x

С.Амарцэнгэл: “Шар хадны эмч нарын хэрэг” гэх дуулиант хэргээр хэлмэгдсэн аавыгаа 39 жилийн дараа цагаатгаж чадсандаа баяртай байна

1980-аад онд дуулиан болж байсан “Шар хадны эмч нарын хэрэг”-ийг мартаагүй хүмүүс байгаа байх. Уг хэрэгт хилсээр холбогдож, дөрвөн жилийн ял сонссон, тухайн үед Улсын ерөнхий прокурорын мөрдөн байцаах хэлтсийн дарга Р.Сүхбаатарын охин С.Амарцэнгэл аавынхаа хэргийг хэрхэн цагаатгасан болон тухайн үед юу болж байсан талаар ярьлаа. Түүний ярилцлагыг хүргэж байна.

-Та ямар хэргээр манай сонинд хандсан бэ?

-1983 оны тавдугаар сарын сүүлчээр аавд маань Өвөрхангай аймгийн Хархоринд байх хорих ангийг шалгуулахаар албан томилолт өгч явуулсан байдаг. Тэр хорих ангийг шалгаад буцаж ирдэг өдөр нь коллегийн хурлаар оруулж ажлаас нь халаад, хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шууд хорьсон гэдэг. Аавд холбогдуулсан “Шар хадны эмч нарын хэрэг” гэгч нь 1980-аад оны эхээр эхэлсэн юм байна лээ. Тухайн үед энэ хэрэгт олон хүн хэлмэгдсэн. Шар хадны эмч нартай хамт худлаа дүгнэлт гаргаж, тэр нь ял завших нөхцөл бүрдүүлж байсан гэдэг шалтгаанаар анх аавыг минь хорьсон. УЦСЕГ-ын мөрдөн байцаах газрын орлогч дарга П.Доржпалам гуайг гурав хоногийн өмнө адил хэрэг тохон хам хэргээр хорьсон байдаг. Хорьсныхоо дараа шалгаж байгаад Эрүүгийн хуулийн 136-ийн б, 137-ийн б, 63-ын агэдэг зүйл ангиар ял сонсгосон. 1984 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр шүүх хурал нь болсон. 1983 оны зургадугаар сарын 15-наас эхэлж Ганц худагт хагас жил хорьсон гэж хэргийн дүгнэлтэд бичсэн ч томилолтоор яваад ирсэн өдөр нь буюу тавдугаар сарын сүүлээр хорьсон гэж ээж минь нотолж байгаа. Зүйл анги бүрт нь ял өгч, хүндийг нь хөнгөнд нь багтаагаад дөрвөн жилийн ял өгсөн.

-Хорих ялаа хаана эдэлсэн юм бэ?

-Ганц худагийн урьдчилан хорих төвд хагас жил хоригдоод үлдсэн ялаа өөрийнхөө томилолтоор очиж шалгаж байсан Өвөрхангай аймгийн Хархорингийн хорих ангид эдэлсэн. Миний санаж байгаагаар хуулийнхныг хоригдлуудтай цуг хорьдоггүй, Архангай аймгийн Хотонд суманд нутаг заагдаж, мод бэлтгэлийн бригадад ажиллаж байсан. Сүүлд би ээжтэйгээ цуг эргэж очиход тэнд л байсан санагддаг. Ер нь бол өөрийнх нь шалгаад ирсэн хорих ангид хорьсон юм байна лээ.

-Та аавынхаа тухай яриач. Аль нутгийн, ямар мэргэжил боловсролтой хүн байсан юм бэ?

-Манай аав 1930 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн. Рэгзэнгийн Сүхбаатар гэдэг. 1940-1947 онд сумын бага сургууль, 1947-1949 онд МУИС-ийн бэлтгэл курс, 1959-1964 онд Иркутскийн Улсын их сургуулийн хуулийн ангийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1950-1952 онд Тавдугаар баазад ажилтан, 1952-1959 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт прокурор, 1964-1982 онд БНМАУ-ын прокурорын газарт Чухал хэргийг мөрдөн байцаах тасгийн дарга, Улсын прокурорын туслах бөгөөд мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, ойн медалиудаар шагнагдаж байсан юм.

-Тухайн үед ямар нотлох баримт, үндэслэлээр хорьсон юм бэ?

