x

Монголоос дэндүү алс харагдах Оскар

Америкийн кино академийн Оскарын шагнал гардуулах ёслол болох дөхжээ. Оскарын наадмын ёслолын ажиллагаанаас өмнө дэлхий нийтийн анхаарлыг татдаг нэгэн чухал номинац байдаг нь 63 жилийн турш “Гадаад хэл дээрх шилдэг кино” нэртэй байснаа өнгөрсөн жилээс “Олон улсын шилдэг кино” нэртэй болсон номинац юм.

Өнгөрсөн жил Өмнөд Солонгосын найруулагч Бон Жон О Оскарын наадамд “Шимэгч” киногоороо бөмбөг тэсэлж, Олон улсын шилдэг кино номинацад Оскар хүртээд зогсохгүй, Шилдэг киногоор тодорсон. Энэ нь түүхэндээ анх удаа. Өмнө нь англи бус хэл дээр бүтээгдэж, АНУ-ын хилийн гадна нээлтээ хийсэн бүтээлүүд “Гадаад хэл дээрх шилдэг кино” хэмээх номинацад өрсөлддөг байлаа. 

74 жилийн түүх

Энэхүү номинацыг Америкийн кино академи 1947 оноос хойш өрсөлдөөнгүй, хүндэтгэлийн шагнал хэлбэрээр тодруулж эхэлсэн. Анхны болон гурав дахь шагналыг нь Италийн неоралист найруулагч Витторио Де Сика “Гутал тослогч”, “Дугуйн хулгайч” бүтээлүүдээрээ авч байв. Хожмоо тэрээр “Өчигдөр, Өнөөдөр тэгээд маргааш”, “Финзи Континигийн цэцэрлэг” кинонуудаараа өрсөлдөөнт номинацаас ахин хоёр Оскар авсан байдаг. Акира Курасова домогт “Рашомон” киногоороо мөн л хүндэтгэлийн Оскар хүртсэн. 

1956 оноос энэ номинац албан ёсоор өрсөлдөөнтэй болж “Гадаад хэл дээрх шилдэг кино” хэмээн нэрлэгдсэн. Анхны хоёр Оскарыг Федирико Феллини алдарт “Зам”, “Кабириагийн үдэш” кинонуудаараа дараалан авч байв. Агуу их Феллини энэ номинацад 12 киногоороо нэр дэвшиж, дөрөвт нь Оскар хүртсэнээрээ түүхэн амжилтыг эзэмшдэг байна. Үүнээс хойш Ингмар Бергман, Сергей Бондарчук, Луи Бунуэль, “Чонон сүлд” киног найруулснаар нь бидний мэдэх болсон Жан Жак Ано, монголчуудын сайн мэдэх “Диваажин кино театр” киногоор Жюзеппе Торнаторе гэх мэт орон бүхний үзэгдэл болсон найруулагчид Оскар хүртэж байжээ. 1947 оноос хойш Америкийн кино академиас гадаад хэл дээх кинонуудад гардуулсан далан хоёр шагналаас тавин долоог Европын кино авчээ. Долоон нь Азийн кинонууд, тавыг нь Америк тивийн, гурав нь Африкийн кино авсан байна. 

Манай хоёр хөрш

Хойд хөршөөс монгол үзэгчдийн сайн танил Никита Михалков 1992 онд “Урга” киногоороо энэ номинацын богино жагсаалтад шалгарч, хоёр жилийн дараа “Наран дор зүдрэгсэд” бүтээлээрээ Оскар авч байлаа. Манай “ардын кино” болсон “Амьдрал нулимсанд дургүй” кино ч 1980 онд Акира Курасова, Франсуа Трюффо нарын сонгодгуудыг алгасан Зөвлөлтөд Оскар авчирсан билээ. Хятадын кинонууд энэ номинацид 40 гаруй жил оролцсон ч гурван удаа л нэр дэвшигчдийн листэд кино нь шалгарчээ. Тэр гурав нь Хятадын тавдугаар үеийн найруулагч Чан Кайгөгийн Бээжин дуурийн 200 жилийн ойд зориулж хийсэн нүсэр төсөл “Баяртай амраг минь”, Жан Имоугийн “Жү Доу”, “Баатар” кинонууд. Гэхдээ эх газраас биш Тайваний найруулагч Ан Ли л 2000 онд алдарт “Нуугдсан бар, гэтсэн луу” киногоороо Хятад хэлтнүүдээс анх Оскар авчээ.

