x

Хэврэгшил

Өвгөн гуай нь амьдралын нугачаа 80 жил бэдрэхдээ хөгжил чөдөрлөдөг далд буглаануудыг илчлэх саваагүй хүслээр голдуу шүүмжлэлт зохиол насан турш бичсэн атлаа монголчуудын нэг базаахгүй талыг нууж иржээ. Үүнийгээ хойч үедээ захь юу байя юу гэж эргэлзсээр эцэст нь бичиж орхив. Хөндөхөд эмзэг сэдэв тул олонтаа эргэж хургалаа. Эмзэг сэдэв гээд байгаа маань ястануудын талцал-атаа жөтөө юм. Хөндөх хүсүүштэй сэдэв биш. Гэм хор нь мэдрэгдэхгүй сэм даамжирдаг тун гөнөтэй, яс мах цуснаас угшилтай учир салдаггүй, маш ужиг хорт согог тул хойч үеийг хоцрогдсон энэ зуршлыг орхиоч гэх гэсэн юм. Сайн санаалаад энэ талаар хэлсэн үгийг минь мушгиж өс даллана. 

Тийм атал яагаад уншигчдын анхааралд толилуулах нь мөн гэж шийдэв гэвэл бид базаахгүй энэ зангийнхаа уршгийг сайн анзаарахгүй, тэр ч бүү хэл, жалгын явцуу омгоо дор бүрнээ санаатай санаандгүй дэвэргэсээр яс угсааныхаа нууц онгон тахил болгосон ч юм шиг. Далд шүтээн нь маш өөнтөгч агаад эмзэг, сүүдэр тусвал буруу зөв ч ялгаагүй алалцахаас сийхгүй. Дов жалганы омогтон ардчилалд бүр задарчээ. Энэ сайны ёр биш. 

Үр хүүхдийнхээ эрх ашгийг зарим аав ээж бусдынхаас хэт өндөрт тавьдаг тааламжгүй тохиолдлыг хувийн халдашгүй асуудал гэж хүндэтгээд орхиё. Ах дүү, амраг садангаараа булагнахыг үгүйсгэх хэцүү. Яс цусан холбоог оролдох эвгүй бөгөөд хувийн халдашгүй нууц. Халуун ам бүл, хамаатан садангууд өөрсдийн явцуу эрх ашиг, хувийн сувьдаг шуналаа бусдыг холгох, нийгмээ хохироох замаар хангахын төлөө мунхгаар муйхарлах занд хэн ч дургүй. Гэвч яая гэхэв яс цусан сүлбээ юмсан хойно үр хүүхэд, ах дүү, хамаатан садан ямар хэмжээнд булагнаж болохыг хуульчилж, хүлээн зөвшөөртөл итгүүлэх зам мөр олоогүйгээс хойш тэднийг бас тойроод зөвхөн “яс үндсээр ялгарах заншил”-ыг хөндсөнөө тодруулъя. Үүн дээр бас нутгархаг үзэл эрх чөлөөтэй болсны далбаан дор гаарч өвгөн зохиолчийг үзгээ барихад түлхэв.

Нутгархах битүү өрсөлдөөний урхгийг нийтээр мэдэрч жигших байтугай түүхийн мухраас “байх ёстой үнэт нандин өв” гэж дээдэлдгээс гай хөө нь дархлагдаад удам дамжин мөнхөрчээ. Өөрөөр хэлбэл бид яс үндэс, нутгархах зуршилдаа дөрлөгдсөөр өдгөөтэй золгов. Яс угсаагаа дөвийлгөх удам дамжсан онгироо авир зөвхөн бөхөд бус эдүгээ хувийн том жижиг компаниудад ардчиллаар сэргэж, босс гэгчийн жанжлах хаанчлал жигшим бүдүүлгээр даварч буй нь хөгийн.

Нутаг, аймаг, ангийн нөхөд хамтарч дэм дэмдээ дээс эрчиндээ өндийхийг хэн ч үгүйсгэхгүй. Энэ бол ёс зүйн шалгуур. Журамлаг ёсонд нийцээд хуулийн хүрээнд багтаж байвал гүйцээ. Талархана. Гэтэл яс үндэс, нутгархах, аймгархах булагнал хууль гишгэлж, ёс журам бузарлаж буйд ялангуяа шинэ үеийнхний ариусахаар оргилсон романтик мөрөөдөл хөндүүрлэв. Бусармагт эмзэглэх мэдрэмж соргог хурц болж байвал нийгэм эрүүлжиж буйн дохио. Задгай ардчилалд задарсан нутгархагчид дэндлээ гээд бухимдах иргэн олширч буй нь эерэг үзүүлэлт.