-Үндэслэлүүлд нь албан тушаалаа урвуулан ашиглаж хээл хахууль бэлэг сэлт авч хэрэгтнүүдэд ял завшуулсан гэх, 1980-1983 онд хураасан 1914 төгрөгний татварын мөнгийг хувьдаа ашигласан гэх. 136-гийн б, 137-ийн б-ээр 1980-аад оны эхээр шалгагдаж байсан Шар хадны эмч нараар хуурамч дүгнэлт гаргуулж, хэрэгтэн этгээдэд ял завшуулсан гэх дуулиант хэргүүдийн нэг юм. Энэ хэрэгт Улсын прокурорын мөрдөн байцаах хэлтсийн дарга Р.Сүхбаатар буюу аав минь болон УЦСЕГ-ын мөрдөн байцаах газрын орлогч дарга П.Доржпалам нарыг холбогдуулан барьж хорьсон юм. Хоригдож байх хугацаанд нь хэрэг нь салж өөр өөр зүйл ангиар ял шийтгэгдсэн юм билээ. 1983 оны зургадугаар сарын 15-ны өдөр гэж таслан шийдвэрлэх тогтоол дээр байдаг. Өвөрхангай аймгийн Хархорин дахь хорих ангийг шалгах томилолтоор яваад буцаж ирэхэд нь шууд хорьсон байгаа юм. Улсын дээд шүүх 1984 оны нэгдүгээр сард таслан шийдвэрлэх тогтоолоороо 136-ийн б-ээр мөрдөн байцаах ажилтай холбоотой ажил хийхийг таван жил хориглох, зургаан жил хорих ял, 137-ийн б-ээр 4 жил, 63-ын а-гаар хоёр жил хорих ялаар шийтгээд зүйл ангиудын оногдуулсан ял бүрээс талыг нь нэмэгдэл ялын хамт өршөөж, дөрвөн жилийн хорих ял оногдуулсан.

-Танай гэрт нэгжлэг хийж эд хөрөнгө хураасан гэсэн байх аа?

-Аавыг баригдаад явахад би хамгийн бага нь найман настай, хамгийн том ах минь 20 настай байсан. Хэдий би жаахан байсан ч тэр үед гэрт маань нэгжлэг хийж байсан хүмүүсийг тод санадаг. Хичээлээсээ ороод иртэл хамаг юм ундуй сундуй, номын сан тараагаад шидэлчихсэн энгийн хувцастай хэсэг хүмүүс хамаг юм онгичиж байсан. Тэр үед хоёр удаа нэгжлэг хийгээд, үнэтэй цайтай гэсэн бүх юмыг авдранд хийж лацдаад аваад явсан. Тэгэхэд үнэтэй хэмээн хурааж авсан эд зүйл нь нэг ширхэг булган малгай, ээжийн минь зүүж байсан алтан ээмэг, аавын минь каракуль малгай, каракуль захтай пальто, ганц мөнгөн аяга, 1 м нь 4 төгрөгийн үнэтэй 3-4 м даавуу, 4015 болон 375 төгрөгтэй хоёр хадгаламжийн дэвтэр байсан гэх. Мөн аавын минь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг хурааж авсан байдаг. Хэргийн баримтад хувьдаа завшсан гэх 1914 төгрөгийг суутгаад үлдсэн хадгаламжтай дэвтрийг эргүүлж олгов гэж бичээтэй байдаг ч бидэнд эргүүлж өгөөгүй. Явцын дунд 375 төгрөгтэй гэх нэг хадгаламжийн дэвтэр ор сураггүй алга болсон. Хохирлыг их бага гэж үзэж болохгүй юм байна. Хамгийн хэцүү хохирол сэтгэл санааны хохирол. Хэргийг хэрэгсэхгүй болсон тухай тогтоол гардаж авахдаа “Аав минь байсан бол, амьд байхдаа үнэн ялсныг үзсэн бол сэтгэлийн амар амгаланг эдлээд илүү урт наслах байсан болов уу” хэмээн бодож их өрөвдлөө. Харин 85 нас хүрсэн ээжийдээ энэ сайхан мэдээг дуулгасандаа баяртай байна.

-Ээжийнхээ тухай ярихгүй юу?

