x

Зөвхөн миний АННА

Хармаар, хүрмээр, хамт баймаар...бүтэхгүй бол бүр үхмээр. Энэ бол хайр. Кино, ном, зохиол, шүлэг найрагт л байдаг хайр. Ийм хайр зөвхөн зохиолд байдаг уу. Магадгүй ээ. 

Хэн нэгэнд тэсэхүйеэ бэрхээр дурлаж, ямар ч ашиг сонирхолгүйгээр хэн нэгний хайрыг авахыг хүсч, хамт байсан ч хангалттай бус санагдаж, хэрвээ бүтэхгүй бол амьдралын төгсгөл ирсэн мэт харанхуйлж, өөр юуг ч бодохгүй, өөр юуг ч хүсэмжлэхгүй...Хайраас төрдөг хачин олон хөг аялгуунууд.

Эмэгтэй хүний хайр бүр хэцүү, хэт эмзэг мэдрэмтгий. Хайр гэдэг хүний сэтгэлээс урган гардаг хорвоо дэлхийг эргүүлж ч мэдэх хүчирхэг үзэгдэл байх.

Бидний өдөр тутмын амьдралд тийм хайр таардаг уу. Үгүй л болов уу. Учир нь бид юуг ч хүлээн авахад, юуг ч алдахад бас юуг ч золиослоход бэлэн тийм их хүчээр хайрлахаас айдаг. Яагаад гэвэл бидний тархинд ашиг сонирхол гэгч чанд хатуу бодол цаг ямагт эргэлдэж байдаг.

Оросын алдарт зохиолч Л.Н Толстойн "Анна Каренина" жүжгийг Монголын театр тавих гэж байгаа. Аннагийн хайрыг ахин дахин мэдрэх цаг холдож хөл хорионд орсноос Аннагийн тухай, хайрын тухай, жүжгийн тухай хэдэн талаас нь ургуулан бодох завтай болгочхов.

Эмэгтэй хүний нүцгэн үнэн

Аннагийн хайр ямар хайр вэ. Яагаад зуун хол өнгөрсөн ч мөнх мэт оршино вэ? "Анна Каренина"-г анх гуч хүрээгүй насандаа санаандгүй байдлаар олж уншиж билээ. Хэт зузаан дээрээс нь тийм ч гойд сайхан зохиол гэж санагдаагүй сэн. Ямартаа ч ой тойндоо Аннаг үзэсгэлэн төгөлдөр, язгууртан эмэгтэй гэж зурагладаг байв. Харин Вронскийн ямархуу залуу болох нь их тод буудаг байлаа. Залуухан чинээлэг гялалзсан цэргийн офицер.

Тэр үедээ сэтгэл хөдөлгөм үйл явдал, зохиолын амт шимтийг нь тийм ч гүнзгий ойлгоогүй ч бүтэн уншаад дуусгасан. Хайр сэтгэлийн тухай ямар ч бүтээл хүнийг татах шидтэй байдаг. Тийм л сэтгэгдэл үлдсэн санагдана.

Харин 30 гарсан хойноо дахин нэг уншихад тун өөр, бүр гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн юм. Ер нь уншигчид хайрыг нас, амьдралын туршлага, алдаа онооныхоо ширхэг бүхнээр зүрхэндээ тусгаж авдаг ч байж мэднэ. Энэ насандаа дахин уншихад гуниг, шаналал, бэтгэрэл, өмчирхөл, хардалт гээд хайр гэгчийн цаадах хамаг л гашуун шорвог амт тэр чигээрээ хоолойд аргана. Гэр бүл гэх хязгаарлагдмал хүрээ үр хүүхдийн өмнөх үүрэг хариуцлага, эр нөхрийн төлөөх золиос.

Харин дөчөөс дээш насанд Аннагийн эмэгтэй хүний эр зориг, итгэл төгс байдал, хайрын төлөөх халширч няцашгүй их тэмцлийг нь гайхан биширч билээ. Хүмүүс хайрын төлөө золиос гаргахаас айдаг. Учир нь тэдэнд гэр бүл, дэг ёс, хүмүүсээс эмээх айдастайгаа зууралдаж жүжиг тавьж амьдрах нь илүү амар байдаг.

