x

Прокурорын ярианы задлан буюу Сү.Батболдын эсрэг Баярцогт ажиллагаа

“Өнөөдөр” сонины өнгөрсөн баасан гаригийн дугаарт Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбатын ярилцлага нийтлэгджээ. Эрхэм прокурор энэ ярилцлагадаа “Сү.Батболдын хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа гаднын зургаан орны шүүх дээр зэрэг явагдаж байгаа” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн хэдэн сар “оффшорчин”-гоороо дуудуулж буй УИХ-ын гишүүн Сү.Батболдыг манай хуулийнхан хэзээ мөдгүй мөчийг нь санжуулаад шүүхийн өмнө аваачих гэж байгаа. Түүнд нь туслах гээд дэлхий тэр аяараа Сү.Батболдын эсрэг хөдөлсөн юм байх.

Асуудал яаж эхэлсэн гэхээр, одоогоос гурван сарын өмнө УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын 14 хүнд холбогдох /9 нь гадаад улсын, 5 нь Монголын иргэн/ иргэний хэргийн нэхэмжлэл Баянзүрх дүүргийн шүүхэд очсон юм байна. Прокурор Ц.Насанбат уг нэхэмлэл дээр “Маш нууц” гэсэн тамга дарж хүргүүлснийг хариуцагчийн /Сү.Батболдын/ өмгөөлөгч нар гурван сар хөөцөлдөж байж нууцын зэрэглэлээс гаргуулжээ. Сү.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл дотор төрийн нууцад хамаарах баримт, сэлт бий эсэхийг шалгуулахаар шүүхэд хүсэлт гаргаж, мэргэжлийн шинжээчид нэхэмжлэлийг нягталж үзсэний эцэст “төрийн нууцад хамаарах баримт агуулагдаагүй” гэж үзжээ. Тэр болтол олон нийт Сү.Батболдын эсрэг ямар баримт, үндэслэлээр шүүхэд зарга үүсгэснийг мэдэх боломжгүй байлаа.

Товчхондоо, Сү.Батболдыг ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зэс, молибдений баяжмалыг худалдаалах хууль зөрчсөн гэрээнүүдийг хийх эрх олгож, хуулиар хориглосон нуугдмал ашиг олсон, “Оютолгой” ХХК-ийн өмчлөл менежменттэй холбоотой асуудлаар бусдад давуу байдал олгож, өмчлөх эрх, татвар ногдуулалт, хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бүрдүүлж өгснийхөө хариуд “Туркойз хилл ресурс лимитед” /хуучнаар “Айвенхоу майнз лимитед”/ компанитай холбоотой хувь этгээд, компаниудаас хуулиар хориглосон нөхөн төлбөр авч, ашиг хонжоо хүртсэн гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм байна.

Ер нь бол 2015 онд Прокурорын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр прокурорын байгууллага төрийн нэрийн өмнөөс төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах үүрэгтэй болсон. Ингэхдээ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, төрд учирсан хохирол болон хариуцагчийн гэм буруугийн байдал шүүхээр тогтоогдсоны дараа хохирлыг нөхөн төлүүлэхээр Иргэний шүүхэд хандах эрхтэй.

Жишээ нь, одоогоос жилийн өмнө УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ЖДҮХС-гийн хэрэг шүүхээр шийдэгдсэний дараа /ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар шүүхээс ял авсны дараа/ хууль зөрчиж олгосон ЖДҮ зээлийг эргэн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргуулахаар прокурорын байгууллагад хандсан байдаг. Гэвч тухайн үед прокурор “Зөвхөн төрийн байгууллагын хүсэлтээр шүүхэд нэхэмжлэл гаргана” гэснээр энэ маргаан шүүх дээр очоогүй.

