x

Хаан одох цагт…

Шинэ, 2022 оны эхний өдрүүдэд Казахстанд бослого, үймээн гарч 1-р сарын 9-ний байдлаар 169 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн бэртэж, 5 мянган хүн баривчлагдаад байна. Жагсагчид Алматы хотын засаг захиргааны байруудыг эзлэн авж, олон дэлгүүр тонож, арваад барилга, гучаад тээврийн хэрэгслийг галдан шатаажээ. Дэлбэрэлт, буун дуу хэд хоног тасрахгүй байлаа. Жагсагчид онгоцны буудлыг эзлэн авсанаас олон нислэг зогсов. Шөнө нь эрх баригчид энэ буудлыг чөлөөлжээ.

Зарим хотод Назарбаевын хөшөөг нураан унагав. 

Шингэрүүлсэн хийн үнийг хоёр дахин нэмснээс үүссэн эсэргүүцлийн хөдөлгөөн, төдөлгүй улс даяар эмх замбараагүй байдал болж хувирав. Ерөнхийлөгч Токаев Засгийн газраа огцруулж, Аюулгүйн зөвлөлийн даргаас Нурсултан Назарбаевыг буулгаж, эрх мэдлийг өөртөө авчээ. 

Энэ бослогыг "урьдаас нарийн төлөвлөж, санхүүжүүлсэн террористууд, хуйвалдагчид, гэмт хэрэгтнүүдэд хатуу арга хэмжээ” авна гээд, эсэргүүцсэн этгээдийг сэрэмжлүүлэхгүй буудах тушаал Токаев өглөө. Тэр мөн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас /ХАБГБ/ гишүүн орны хувиар тусламж хүссэнээр Орос, Армени, Беларусь, Киргизийн 3000 гаруй энхийг сахиулагчид Казахстанд ирээд байна. 

Интернетийн сүлжээг хязгаарлав.

Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 19-нийг хүртэл улс орон даяар онц байдал тогтоож, 23:00-07:00 цагийн хооронд хөл хорьж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, болон хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлав. 

Назарабаевын итгэлт хүн, Ерөнхий сайд асан Карим Масимовыг Үндэсний Аюулгүй байдлын хорооны (ҮАБХ) даргаас халж, эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэн баривчлав. Орлогчоор нь ажиллаж байсан Назарбаевын дүүгийн хүү Самат Абиш, түүний ах, олигарх Кайрат Сатыбалды нарыг мөн баривчилсан бөгөөд Елбасы (Үндэсний удирдагч гэж түүнд хуулиар олгосон цол) Назарбаев өөрөө Хятадад байгаа гэж Төв Азийн эксперт Аркадий Дубнов мэдэгдэв.

Үймээн гарсан үндсэн шалтгаан

Ерөнхийлөгч Назарбаев улс орноо гучин жил удирдахдаа эдийн засгаа сайн хөгжүүлж чадсан ч, төрийг дарангуйлагч хааны засаглал болгож, авлига газар авчээ. Хааны гэр бүл, хамаатан, хамсаатануудын хөрөнгө орлого асар их нэмэгдэхийн хирээр энгийн иргэд улам бүр ядуурсаар иржээ.

Форбес сэтгүүлийн Казахстаны хамгийн том баячуудын 2021 оны жагсаалтанд Назарбаевын охин Динара Кулибаева, хүргэн Тимур Кулибаев тус бүр 2.9 тэрбум долларын хөрөнгөөрөө эхний 2 ба 3-р байранд оржээ. 4.1 тэрбум долларын хөрөнгөөрөө тэргүүлсэн Владимир Кимийг Назарбаевын гэр бүлийн “түрийвч” гээд, Лондонгийн хамгийн үнэтэй орон сууц авч Елбасы-д бэлэглэсэн тухай хэвлэлийн БАСЕ агентлаг мэдээлжээ. Казакстаны эрх баригчид зөвхөн Лондонд 520 сая фунтын үндсэн хөрөнгө эзэмшиж буйгаас 330 сая фунтын байшин, орон сууц нь Назарбаевын гэр бүлийнх гэж Chatam House-ийн тайланд бичжээ. 

