвараа бусдад хүчээр тулгадаг. Эзэрхэгчид түмэн олны хөгжил цэцэглэлтийн төлөө гэхээс илүүтэй эрх мэдэлдээ удаан тэсч байх гэж чичирдэг. Эрт орой хэзээ нэгэн цагт эргэн тойрныхоо авлигын сүлжээнд хүлэгдэн тэдэндээ үйлчилсээр дуусдаг. 

Би Путиныг эрх чөлөөнд ээлгүй гэдгийг мэднэ. Түүнтэй олон удаа хамт сууж уулзаж явлаа. Өрсөлдөөн, өөр байдлыг хүлцдэггүй юм. Тэр эрх чөлөөт Украйнаас айж байгаа. Биеэ хэт тоосон хүний хувьд хөршөө хөгжин цэцэглэж, амжилттай буйг тэвчиж чадахгүй. Эрх чөлөөт, ардчилсан Украйн улс бол түүний дэглэмийн хувьд ноцтой аюул юм. 

Украйны эсрэг Оросын эзлэн түрэмгийлэл хоосон газраас үүдээгүй. Энэ бол эрх чөлөөний үзэл санаа, дарангуйллын нударга хоёрын урт удаан тэмцлийн оргил тайлал нь. 

Уг дайны фронт Украйн дахь байлдааны аюумшигт талбараар хэмжигдэхээ больсон. Тус шугам Ази, Африк, Латин Америк, Ойрхи Дорнодыг нэвт сүлбэн оршиж байна. Энэ тулалдаан нь хүн төрөлхтний хамгийн сайн сайхан хийгээд муу муухай зөн совин, мөн дарлагдсан болон чөлөөт ертөнцийн хооронд болж байна. Украйн ялах үед Хятад Оросыг оролцуулаад, газар бүр эрх чөлөөний хүч ялах болно.

Олон хүн асуух нь бий. Яагаад Азийн ихэнх улс орон Украйны хувьд Европынхтой харьцуулахад дундыг барьсан хандлагатай байгаа тухай. Хариулт нь энгийн. Тэд зүрхээ чагнан байдлыг ажиглаж байна. Аль тал нь тухайн өдөр, цаг мөчид дийлж байгааг мэдээний халуун урсгал бүрээс хором алгасахгүй харж суугаа. Харамсалтай нь, Ази тив мундахгүй олон өөрийгөө өргөмжилсөн удирдагчтай. Ихэнх тохиолдолд төр засаг нь хууль ёсны төлөөллийн гадуур оршдог гэхэд болно. 

Украйнчууд бол зөвхөн өөрийнхөө орны төлөө биш бид бүхний эрх чөлөөтэй байх эрхийн төлөө, мөнхүү зарчмыг өмгөөлөн тулалдаж байгаа юм. Тэдний тэмцэл нийтлэг. Тиймээс ч бидний дэмжлэг нийтлэг, ямар ч хариу нэхээгүй байх учиртай. Украйны ялалт нь манай дэлхийн эрх чөлөөг хайрлагч хүн бүрд урам зориг өгнө. Дарангуйлагчид газар сайгүй хүнд цохилтод өртөж үүрэндээ эргэлдэнэ. Хэрэв Орос ялах юм бол, тэд улам улангасч давалгайлан дайрах болно. 

Кремлийн суртал ухуулгын машин, нөгөө тал оросуудыг газрын хөрснөөс арчих гэж байна гэж буруутган уур хилэн нь багтахгүй уугиж байна. Миний мэдэж байгаагаар, Оросуудыг хэн ч устгах гээгүй. Кремлээс илүүтэй Орос улсыг хорлож байгаа өөр хүч гэж үгүй. Кремлээс давж Оросын баялаг, боломжийг булаах нэгэн бас үгүй. Оросын зэвсэгт хүчнийг Кремлээс илүү хэн ч ингэж зэрэмдэглэж чадахгүй. Кремлээс өөр хэн ч Украйны эсрэг бүрэн хэмжээний дайн эхлүүлээгүй. Ганцхан Кремль өөрөө чөлөөт ертөнцийг өөрийнхөө эсрэг хатуу арга хэмжээ авах руу түлхсэн. Төгсгөлд нь, Кремлийн гарцаагүй уналтыг дуудаад байгаа нь өөр хэн ч биш зөвхөн Кремль өөрөө билээ. 

