x

Ц.Оюунгэрэл: АН шиг нээлттэй мөртлөө АН-аас илүү ёс зүйтэй системийг бүтээхийг хүсч байна

"МАН бол төрийн системээр дамжин хүмүүсээ тэтгэж, данхайлгаж системээ авч явдаг нам"

УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах АН-ын дотоод сонгуулийн үйл явж хэрхэн болж өнгөрөв?

-АН маань их л хүнд байдалд байна. Ер нь түүхэндээ сонгуулийн өмнө ийм байдалд байж үзсэн тохиолдол байхгүй байх. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш 31 жилийнхээ түүхэнд хамгийн хүнд ээдрээтэй нөхцөлд энэ жил тулж ирлээ. Би нэр дэвшигчийг тодруулах цахим сунгаанд орсон. Өмнө нь намын даргыг тодруулах цахим сунгаанд орж байсан. Тэр сунгаанд ороод цахим сонгуульд орж болох юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болсон.

Гэтэл хоёр дахь цахим сунгаанд урьд өмнө таамаглашгүй хоёр том алдаа гарсан. Тиймээс сонгуулийн нийт дүн нь намын нийт гишүүдийн болон өрсөлдөж байгаа бидний хувьд цочирдмоор шийдвэр гарсан. С.Эрдэнэ гэдэг хувь хүний сонгуульд өрсөлдөх эрх, эрх чөлөөг хүндэлж байна. Гэхдээ тэр хүнд тийм их санал авах бололцоогүй үед маш их санал авсан. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй, луйвар болсон гэж харж байна.

-АН-ын дотоод маргаанаас болоод Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нэр дэвшигч тодорлоо. Хэн нь улс төрийн энэ сонгуульд өрсөлдөх вэ. Санал хураалтад аль талд нь их гишүүн оролцсон байна гэдгээс хамаарах уу?

-Н.Алтанхуяг даргын тодорч гарч ирсэн цаасан сонгууль ч мөн процедурын хувьд маш их алдаатай болсон. Тухайлбал, саналын нууцлал хадгалах хувь хүний эрх, эрх чөлөө гэдэг талаасаа маш их алдаатай болсон. Тэр сонгуульд би оролцоогүй учраас доторх нарийн процедурыг нь яримааргүй байна. Гэхдээ нэг хүн нэг санал өгөх, саналаа нууцаар өгөх наад захын эрх нь огт хангагдаагүй байдалд болсон. Тиймээс энэ хоёр сонгуулийн дүнг хоёуланг нь хүлээн зөвшөөрөхөд маш түвэгтэй. Н.Алтанхуяг даргын нэрийг тодруулаад байгаа Үндэсний бодлогын хороо яаж хуралдаж, хэрхэн дүнгээ гаргасныг сайн мэдэхгүй байна. Тиймээс тэр сонгуулийн нөхцөл байдлыг төгс тайлбарлаж чадахгүй.

Цахим сонгуульд өөрөө биечлэн оролцсон учраас нэг хүн нэг санал өгөх нь программ хөгжүүлэлтийн явцад алдагдсан гэж үзэж байгаа. Зарим хүмүүст 4-5 мессэж очсон. Зарим хүмүүст очсон код нь хэдэн зуун удаа санаа өгөх боломжтой гэх мэтээр алдаанууд олон бий.

-Хэний буруугаас, юунаас болоод АН ийм байдалд орчихов. Та юу гэж дүгнэж байна. С.Эрдэнэ даргын буруугаас уу?

-Нэг хүний буруу гэж үзэх хэцүү. Дан ганц нэг хүн рүү буруугаа чихэх боломжгүй. АН-д үүсээд байгаа одоогийн нөхцөл байдал маш олон хүний олон жилийн намын дүрмийг цөөхөн хүний эрх мэдэлд зориулж мушгин гуйвуулах үйл ажиллагаа ар араасаа явагдсаны нөлөө. Тиймээс энэ бол манай нам дахь системийн гажуудал. Олон жилийн олон хүний хувийн тоглолтын үр дүн.

Ийм учраас одоо нөхцөл байдлыг засахад маш түвэгтэй. Одоо бол нам дотроо засч чадахгүй байгаа зүйлийг магадгүй төр дээр засах боломжтой. Тэгэхээр төр тамга, бүртгэлийн асуудлыг нэг талд нь гаргах замаар манай намын асуудлыг аль нэг талд нь хүчээр шийдэх ийм л гарц байна.

-Төр гэдгээр та аль байгууллагыг хэлж байна?

