x

“Эцсийн цэг"-ээсээ эргэх үү, нэгмөсөн дүүрэх үү?

Зөв явахад цөвүүн цаг (2)

“ЭЦСИЙН ЦЭГ”-ЭЭСЭЭ ЭРГЭХҮҮ, НЭГМӨСӨН ДҮҮРЭХ ҮҮ ?

“Хүн өөрчлөгдөх хэцүү.

Хүний өөрчлөлтийг ойлгох түүнээс ч хэцүү”.

Манай Еөк маань нөгөө хоёртойгоо (нөгөө, төрийн гурван юу) нийлээд бизнес эрхлэгчдээ урин авчирч (арай ч бариад ирээгүй байлгүй) чууллаа. Зовлонгоо ярь гэсэн бололтой юм. Тохуутай ч юм даа. Зовоож зовоочихоод “За одоо, хэрхэн зовсноо ярь” гэхээр.

Зайлуул, цаадуул нь хүрээд ирчээ. Байнга л хулгайч, дээрэмчнээрээ дуудуулж, “хураана, баривчилна” гэдгээр дарамтуулж хаширсан улс чинь “Үндэсний үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч” энэ тэр гээд төрийн амнаас бараг гардаггүй үгээр цоллоод дуудахаар нь сэтгэл нь хөөрсөн ч биз?

Эсвэл айгаад очсон ч юм билүү? 1937 оны яг өдийд, 9 сарын 10-даар, улсынхаа сор болсон хүмүүсийг “Бүх одон тэмдгээ зүүгээд, ёслолын хувцастай Дотоод яаман дээр ир” гэж авчраад баривчлан буудсан байдаг даа.

Ямар ч байсан “Төрийн гурав” (гэснээс, ямааны гурав, сүвээний гурав гэхчлэнгийн энд ямар ч хамаагүй, дэмий юмс санаанд орчих юм) маань бизнес эрхлэгчдээ магтаад, ард түмнийхээ төлөө хамтран ажиллах талын юм ярилаа. Тэр ч байтугаа хувийнхныг бизнесээ сайн хий гэх ухааны юм хэлэв? Бүүр байчихаад, “Та нарын бизнес чинь улс эх оронд хэрэгтэй байна. Эх орныхоо төлөө баяжигтун” гэж ойлгогдохоор ярив.

“Стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, экспортын чиглэлтэй боловсруулах үйлдвэрүүд барьж, ажлын байр олноор бий болгон, үйлдвэрлэгч, экспортлогч улс болмоор байна” гэдэг бол манай хувийн бизнесийн салбарт л үндсэндээ хамаарах ажил. Тэднийгээ хулгайчаар нь дуудахгүй, бизнесийг нь гацаахгүй, хөрөнгийг нь хурааж авахгүй байж л бүтэх ажил.

Бизнес эрхлэгчид маань ерөнхийдөө ёсыг бодсон байдлаар учир зовлонгоо ярьж харагдана. Итгэж ядсан, "ингэж л байдаг, худлаа даа" гэсэн бичлэг тэдний нүүрнээс тодроно. “Сэхээтний төөрөгдөл” хэмээх шуурганаар “За нам засагтаа үнэнээ хэлчих”, “Нам засгийн юу нь болохгүй байна, айлтгүй ярь” гэхээр нь үнэмшиж бураад шоронд орсон хүмүүсийн үр ач нар шүү дээ. Ажилчин малчин нь төөрөхгүй байхад сэхээтэн нь төөрдөг эвгүй цаг байж.

Харин барилгын салбарын ажил олгогчдыг хурц шүүмжилсэн үгс цогтой цуурайтаж сонсдов. Ажилчин ангийн төлөөлөгч (буруу ойлгосон бол уучлаарай) маань худал яриагүй л дээ. Энэ салбар ялзарсан нь үнэн. 