Гэтэл Сү.Батболдын асуудал дээр хохирол нэхэмжлэх эрхтэй төрийн байгууллага буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюутолгой” компаниуд Сү.Батболдын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргуулахаар Нийслэлийн прокурорт хандаагүй, мөн бие даан нэхэмжлэл гаргаагүй гэдгээ бичгээр нотолсон байдаг. Өөрөөр хэлбэл, өмнөх жишээн дээр дурьдсан “төрийн байгууллагын хүсэлтээр” гэдэг хуулийн нөхцөл байдал үүсээгүй, өөрөөр хэлбэл хохирогч байхгүй гэсэн үг. Эхний факт...

Хоёрдугаарт, прокурорын нэхэмжлэлд дурьдсан эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдсэн бол эхлээд хуулийн байгууллага энэ хэргийн араас мөрдөн шалгаж ажиллагаа явуулах ёстой. Гэтэл Ц.Насанбат прокурор сарын өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Сү.Батболдын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан зүйл байхгүй” гэсэн билээ. Энэ хоёр дахь факт.

Харин сүүлд өгсөн ярилцлагадаа оффшор бүсэд компани эзэмшдэг, хууль бус орлогоо нуусан талаарх мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа гэжээ. Мөн эрүүгийн хэрэгт шаардлагатай нотлох баримтыг гадаад улсаас гаргуулж авахын тулд 24 удаа мөрдөгчийн даалгавар, хүсэлт явуулсан гэв. Үр дүнд нь дэлхийн зургаан оронд Сү.Батболдын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа явж байгаа юм байна гэх ойлгохоор.

Гэвч харамсалтай нь дэлхийн бусад орны шүүх /уг нь манай шүүхийн шаардлага ч гэсэн тийм/ гэмт хэрэг үйлдэгдсэн, түүний улмаас ашиг олсон баталгаатай нотлох баримт байхгүй тохиолдолд хүний өмчийг битүүмжлэх, царцаах тухай ойлголт байхгүй л дээ. Манай хууль, шүүхийн байгууллага Сү.Батболдын эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулаад гэмт хэрэг үйлдсэнийг нотлоод, гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогыг тов тодорхой тогтоосон тухай "үндэслэл бүхий нотлох баримт" гаргаж өгсний дараа, түүнийг олон талаас нь нягталж шалгасны эцэст дээрх ажиллагааг явуулдаг. Түүнээс биш улс төрийн шахалтаар тавигдсан нэг прокурор эзнийхээ даалгаврыг гүйцэтгэхийн тулд иргэний нэр барьж шүүхэд нэхэмжлэл гаргаад, түүнийг нь нотлох баримт болгоод хөрөнгө битүүмжилнэ гэж байхгүй. 

Тэгэхээр прокурорын орлогчийн хэлсэн зургаан улсын шүүх дээр хөрөнгө царцаах, битүүмжлэх ажиллагаа явагдаж байгаа гэдэг ч гэсэн хуудуутай мэдээлэл болж таарлаа.

Гурав дахь Монголын Засгийн газрыг төлөөлж /Засгийн газрыг төлөөлөөгүй гэдэг нь сүүлд тодорхой болсон/ Нью Йорк мужийн шүүхэд нэхэмжлэл гаргасан “King and Spalding” хуулийн фирм өнгөрөгч оны 12 дугаар сард нэхэмжлэлээ буцаан татжээ. Бодвол манайд "Засгийн газрын нэрийн өмнөөс хуурамчаар баримт бүрдүүлсэн" асуудал мандсанаас болсон байх л даа. Тус фирм шүүхэд хандаж "Сү.Батболд нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг аль ч талд аливаа зардал, хохиролгүйгээр бүхэлд нь зогсоож буйгаа" бичгээр мэдэгдсэн байдаг. Нэг удаа нэхэмжлэлээ татан авсан бол уг асуудлаар хоёр дахиа нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн үг. Тэгсэн тохиолдолд уг хуулийн фирмийн нэр хүндэд асар хохиролтой тусна. Шүүхийг үл хүндэтгэсэн хэмээн үзэж шүүхэд төлөөлөх эрхийг хасах асуудал хүртэл асуудал яригдана.