Энэ дайны хор хөнөөлд хэмжээ хязгаар гэж алга. Нийгмийн ядарч туйлдсан хэсэгт хэрээс хэтэрсэн гашуудал зовлон, гэмтэл сүйтгэл авч ирэхээсээ ч санаа зовохоо байлаа. Ямар ч гэм зэмгүй хүүхэд, хөгшид, тэдний гэр оронд. Энэ харалган үйлдэл зөвхөн дайны хөлд сэглэгдсэн газар нутагт ч болоод байгаа юм биш. Үүндээ Орос орон өөрөө өртөж байна. 

Путины “хэсэгчилсэн” гэх албадан дайчилгаа нь Оросын хүн амын нэн эмзэг давхарга руу онилж айдас хүйдэс, үхэл хагацалд умбуулж фронтын галын шугам руу үндэсний цөөнхийг хавьгүй давуу тоогоор чулуудсаар байна. Буриад, Халимаг, Тува, гээд бусад гадуурхагдсан бүлгийг бууны таташ болгон хаяж байна. Зах хязгаар зарим газарт цэргийн насны залуус дуусаж байгаа сурагтай. Кремль тухайн бүс нутагт “тусгай ажиллагаа” нэрийн дор үндэсний цэвэрлэгээг сонгодог утгаар нь үйлдэж байна. 

Путины урт удаан сүүдэр дор Орос орны хөгжил дэвшил, улс төрийн амьдрал үе дамжин голдоо ортол царцсан. Гэхдээ энэ хөлдүүс дунд мэдэгдэхүйц зарим нэг хагарал завсар үүсчээ. Украйнд болж байгаа дайн нь нэг хүний зөрчил тэмцэл төдий биш юм. Түүний бараан сүүдэр туссан газар бүр гай зовлон, түгшүүрт автаж байна. Хайртай нэгнээ цаг бусаар алдаж булшны нүх самардах гэр бүлийг харсан хэн хүний зүрх эмтрэм. 

Өөрөөр сэтгэдэг, эрэлхэг онцгой өнгүүд Орост ихэнх нь чимээгүй боллоо. Аль ч улс орны хувьд эрх чөлөөт сэтгэлгээ, өрсөлдөөнт байдал нь бүтээлч хөгжлийн үндэс суурь болж илүү сайн шийдэл гаргалгаанд хөтөлдөг. Харин гачлантай нь Оросын хувьд тийм хүмүүсээ голчлон гадагш алдлаа. Орост үлдсэн цөөн зоригтнууд нь авлига хүнд суртал, улсыг нь доош нь чангаах дайны эсрэг тэмцсээр шорон, тарчлаан дунд зовсоор байна. Энэ бүхнээс үзэхэд, дэлхий дахин ч Оросын ард түмний эсрэг биш харин Кремлийн хулгай дээрэм, харгис үйлдэлтэй л эвлэрч чадахгүй байгаа юм. 

Тархи угаалт, эрүүгийн элемэнтүүдийн ач тусаар Кремлийн өнөөгийн дэглэм оршин тогтносоор байгаа нь ихэнхийн хувьд гайхах зүйл биш. Шоронгийн хоригдлуудыг ашиглахдаа ч тэд наад захын шалгуур тавихаа байлаа. Украйнчуудын эсрэг тусам, зэрлэг балмад байх тусам тэднийг улам таалалтай хэрэглэж байна. Шоронд удаан хугацаагаар хоригдохоос зугтсан л этгээдүүд. Хайртай нэгнээ гомдоож, тэдэндээ хаягдсан нь олонхи. Эдний зорилго бол алах. Манай гаригийн шударга ёсны дуу хоолой болсон хэсэг Украйнчуудын эсрэг хийж буй бузар яргаллынх нь төлөө тэдэнтэй хариуцлага тооцохыг улам чанга шаардах боллоо. 