-Улсын Дээд шүүх, Дээд шүүхийн бүртгэл байна. Шүүх дээр байгаа тамганы маргааны асуудал нэг талд шийдэх, Сонгуулийн Ерөнхий хороо аль нэг нэр дэвшигчийг нь бүртгэж авах гэх мэтээр ямар нэгэн байдлаар төрийн институци орж байж асуудал нэг талд гарахуйц болтлоо хуваагдчихсан байгаа шүү дээ. Ингэж асуудлыг шийдэж болох юм.

Гэхдээ энэ нь намын гишүүдийг эвлэлдэн нэгдүүлж, нэг санаатай болгочихно гэсэн үг биш. Гишүүд дүрэм журам, зарчим дээрээ нэгдэх хэрэгтэй. Тэр нь маш удаан процесс л доо. Энэ процессыг давж чадах хүн хэд байна, хэдэн гишүүн энэ процессыг хүлээж тэвчих вэ гэдэг нь тусдаа асуудал.

-Цахим сунгаанд оролцсон бүх гишүүд шударга бус, луйврын сонгууль болсон гэж хэлж байна л даа?

-Р.Амаржаргал гишүүн бид хоёрын ярьж байгаа зүйл нь намын доторх процедурын маргаан. Намын доторх процедурын маргааныг аль ч шүүх авч хэлэлцэхгүй. Захиргааны шийдвэр гэдгийг би түрүүн СЕХ хуульд заасан захиргааны бичиг баримтаа л шаардана. Хуульд заасан гол бичиг баримт нь намын төлөөллийн төв байгууллагын нууц санал хураалт, түүний тогтоол байгаа шүү дээ. Тэгэхээр манай Үндэсний бодлогын хороо хууль ёсны дагуу хуралдаж, саналаа хураагаад нууц санал хураалтын дүнг тогтоолтойгоо явуулахад бүртгэж авах ёстой.

Хэдийгээр бидний сунгаа маргаантай болсон ч гэсэн тэр сунгааны маргаанд Үндэсний бодлогын хороо өөрсдийнхөө санал хураалтыг явуулаад шийдвэрээ гаргачихсан бол төрд манай намын дотоод хэрүүл хамаагүй. Бид хоёрын ярьж байгаа зүйл бол манай нам дотор ийм зүйл боллоо шүү гэдгийг хэлсэн намын дотоод маргаан гэж ойлгож болно. Захиргааны шийдвэрт нөлөөлөхгүй гэж бодож байна.

-Өнөөгийн түвшинд манай улсад ямар Ерөнхийлөгч үгүйлэгдэж байна. Тодорсон нэр дэвшигчид дотроос харахад сонголт байна уу?

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа сонголтууд дотроос тэр гээд хараад хэлэхэд хэцүү юм. Ерөнхийдөө Ерөнхийлөгчид төрөөс оноосон гол үүрэг нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа ойлгодог, мэддэг, Монгол Улсын ард түмний эв нэгдлийг хангах үүрэгтэй. Тэгэхээр нэгдүгээр шаардлага ард түмэндээ бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн байх. Тэр нь 50 дээр нэмэх нь нэг буюу ард түмний олонх нь хүлээн зөвшөөрч саналаа өгсөн хүн байх ёстой. Олонх нь хүлээн зөвшөөрч саналаа өгсөн хүн олонхын үзэл бодлыг илэрхийлэх ёстой.

Гэвч сонгогдсон Ерөнхийлөгч аль болох хямралын менежмэнтийг сайн хийж чаддаг, ямар нэг хямралаас ард түмнээ эв найртай, эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихгүй төрийн механизмуудыг зөв ажиллуулчихдаг ийм хүн байгаасай гэж бодож байна. Төрийн тэргүүн хүн төрийн механизмуудыг буруугаар ашигладаггүй, өөрийнхөө хувийн ашиг сонирхолд ашигладаггүй хүн байх ёстой. Нийтийн баялаг хувийн ашиг сонирхолд ашигладаггүй тийм хүн байх ёстой. Нийтийн баялаг хувийн ашиг сонирхол хоёрыг өөртөө ашиглаж, өөрийн давуу тал болгож ашиглаад байдаг хүн төрийн жолоон дээр сууж болохгүй гэсэн санаа бодолтой байдаг.

-Та мэдэгдэлдээ цаашид нэг ч цаг, нэг ч өдрийнхөө хөдөлмөрийг АН-д зориулахгүй гэж дурдсан байна лээ. Ямар шалтгаанаар ийм мэдэгдэл гаргав?