Тэгэхээр Х.Нямбаатар сайдын Л.Оюун-Эрдэнийн танхимд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар улирдаг өдрөө үйлдэж, “Кинг энд Спалдинг” хуулийн фирмэд хаягласан Монгол Улсын эрх ашгийн өмнөөс Нью Йорк мужийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ сэргээхийг” хүссэн албан бичиг эзэндээ хүрээгүй ч байж магадгүй. Учир нь тус хуулийн фирм энэ асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Харин Х.Нямбаатарын илгээсэн энэ “хайрын захиа” өөрийг нь сайдаар үлдээсэн эзэндээ зориулсан, “Монголын Засгийн газар шүүхийн нэхэмжлэлийг дэмжиж байгаа шүү” гэж олон нийтэд харуулах л гэсэн зүйл байх.

Эцэст нь хэлэхэд Сү.Батболд гэдэг хүн гадаадад хичнээн тооны, хэдэн сая доллараар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй гэдгийг бид мэдэхгүй. Прокурорын орлогч хэлэхдээ "Англид 20 сая, Хонконгод 30 сая, Сингапурт нэг сая, Жерсид 16 сая ам.долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, царцаах ажил хийгдэж байгаа" гэсэн байна лээ. Мөн оффшор бүсэд компани байгуулсан нь 2005-2006 оны асуудал юм байна. Өөрөөр хэлбэл, Сү.Батболдыг Ерөнхий сайдын албан тушаалд томилогдохоос өмнө болсон үйл явдал.

Товчхондоо, түүний хөрөнгөжсөн байдал нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хууль зөрчиж хийсэн худалдан авалтын гэрээ, Оюутолгойн хөрөнгө оруулалттай огт хамаагүй болж байна. Харин тэр нэр дурьдсан оффшор компаниуд нь одоо болтол Сү.Батболдын нэр дээр, эсвэл түүний хамаарал этгээдийн эзэмшилд байдаг бол тэр нь огт өөр асуудал. "Оффор бүсэд компани байгуулсан, данс эзэмшсэн бол түүнийгээ УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэгт бичих” тухай Сонирхлын зөрчлийн хуулийг /Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай/ зөрчсөн асуудал болно.

Өмнө нь 2012 оны сонгуулийн дараа С.Баярцогт гишүүн оффшор бүсэд данс эзэмшсэн асуудлаар УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдөж байлаа. Түүний 2007 онд байгуулсан оффшор компанийн данс 1,8 мянган долларын үлдэгдэлтэй байсан нь илэрч, УИХ-ын гишүүнээс огцруулах асуудал хөндөгдсөн ч өөрийн хүсэлтээр УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдөөд өнгөрсөн билээ. Тухайн үед Монгол Улсын хуульд оффшор бүсэд компани байгуулах, данс эзэмшихийг хориглосон заалт байгаагүй учир хуулийн хариуцлага хүлээлгэх боломж байсангүй. Үүний дараа л хуульд өөрчлөлт оруулсан байдаг.

Гэвч тэр үеэс эхлэн С.Баярцогтыг “Оюутолгойн гэрээг байгуулсныхаа төлөө хөрөнгө оруулагч нараас авилга авсан" /гэрээ байгуулсан нь 2009 он. С.Баярын Засгийн газар байгуулагдаж, Оюутолгойн гэрээг ярьж эхэлсэн нь 2008 он/ гэх сурталчилгаа тасралтгүй явсаар 2020 онд Оюутолгойн гэрээгээр биш, "ханган нийлүүлэгч компанийг сонгоход хөндлөнгөөс нөлөөлсөн, бусдад давуу эрх олгосон” хэргээр шүүхээс ял сонсгосон.

Сү.Батболдын хувьд ч энэ түүх давтагдаж магадгүй болоод байна. Гэвч үйл явдлын ард хэн байгаа нь яг таг тодорхой бус.