Азийн орнууд, тэдний дотор Украйны дайны асуудлаарх Монгол улсын байр сууринд зарим ажиглагчид сэтгэл дундуур байна. Орос Хятад хоёрын завсар хавчигдсан өөрийн орны газар зүйгээс шалтгаалан Монголын төр засаг тэнцвэртэй харагдах гэж оролдсоор. Гэхдээ бүрэн эрхт, тусгаар тогтносон Украйны эсрэг хийж байгаа бусармаг булаан эзлэлтийг Монголчууд зориг төгөлдөр эсэргүүцсээр ирлээ. 

Үүнтэй холбоотойгоор би таны анхаарлыг түүхийн шаргал хуудас руу хандуулъя. Зөвлөлт Холбоот улсын эсрэг Адольф Гитлер дайрахад монголчууд тэр фашист булаан эзлэгчийн эсрэг нэгдсэн. Тэд Зөвлөлтийн хүмүүстэй эв санаа нэгтэй гэдгээ илэрхийлж чадах бүхнээрээ тусалсан юм. Малчин айл өрх хоттой малынхаа талаас илүүг Зөвлөлт Улс руу явуулж байв. Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн фронтын шугамд байсан дөрвөн морь тутмын нэг нь Монголоос хүрсэн. 

Тухайн дайны сүүлийн өдрүүдэд ялалтын баяраа тэмдэглэх холбоотны цэргүүдийн хажууд, дайнд сүйрсэн Берлины нурангин дунд ядарч эцсэн ч цоглог чийрэг Монгол адуу зогсож байсан юм. Хүнд буу, техник хэрэгслийг шавар шавхай, замгүй газар, заримдаа мина булсан талбай дундуур түрүүлж чирж гаргах, хөдөлгөж явах ачааны хүндийг дайны морьд үүрч гүйцэтгэж байсан гэдэг. Тэр хүнд хэцүү цагт Монгол морьд уналга ачлагын цорын ганц боломжит хэрэгсэл байсан төдийгүй, хоол хүнсний эх үүсвэр ч болж байв. Зөвлөлтийн талд Монголын малчдаас нийлүүлсэн адууны тоо л гэхэд хагас саяд хүрсэн. 

Мөн, 1941 оны төгсгөлөөр, Москвагийн захад Германы хүчний эсрэг Зөвлөлтүүд сөрөг давшилтаа эхлүүлсэн. Хүйтэн ширүүнээрээ онцгой алдартай өвлийн тэр саруудад давшилтад орсон улаан армийн ихэнх цэрэг офицерууд Монгол малын арьс шир, үс ноосоор хийсэн дулаан дүрэмт хувцас өмсөж жигдэрсэн байв. Монгол улсаас үзүүлсэн санхүүгийн тусламжийг ашиглан зөвлөлтийнхөн бүхэл бүтэн танкийн цуваа болон байлдааны дайрагч онгоцууд үйлдвэрлэж байв. Монгол улсын төр засаг өөрийн хатуу валютын болон алтны нөөцөө дайны дөрвөн жилд, жил дараалан Зөвлөлт холбоот улсад хандивласан юм. Монголоос өгсөн бог малын болон бусад махан бүтээгдэхүүн Лэнд-Лийзийн хуулиар ирж байснаас ч зарим тоо чанараар давж байв. 

Нацист Герман Зөвлөлт Холбоот улсад халдан довтлоход Монголчууд хойд хөршөө байгаа бүхнээрээ дэмжиж хамт зогссон. Путины Орос Украйн руу дайрахад Монголын ард түмэн анхны өдрөөс нь харгис түрэмгийллийг эрс эсэргүүцсэн. Би энд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр: Барууныхан туслах бол Монголчууд шиг тусал, мөн хийх бол Монголчууд шиг хий. Украйнчуудын бүрэн эрхээ хамгаалахын төлөөх тэмцэлд ардчилсан ертөнц юугаа ч харамлахгүй, эв санааны нэгдлээ харуулж туслах ёстой. 

