x

Л.Оюун-Эрдэнэ: Хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, монголын эдийн засагт үүр хаяарч эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны улсын төсвийн төслийн талаар УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Монгол Улсын хүндэт иргэд ээ!

Монгол Улсын Ерөнхийлөгч өө!

Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Монгол Улсын Засгийн газар "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,  Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2022 оны улсын төсвийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барилаа.

Дэвшүүлсэн зорилго, зорилтоо ханган хэрэгжүүлж, цар тахлын эрсдлээс гарахын тулд одоогоос найман сарын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод Улсын Их Хурлын чуулганы индрээс үг хэлэхдээ "Цар тахлыг даван туулахын тулд вакцинжуулалтын ажлыг эхлүүлэх, Эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, Дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоо бүрдүүлэх, Шударга ёс, цахим засаглалыг бэхжүүлж, авилгын индексийг бууруулах" гэсэн дөрвөн үндсэн зорилтыг дэвшүүлж байсныг та бүхэн тодхон санаж байгаа биз ээ.

Өнөөдөр миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш хоёр дахь удаа Улсын Их Хурлын чуулганы танхимд үг хэлэхдээ найман сарын өмнө дэвшүүлсэн  зорилтынхоо үр дүнг эргэн товч дүгнэх нь зүйтэй гэж бодож байна.

Хүн төрөлхтөнд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш учирсан хамгийн хүнд аюул зовлон болох Ковид-19 цар тахлыг та бид хамтдаа даван туулж байна.

Цар тахлын хүндрэл нь дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, гадаад харилцаанд хүчтэй доргилт өгч, хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй өөрчиллөө. Энэхүү хүндрэл бэрхшээл Монгол Улсыг ч тойрсонгүй ээ. 

Монголчууд бид цар тахлын халдварын ноцтой эрсдэлд орж, экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг эзэлж, 250 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаар дүйцэж очих хоёрдахь хүнд үе байлаа.

Цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулах цорын ганц гарц нь бүх нийтийг хамарсан вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулах ажил байлаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын 35.8 хувь нь л бүрэн тунд хамрагдаад байна.
 
Харин манай улс энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс бүх нийтийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 гаруй мянган хүнийг дархлаа сэргээх 3-р тунд хамруулж, өнөөдрийн байдлаар 2.6 сая тун вакцины нөөц бүрдүүлээд байна.
 
Эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын тооцооллоор хэрвээ вакцинжуулалтыг өнөөдрийн түвшинд зохион байгуулж чадаагүй бол 46 мянга хүртэлх иргэдийн амь нас бодит эрсдэлд орох байлаа.

Вакцинжуулалтын ажлыг эрчимтэй явуулахад шаардлагатай бүх улс төрийн дэмжлэгийг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд Засгийн газраа төлөөлж гүн талархал илэрхийлье.

Дархлаажуулалтын үр нөлөөгөөр эдийн засгаа алхам алхмаар сэргээж, хичээлийн шинэ жилээ танхимаар эхлүүлж, хатуу хөл хориогүй энгийн амьдралын хэмнэлд өдрөөс өдөрт дасан зохицож байгаа ч өнгөрсөн хугацаанд 1424 хүний эрдэнэт амь нас эрсэдсэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Дэлхий нийтэд цар тахлаас улбаалсан тээвэр логистикийн хямрал, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэрэг гэнэтийн цочрол, хямралт байдал энэ оны сүүл, ирэх оны эхний хагаст үргэлжлэх төлөвтэй байгааг олон улсын байгууллагууд анхааруулсаар байна. Мөн цар тахал цаашид хэр удаан хугацаанд үргэлжилж, хэдэн удаа хувьсан өөрчлөгдөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын судлаачид өнөөдрийг хүртэл бүрэн тодорхойлж чадаагүй байна.

Хэдий нөхцөл байдал амаргүй ч бид эдийн засгаа сэргээх, өсгөх томоохон зорилтуудаасаа өнөөдрийн сэтгэлзүйд автан ухарч болохгүй ээ, харин цар тахлын хүндрэлийг сөрж, дасан зохицож, нэгдэн нийлж, хамтын хүчин зүтгэлээр хүнд цаг үеийг даван туулах ёстой.

Засгийн газар төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэдийн хамтын хүчин зүтгэлээр цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг эхлүүлж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г эрчимтэй хэрэгжүүлсэн төдийгүй ирэх 2022 оны төсвийг өөдрөгөөр төсөөлж, Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг Улсын Их Хуралд өргөн барилаа.

Зүйрлэж хэлбээс хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, Монгол Улсын эдийн засагт үүр хаяарч эхэлж байна.

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Миний бие Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өргөн баригдсан 2022 оны улсын төсвийн төслийн гурван онцлогийг товч тоймлон хэлье.