Дэлхийд газар нутгийн томоороо 9-рт ордог, бараг 20 сая хүн амтай Казахстан ураны үйлдвэрлэлээр 1-рт, бит койны олборлолтоор 2-рт, газрын тосны нөөцөөр 11-рт ордог боловч байгалийн баялагийн хуваарилалт дэндүү тэгш бус явж иржээ. Нэг хүнд ногдох ДНБ 8500 доллар болсон ч, иргэд болон элитийн амьдралын түвшин тэнгэр газар шиг холдсоор байна. 

Нийгмийн тэгш бус байдал газар авч, үнийн өсөлт, ажилгүйдэл, ялангуяа өмнөд нутгийн залуучуудын дунд ажилгүйдэл, нийгмийн шударга бус байдал, түүний дотор боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний ялгаа улам бүр тэлсээр, цар тахлын үеэр байдал бүр хурцдаж олон жилийн тэвчээрээ иргэд алджээ. Төр засгаа шүүмжилсэн, Назарбаевын гэр бүлтэй шөргөлцсөн олон хүн (Алтынбек Сарсенбаев, Заманбек Нуркадилов ба бусад хүмүүс) алагдсан юм. Лалын нөлөө улам хүчтэй болж, төр засаг нь шашинтайгаа гүн гүнзгий холилдсон байна.

Улс оронд Назарбаевын зөвшөөрөлгүй бол том бизнэс явахгүй, хэн ч өндөр албан тушаалд томилогдохгүй болжээ (Айдос Сатыков). Цэрэг, цагдаа, хүчний байгууллагууд, шүүх, прокурор бүгд улс орныг биш, Назарбаевын гэр бүлийг хамгаалахад үйлчилж ирсэн гэж Ерөнхий сайд асан Акежан Кажгельдин хэлжээ. Сөрөг хүчний тэргүүн гэх, сайд асан Мухтар Аблязов 2019 онд Назарбаев Токаевт Ерөнхийлөгчийн албан тушаалаа шилжүүлсэн боловч ямар ч эрх мэдэл өгөөгүй, бүх шийдвэрийг хөшигний цаана өөрөө гаргаж ирсэн, Токаев бол “тавилга” гэжээ.

Зарим улс төр судлаачдын үзэж буйгаар 81 настай Назарбаев өтөлсөн, бие нь тааруу, бүх эрх мэдэл Токаевт гэнэт шилжихэд хүрээд байгаа нь “гэр бүлийн” болон олигархуудын бүх бизнес, хөрөнгө мөнгөнд ноцтой үр дагавар авчрах учраас, эдийн засгийн үүсэлтэй жагсаалыг тусгай бэлдсэн хүмүүсийг авчиран жагсагчдын дунд оруулж эмх замбараагүй байдал үүсгэн, маш түргэн улс төрийн бослого болгож, олон цагдааг зэрлэгээр алжээ. Энэ бол эртнээс бэлдсэн, нэгдсэн удирдлагатай төрийн эргэлт хийх оролдлого гэж Токаев өчигдөр хэлэв. 

Ямар ч л гэсэн өнөөдөр 1-р сарын 10 ны байдлаар Казахстанд улс төрийн бүх эрх мэдэл Ерөнхийлөгч Токаевын гарт дефакто төвлөрлөө. Харин тэр нийгэм нь хурцаар шаардаж байгаа улс төрийн дэглэмийг өөрчилж, шударга сонгууль явуулж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдэж чадах уу? Хэзээ энэ улс парламентийн засаглал, шударга шүүхтэй болох бэ?! Үнэхээр гадны оролцоо байсан уу?! Монголчууд бид ах дүү казахстаны ард түмэн, улс орноо богино хугацаанд эмхлэн цэгцлүүлж чадна гэдэгт найдах л үлдлээ.

Монголын авах сургамж

Казахстанд өрнөж буй энэ бүх үйл явдал Монголын хувьд тодорхой хэдэн сэрэмжлүүлэг өгч байна. Дээрх асуултыг Монголчууд ч өөрсддөө тавих, хариулах шаардлагатай. 

