x

“Хайрласан шиг хайрлая. Хайрласан шүү ухаантай юм бол...”

Фельетон

Хайрласан шиг хайрлая!

(Хайрласан шүү ухаантай юм бол)

Хайр ойлгодоггүй хачин хүмүүс олширч байна аа. Нутаг орноо уул, уурхайгаас, бас геологийн хайгуулаас хамгаалсан улсыг “Хаяад нүүсэн нутгаа хайрлах хөдөлгөөнийхэн. Орхиод явсан нутгаа одоо л нэг их санадаг болж байгаа гарууд байна” гэлцэн хэл амаа билүүдэж байна гэнэ. Бүүр больчихоод “Салсан авгайгаа хүнтэй суулгадаггүй гаж донтон аятай” гэж хүртэл хэлж байна. 

-Хүйн холбоотой нутаг, хүүхэн хоёр тусдаа гэж тайлбарлаад ч нэмэр алга. Урдаас харин “Хүйн холбооноос илүү хүйсний холбоон дээр амьдрал үргэлжилдэг” гэсэн байвал яах вэ?

Тэгэхээр цөмөөрөө хайраа батлах хэрэг гарлаа. 

-Чамайг сайхан амьдруулан, тухтай жаргаангаа эдлэгдэх гэж нэг нутаг, хажуугаар нь зөвхөн чамд хайрлуулан орших гэж бас нэг нутаг заясан юм биз дээ? Юун хоёр нутагтан мэлхий зэлхий, айн гэлцэж байгаа улсад биеэрээ хариу өгөх хэрэг гарч байна. 

Тэдний дундах “Танай нутаг ариунаараа үлдээд манай нутаг ашиглагдах ёстой юм уу” энэ тэр гээд байгаа улсын амыг таглахгүй бол горьгүй боллоо.

Загалмайтны ёсонд “Усан баталгаа” гэж байдаг шиг цөмөөрөө эх нутагтаа хайртай гэдгээ “биеийн баталгаа” гаргаж үзүүлцгээе! Хаанаас эхлэх вэ? Ингэе!

За, юун түрүүн гэрийнхээ тог цахилгааныг салгацгаая, цөмөөрөө. Яагаад гэж үү? Танайхыг хангаж байгаа тогийг гаргадаг ДЦС чинь Багануурын нүүрсээр ажиллаж байгаа. Д.Нацагдоржийн төрсөн нутгийг ухаж авсан нүүрс. Бод доо, “Миний нутаг”-ыг бичдэг Дашдоржийн Нацагдорж. Эх орондоо хайртай, их зохиолчдоо хайртай хүний зүрх сэтгэл үүнийг тэвчинэ гэж үү? 

Ядахнаа, Гүн галуутайн лус савдаг нь биднийг хараад баярлаг, хөөрхий ! Танай сум савдагтай, Их Нацагдоржийн тоонот болохоор лусгүй байна гэж байхгүй биз дээ, айн?

Зүрх сэтгэлийн дуудлагаар тогоо тасласны дараа даарч байна уу? Ойрдоо ч хүйтэрч байна аа. Хаанахын ямар эзэн савдаг уурлаад байгааг бүү мэд. Багануурын нүүрсээр тог гаргасных ч юм бил үү? Юм учиртай, тээ?

Гал түлмээр болсон уу? Энэ бас болохгүй. Зүрх сэтгэл чинь Их Нацагдоржийн төрсөн нутгийн нүүрс түлэх гэж байгаа юм биш биз дээ, гэж ам асууна, тэр болохгүй ээ. 

-Шивээ-Овоогийн нүүрс юм чинь гэнэ үү?

-Тэр бүүр ч болохгүй ээ, хэн минь ! Наадах чинь Ноён хутагт Равжаагийн аравнайтай нутгийг ухаж гаргасан нүүрс, базарваань. “Үлэмжийн чанар”-ын ая хоолойд эргэлдэж, сэтгэл хөглөж байхад Шивээ овоогийн нүүрс түлж хийсэн хоол хоолой давна гэж байх уу? Нүгэл !