Оскарт хүрэх үе шат

Оскарын шилдэг гадаад киноны номинац гурван үе шаттай тодордог. Эхний үе шат нь улсуудын эрх бүхий нэг байгууллагаас өөрийн шилдэг киногоо Оскарт илгээнэ. Илгээх кино нь тухайн жилдээ улсдаа нээлтээ хийсэн байх ёстой. Ийнхүү улс орон бүхнээс шалгарч ирсэн 100 гаруй киноны нэгдсэн жагсаалт (submission list) гардаг. Энэ жагсаалтад орно гэдэг нь улс орноо төлөөлж буй л хэрэг болохоос Оскарт нэр дэвшсэн хэрэг биш юм. Манай киночид үүнийгээ мэдсэн ч мэдээгүй царайлж, киногоо Оскарт нэр дэвшсэн гэж дотооддоо маркетинг хийхийг оролддог нь үнэндээ үзэгчдээ хуурч буй хэрэг юм. Америкийн кино академиас томилогдсон комисс улс орнуудаас ирүүлсэн кинонуудыг үзэж богино жагсаалтад 10 киног шалгаруулна. Энэ жагсаалтаас нэр дэвшигчийн жагсаалтад бичигдэж, Оскарын тайзнаа дуудагдах шилдэг кино шалгардаг. 

Ийнхүү нэр дэвшинэ гэдэг нь киночдын хувьд томоохон үйл явдал мөн. Манай киночдоос энэ даваанд гарч ирсэн тохиолдол байхгүй. Харин найруулагч Даваагийн Бямбасүрэнгийн “Ингэн нулимс” бүтээл 2004 онд өөр номинац болох баримтат киноны төрөлд богино жагсаалтад бичигдэж, улмаар шилдэг таван киноны нэгээр нэрлэгдэн Оскарын тайзнаа нэр дэвшиж байлаа. Израйлчууд энэ маягаар 53 жилийн турш кинонуудаа илгээхэд 10 кино нь нэр дэвшигчдийн жагсаалтанд бичигдсэн ч нэг ч удаа Оскар өргөж амжсангүй. Португальчууд 34 жил киногоо илгээсэн ч нэг ч кино нь нэр дэвшигчдийн нэгээр тодорч байсангүй. Өмнөд Солонгосчууд ч ялгаагүй 32 жилийн турш шилдэг киногоо Оскарт сойсны эцэст нэг л удаа нэр дэвшигчдийн жагсаалтанд шалгарч чадсан нь өнгөрсөн онд Оскарт бөмбөг тэсэлсэн “Шимэгч” кино юм.

Монголчууд Оскарт хэрхэн оролцож ирэв?

Энэ жилийн 93 дахь удаагийн Оскарын “Олон улсын шилдэг уран сайхны кино” номинацад нийт 97 улс кино ирүүлснээс 93-ыг хүлээн авч, жагсаалтад бүртгэжээ. Энэ жил Лесото, Судан, Суринам гэсэн гурван улс анх удаа кино ирүүлжээ. Сонирхолтой нь, Бутан улс хамгийн сүүлд ирүүлснээсээ 21 жилийн дараа “Lunana: A Class in Classroom” хэмээх кино ирүүлсэн ч жагсаалтад бүртгэх боломжгүй гэж үзжээ. Манай улсын хувьд Оскарын “Олон улсын шилдэг кино” номинацад оролцсон түүх Бутанаас арай дээр ч, бусад улсуудтай харьцуулахад богинохон. Казахстан л гэхэд энэ номинацад 15 жил киногоо илгээхэд хоёр удаа богино жагсаалтад шалгарч, нэг удаа удаа нэр дэвшжээ. Нэр дэвшсэн кино нь Сергей Бодровын алдарт “Монгол” кино. “Монголын кино урлагийн академи” хэмээх байгууллагаас анх 2003-аад онд “Ингэн нулимс”, 2005 онд “Шар нохойн там” киног Оскарт илгээж байв. Цагтаа Т.Ганди хэмээх улстөрч удирдаж байсан энэ академи тэгсгээд сураг тасарсан.