Гэтэл хувийн аж ахуйгаар тогтохгүй Төр Засаг ч увайгүй нутгархана гээч. Сайд дарга нар жалга довынхноо давхар давхар тойруулаад өөрөө дунд нь дураар задрах мөрөөдөлтэй. “Манай нутгийнх бол бурууг ч зөв болго” гэх тэнэг омогшил цөөнгүй эрхмийн цээжний гүнд бадарч байх шиг. “Муу ч байсан яс угсаа нэг бол дэвшүүл” гэх-алтан жишиг болжээ. Нутгийн хүн хамтарч хулгай хийхэд найдвартай гэх үзлээс хүчирхэг бүлэглэлүүд үндэслэдэг. Яс угсаа нэг гэдгийн код нь “алтан нутаг” гэх гоё үг. Яс угсаа нэгтнийхээ хулгайг сөхлөө гэж адалдаг бичигдээгүй хуулийн дор бөхийдөггүй түшмэл ховор. Энэ бичигдээгүй хууль шиг гажуудалгүй биелдэг хууль байна уу? “Гэмт хэрэг үйлдсэн ч нутгийн юм түүнийг ялнаас сугал” гэх гуйлтыг эгдүүцэх байтугай ходоодныхоо мухарт нандигнаж яваад биелүүлдэг. Нам засгийн том албанд орныхоо хүнийг заавал нутгаасаа тавьдаг ёс Ю.Цэдэнбалын бүлэглэлээс угшилтай. Нутгийн хүн мулгуу мохоо ч бай хамаагүй өндөр эрх дархыг заавал залгамжлуул гэдэг мунхаглал өдгөө Төр Засагт хадаглагдаад арилахгүй хуулийн засаглал бузарласаар. Хэн нэг нь том дарга болбол нутаг нугынхан түүн дээр хар ялаа шиг шавчихна. Тэгээд хуйвалдан идэж ууж хууль завшиж гарна. 

Яс угсаагаа дээдлэх соёл. Яс үндсээ дэмжиж буй нь энэ гээд бусад яс угсааг гутаах атаа жөтөө зарим нутгийн зарим хүнд ад хөдлөм арзаганадаг. Яс угсааны атаархал гай тарихаас сайныг авчирдаггүй. Дээр доргүй нутгархаг жөтөөрхөл буглаж буй юм биш үү. Ийм базаахгүй авираасаа ухаалгаар салж, ариун тунгалаг ёс зүйд гэгээрцгээе. Нутгархаг бөглүү бүдүүлэг аашаа “бахархал” гэж алийн бүр мангарлах вэ. Сайн бодооч. Ялангуяа хөгжингүй Монголын соёлтой иргэд болохыг мөрөөдөж яваа залууст яс угсаагаар булагнах жожиг зан даяаршлын зуунд зохихгүй чимэг шүү гэдгийг захья. 

Тархай бутархай нүүдлийн ахуйгаас нутаг нугын бөөрөлхүү зан асамтгай агаад олноороо бөөгнөрч хотжин иргэншиж буй цоо шинэ аж төрөх ёсонд нийцгүй болсныг ухаарч хаях цаг тулжээ. Хуучирч элэгдсэн нь шинэлэгээр солигдож явдаг гээ биз дээ. Монголчууд бүдүүлэг энэ зуршлаасаа эгүрт хагацаж чадах уу. Чадъя гэвэл уг нь санаагаар бүтэх дэвшил. Үүнд дэд бүтэц хөрөнгө оруулалт хэрэггүй. Нутгархаг үзэл монгол хүний мөнхийн сүүдэр биш. Хэлсэн үгээ яг биелүүлдэг, за гэвэл ёогүй, зорьсондоо тууштай зүтгэдэг, багаар ажиллах соёлтой, сэтгэх чадвартай, урлах авъяастай хүнийг л сонгож нөхөрлөхөөс нутгийнх бол өөдгүй ч бай хамаагүй хамтарна гэж сохроор муйхарладаг ааш гээгдээсэй. Хулгайч худалч ч бай нутгийнх бол надад үнэнч зүтгэнэ гэдэг угаас өөдгүй агаад явцгүй башир зан. Ардчилал чөлөөт зах зээлтэй хөл нийлүүлье гэвэл хор найруулахаас өөр чадваргүй нутгийн залхгуудаас зай барь. Тэд нэр хөөдөхийн цаана өсөлтийг чөдөрлөдөг. Тэднийг шударга ёс хавчаад гишгэх газаргүй болгох ёстой.