Нэгдүгээрт, 2022 оны төсөв бол эдийн засгийг тэлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хөгжлийн төсөв юм

Бид ирэх оноос хөгжлийн төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Эдийн засгаа сэргээх шинэчлэлийг үе шаттай хийх болно.

Цар тахлын хариу үйлдэл, иргэдийн орлого, ажлын байрны асуудал ч эдийн засгийн сэргэлтгүйгээр бүрэн шийдэгдэх боломжгүй юм. Уул уурхайгаас гадна, Боловсруулах аж үйлдвэр, Хүнс хөдөө аж ахуй, Эрчим хүч,  Аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, Тээвэр логистик, Бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн салбар зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хөгжлийг цогцоор дэмжихэд энэ жилийн улсын төсөв зориулагдсан гэж дүгнэж болно.

Газрын тосны боловсруулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны эдийн засагт нэн шаардлагатай томоохон төслүүдийг эрчимжүүлнэ.
Үндэсний баялгийн сан, Эрдэс баялгийн биржийн хуулийн төслийг өргөн барьж, уул уурхайн томоохон төслүүдийн хайгуул, олборлолтыг эрчимжүүлж, Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулж, далд уурхайг ашиглалтад оруулахыг эрмэлзэнэ. 

Тавантолгой Гашуунсухайтын замыг 2022 онд багтаж ашиглалтад оруулж, хил холболтын цэгийг эцэслэн тохирно. Зүүнбаян-Ханги мандлын төмөрзамыг төр хэвшлийн түншлэлээр ирэх төсвийн жилд багтаан эхлүүлнэ. Чойбалсан-Хөөт бичигт болон Зүүн болон Баруун босоо чиглэлийн төмөрзамын техник эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулж дуусгана. Эдгээр төсөл нь тээвэр логистикийн болон транзит хүчин чадлыг нэмэгдүүлж, экспортын шинэ гарцуудыг нээхэд чухал ач холбогдолтой. 

Хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох, аялал жуулчлалын бүс нутгийн автозамуудыг шинээр барихад 2022 оны төсөвт 140 орчим тэрбум төгрөгийг тусгалаа. Зам дагаж хөгжил ирдэг гэж Монголчууд ярьдаг. Тэр дундаа хилийн боомтуудыг холбож дуусгах нь далайд гарцгүй манай улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой билээ.

Хувийн хэвшлээ дэмжих бодлогын хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулж, төрийн зарим үйлчилгээг либералчлах ажлыг үе шаттай эхлүүлнэ. Төр 51.5 мянган орон тоогоор хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг эрхэлж байна. Хэрэв эдгээр чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлбэл аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 218 орчим тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлж, ажлын бүтээмж, цалин хөлс одоо байгаа түвшнээс дээшлэх боломжтой гэж үзэж байна. Энэ бодлого цаашид амжилттай хэрэгжвэл олон жил шүүмжлэгдсэн төрийн данхар бүтцээс гүйцэтгэлд суурилсан цомхон чадварлаг болох суурь эхлэл тавигдна.

Төрийн өмчит 339 компаниас томоохон компаниуд ашигтай ажиллаж, төрийн ачааллаас үүрэлцэж байгаа боловч ихэнх компаниуд нь алдагдалтай ажиллаж байна. Тиймээс төрийн өмчит компаниудад Засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодлогын шинэчлэлийг 2022 онд багтаан хэрэгжүүлж, олон нийтийн нээлттэй хяналтад шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах болно.

Эдийн засгийг тэлэх зорилгоор суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтад 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.  2022 оны улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгө бүхэн эдийн засагт үржүүлэхийн хүрдний үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлан боловсруулагдсан болно. 

Халдварт цар тахлын цаг үед төр бүсээ чангалж, хэмнэлтийн горимд ажиллаж болдгийг харуулсан билээ. Ирэх онд ч төр өөрийн зардлаа танах, дахин хуваарилах, төрийн үйл ажиллагааг цахимжуулах зэргээр бүх шатны байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллах зарчмыг улсын төсвийн төсөлд тусгалаа.

Хоёрдугаарт, 2022 оны төсөв бол дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бий болгох, халамжаас хөдөлмөрт шилжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн суурь реформын эхлэлийг тавих төсөв юм.

Энэ бодлогын хүрээнд байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн баталгаатай ирээдүйн иргэдийг одооноос бэлтгэж, Хуримтлалын сангийн тогтолцоонд үе шаттай шилжин орох зорилтын хүрээнд “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмаар хүүхэд багачууддаа хуримтлалын данс үүсгэж, ирээдүйд зарцуулах боломжийг бүрдүүлнэ.