-Цааш цаашдынхаа ажлыг залуучуудад зориулна гэж мэдэгдсэн. Өнөөдрийн АН, МАН шиг намууд руу залуучууд цаашид элсвэл “хөдөлмөрийн” маш хортой нөхцөл рүү орох гээд байна.

Өөрөөр хэлбэл, улстөрч болох гэж байгаа ирээдүйн залуучуудад маш тохиромжгүй дүрэм журам, санхүүжилт, босготой, ёс зүйн хувьд нэлээн ялзарсан систем тогтож ужгирсан байна. Энэ системийг залуучууддаа ээлтэй, ирээдүйд ёс зүйтэй хариуцлагатай, цэвэр хүн улс төр хийж болдог орчинтой болгохын тулд би цагаа тэрэнд зарцуулъя, дүрэм журмыг бичилцье, залуучуудад ирээдүйд улс төрийн орчинг сайжруулж өгье гэж бодож байна.

Улс төрийн сонгууль, марафон дууссаны дараагаар ажлын эхний өдрөөс эхлэн цаашдаа залуучуудад улс төрөө зөв хийхэд нь тохиромжтой талаарх намын шинэ дүрмийг бичээд сууж байна.

-Тэгэхээр шинэ нам байгуулах гэж байна гэж ойлгож болох уу?

-Энэ дүрмийг ашиглаж шинэ намын орчинд залуучууд үйл ажиллагаа явуулах боломжтой болно гэсэн үг.

-Таныг АН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж байна гэж ойлгох уу?

-Энэ талаар өнөөдөртөө бодож эхлээгүй байна. Яг өнөөдөртөө миний бодож байгаа гол зүйл бол мартаагүй байгаа дээрээ АН-ынхаа алдаанаас буулгаж авах, энэ алдаанаас сургамжилсан залуучуудад зориулсан шинэ улс төрийн орчныг системчлэх, шинэ дүрмийг бэлтгэх ажлыг хурдан хийе гэж бодож байна.

Хүмүүс их андуураад байдаг. МАН, АН-ын дүрэм залуучуудад ээлгүй ч гэсэн ХҮН-ын дүрэм ээлтэй байж магадгүй гэж андуураад байна л даа. Яг үнэндээ ХҮН бол хаалттай систем. Олон залуучууд орж болохооргүй хаалттай ажиллагаатай систем. МАН бол анхнаасаа л маш хаалттай системтэй байсан. Гэхдээ маш хяналттайгаар тэлдэг. Тэлсэн ч тэлээд орж ирж байгаа гишүүдийг үүрэггүй, эрх чөлөөгүй байлгаж, төрийн системээр дамжиж тэр хүмүүсээ тэжээж тэтгэж, данхайлгаж системээ авч явдаг нам.

АН бол ерөнхийдөө нээлттэй систем. Хамгийн эрх чөлөөтэй орчинд иргэд эвлэлдэн нэгдэх боломжтой орчин мөртлөө энэ эрх чөлөөтэй нээлттэй системийг маш их хувь хүний явцуу эрх ашигт тааруулж эрэг шургыг нь сольсоор байгаад ардчилсан гэдэг нь танигдахгүйгээр мутацид орчихоод байна.

Тиймээс миний мөрөөдөл АН шиг нээлттэй, хувь хүний эрх чөлөөг хангах боломжтой мөртлөө ёс зүйтэй зөв ажиллаж чаддаг ийм системийг бүтээхийг хүсч байна. Энэ системийг бүтээж болохуйц дүрмийн төслийг бэлдэж байгаад залуучуудтай хэлэлцэнэ гэж бодож байгаа. Ер нь залуучууд өөрсдийнхөө ирээдүйг ямар нөхцөлд улс төрөө хиймээр байна, ямар систем дотор хөгжмөөр байна, ямар системийг ашиглаж улс төрийн үйл ажиллагаагаа явуулмаар байна гэдэгт одооноос та нар оролцмоор байна гэж залуустайгаа ярилцаад байж байна.

Намайг мэдээлэл гаргасны дараагаар залуучууд над руу хандаж “Та шинэ нам байгуулах гэж байгаа юм уу. Тэгвэл би орно шүү” гээд бичээд байгаа л даа. Тэгэхээр нь “Юу ч гэсэн эхлээд та нарыг бодоод системийн төсөл гаргая. Би мэдлэг боловсролоо та нарт ингэж л зориулъя. Үүнд яаж ажиллахыг цаг хугацаа харуулах биз гэсэн тайлбарыг өгсөн байгаа.