Үнэнээрээ үлдэхээс жүжиглэж амьдрах нь хялбар. Хайртай мэтээр жүжиглэж хоосон сэтгэлээ хууралтаар дүүргэх нь элбэг. Харин Аннагийн хайр дэндүү үнэн, дэндүү ил.
Гурван жилд нэг, таван жилд нэг удаа унших тусам өөр өөрөөр уншигддаг гайхам зохиол.

Хайраас амссан шарх сорви, аз жаргал бүхэн зүрхэнд үрчлээ суулгадаг болохоор л тэр биз. Эмэгтэй хүн бүрийн давтагдашгүй, илэрхийлж баршгүй ад мөрийн асч дүрэлзсэн, сөгдөж буусан ааш араншинг хамгийн тодоор буулгасан нь энэхүү зохиол. Эмэгтэй хүний нандин нууцыг юу ч үгүй дэлгээд тавьчихсан мэт. Эмэгтэй хүний үнэнг нүцгэлчихсэн.

Эр хүн, эмэгтэй хүний хайрыг ингэж бичнэ гэхэд итгэмээргүй. Зохиолч урьд насандаа нулимсандаа живтлээ хайрлаж дурлаж явсан мэт санагддаг. Ер нь дүрүүдийн сэтгэлийн нарийн хөдөлгөөн, дотоодод нь болж буй зөрчил тэмцэл, уй гуниг, бодол шаналлыг түүнээс илүү зурагласан зохиол тун ховор. Түүгээрээ ч зуун зууныг дамжиж буй.

Үзэх л үлдлээ...

Жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж байгаа. Зохиолыг жүжиг болгон бичсэн хүн нь Н.Пүрэвдагва, зураач Т.Ганхуяг (СТА), Хөгжмийн зохиолч нь Ш.Өлзийбаяр (СТА). Бас л дан эрчүүд. Эмэгтэй хүний хайр сэтгэлийг эрчүүд хэрхэн урлах вэ гэдэг нь бас л сонин.

Театрынхан хөшгөө нээхээр тэсч ядан, үзэгчид нь Анна Каренинагаа хүлээсээр... Тэр хооронд номын сангаа уудлан Аннатай ахин учирч амжлаа.

Зохиолоо уншчихаад жүжгээ үзэхээр театрыг зорих нь. Хоёр дахин үймэрч, хоёр дахин шаналах нь. Анна Каренинаг уншихад санаа сэтгэл сүлэлдэн үймэрдэг.

Хүн бүрийн сэтгэлийн мухарт хайрын эзэн нь хадгалаастай байдаг. Бүтсэн, бүтээгүй нь хамаагүй бүгд л сэтгэлдээ эзэнтэй байдаг билээ. Тэр эзнээ дуудан даллаж, эргэн санаж, шаналж бэтгэрч, хүсэн мөрөөдөж, шатаж шаралхаж заримдаа үзэн яддаг. Хайр шархгүй, шаналалгүй болохоороо амтгүй ч юм шиг.

Эмэгтэй хүнийг эр хүний өнцгөөс харвал тайлагдашгүй оньсого мэт, үүл цахилгаан, солонго шиг хэт хуурмаг. Их найрагч Данзангийн Нямсүрэн “ Миний ууж баралгүй орхисон цор ганц дарс бол бүсгүй хүн... гэсэн юм. Аннагийн сэтгэлийн нууцыг тайлж чадахгүйн учир л халуун оргилуун хайр сэтгэлийн тухай бүтээлүүд үргэлж шинэ, үргэлж амьд оршино.

Хэрвээ эрчүүд эмэгтэйчүүдийн сэтгэл дотор юу болж, хэрхэн олон өнгөнд хувирч байгааг танин мэдээд дуусчихсан бол энэ дэлхий утга учиргүй байх сан.

Зөвхөн миний АННА

Хүн бүхний дотор маш олон, зөвхөн өөрийнх нь бүтээсэн зохиолын дүрүүд байдаг. Анна Каренинаг уншсан хүн бүхний дотор зөвхөн өөрийнх нь бүтээсэн нэгэн Анна бий гэдэгт эргэлзэхгүй.