Өнөөдөр манай улсын 2.7 сая иргэд ямар нэг хэлбэрээр халамжийн сангаас тэтгэмж авч байна. Энэ нь Монгол Улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлж байна.  Тиймээс л бид халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээс өөр гарцгүй юм.  Хамгийн сайн халамж бол чанартай ажлын байр гэдэг зарчмын дагуу хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн Халамжаас-хөдөлмөрт шилжих цогц шинэчлэл хийнэ.

Цар тахлын үед зүрх судас, амьсгалын тогтолцоо, хавдар, хоол боловсруулах эрхтний суурь өвчлөл, нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, Иргэн бүр жил бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд хамрагдах тогтолцоонд 2022 оны төсвийн жил шилжих болно.
Чанартай боловсролыг хангах зорилгоор Боловсролын салбарын шинэчлэлийн багц хуулийг өргөн бариад байгаа бөгөөд цахим боловсрол, үр дүн, гүйцэтгэлд суурилсан шинэчлэлийг мөн 2022 оны улсын төсөвт тусгаад байна.

Эрүүл мэнд, Боловсролын салбар бол хангалуун дундаж давхаргыг бүрдүүлэх хамгийн чухал салбар бөгөөд уг салбаруудын тогтолцооны шинэчлэлийг хийхэд энэ жилийн төсөв чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэлтэй байна.

Дэлхий дахинд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхийн тулд ойн асуудал хариуцсан агентлаг байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж ажиллана. Төрийн бүх албан хаагчид, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлын үнэлгээний системд мод тарих болон хог хаягдлыг шийдвэрлэх асуудлыг шинээр тусгасан болно.

Гуравдугаарт, 2022 оны төсвийн бас нэгэн онцлог бол нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангах бодлогын шинэчлэлийн эхлэл юм.
 
Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа Их хотын асуудлыг зөвхөн Нийслэлийн Засаг даргад даатган орхихгүй ээ! хэмээн чуулганы танхимд хэлж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.
 
Монгол Улсын Засгийн газар Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг шийдвэрлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах үүрэг бүхий Үндэсний хороо байгуулж Ерөнхий сайд өөрөө ахлан Нийслэл Улаанбаатар хотын удирдлагыг бүх талаар дэмжин ажиллаж байна.  
 
Улсын Их Хурлаас Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг баталж, Засгийн газраас нийслэл хотын төвлөрлийг сааруулах, инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх, ухаалаг, иргэдэд ээлтэй хот болгох зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.
 
Ирэх 2022 онд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхгүйгээр нийслэл хотын төсөвт үлдээлээ.
 
Мөн Богдхаан уулыг тойрсон төмөрзамын бүтээн байгуулалт, Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Хөшигийн хөндийн эдийн засгийн бүсийн дэд бүтцийн асуудал, нийтийн тээврийн шинэлэг шийдэл болох баганан тулгуурт тээврийн хэрэгслийн бүтээн байгуулалт, Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон хурдны замын ажлууд ирэх жил эхлэх болно.
 
Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийн асуудал бол хөдөөгийн хөгжлийн түвшин тааруу байгаатай шууд холбоотой билээ. Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах зорилгоор шаталсан санхүүгийн тогтолцоо, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн төслүүдтэй уялдуулах, Дарханы арьс ширний цогцолборын ажлыг эхлүүлэх зэрэг томоохон хөрөнгө оруулалтын асуудал ирэх онд шийдвэрлэгдэх болно.
  
Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Та бүхэн мэргэн ухаанаар хэлэлцэж, 2022 оны улсын төсвийг баталж өгөхийг хүсье.

Эвлэлдэн нэгдэх бүртээ урагшлан хөгжиж, эвдрэн талцах болгондоо уруудан доройтсоныг эцэг дээдсийн минь буурал түүх нотолдог билээ.

Хоосон улс төржилтийг хойш нь тавин, цар тахлыг даван туулж, дэвшүүлэн тавьсан хөгжлийн зорилтуудаа бодитоор хэрэгжүүлэх, амьдралын чанарын болон бусад хөгжлийн үзүүлэлтүүдээр бүс нутагтаа тэргүүлэх том зорилгын төлөө хамтран ажиллахыг Ерөнхий сайдын хувьд уриалж байна.

Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар цар тахлын мутацилагдсан хувилбарт вакцины нөлөө өдрөөс өдөрт багасах эрсдэлтэй байна. Тиймээс дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тун ус агаар мэт хэрэгтэй билээ.

Иргэд Та бүхэн нэмэлт гуравдугаар тундаа сонголттойгоор хамрагдан, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн гуйж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 16 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 26 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 26 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 27 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 29 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 31 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 32 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 2 цаг 15 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 2 цаг 17 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 2 цаг 18 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 2 цаг 19 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 2 цаг 24 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 2 цаг 25 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 3 цаг 14 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 3 цаг 15 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 3 цаг 22 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 3 цаг 23 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 3 цаг 26 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 4 цаг 18 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 4 цаг 20 мин
iИх уншсан
Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top