Шүүхэд нэхэмжлэл гаргасан Ц.Насанбат прокурорын хувьд Ерөнхийлөгчийн тавиулуудын нэг мөн. Ерөнхийлөгч Б.Жаргалсайханыг УЕП-оор томилсон, Б.Жаргалсайхан нь Ц.Насанбатыгаа Нийслэлийн прокурорын орлогчоор тавьсан. Тэр нь С.Баярцогт, М.Энхсайхан нарын хэрэг дээр улсын яллагчаар ажилласан гэдэг үндэслэлээр Ерөнхийлөгчийг шууд буруутгах хандлага явж байгаа.

Хоёрдугаарт, У.Хүрэлсүх огцрохдоо Ерөнхийлөгчийн тухай “өрсөлдөгчөө намнахын тулд шүүх, хуулийн байгууллагыг ашиглаж байна” гэсэн нь улам ч хүч нэмсэн байх. Гэвч улс төрийн өрсөлдөгч талаас нь харвал Х.Баттулгын гол өрсөлдөгч нь Сү.Батболд биш, У.Хүрэлсүх. Тэгээд ч одоохондоо Х.Баттулга дахин нэр дэвших эсэх нь тодорхойгүй, Үндсэн хуулиар хязгаарлагдчихаад байгаа. Хэрвээ Сү.Батболд хэн нэгний өрсөлдөгч байж гэмээн Х.Баттулгын бус, У.Хүрэлсүхийн өрсөлдөгч байх магадлал илүү өндөр. Цаг нь ирэхэд "Ерөнхий сайдын албыг өөрийн хүсэлтээр өгч, Засгийн газраа огцруулсны хувьд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвших нь ёс зүйтэй эсэх" тухай асуудал нам дотор нь яригдаж таарна. Өмнө нь ч нэг удаа УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаж байсан түүх бий.

Тэгээд ч ҮАБЗ-ийн нэг гишүүн нь “улс төрийн зорилгоор өрсөлдөгчдөө намнаж" байгааг мэдсээр байж яагаад өдийг хүртэл дуугүй байсан бэ гэдэг асуулт ч бас гарна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.102)
    их сүржигнээд нам болно биз...
    2021 оны 02 сарын 27 | Хариулах
  • Баатаржав (122.201.24.252)
    Ойлгохрд тааруу зүйл бичиж. Яасан ч завтай улсууд байдагийнм дээ хөөрхийс
    2021 оны 02 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн 20 жилийн тэмцлийг орхигдуулахгүй 1 цаг 51 мин Баавгай айлын гэр дээр гарч унь хугалжээ 2 цаг 10 мин Монгол-Японы хамтын ажиллагаа судалгаа, инновац, бизнесийн түншлэлээр өргөжиж байна 2 цаг 15 мин Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа 2 цаг 20 мин Дуучин Феликс өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд хандив өгчээ 2 цаг 26 мин Чуулганы хуралдааны ирц хүрээгүй тул ирэх 7 хоногт нөхөж хуралдуулна 2 цаг 59 мин Ц.Сандаг-Очир: Манай байгаль хамгаалагчдад баавгай унтуулах тариа, буу байхгүй 3 цаг 55 мин Улсын төсөвт төрийн мөнгөний хяналтыг сайжруулахаар тусгав 4 цаг 5 мин Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав 4 цаг 19 мин Казахстан улс “Байгалын хүч” хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр дайруулах сонирхолтой байна 4 цаг 27 мин Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзав 4 цаг 35 мин Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ 5 цаг 31 мин Маклеморыг Эд Шираны аялан тоглолтоос хассаныг уран бүтээлчид эсэргүүцэв 6 цаг 13 мин Ардчилсан нам нэр дэвшигчийн квотоо нээлттэй биржээр зарахад бэлэн болжээ 6 цаг 17 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн түүхэн бүтээлүүдийг хадгалууллаа 6 цаг 28 мин Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөв 6 цаг 36 мин ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болно 6 цаг 39 мин Гадаадад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монгол Улсад авчирчээ 6 цаг 47 мин БНХАУ-ын залуу дипломатуудыг хүлээн авч уулзав 6 цаг 52 мин Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учраас УИХ бүтцээрээ ажиллах ёстой 7 цаг 0 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top