-Ээжийг минь Рэнцэнгийн Ичинхорлоо гэдэг. Математикийн багш мэргэжилтэй. Энэ хэрэгт ганцхан аав минь хэлмэгдээгүй. Ээж минь ч давхар хэлмэгдсэн. Сэтгэл санаа бүх талаараа. 8-20 настай дөрвөн хүүхдээ авч явах гэж их зүдэрсэн. Ажил хийж болохгүй, сургууль соёлд сурч болохгүй элдэв янзын нэр хочтой амьдарсан. Хожуу ч гэсэн цагаадсанд ээжийнхээ өмнөөс үнэхээр баяртай байна.

-Та бүхэн үүнд гомдолтой байсан уу?

-Тийм. Улс төрийн нэг намын тогтолцоотой үед намын бодлого шийдвэр төрийн байгууллагын шийдвэрт чухал ач холбогдолтой гэдэг нь МАХН-ын 1983 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр гаргасан 316 дугаар тогтоолоор харагдаж байгаа. Би энэ тухай уншиж, сонсож байсан. Улс төрийн товчооны гишүүн С.Жалам-Аажав, Б.Дэжид нарын хувийн зөрчил хурцдаж, сүүлдээ улс төрийн ашиг сонирхлын зөрчил болж хувирсан. НАХЯ-ны сайд болсон Б.Дэжидийг Намын төв хорооны хууль хүчний байгууллага хариуцсан дарга С.Жалам-Аажав ажлыг нь удирдаж чиглүүлдэг, мэдлэг боловсрол дутмаг, хүчний байгууллага удирдах чадваргүй гэж шүүмжилдэг байжээ. Тэгээд 1981 онд Б.Дэжид намын хянан шалгах хорооны дарга болмогцоо С.Жалан-Аажавыг унагах ажиллагаа хийж эхэлсний нэг нь 316 дугаар тогтоол. Хууль хүчний байгууллага албан тушаал авлигын жигшүүрт хэргүүд илэрч байна. (С.Жалан-Аажавын удирдаж буй байгууллагуудаас) гэсэн утга бүхий аав минь болон П.Доржпалам гуайн нэрийг цохож дурдаад, жигшүүрт гэмт хэрэг нь илэрч хуулийн зохих заалт ёсоор шийтгэгдсэн гэсэн байгаа юм. Бүх эрх мэдлийг атгасан нам аавд минь заавал ял тохох чиг үүрэг дээрээс өгч, хууль шүүхээс илүү эрх мэдэлтэйгээ харуулж байгаа нь үүгээр илэрнэ. С.Жалам-Аажав гуай ч өөрөө зургаан жил хилс хэрэгт шийтгэгдсэн. Дараа нь цагаадсан байдаг. Шүүхээс н.Лувсаншарав, прокуророос Р.Сүхбаатар, цагдан сэргийлэхээс П.Доржпалам нар 316 дугаар тогтоолд нэр цохогдсон байгаа. 1983 оны есдүгээр сарын 13-нд хэлэлцэж, есдүгээр сарын 26-ны өдөр аавыг намаас хөөсөн байдаг. Хавтаст хэрэгт ингэж бичээтэй байдаг ч аавыг хорьсныхоо дараахан намаас хөөх тухай шийдвэр гаргасан.

-Аавын тань хэрэг цагаадсан гэлээ. Хилс хэргээр ял өгсөн тухайн хүмүүст хариуцлага тооцсон болов уу?

-1990 онд прокурорын эсэргүүцэл үзүүлж, Дээд шүүхийн бүгд хурлын тогтоол гарч мөрдөн байцаалт хийгээд 136-ийн б, 137-ийн бзүйл ангиудыг хэрэгсэхгүй болгож, 63-ын азүйл ангийг хэвээр үлдээсэн. Энэ тухайд тухайн үеийн прокурорын орлогч н.Алтанхуяг, Онцгой хэлтсийн мөрдөгч н.Дэмбэрэл нар аавд минь биеэр очиж, мэдэгдэн санал сонсгосон юм байна лээ. Тухайн үеийн прокурорын удирдлагад байсан зарим нэг хүний ашиг сонирхлын зөрчлөөс болж гүйцэт хэрэгсэхгүй болгох сонирхолгүй байсан шиг санагддаг. Аав минь хоригдож байх хугацаандаа удаа дараа хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. Ганцаарчлан хоригдсоор биеийн байдал нь муудаж батлан даалтад гаргахгүй, эмчийн тусламж ч үзүүлээгүй. Эмчилгээний хоол гэх зүйлээр аргацаасаар удсан.