Гэр бүл, ах дүү, садан хамаатан, нутаг нугаараа баг болж ажиллахад зохимжтой байлгүй яахав. Ингэж хоршиход гар сэтгэл нийлж ашиг орлого, амжилт бүтээл арвиждаг нь амьдралд нотлогдсон сайн тал нь юм. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй бүрэн дэмждэг. Харин яс угсаа жалга довоороо нийлж бусдыг ил далд бүлэглэн дарамталж холгодог, үгсэн нийлж хууль зөрчиж улсад ноцтой хохирол учруулснаа хуйвалдан илрэхгүйгээр хамтарч нуудаг гэмт хэргийн нууц үүр болдгийг тас цохь. Ийм булагнааг өөгшүүлбэл өр өшиглөнө. Яам тамгын газарт аймгархаг цайз бөхжиж, хууль хяналтынхнаас дальдрахаа больжээ. Цагдаа шүүх прокурор АТГ яс үндсээр булагнах өвчний гадна эрүүл үлдсэнгүй. Хуулийнхны дундахь жалга довын бүлэглэл нутгийнхаа гэмт хэрэгтнийг ялнаас сугалах энүүхэнд. 

Томорсон компаний даварсан эзэн алтан нутаг-яс угсаагаар өөрийгөө цайзлаад ажилчдаа ялгаварлан дарладаг, зоддог, хөөдөг, хүчирхийлдэг, цалинг нь унждаг эзэрхэг түрэмгий вант улсаа ардчиллын жилүүдэд аль хэдийнэ бэхжүүлээд амжжээ. Хэмжээгүй эрхт эзэнт компани баялаг бүтээж зах зээлийн өрсөлдөөнд бэлжлээ ч хүний эрхээр тоглодог балар эртний харгис ноёдыг төрүүлж буй. Ийм засаглалтай компаниудаас бүрдсэн Монгол элэнцгээрээ их цөлийн дундахь ардчиллын оазис гэгдэх билээ. Цэцэг цэврүү шиг ариун нялх үр садад минь бохир зуршил бүү өвлөгдөөсэй гэж залбиръя. Улс гүрнүүд хэрэггүйг хаяж, хэрэгтэйг үржүүлсээр хөгжилд хүрчээ. Дадсан зуршил төрсөн амь биш учир шууд орхи.

Цусандаа буцлах ястаны атаа жөтөөгөө номхруулбал эв эегүй Монгол тайвширна. “Нутгархах” дээр “намчирхах” нэмэгдээд Монгол хэсэг бусаг хуйвалдааны талбар болж хуучин ан цаваараа хэврэгшлээ. Ан цаваараа хагарч амаараа шороо үмхдэг арвин түүхтэй билээ бид. Жагсвал өөрийн үзлээр жагс. Нутгийн хулгайчийг уухайлж угаадас олж долоох шившиг. Яс үндэс, нутаг нугын хоцрогдсон талцлыг учирлав. АНУ гэх аварга “гэр бүл”-д цагаан хар шар арьстан эв зүйгээ олж хүчирхэгжээд ирсэн түүх байхад цус нэгт монголчууд жалга довоороо талцаж бяцхан төсвөөсөө ахиу завшихаар булаацалдах-хөгжлийн садаа агаад гутрам тэнэглэл.

Гай дууддаг ястаны тэмцэл бүр эртнийх. Арван түмэн Монголын дөрвөн түмтийг Мөнхтөмөр ноён салган хант улс болгосноо зарласан мөчөөс эхтэй. Улмаар 1393 онд Мөнхтөмөрийг бие барахад гурван хүү нь болох Махмуд Тайчин Батболд нар Монголын хаанд хэзээ ч захирагдахгүй гэдгээ тунхаглажээ. Энэ задралаас үүдэж Монголын доройтол эхэлсэн. Тэднийг юун түрүү буруутгахыг урьтал болголгүй яагаад салах гэснийг нарийвчлан судалсан юм уу? Шалтгаан байж л таарна. Эсвэл хэнд ч захирагдахгүй гэж хий онгиров уу? Монгол улсынхаа хаанд захирагдах гутамшиг гэв үү? Зоргоороо туйлах хэнээрхэл үү? Мал сүрэг багширсан хүн ам цөөтэй ах дүү аймгуудад биесээ мөлжих хомсдол үүсээгүй баймаар. Тийм атал яагаад тусгаарлах гэж цус урсгав. Гүүш Галдан Амарсанаа нар салах самуун дэгдээж, халх ах дүүстэйгээ алалцсан бол Цэдэнбал Монголыг Оростой эгээ л нийлүүлчихээгүй. 

