x

Ноён уулыг төрийн тахилгатай болгох зарлиг буулгалаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай 81 дүгээр зарлигийг гаргалаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 81 ДҮГЭЭР ЗАРЛИГТ:

“Монголчуудын өвөг Хүннү дээдсийн алтан шарил, мөр улбааг хэвлийдээ хадгалсан өлгий дагшин нутаг, эх түүхийн голомт болсон өнө эртний тахилгат хайрхан Ноён уулыг дээдлэн шүтэх, Тулгар төрийн түүх шастир, өв соёлыг хайрлан хамгаалах, үндэсний үзэл дархлаа, ухамсар бахархлыг дэвжээн дэлгэрүүлэх зорилгоор иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдаас гаргаж буй саналыг дэмжиж, монгол түмний үеийн үед улираан хадгалсаар ирсэн заншил соёл, урьдын журмыг баримтлан, төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэж,

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

  1. Монголын Тулгар төр Хүннү гүрэн байгуулагдсаны 2230 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Ноён уулыг төрийн тахилгатай болгосугай.

  2. Монголын Тулгар төр, Хүннү дээдсийн түүх цадиг, өв соёлыг судалж тогтоох, хадгалж хамгаалах, сурталчлан таниулах ажлыг гүнзгийрүүлэх, өргөжүүлэхийг төрийн ба төрийн бус, эрдэм шинжилгээний болон түүх соёлын байгууллагууд, ард иргэдэд уриалсугай” гэжээ.

Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг төрийн зарим байгууллагад гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд боллоо.

Ёслолд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Жамбалсүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн оролцож, зарлигийн хувийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга "Монголчууд аа,

Түүх, соёлын өв, байгаль орчныг хамгаалах үүрэг бүхий төрийн албан хаагчид, албан тушаалтнууд аа,

Миний бие хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу Хүннү гүрэн байгуулагдсаны 2230 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уулыг төрийн тахилгатай болгох зарлиг буулгалаа. Хүлээн авагтун!

Ноён уул бол монголчуудын өвөг Хүннү дээдсийн алтан шарил, мөр улбаа, төрт ёсны 2200 жилийн түүхэн баримтыг хэвлийдээ хадгалсан өлгий дагшин нутаг, эх түүхийн голомт болсон өнө эртний тахилгат хайрхан билээ.

Бидний өвөг дээдэс Хүннү гүрний өв соёлыг хадгалсан Ноён ууланд орших  булшийг 1912 онд “Монгол-Ор” нийгэмлэгийн техникч А.Баллод гэх хүн олсныг судлахаар 1924 онд Оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Төвдийн газар зүйн шинжилгээний анги ирж, Ноён ууланд Хүннүгийн 200 гаруй булш байгааг тогтоосон байна.

Ноён уулын баруун талын Сүжигт, өмнөд талын Журамт, зүүн талын Хужирт амнуудад нийт 250 орчим булш бий. Ноён уулын дурсгал нь дараах асуудлуудад хариу өгснөөрөө бидэнд онцгой ач холбогдолтой билээ. Эдгээрийг дурдвал:

  1. Хүннүгийн угсаатны бүтэц, угсаа гарвал;

  2. Нийгмийн бүтэц, Төрийн зохион байгуулалт;

  3. Хүннүгийн түүхийн он цаг, дараалал;

  4. Хүннүгийн амьдрал, аж ахуйн хэв маяг;

  5. Хүннү гүрний газарзүйн байрлал;

  6. Ази, Европын улсуудтай тогтоосон Хүннү гүрний харилцаа зэрэг юм.

Өнөөг хүртэл Хүннү гүрэнд хамаарах 7,000 гаруй булш олдсоны ихэнх нь, гол төлөв язгууртан ихэс дээдсийн булш манай улсын нутаг дэвсгэрт байна. Энэ нь Монгол бол Хүннү гүрний үндсэн нутаг, Засаг захиргааны төв гарцаагүй мөн болохыг нотолж байгаа юм.

Ноён уулын язгууртны булшнаас илэрсэн хүн судлалын хэрэглэгдэхүүн, малгай, дээл, хувцас, оршуулгын зан үйл зэрэг нь Хүннүгийн залгамж хойч нь монголчууд бид ч мөн болохыг генетикийн болоод соёлын хувьд бат нотолжээ.

Учир иймд монгол бидний дээд язгуур Хүннү гүрний түүх, соёлыг агуулсан, байгалийн үзэмжит тогтоц бүхий эртний түүхт Ноён уулыг байгаль, түүхийн дархан газар хэмээн үзэж, монгол түмний үеийн үед улираан хадгалсаар ирсэн заншил соёл, урьдын журмыг баримтлан, төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэж энэхүү зарлигийг гаргалаа. Тахилга нь зан үйл төдий зүйл биш юм. Энэ бол байгаль, соёл, эх түүхээ хайрлах, хүндэтгэх, хамгаалахыг үеийн үед сануулж, төрийн санах ой, бодлого болгон хойч үед дамжуулж байдаг цогц үйл ажиллагаа юм. Эртний энэ сайхан уламжлалын дагуу Ноён уулыг төрийн тахилгатай болгож байна.

Төрийн албан тушаалтан, үүрэгтнүүд ээ,

Ард иргэд ээ,

Бидний түүх соёл бол монголчуудын уг язгуур, мөн чанар, ижилсэл болон ялгааг илтгэх, хүндлэл бахархлын үндэс суурь юм. Соёл түүхийн агуу их гэрч, нотолгоог хадгалж, агуулж ирсэн Ноён уулыг хамгаалах нь иргэн бүрийн, монгол хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг ухаарч, хүлээн авагтун.

Мөнх тэнгэрийн хүчин дор язгуур дээдсийн сүлд хийморь биднийг ашид ивээж, Монгол Улс, Монголын соёл түүх өнөд оршиг!” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 12 цаг 15 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 14 цаг 15 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 14 цаг 26 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 17 цаг 3 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 18 цаг 36 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 19 цаг 18 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 19 цаг 24 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 19 цаг 32 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 19 цаг 37 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 19 цаг 41 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 19 цаг 48 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 19 цаг 58 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 20 цаг 7 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 20 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо
Top