Үүний дараа 2009 онд Андрей Борисов гэдэг найруулагчийн “Чингис хааны зуун” хэмээх кино Оскарт Монголын нэрийн өмнөөс бүртгүүлж байжээ. “Монголын үндэсний кино хороо” хэмээх сүржин нэртэй байгууллагын тэргүүн, Ерөнхийлөгчийн киноны салбар хариуцсан орон тооны бус зөвлөх М.Оргил уг кинонд туслах дүр бүтээжээ. 2017 оноос харин Монголоос киногоо тогтмол илгээж эхлээд байна. 2017 онд “Чингисийн хүүхдүүд”, 2019 онд “Хийморь”, 2020 онд “Алтан судал” кинонуудыг Оскарт илгээжээ.

Энэ жилийн Оскар аль улсад очих бол?

Энэ жилийн богино жагсаалтыг өнгөрсөн хоёрдугаар сарын 9-нд зарласан. Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан арав биш арван таван киног шалгаруулсан. Манай улсыг төлөөлөн өрсөлдсөн найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино богино жагсаалтанд шалгарч чадсангүй. Ер нь жил жилийнхээ Оскарын гадаад киноны богино жагсаалтыг сонирхчиход гэмгүй. 

Таамаг:

Варьэти, Индивайр зэрэг сайтууд Каннын кино наадмын үеэр өндрөөр үнэлэгдэж, кино од Мадс Миккелсений гол дүрийг нь бүтээсэн “Аnother round” киног энэ жил Оскар авах гол өрсөлдөгчөөр нэрлэсээр байгаа. Уг кинотой хамгийн ойр өрсөлдөөн үзүүлэх киногоор дайны үед Сербийн жижиг тосгонд ажиллаж буй НҮБ-ын орчуулагчийн тухай өгүүлэх Боснийн найруулагч Жасмилья Збаничийн “Quo Vadis, Aida?” киног нэрлэж байна. Энэ жилийн хувьд цахиур хагалж, улсаасаа анх удаа нэр дэвших шатанд нэрлэгдсэн Тунисын найруулагч Бен Ханиагийн “The Man Who Sold His Skin” кино ч шууиан тарихыг үгүйсгэхгүй.

Оскарын бариа Монголоос хол...

Монгол Улсад кино урлагийг хөгжүүлэх талаар сүүлийн үед ихээр ярих болжээ. Ингэхийн тулд төр ч, кино урлагийн салбарын уран бүтээлчид ч өнөөдрийн амиа аргацаасан хандлагаар ажиллавал монголчуудын өмнө Оскарын бариа хол. Юун түрүүн Монголын киночдод эрх ашгаа хамгаалах, асуудлаа хэлэлцэх нэгдмэл байгууллага алга. Нэгэн зураглаач залуу “Оскарт кино нэр дэвшүүлэх эрхтэй болчихлоо” хэмээн цээжээ дэлдэн харайлгаж явсан цаг саяхан. Учир мэдэх хүнд бол элэг хөшмөөр л хэрэг. Оросод ВГИК буюу Бүх холбоотын кино урлагийн дээд сургууль төгссөн хүмүүс нэгдэж байгуулсан гэж өөрсдийгөө өргөмжилдөг Монголын үндэсний кино урлагийн академи гэж бий.  Соёл, спорт, аялал жуулчлалын яамны газрын дарга асан, Ерөнхийлөгчийн зөвлөх М.Оргилын удирддаг “Монголын үндэсний кино хороо” гэж бий. Монголын кино урлагийн зөвлөл ч гэж бий. Монголын продюссерүүдийн холбоо ч гэж бий. Монголын үндэсний хүүхдийн кино академи гэх мэт эрүү салж унамаар урт, сүртэй байгууллага, үзэгчдээ залхаасан кинонууд шигээ олноор байгуулагджээ. 

Дагнан үүсгэн байгуулагчдын эрх ашгаас уяатай эдгээр байгууллагууд Монголын киночдыг нэгтгэж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон. Ингэхээр киноны мэргэжлийн салбар бүрээр дагнасан дэд хороодтой, кино академийг өөрсдийн амбицаа хойш нь тавиад байгуулах цаг нь болсон санагдана. Төр нь намынхаа даргад хэдэн тэрбумаар нь киноны төсөв шийдчихээд, эсвэл урлагт цензур тавих заалттай хууль хэдэн найруулагчтай сууж боловсруулчихаад ажил хийсэн царайлж суумааргүй байна. Асуудлаа ил хэлэлцэхгүй, дор дороо эгогоо тэжээсээр суувал монгол үзэгчид ч хэвшмэл зохиомж, ядмаг зохиолтой дотоодын киноноосоо нэгмөсөн залхаад эхэллээ. Өнөөдөр үзэгчдийг хуураад хэдэн төгрөг олж болно. Үүнийгээ болж байна гэж андуураад хэдхэн жилийн дараа үзэхэд хог гэж үнэлэгдэх бүтээлүүд нийтээрээ үйлдвэрлэсээр байгаа нь гутамшиг. Урлагт үнэний хууль л үйлчилдэг. Үүнийг ухаараагүй бол юунд хүрэх вэ. Монголын кино урлагийн одоогийн байгаа нөхцөлд хүрнэ. Үүнээс илүү дордох түвшин гэж үгүй.

