x

Б.Одсүрэнд хариуцлага тооцохыг Хотын дарга Д.Сумъяабазараас шаардаж байна

ХЭҮК-оос хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагаанд саад учруулсан, төрийн албан хаагч бэлгийн цөөнх хүмүүсийг ялгаварлан гадуурхсан үзэл бодол нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн үйлдэл, эдгээрээс үүдэн гарч болох сөрөг үр дагаврыг таслан зогсоох, цаашид ийм үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой Комиссын гишүүний шаардлагыг Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлжээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй байдаг. 

Шаардлага:

“ЛГБТ Төв” ТББ-аас “Тэгш эрх, бахархлын өдрүүд кампанит ажлын хүрээнд Улаанбаатар хотын 18 чиглэлийн 18 автобусанд зохих журмын дагуу төлбөр төлж, сурталчилгааны материал байршуулжээ. Гэтэл Нийслэлийн засаг даргын орлогч Б.Одсүрэн автобусанд тавигдсан сурталчилгааны материалыг буулгуулж, энэ талаараа “Хүүхдэдээ ийм тоглоом авч өгсөн байсан юм. Гэтэл ижил хүйсийг дэмжсэн, өдөөсөн өнгө, лого, туг, яриа байдгийг олж мэдлээ. Онцгүй сэтгэгдэл төрлөө, тоглоомыг хогийн саванд хийсэн, мөн нийтийн тээвэрт мөнгө төлж, рекламаа тавиулсан байсныг нь бас хуулууллаа” гэж өөрийн фэйсбүүк хуудаснаа бичиж, гэрэл зургийн хамт нийтэлжээ. Энэ үйлдэл нь ЛГБТИК+ хүмүүсийг ялгаварлан гадуурхсан, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний ялгаварлан гадуурхалтаас ангид байх, халдашгүй чөлөөтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг ноцтой зөрчсөн” гэх мэдээллийг Комисст гаргаж, зөрчигдсөн хүний эрх, эрх чөлөөг сэргээж өгөхийг хүссэн байна. Мөн “ЛГБТ Төв” ТББ-аас энэ талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэжээ.

Энэ үйл явдлын дараагаас тус ТТБ-ын ажилтнууд, идэвхтэн дэмжигчдийн амь нас эрүүл мэнд, халдашгүй байдалд заналхийлсэн, үзэн ядсан зурвас, бичвэр цахим шуудан, чатаар ихээр ирэх болж, улмаар “Монголын Homophobic лалрууд” нэртэй хуудаст ЛГБТИК+ хүмүүсийг алах, зодох, хүчиндэх, хүчирхийлэх, террорист агуулга бүхий зураг, видео, постуудыг оруулсан байна. Түүнчлэн бодит хүний зургийг нийтэлж, “тааралдвал хүчиндэнэ” гэж заналхийлсэн бичвэр оруулсан, байгууллагынх нь ойр орчимд үл мэдэгдэх хүмүүс цугларч, цонхыг заан ярилцаж байсан нь “ЛГБТ Төв” ТББ-ын ажилтнуудад айдас, түгшүүр төрүүлэх болсон талаарх мэдээллийг 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 21/44, 21/45 дугаар албан бичгүүдээр холбогдох гэрэл зургуудын хамт Комисст ирүүлсэн.

Мэдээллийн дагуу шалгах ажиллагаа явуулахад ач холбогдол бүхий дараах баримт тогтоогдож байна. Үүнд:

“ЛГБТ Төв” ТББ-аас 2021 оны 8 дугаар сарын 27-ноос 9 дүгээр сарын 10-ны өдрүүдэд “Тэгш эрх, бахархлын өдрүүд” кампанит ажлыг зохион явуулахаар төлөвлөжээ. Кампанит ажлын хүрээнд Автотерминал-14-005, 14-040, 14-022, Трансбус-11-093, 11-087, 11-002, 11-100, Эрдэмтранс-13-083, 13-094, 13-088, 13-099, 13-086 зэрэг нийт 12 автобусны гадна талд “Хайрыг хүндэл”, “Тэгш эрх, бахархлын өдрүүд-2021” гэсэн наалтыг, автобусны дотор талын хананд Э рүүгийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын бичвэр бүхий наалтыг, “Лесбиян, Гей, Бисексуал, Трансжендэр Төв” гэсэн бичвэрийг автобусны бариул хэсэгт тус тус байршуулсан байна.