Гэхдээ уулзалтыг жаахан далий ойлгоод, Монголын төр хуучин шигээ хэдэн бизнес эрхлэгчдээ дуудаж авчраад хосыг нь шувтрах гэж байна гэж бодсон болтой. Тэгээд шүүмжийн хурц үзүүрийг барилгын салбарын ажил олгогчид руу харуулсан шиг.

(Дашрамд хэлэхэд, БНМАУ-ын үеийн зурагт хуудсан дээр байдаг “ажилчин анги, хоршоолсон ард, хөдөлмөрийн сэхээтэн” манайд оршихоо больсон. Харин анги давхрага бол байгаа байгаа. Хамгийн илэрхий хуваагдал бол “мөнгө олж татвар төлөн амьдардаг” ба “Халамжаар амьдардаг” ийм хоёр анги бол илт байгаа)

Улмаар, Ерөнхий сайд нь ч дуугүй чагнаж суусангүй “Төр бизнес эрхлэгчдийн нүдээр харах ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулж, зөвшөөрөл олгоно, хяналт шалгалт хийнэ гэдэг хүнд суртлуудыг халахыг эрмэлзэж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тогтвортой байлгах, саад хийхгүй байх орчныг бүрдүүлэх нь чухал. Төрд байгаа төрийн өмчит үйлдвэрийн газрын давхцаж байгаа чиг үүргийг хувийн хэвшлийнхээ өмнүүр орохгүйгээр, ашигтай бизнесийг хувийн хэвшил эрхэлдэг болох  боломж олгох ёстой” гэх нь тэр. 

Хөрөнгө оруулагчдаа хөөчихсөн, дахиж ирэхгүй хуулийн орчин бүрдүүлсэн, эрүүл бизнес явуулах бүхий орчныг хавтгайд нь завааруулсан, төр нь иргэнийхээ бизнэсийг булаасан манай оронд ийм юм хийнэ гэдэг бол бүх юмыг орвонгоор нь эргүүлж хаяна гэсэн үг биз дээ. Угаасаа орвонгоор нь эргүүлэхгүй бол хэвэндээ орохгүй болтлоо манай эдийн засаг хөмөрснийг зөвшөөрч байна гэсэн үг. 

Уригдсан бизнесменүүд ч тэр, зурагтаар харсан хүмүүс ч тэр, бөөн эргэлзээнд үлдэв. Зарим нь шоолов. Зарим нь өмнөх алдаа дутагдлыг нь уудлав. Муу нэрийг хусавч арилдаггүй гэж энэ. Гэхдээ, муу нэр чинь угаасаа хусагдахгүй, "нэгэнт муу явсан л бол сайн юм хийнэ гэсэн теоромгүй" гэсэн догм байж болохгүй нь энд ямар хамаа байх вэ?

Нээрээ, манай төр яах гэж байгаа юм бол? Арай ч Мао Зэдун шиг “Цэцэг бүхэн дэлгэрэг, эрдэмтэн бүхэн уралдаг” гэж хөөргөж байгаад тасчин хаях гээгүй байх. Зүгээр л хүнд цаг үед нийгэмдээ урам өгөх гэсэн юм уу?

Эсвэл, “Тунгалаг тамир” кинонд “Эцгийн минь хөрөнгийг хураасан новшийг баярлуулж байгаад маргааш өглөө туг тахина” гэдгийн үлгэрээр хөрөнгөө арвижуулах боломж өгөөд, дараа нь хураах гэж байгаа ч юм уу?

Ямар ч засаг, ямар ч ерөнхийлөгч албан тушаалд хүрэхийнхээ өмнө болон ажилд очсон эхний өдрүүддээ аль гоё гоё юм ярихийг тэр гэх вэ? 

Гэтэл энэ хэд чинь аль хэдийнэ сонгогдсон хойноо, албаа аваад бас ч удсны дараа ийм юм яриад байдаг чинь юувлээ байз?

Үнэхээр эцсийн боломжийг ашиглан, эцсийн шинэчлэл хийж гэж байна уу? Үнэнийг хэлэхэд, одоо л төр нь ч, иргэн нь ч алиалахаа болиод, зүгээр л номоороо амьдрахгүй бол Монгол улсын тусгаар тогтнол ч эвгүйдэж байгаа шүү.