Үргэлжлэл бий...

Я.Баяраа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Н. Жавзандулам (202.21.108.161)
    Үнэнг бичжээ. Манайхан өөрсдөө ойлгодоггүй юм уу би оскарт дэвшчихлээ гэж худал цуурдаг. Мөн Хаа нэгэн газар зохиогдсон кино наадамдмаас аль нэг байгуулагын нэрэмжит өргөмжил авчихаад наадмын шагнал авлаа гээж эмоордог. Яг үнэндээ монгол кино оскараас байтугай өөр наадмаас ч шагнал авах болоогүй. Кино хийж байгаа найруулагч нь санаа , үйл явдлаа ялгадаггүй нэг мундаг санаа байна гээд үйл явдал ярьдаг. Кино зохиолоосоо эхэлдэг. Зохиол санаа\ юү хэлэх \ дараа нь сэдэв тэгээд зохиолын судалгаа зохиолчийн онгод бүрэлдэн тогтох гээд тодорхой үе шатууд бий. Залуу киночид мэрэгжих хэрэгтэй. Кино өөрөө мэрэгжлийн урлаг. Оскар ч мэрэгжлийн үүднээс шүүдэг. Дашрамд хэлэхэд киноны , бас зохиолын үнэ цэнэ хэлж буй санаандаа оршдог. Санаагаа найруулагч хэрхэн ойлгож сэтгэж тавьснаар кино амилдаг
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • З (202.9.40.146)
    Манай орчин үеийн уран сайхны кино гэж биe биeнээ шаараа новшоо гэж дуудсан хоорондоо яриад байгаа хэрэлдээд байгаа нь мэдэгдэхгүй үйл явдал зохиомж муутай харилцан яриа нь хараалаас цааш хэтрэхгүй юм билээ .Хүргэн хүү Энэ хүүхнүүд үү зэрэг кинонуудыг хэд үзсэн ч уйдахгүй Үйл явдлын өрнөл дараа нь юу гарах бүр хэлэх үгийг нь мэдэж байгаа ч гэсэн үзмээр байдаг. Одоогийн кино хийж байгаа залуус хэрүүл маргаан цус ихтэй киногхүмүүс их үзнэ гэж боддог юм шиг байгаа юм. Тэгээд дуртай нь найруулагч хийж чадна гэж боддогнь бас нэг том алдаа.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийг өнөөдрөөс тарааж эхэллээ 13 цаг 32 мин Монгол, Румын Улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов 13 цаг 35 мин Туркийн олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд 16 орны 70 галерей бүтээлээ дэлгэжээ 13 цаг 37 мин Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргав 13 цаг 49 мин Элчин сайд А.Готсурвэ: Газрын тосны үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна 13 цаг 57 мин Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын өвлийн бүртгэл эхэллээ 15 цаг 27 мин Жетро Монголд салбараа нээнэ 15 цаг 43 мин Машинтай жагсагчид төв талбайг бүсэллээ 15 цаг 51 мин Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ? 17 цаг 31 мин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн 17 цаг 41 мин Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо 17 цаг 52 мин Flydubai Израил руу хийх нислэгүүдээ түр зогсоолоо 17 цаг 59 мин АНУ-ын Дээд шүүх 200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахыг зөвшөөрчээ 18 цаг 12 мин Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана 18 цаг 19 мин Азийн наадмаас Х.Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ 19 цаг 12 мин Хүрэн баавгайн үзэгдэлтэй холбоотойгоор иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна 19 цаг 16 мин Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна 19 цаг 28 мин Хатанбулаг сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө 19 цаг 44 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзлаа 19 цаг 54 мин “Айчи-Нагояа 2026”: Анхны алтан медалийг жүдо бөхийн төрөлд К.Ёолк хүртэв Уржигдар 20 цаг 53 мин
iИх уншсан
Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ
Top