Сурталчилгааны материалыг автобусанд байршуулах талаар “ЛГБТ Төв” ТББ ба “Бүх Орчлон Транспорт” ХХК нар 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хамтран ажиллах 21/018 дугаар гэрээг байгуулжээ. Талууд сурталчилгааны материалыг 18 автобусанд 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг дуустал 37 хоног байршуулахаар тохиролцсон. Гэрээний үнийн дүн 7,560,000 төгрөг байна. Сурталчилгааны энэ төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх тайлбарыг “ЛГБТ Төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Энхмаа Комисст өгсөн.

2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хүүхдэдээ ийм тоглоом авч өгсөн байсан юм. Гэтэл ижил хүйсийг дэмжсэн, өдөөсөн өнгө, лого, туг, яриа байдгийг олж мэдлээ. Онцгүй сэтгэгдэл төрлөө, тоглоомыг хогийн саванд хийсэн, мөн нийтийн тээвэрт мөнгө төлж рекламаа тавиулсан байсныг хуулууллаа.” гэсэн сэтгэгдлийг автобусны гадна талын сурталчилгааны наалтыг хуулуулж буй фото зургийн хамт байршуулан нийгмийн сүлжээгээр түгээсэн байна. Уг бичвэрийг түгээснээсээ хойш 30 орчим минутын дараа устгасан, сурталчилгааны материалыг автобуснаас хуулуулах чиглэл аль нэг байгууллага, албан тушаалтанд өгөөгүй гэх тайлбарыг Б.Одсүрэн Комисст өгсөн.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяраас тайлбар авахад “... Бөх-Орчлон ХХК-иас автобусны компанитай гэрээ байгуулж, Автотерминал-14-005, 14-040, 14-022, Трансбус-11-093, 11-087, 11-002, 11-100, Эрдэмтранс-13-083, 13-094, 13-088, 13-099, 13-086 зэрэг нийт 12 автобусанд сурталчилгааны наалтыг байршуулсныг хуулж авсан, дахиж наагаагүй. Хичээлийн шинэ жил эхэлж байгаа цаг үед тохиромжгүй үзэл санаа сурталчилах нь зохимжгүй гэж тухайн үед яриад өнгөрсөн. Гэхдээ манай байгууллагын зүгээс сурталчилгааг хуулуулах чиглэл өгөөгүй” гэх тайлбарыг Комисст өгсөн.

Б.Одсүрэнгийн нийтийн сүлжээгээр илэрхийлсэн сэтгэгдэл, үүнтэй холбоотой үүссэн нийгмийн үйл явц нь “ЛГБТ Төв” ТББ-ын ажилтнууд, идэвхтэн дэмжигчид, нийт бэлгийн цөөнх хүмүүсийг заналхийлэх, үзэн ядах үг илэрхийлэл, болзошгүй үйлдэлд хүргэсэн нь баримтаар нотлогдож байна.

Хүйсийн болон бэлгийн цөөнх нь нийгмийн хэвшмэл хандлагын улмаас хүний эрх, эрх чөлөө нь зөрчигдөх, ялгаварлан гадуурхагдах эрсдэлтэй хүн амын бүлэг мөн болохыг Монгол Улс хүлээн зөвшөөрсөн.

Тухайлбал 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хүйсийн болон бэлгийн чиг баримжаагаар нь ялгаварлан гадуурхах үйлдэл, хүчирхийллийн эсрэг ажиллах Тусгай илтгэгчийг томилох тухай НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 32/2 (A/HRC/RES/32/2) тогтоолыг Монгол Улс дэмжжээ. Одоогийн байдлаар НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл, хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий шинжээчдийн хороод, тусгай илтгэгчдээс хүйсийн болон бэлгийн цөөнх хүмүүсийг ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс хамгаалах талаар 11 баримт бичигт хамаарах 54 зөвлөмжийг Монгол Улс хүлээн аваад байна.