Тэднийг буруутгахаасаа өмнө өөр өнцгөөс харахыг хичээе: эдгээр эрхмүүд ойрад халх аль алинд маш ашигтай зам олж харсныг үхэр халхууд нухчин дарсан бол харамсалтай. “Ойрдоо мөргөлдөнө холдоо мөөрөлдөнө” гэх хэлц яагаад гарав? 1925-1932 онуудад Ө.Бадрах З.Шижээ хоёр Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улс байгуулах гэснийг Ар Өврийг нэгтгэх том санаатай халхууд таслаагүй бол хилийн дээсний хоёр талаас бараа бараагаа харж мөөрөлдөөд яс цусан барилдлага улам гагнагдах байсныг дээрх эрхмүүд таамагласан байвал яана. Энэ боломжийг халх удирдагчид ухааралгүй дөрвөдийн эрхэнд бүдүүлгээр халдаж, бие даах гэсэн сонголтыг шууд тас цохьсон нь оносон уу алдсан уу?

Мөрөөдлөө устагуулсан ястаны гомдол арилахгүй уламжлагдаж явдаг аваас би л лав түс тас буруутгахгүй. БНДАУ-аа тунхагласан бол (ЗХУКН-ын сурталдаж байснаар социализм байгуулж дуусчихаад коммунизм сүндэрлүүлж эхэлсэн) Зөвлөлтийн халуун ам бүл-Туватай дөрвөдүүд мөр зэрэгцэн өнөөгийнхөөсөө хавьгүй илүү хөгжих байсан ч юм билүү. Дөрвөдийн том үсрэлтийг халхууд хаасан бол гомдол тээж явахаас өөр яалтай. Мөргөлдөж байснаас мөөрөлдөж байвал урагштай хөгжих нь мэдээж. Ус ундны ойр, ураг садны хол дээр гэх үг байдаг. Таарамж муутай хамаатнууд тус тусдаа явбал онодог тал ч бий. Бие биедээ жөтөөрхөж хорсохгүй харин ч улам элгэмсэж мөөрөлддөг. 

Нэг улс явсан хоёр ястан эдүгээ Чех, Словак гээд тулга тусдаа цэцэглэж буй. Туурга тусгаарласнаар хөгжил түргэсэх өгөгдөл заяавал тус тусдаа бие даах-цочирдох сонголт бус гэж Ө.Бадрах, З.Шижээ хоёр үзэв үү. Өрх тасарлаа гээд яс цусан сүлбээ тасрахгүй, дотор санаа ямагт цуг амьдрах нигуртайг тэд олж харав уу. Тэд бүгд тэнэг хүн байгаагүй нь лав. Заавал нэг гэгээ гэрэл олж харсан байх учиртай. 

Тусгаарлах санаа түүхэнд ийнхүү байн байн гарч байсныг судалж, итгэл төрөхүйц ухаалаг хариу олж үнэмшүүлбэл эв эед маш чухал. Тусгаарлахын төлөө тэмцэж, түүхэнд нэрээ үлдээсэн сод хүмүүсийн үзэл бодлыг хүндэтгэж судлаач гэж бичсэн намайг ах дүүсийг холдуулах гэлээ гэх бий. Миний саналыг асуувал яс угсаагаар ялгарч мөргөлдөхгүй бол халх ойрад хамт байвал олуулаа арай хүчтэй байх сан. Хэрэлдээд байвал хэврэгшинэ. За тэгээд мөөрөлдөх үү мөргөлдөх үү? Түүхэнд гарсан тусгаарлах баримтыг ишэлснээс би зохиогоогүй шүү.

Жич: Манлай баатар Дамдинсүрэн, харчин бээс Бавуужав, гүн Хайсан, Дэмчигдонров нар салах бус нэгдэх гэж амиа зольсон гашуун түүх бий. Улаан оросын сүрдүүлгээс айсан хулчгар үхээнц халхууд тэднийг Хятадад тушаачихсан. Өвөрлөгчид түүхэндээ нэг ч удаа салъя гээгүй ямагт нэгдэе гэж тэмүүлж явсан хөөрхийс юм шүү. Тусгаарлах санаа хаа очиж халхаас ч гарч байсангүй. Олгой хагаравч тогоондоо гэдэг. Яагаад Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улс байгуулах гэсэн юм бол. Салах сарвайх хүртлээ гомдсон юм бол уу. Гомдол тээж яваа бол юунд гомдсоноо тодруулаач. Бурууг олж хамтарч засъя. Биесээ уучилъя. Тэгснээр Монгол хэврэгших бус бөхжинө. Ястаны яльгүй торчилдооныг ор мөргүй орхимоор. Тунгаа даа залуус минь.

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 26 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 3 цаг 8 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 3 цаг 19 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 3 цаг 35 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 3 цаг 47 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 3 цаг 53 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 3 цаг 59 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 4 цаг 3 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 20 цаг 2 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 20 цаг 58 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 23 цаг 50 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна Өчигдөр 10 цаг 48 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Өчигдөр 10 цаг 39 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна Өчигдөр 10 цаг 25 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өчигдөр 10 цаг 20 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Өчигдөр 10 цаг 01 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал Өчигдөр 09 цаг 42 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ... Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэл... Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
Top