Сүүлд аав минь суллагдаж, хоригдож байх үедээ олсон хүнд өвчний суурь нь ужгирч явсаар агаарт байлгах шаардлагатай болж Төв аймгийн Алтанбулаг сумын ойролцоо туслах аж ахуйд байх үед зах зээлийн нийгэмд шилжсэн юм. Бид аавыгаа хотод эмчлүүлж явсаар 1993 онд уушгины хорт хавдар гэх онош тодорч, нэг удаа хагалгаанд орсон. Бие нь муудаж хотод хагалгаанд орсон боловч эмчилгээгүй болсон аав минь тэнгэрт хальсан юм. Он удаан жил уг хэргээ бодож, шаналж явсаар аавын биеийн байдал дээрдээгүй.

-Үлдсэн нэг зүйл анги нь цагаадсан уу?

-2016 онд бид дахин аавынхаа хэргийг хөөцөлдөж үлдсэн нэг зүйл ангийг цагаатгах хүсэлт гаргасан. Олон удаа буцаагдаж явсаар сайн өмгөөлөгчийн тусламжтайгаар 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн прокуророос 63-ын “а” гэх зүйл ангийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр гарлаа. Энэ хугацаанд прокурорын 2-3 удирдлага, дарга нар солигдож, одоогийн Улсын Ерөнхий прокурорын газрын дарга Б.Жаргалсайхан, прокурор М.Чинбат, хяналтын прокурор Ч.Сарантуяа зэрэг зарим нэрийг нь дурдаагүй прокурорууд анхаарч, хэргийг судлан, шийдвэр гаргасанд маш их талархаж байна. Аавын минь ажиллаж байсан байгууллага 39 жилийн өмнө гаргасан алдаа дутагдлыг одоогийн прокурорууд засаж залруулсанд үнэхээр баярлаж байна.

Өндөр настай ээж минь болон гэр бүлийнхэн маань үнэхээр баяртай байгаа. Мөн Иркутскийн их сургуулийн 100 жилийн ойд зориулсан монгол төгсөгч нарын намтар түүхээр ном бүтээх гэж аавын минь түүхийг оруулж, биднээс намтар, зураг авахаар холбогдсон тус сургуулийн төгсөгч УЕП-ын орлогч, Тагнуулын ерөнхий газрын дарга асан хуульч Ж.Энхнасан ахдаа наа илэрхийлье. Өмгөөллийн хөлс авахгүйгээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, 5-6 жил бидэнтэй хамтран ажиллаж аавын минь нэр төрийг сэргээж, хууль ёсыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн ур чадвараа гарган ажилласанд хүндлэн биширч байна. 39 жилийн дараа “Шар хадны эмч нарын хэрэг” гэх дуулиант хэргээр хэлмэгдсэн аавыгаа цагаатгаж чадсандаа баяртай байна. Аавд минь хилсээр тохсон хэрэг нь хэрэгсэхгүй болсон болохоор аавыхаа нэр төрийг сэргээж, хэвлэлээр дамжуулж олон түмэнд мэдээлэх, хуулийн байгууллагын зарим хүмүүст талархаж буйгаа танай сониноор дамжуулан илэрхийлье.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 17 цаг 9 мин 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 17 цаг 13 мин Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 17 цаг 22 мин Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 17 цаг 26 мин Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 17 цаг 42 мин Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 17 цаг 49 мин Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 18 цаг 4 мин Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 21 цаг 5 мин iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 21 цаг 11 мин Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 21 цаг 16 мин Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 21 цаг 23 мин М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 22 цаг 36 мин "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 22 цаг 58 мин Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 23 цаг 8 мин Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 23 цаг 13 мин МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 23 цаг 24 мин Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  23 цаг 34 мин Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв Өчигдөр 08 цаг 55 мин Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно Өчигдөр 08 цаг 36 мин М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна Өчигдөр 08 цаг 28 мин
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Хэлгүй бол төргүй 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг... SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгө... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, О... Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ б... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл...
Top