-АН-аас бус ХҮН-аас ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж танд байсан. ХҮН-ынхантай уулзсан уу. Тэдний саналаас яагаад татгалзав?

-Дөрөвдүгээр сарын 19-нд Т.Доржханд гишүүн “Олон нийтийн санал асуулгаар та эхний тавдугаар байрт гарч ирлээ. Эхний тавд орсон хүмүүстэй ганцаарчилсан уулзалт хийж байгаа юм” гээд намайг урьж уулзсан. Уулзахдаа “Тантай хамгийн түрүүнд уулзаж байна. Та манай намаас танд санал тавьбал дэвших боломжтой юу” гэж асууж байсан. Би тэр үед “АН-аасаа нэр дэвших бол миний эхний зорилт. Нөхцөл байдал, АН сонгуульд оролцох боломжгүй ч юмуу, маш хүнд нөхцөл байдалд орвол танай саналыг бодож үзэхэд би татгалзахгүй” гэсэн хариуг өгсөн.

Гэхдээ үүнээс хойш албан ёсоор холбогдож, бичгээр санал аваагүй. Үүнээс хойш ер нь Т.Доржханд гишүүнтэй дахиж уулзаагүй л дээ. Гэхдээ анхны уулзалтад төрсөн сэтгэгдэл таатай байгаагүй. Ер нь бол таатай уулзалт болоогүй. Маш хүнд яриа болсон. Би ХҮН-ыг их өөрөөр төсөөлж, бодож байсан. АН дотор санхүүжилт, зохион байгуулалт, дүрэм журмын асуудал гээд маш хүнд асуудалтай тулгарч энэ амьдрал дундуур явж байгаад ХҮН-ыг шал өөр нам гэж бодож тэр ярилцлагад орсон.

Тэгэхэд Т.Доржханд гишүүний гаргаж байгаа хандлага, надад тавьж байгаа шаардлага энэ тэр нь ер нь л миний дуулах дургүй дууг буцааж дуулж байгаа юм шиг байдалтай байсан. Маш их мөнгө нэхэх юм байна, нэлээд хаалттай байх юм байна, гол нь залуучуудын хүсээд байгаа орчныг бүрдүүлэх чиглэлд санал нийлэхгүй юм байна гээд нэлээн олон зүйл дээр санал, яриа сайн нийлээгүй. Тиймээс ч би ХҮН-аас дэвшье гэж бодоогүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.76.199)
    шаалтуур авгай
    2021 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (64.119.21.51)
    Zailoo t1 avgai
    2021 оны 05 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баянзүрх дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо 3 цаг 19 мин Сүхбаатар дүүргийн эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт уриалж байна 3 цаг 19 мин Иран улс гал зогсоох хэлэлцээрт Ливаныг багтаах шаардлага тавив 3 цаг 20 мин Улаанбаатар хотын хуучирсан шугам сүлжээг шинэчлэх, засварлах ажил үргэлжилж байна 3 цаг 20 мин Прокурорын байгууллага авлигын 50 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 3 цаг 21 мин Европын Комисс Унгарт олгох зээлээ хойшлуулжээ 3 цаг 22 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны хэлэлцээг дөрөвдүгээр сард эхлүүлнэ 3 цаг 23 мин Насанд хүрээгүй хүүхэд суррон унаж замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно 3 цаг 24 мин Зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн "Цагаан хуаран Консалтинг" ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоов 5 цаг 5 мин ХӨСҮТ-ийн хүүхдийн тасгийг иж бүрэн шинэчлэн засварлалаа 5 цаг 17 мин Дэлхийн хотуудын ердөө 14 хувь нь аюулгүй агаараар амьсгалж байна 5 цаг 21 мин Өвөрмонголын Улаан загалмайн нийгэмлэгээс зудад өртсөн малчдад 200 мянган юань хандивлалаа 5 цаг 23 мин Монголын пара таеквондочид “Турк опен”-оос хос мөнгөн медаль хүртлээ 5 цаг 24 мин Гуравдугаар сарын 28-нд нутгийн хойд хагаст цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 27 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо 5 цаг 28 мин Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд танилцууллаа 5 цаг 30 мин Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй 5 цаг 31 мин Зундарь: Амин насны урсгал 7 цаг 25 мин Химийн хорт бодис хууль бусаар хадгалсан гадаадын иргэн, хуулийн этгээдийг торгожээ 7 цаг 47 мин Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ 7 цаг 48 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Зундарь: Амин насны урсгал Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top