“Бахархал”-ын жагсаал арга хэмжээ (Gay Pride, LGBT Pride, LGBTQ Pride буюу Pride)-г дэлхийн олон улс оронд зохион байгуулагддаг. 1969 оны 6 дугаар сарын 28-ны шөнө АНУ-ын Нью-Иорк хотын Стоунвал Инн уушийн газарт цагдаагийн алба хаагчид дайран орж, тус газрын байнгын үйлчлүүлэгчид болох бэлгийн цөөнх хүмүүст халдаж, баривчилсан үйлдэл нь бэлгийн цөөнх хүмүүсийн хөдөлгөөн ил гарч, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдлыг шаардах урьдач нөхцөл болсон юм. Энэ үйл явдлын нэг жилийн ойн өдрөөр “Бахархал” (Pride) нэрийн дор жагсаал зохион байгуулсан нь олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг арга хэмжээ болсон. Хувийн орон зай дахь төрийн хэт оролцоо, дарангуйллын эсрэг эхлүүлсэн “Бахархал”-ын жагсаалын агуулга, шаардлага өнгөрсөн хугацаанд өөрчлөгдөн хувьсаж, хувь хүн өөрийнхөө бэлгийн чиг баримжаа, онцлогоо хүлээн зөвшөөрч, айдас эргэлзээгээ даван туулсныг тэмдэглэх, нийгэмд хүний бэлгийн чиг хандлага, хайр сэтгэлийн олон өнгө байдлыг ойлгож хүндэтгэх, хүлээцтэй хандах, хүсэл, шаардлагаа илэрхийлэх зорилготой болжээ.

Олон улсын энэ кампанит ажлын хүрээнд “ЛГБТ Төв” ТББ-аас жил бүр зохион байгуулдаг “Тэгш эрх, бахархлын өдрүүд” арга хэмжээ нь бэлгийн чиг баримжааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой бус, харин бэлгийн цөөнх хүмүүс бусадтай адил тэгш эрхтэй нийгмийн гишүүд боловч өөрийн айдас, гэр бүл, нийгмийн хүчирхийлэл, дарамтанд амьдардаг талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, сөрөг хандлагыг таслан зогсоох зорилготой юм.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах”, мөн зүйлийн 4.1.4-т “хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх” төрийн үүргийг тодорхойлсон ба хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “хүний эрхийн талаарх шинэ ойлголт, зарчмыг боловсруулах, хэлэлцэх, олон нийтэд таниулах, хүлээн зөвшөөрүүлэхэд нөлөөлөх”, мөн зүйлийн 6.1.3-т “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор аливаа хэлбэрээр эвлэлдэн нэгдэх, төрийн бус байгууллага, эвсэл, холбоо, бүлэг, нэгдэл байгуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох” гэж хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагааны эрхийг баталгаажуулжээ.

“ЛГБТ Төв” ТББ нь тус хуулийн дагуу эрх эдэлж, эрх ашгаа хамгаалуулах хуулийн этгээд мөн байна. Уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаанд төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд нь хүний эрх хамгаалагчийн эрхийг хүлээн зөвшөөрөх, зөрчихгүй байх, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандахыг тус тус үүрэг болгосон.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, шүүх, прокурор, Үндсэн хуулийн цэц, төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комиссоос бүрдэнэ” гэж заасан. Б.Одсүрэн нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч болохынхоо хувьд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.12-т заасан улс төрийн албан тушаалтан, хүний эрхийг хамгаалах тогтолцооны хэсэг болсон байгууллагыг төлөөлөх албан тушаалтан юм.

Түүний олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн бэлгийн цөөнх хүмүүсийг ялгаварлан гадуурхсан бичвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн зорилго, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна. Эдгээр зарчмын хүрээнд төрийн албан хаагч үзэл бодлоо илэрхийлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, хүн бүрийн тэгш байдал, үнэ цэнэ, нэр төрийг хүндэтгэх үүрэгтэй.

Иймд хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагаанд саад учруулсан, төрийн албан хаагч бэлгийн цөөнх хүмүүсийг ялгаварлан гадуурхсан үзэл бодол нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн үйлдэл, эдгээрээс үүдэн гарч болох сөрөг үр дагаврыг таслан зогсоох, цаашид ийм үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дараах арга хэмжээг авахыг шаардаж байна.

  • Бэлгийн цөөнх хүмүүсийг ялгаварлан гадуурхсан шинжтэй үзэл бодол нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн үйлдэлдээ олон нийтэд хүртээмжтэй арга хэлбэрээр, нэн даруй уучлалт гуйхыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнд даалгах;

  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад бэлгийн цөөнх хүмүүсийн хүний эрх, амьдралын нөхцөл байдал, ялгаварлан гадуурхахгүй байх зарчим, хэм хэмжээ, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар танилцуулга, мэдээлэл хийх;

  • Бүрэн эрхийнхээ хүрээнд “ЛГБТ Төв” ТББ-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар зохистой бусад арга хэмжээг авахуулах;

  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.

  • Шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлнэ үү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 14 цаг 36 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 14 цаг 56 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 15 цаг 7 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 15 цаг 13 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 15 цаг 54 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 15 цаг 57 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 16 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Худлаа... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top