Барууны шийдвэр гаргагчид Оросын түрэмгийллийн эсрэг Украйнд туслахдаа үргэлж нэг алхамаар хожимдож байгаа нь гайхаш төрүүлэм. Украйны Ерөнхийлөгч Володымир Зеленски дайн эхэлсэн өдрөөс л зугтах онгоц биш илүү зэвсэг хэрэгтэй байна гэж гуйсаар. Дайнд сэглэгдсэн Украйн орон одоо ч алсын тусгалтай пуужин, сөнөөгч онгоц хүссээр л байна. 

Бид бүхний эрх чөлөөний төлөө украйчууд хамгийн эрхэм дээд үнийг төлсөөр. Тэд зөвхөн өөрийн улс орныхоо бүрэн бүтэн байдал, ардчиллын төдийгүй эвдэрч буснисан дэлхийн дэг журмын төлөө бүлээн цусаа урсгаж, алтан амиа өгч үнэтэй бүхнээ зориулан зовж зүдэрч, тэмцэж тулалдсаар байна. 

Хүлээх цаг хугацаа барууны удирдагчдад байж болох юм. Харин шархадсан Украйнд бол хүлээх цаг хугацаа байхгүй. Украйны газар нутгийг, хот тосгодыг таслан булаагчид хүлээхгүй байна. Алуурчид, тонуулчид, хүчирхийлэгчид энэ өдрүүдэд хүлээж зогсохгүй байна. Путин хүлээхгүй байна. 

Ийм хэмжээний аюул харгислал, эвдрэл сүйтгэлтэй учирч буй улс орныг хүлээж бай гэж хэн ч хэлэх эрхгүй. Сүйрэл дагуулсан Оросын дайралтыг зогсоох, няцаах, дарахын тулд Украйнд ЖИГҮҮР, бас пуужин хэрэгтэй байгаа юм. Путин бол үхлийн нөөцөө шавхаж байж л дайралтаа зогсооно. Энх тайванд хүрэх зам бол зөвхөн Украйны ялалтаар л ирнэ. Хүн төрөлхтөн халуун ам бүлээрээ ингэж л цаг хугацааны болон нэр төрийн шалгуурыг давах болно. 

Путины өнөөгийн Украйнд хийж байгааг хэн ч ирэх өдрүүд, он цагт давтах гэж оролдох ёсгүй. Дүгнэж хэлбэл, Украйны ялалт дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд эргэлзэх зүйл биш юм. Дайн үеэ өнгөрөөсөн болох нь ингэж л нотлогдоно. 

Ялалт бол зөвхөн Оросын булаан эзлэгчдийг үлдэн хөөснөөр, Украйны эзлэгдсэн газар нутгийг бүрэн чөлөөлснөөр ч зогсох учиргүй. Украйн улсыг Путины дайнаас эргэж сэргээтэл, тэмцэл тулааны нурангиас босож иртэл үргэлжлэх ёстой. Хэрэв Украйн ингэж чадахгүйд хүрвэл эрх чөлөө, чөлөөт ертөнц дарангуйлагчдын зүгээс үргэлжлэн ирэх дайралт, доромжлолд өртсөөр байх болно. Чөлөөт ертөнцөд ялагдах эрх байхгүй. 

Heroyam Slava. 

Цахиагийн ЭЛБЭГДОРЖ нь одоогоор Стэнфордын Их сургуульд Бернард, Сюзан Лиутауд зочноор ажиллаж байна. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан бөгөөд Нелсон Манделагийн үүсгэсэн дэлхийн удирдагчдын The Elders сангийн гишүүн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11 Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2026-09-11 Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2026-09-11 BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2026-09-11 Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 2026-09-11 Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 2026-09-11 Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 2026-09-11 Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 2026-09-11 Орон сууцны үнэ өсжээ 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top