Мод түлэхгүй гэдэгт чинь 100 хувь найдаж байна. Төрмөл, таримал байгальчин, нутагчин анд гуай минь. Чингис хааны нутаг, Хан Хэнтийн нурууны модыг хөрөөдөөд ирэхээр нь түлж, хамсаатан нь болох хүйтэн сэтгэл нийслэлийн иргэн чамд байхгүй байж таарна. Тэмүүжин хүү ард нь нуугдаад амиа аварч байсан тэр мод танай зууханд шаржигнан шатахыг тэвчлээ гэж үү? (Нөгөө "Оросууд дайныг хүслээ гэж үү" гэдэг шиг цохилттой сонсогдож байгаа биз. Даан ч Оросууд нь дайныг л хүсэх юм даа)

Ер нь бол ус голоо хамгаалдаг “төрмөл ба таримал” эх оронч нар мод түлдэггүй гэдэгт итгэж байна. Байгаль дээрх гол мөрний усыг уулан дээр тогтоож, урсгалд орууулдаг юмс нь мод шүү дээ. 

-Маргаашаас хүүхдээ, ач нараа хичээлд нь явуулахгүй юм байгаа биз дээ? 

Ямар хамаатай юм бэ гэж үү? Хамаатайн цаагуур хамаатай. Багш нарын цалингийн 30-аас багагүй хувийг Оюутолгой гаргаж байгаа, улсын төсвийн ийм хувийг бүрдүүлж байгаагийн хувьд. Ноён хутагтын байгуулсан Хамарын хийдийн хажуухнаас ухаж олборлосон хүдрийн ашгаар цалинждаг хүнээр хүүхэддээ хичээл заалгана гэдэг чинь, юу гэсэн үг вэ. Тэр ариун дагшин газрыг хамжиж ухаж, олборыг хувааж идэж, хуйвалдан завшилцснаас юуны ялгаа вэ?Сэтгэл цэвэр, нэр ариун үлдмээр байвал хүүхдүүдээ сургуулиас гарга, юүхэв?

Хэлэхэд хэцүү юм даа, эмнэлэгт очих гэж байгаа бол бодоорой. Тэдний цалингийн, эмнэлгийнх нь санхүүжилтийн бараг дөчөөд хувь нь уул уурхай, тодруулбал Оюутолгойн төлсөн татвар юм шүү. Нэгэнт л төрмөл таримал хамаагүй эх оронч болохыг болов, төгсөрсөн эх оронч болох хэрэгтэй ш дээ.

-Манай нутаг биш юм чинь, яадгийн гэж үү? Өмнийн говь ч эзэгнэх лустай, эвийлэх хүмүүстэй л орон дэлхий шүү дээ. Тэд тэнэгтээ нутгаа ухуулж, улсаа тэжээгээд, бид ухаантайдаа өөр өөрсдийн нутгаа гар хүргэхгүй хадгалаад явбал гэж үү? Тэрэндээ тулбал Өмнөговийнхон л хүүхдээ сургаж, эмнэлгийн үйлчилгээ авдаг болж үлдэх байх л даа. 

Ярьдаггүй биш, ярьдаг юм билээ “Яагаад, Манай Өмнөговь нутгаа төрд ашиглуулж бүх улсаа тэжээгээд, бусад нь яагаад зүгээр хүртэх ёстой юм бэ” гэж. Тэгэхээр нь өөдөөс нь загнаад хаясан нь л даа “Барагтайхан байгаарай. Монголын нутаг бол аль аймагт байхаасаа үл хамаараад бүхий л Монгол хүний нутаг.Байнга төрсөн өдрөө тэмдэглэдэг Баасан эгчээс эхлээд Баян-Өлгийд суугаа Бардамбэкийг хүртэл бүх хүний нутаг юм шүү” гэж загнаад дээр нь “Та нар Монголоосоо салж Хятадыг дагах гээ юу” гэж нэмж эрээслээд хаясан.

Гэтэл, манай зарим нөхдийн үзэж байгаагаар бол “Өмнөговь бол бүх Монгол хүний нутаг, өөрийнх нь нутаг бол зөвхөн өөрийнх нь л нутаг” юм байх. Говийнхон мангар л даа, гэхдээ маниас л мангар байв гэж үү? Мангар нь мангарынхаа бодлыг таачихаад хэцүү байна.

Цаадуул чинь бүр улаан цайм хэлж байна. 