Амжиргаагаа залгуулж чадахгүй болсон гэр бүл баян айлын хаяа бараадан зарагдаж гол зогоодог шиг эдийн засаг нь сүйрсэн улс орон улс болохлоор тусгаар тогтнол, эрх чөлөөгөө аль нэг улсад даатгаад иргэдээ тэжээлгэдэг. Бид аль хэдийнэ “эцсийн эргэлтийн цэг” дээр ирсэн.

Эцсийн “Эргэлтийн цэг” гэж үү, ийм юм. Хэт алсын нислэгт, жишээлэхэд Өмнөд туйл руу ч юм очих замд “эргэлтийн цэг” гэж байдаг. Эргэж нисэх шатахууны нөөцгүй болох цэг. Замын агаар муудах, очих газар нь хүлээж авах боломжгүй боллоо гэхэд тэнд хүрэхээс өмнө буцна, амжаагүй бол цаашаа л яваад төгсгөлөө харахаас өөр замгүй. Манай улсын эдийн засаг аль хэдийнэ “эцсийн эргэлтийн цэг” дээрээ ирсэн. Цаашаа явбал бидэнд зөв тийшээ эргэх шатахууны нөөц үлдээгүй гэдгийг л хэлж байгаа юм. 

Үүнийг манай төр, засаг үнэхээр харсан хэрэг үү? Харах нэг хэрэг, хийхэд мааш их зориг хэрэгтэй. Үүнийг хийсэн хүмүүс баатар болж үлдэх ч амьддаа цолоо зүүх эсэх нь эргэлзээтэй. Тэдэнд өнөөдрийхөө алдар нэр, алдар хүнд, алба хэргэмээ золиослох зориг байгаа болов уу?

Гэхдээ, хөөрүү сагсуугаараа дуудуулдаг ч гэсэн ерөнхийлөгч Хүрэлсүхийн нүүрэн дээр л нийгэм эргээд илт зоригжиж, улс төрийн нэн шинэ хоригдлууд маань наранд гарсан нь хамгийн шинэхэн үнэн. Дараа нь тэр Шүүх засаглал болон Авилгатай тэмцэх тогтоц руу хуруу дүрэхгүй гэдгээ ч бас хэлсэн. Хүрэлсүх сайн хүн гэж хэлэх гэсэн огт биш. 

Харин зориглож чадах, зөв гэж итгэсэн бол гал руу харайж ч мэдэх л нэгэн.Үнэхээр улс орноо “Эргэлтийн цэг”-ээс эргүүлэхэд тэр зориг зүрх нь хүрэх үү? Үе үеийн ах нарынхаа гаргасан гажуудлыг “паартай гавлаад өшиглөх” чадал түүнд байгаа юу? 

Шударга бус байх нь муухай. Гэтэл шударга бусаар их явчихаар “шударга байх нь муухай” харагдаад, эсэргүүцэлтэй тулгардаг. Үүнийг л зөв явахад цөвүүн цаг гээд байгаа юм. 

Хэцүү дээ, Монгол улс муу явахын хэрээр өөрөө сайн явдаг тэр хүмүүсийн ашиг сонирхлыг давах уу? 

Гагцхүү, Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ, эрх баригч нам санаа нийлж чадвал цөвүүн цагт ч зөвийг хийж чадах. 

Төр, засгийн оройд байгаа хүмүүс улс орноосоо эргэлтийн эцсийн цэгээс нь зөв тийш нь эргүүлэхийг үнэнээсээ чармайж эхэлсэн юм болов уу? 

Хүн өөрчлөгдөх хэцүү, хүний өөрчлөлтийг хүлээж авах түүнээс ч хэцүү. Үнэхээр л тэд өөрчлөгдөж байгаа бол бид ч өөрчлөгдөх хэрэгтэй болох нь... Гэхдээ жаахан харна аа.

Б.Цэнддоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top