Монгол хэдийгээр ардчилал, хүний эрх, эрх чөлөөний хувьд харьцангуй нээлттэй, парламентын засаглалын олон жилийн туршлагатай ч гэсэн бид хийж чадаагүй, яаралтай хийхгүй бол Казахстан шиг тогтворгүй байдал үүсэх магадлалтай, төсөөтэй хэд хэдэн асуудал байгааг төр засаг, иргэний нийгэмд дахин сануулах хэрэгтэй байна.

Үүнд:

Нэгдүгээрт, улс төрийн тогтвортой байдал онц чухал. Үүнийг зөвхөн улс төрийн тэнцвэрээр хангадаг. Эрх баригчид ба сөрөг хүчний зохистой харилцааг бүрдүүлэх систем байгуулна гэсэн үг. 

Энэ нь улс төрийн бүх эрх мэдэл нэг намд төвлөрсөн өнөөгийн нөхцөлд эрх баригч МАН дотроо бодитой, ажил хэрэгч, нээлттэй, шүүмжлэлтэй ажиллах, нөгөө талаас улс төрийн хүчтэй сөрөг хүчнийг бойжуулах, ялангуяа бүх суманд салбартай, түүхэн сөрөг хүчин байж ирсэн боловч одоо хагарч бутраад буй Ардчилсан Намыг нэгдэж, төвлөрөхийг иргэд шаардаж, төр дэмжих хэрэгтэй боллоо. 

Хоёрдугаарт, Монголын төр засаг авлигаа ялах, нийтийн өмч хөрөнгийг завшсан этгээдүүддээ хариуцлага хүлээлгэж чадах шаардлагатай байна. Гэмт хэрэгтэнүүд ял шийтгэлгүй авахгүй, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах, мартагнуулах жишиг тогтсоор байна. 

Төр захиргааны ажилтнуудын ил далд орлого улам бүр өссөөр, харин иргэдийн амьдрал, орлого буурсаар байгаад онц анхаарах ёстой. Эрх баригчид төрийн нууц нэрээр маш олон үйлдлүүдийг нуусан хэвээрээ байна. Төмөр замын төслүүд, Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр авсан хэргүүд гэх мэт. Улс төрийн намуудын болон сонгуулийн санхүүжилт ил тод биш хэвээрээ. Авлигын хэрэгт хөөн хэлэлцүүлэх хугацаа үйлчилэх ёсгүй. 

Гуравдугаарт, бүх шатны, шударга бус шүүгч, прокурорт хариуцлага тооцох, шүүх засаглалаа хараат бус, эрх мэдэлтэнд бус иргэдэд үйлчилдэг болгохгүйгээр нийгмийн шударга ёс тогтоохгүй юм. Яамны болон харьяа бүх байгууллагын ажилтан бүрт үндсэн үүргийг нь өдөр тутам сануулдаг байхын тулд англи нэрийнх нь дагуу Хууль зүйн яамыг Шударга ёсны яам гэж нэрлэх нь оновчтой.

Дөрөвдүгээрт, төр ба хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд хүний эрх, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг тууштай, сахин хамгаалах, иргэдээс төр засгийг хянах боломжийг хангасанаар нийгэмд сөрөг энерги ихээр хуримтлагдахгүй болно. Засгийн газар ялихгүй шалтгаанаар огцрох нь нийгмийн хариуцлаггүй үйлдэл юм.

Тавдугаарт, байгалийн баялагийн хуваарилалт шударга, тэгш байх, хөдөлмөрийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийх

Зургадугаарт, нийгмийн халамжийг хавтгайруулахгүй байх, хөдөлмөрлөхийг дэмжих, цалинг нэмэгдүүлэхийн тулд чөлөөт өрсөлдөөнийг тогтоох, төр зөвхөн хувийн хэвшил хийх боломжгүй бизнест орох, үнийг аажмаар чөлөөлөх тус тус шаардлагатай байна.

Эдгээр ажлыг энэ тэргүүнд хийж байж, улс төрийн тэнцвэртэй байдал тогтон, Монголчууд эвлэлдэн нэгдэж, ажил амьдралаа хамтран дээшлүүлж чадна.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 35 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 43 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 48 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 1 цаг 25 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 3 цаг 0 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа
Top