-Тэр, “Уул уурхайгүйгээр хөгжинө”, Муусайн говийнхны хажууд газраа ухдаггүй аймаг/ сум болно” гээд байгаа орон нутгийн төсвийг 40 хүртэл хувиар хасах хэрэгтэй гэнэ ээ. Аминдаа манай нутгаас олсон мөнгийг тэдэнд биш манайд л өг гэсэн санаа бололтой. Хүн ийм байхад, та бид илүү ухаантайгаа нотлохгүй бол болохгүйнэ ээ.

Ер нь цаашдаа хэлсэндээ байж, зорьсондоо харагдахын тулд махнаасаа гармаар байна. Бэлчээрээ хамгаалах тэмцэл бол эцсийн эцэст малаа амьд үлдээхийн төлөө тэмцэл. Малаа амьд байлгах гэж төр засагтайгаа алалцаж, алалцчихааад, эцэст нь тэднийгээ алаад идвэл, ёс суртахуун где ? (“Где” гэдэг үгийг ойлгохгүй бол удирдан зохион байгуулж байгаа хүнээсээ асуугаарай? Өөрөө мэдэхгүй бол багшаасаа асуугаад хэлээд өгнө) 

Амаргүй л юм, хэлэхэд. Цаашдаа бааж, шээхээ болихоос өөр гарц алга. Наад өтгөн шингэн чинь цэвэрлэх байгууламжаар дамжаад Туулын усанд юүлэгдэж байна. Таминь энэ чинь, Чингис хааны ууж байсан Хатан туул шүү дээ гээд бодчих. Тэнгэрээс хэн харж байгаа билээ, манайхаан? Тийм ээ, Чингис хааны сүнс харж байгаа. Жорлондоо орох гээд үзээрэй, чи!

Бас л хэлэхэд хэцүү сэдэв юм даа, тийм ээ. Тэтгэвэр. Мэдээж, хар залуугаасаа л тэтгэврийн санд шимтгэл тушаагаад, хөгшрөхөөрөө авдаг л даа. Гэхдээ, таны залуудаа тэтгэврийн санд төлсөн мөнгийг тэр цагийн хөгшид аваад хэрэглэчихсэн. Одоо таны авч байгаа мөнгө бол өнөөгийн залуусын төлж байгаа шимтгэл. Өнөөгийн залуусын тэтгэврийн санд төлж байгаа шимтгэл гэхээр Оюутолгойн ажилчид ороод тэр.Тэд сайн ч авдаг, их ч шимтгэл төлдөг улс. Одоо яах уу? Хэн минь!

Шууд санал болголтой биш дээ, зүгээр л сонирхуулахад: Бидний амьсгалаад гаргасан агаарын 25 хувь нь нүүрстөрөгч болоод гардаг гэнэ ээ. Дөрөв амьсгалахад 100 хувь нүүрс төрөгч. Уул шугамандаа бол, Чингис хаанаас эхлээд өвөг дээдсийн минь үлдээж өгсөн цэвэр агаар л даа... гэхдээ өөрөө мэднэ биз гээд орхие. Сайн, муу ямар ч юм хязгаартай байх ёстой учир ингээд зогсоё.

Дургүйцэлд ч, хайранд ч хэмжээ хэрэгтэй. Хайр сайхан зүйл учраас хязгаар хэрэг үгүй гээд өөрийн эхнэр дээрээ хөршийнхөө эхнэрийг нэмж хайрлаад явчихаж болдоггүй шиг.

Эцэст нь тэмдэглэхэд, “Хайрласан шиг хайрлая. Хайрласан шүү ухаантай юм бол...”

Б.Цэнддоо

28.11.2022

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 16 цаг 21 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 16 цаг 42 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 16 цаг 47 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 17 цаг 37 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 17 цаг 39 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 17 цаг 51 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 17 цаг 53 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 20 цаг 2 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 21 цаг 47 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 21 цаг 50 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 22 цаг 3 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 22 цаг 55 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав Өчигдөр 10 цаг 26 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 21 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа Өчигдөр 10 цаг 15 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ Өчигдөр 09 цаг 55 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ Өчигдөр 09 цаг 49 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 09 цаг 42 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр 09 цаг 36 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав Өчигдөр 09 цаг 28 мин
iИх уншсан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ
Top