Миний дотор оршигч тэр Анна чухам хэн юм бэ? Аннаг мэднэ гэдэг нь өөрийн доторх Аннаг мэднэ гэсэн үг. Аннагийн дотор тэнгис цалгилж байгаа мэт их “дуу чимээтэй”. Тэр хүчит шуурга нь хэзээ хэзээгүй цээжээ зад татаад гараад ирэх нь үү гэлтэй оволздог. Хайрлаад байхад ханадаггүй, хамт байгаад ч хүршгүй тийм хайрын шунал Аннад байдаг. Хайр гэдэг хүрч болдоггүй оргил, шумбаж ханадаггүй далай байх. Тэгээд үхэн үхтэлээ, цуцан цуцталаа тэмүүлдэг байх.

Хайрыг хориод байж ч болдоггүй, чөлөөлөөд явуулчхаж чадахааргүй харамламаар нандин, хага шидчихмээр эмзэг хэврэг эрдэнэ байх. Чанга атгавал бут үсэрнэ, алгаа дэлгэвэл нисэн одно. Аль нь ч байсан зовж шаналдаг нь жам. Хайртай хүнтэйгээ хамт амьдарч байлаа ч хангалтгүй санагдах үе эмэгтэй хүнд байдаг. Учир нь өөрийнхөө дотор хүнийг хэрхэн хувирч өөрчлөгдөж аз жаргалтай байна уу, шаналал гунигтай байна уу гэдгээ тунгааж бодох ч сөхөөгүй хайрладаг.

Анна гэр бүл хэмээх торонд хашигдсан “эхнэр” нэртэй шувуухай учраас хязгааргүй эрх чөлөөг хүсэгч нь байх. Тиймээс хэзээ ч хамаагүй явчхаж мэдэх Вронскийн хэт эрх чөлөө түүнийг галзууруулдаг биз ээ.

Аннагийн нөхөр Каренинагийн аймшигтай үг зохиолд бий. Тэр Аннаг “Хүний мөс нэр төр, шашин шүтлэг гэж үгүй эвдэрчихсэн бүсгүй. Түүнийг өрөвдөхийн үүднээс сэтгэлээ хуурахыг хичээдэг байсан болохоос түүний нь би ямагт мэдэж харж байсан юм гэж өөртөө өгүүлэв”. Анна түүнтэй хайр сэтгэлийн үүднээс гэрлээгүй. Анна түүний хувьд эрхэмсэг язгууртны энгэрийн гоёл төдийхөн хөөрхийлөлтэй бүсгүй.

Эд хөрөнгө, эр нөхөр, үр хүүхдээс ангид зүйлийг шившигтэй, садар самуун явдал гэж тодорхойлдог. Энэ тодорхойлолт одоо цаг үед өөрчлөгдсөн үү?

Харин Н.Наранбаатар найруулагч жүжгийнхээ бэлтгэл сургуулилт дээр “Шалиг явдал бол сэтгэлээс гадуурх явдал юм” хэмээн хашхирч хэллээ. Тийм ээ, гайхалтай шалиг бол сэтгэлээс гадуурх явдал. Н.Наранбаатар найруулагчийн Анна бас хэн байх бол...?
Тэгвэл зөвхөн минийх гэх Аннаг өмөөрч, хайр бол ахуйгаас дээгүүр сэтгэл юм гэж хэлмээр байна. Ахуйгаас ангид оршиж болох тэр зүйлийн төлөө өөрийнхөө амийг золионд нь тавьсан зоригтон нь Анна. Аннагийнх шиг хайр тийм хайр хүн бүхэнд тохиодоггүй. Тиймээс тэр азтай. Буруутгах ч аргагүй, зөвтгөх ч аргагүй хүний сэтгэлийн ээдрээ зангилаа, хайр- гэр бүл ахуй амьдрал хэмээх хоёр мөргөлдөөний завсар дундах эмэгтэй хүний их тарчлаан.

Хайр сэтгэл даль жигүүр, гэр бүл гав дөнгө гэх хоёр ирт сэлмэнд сийчүүлсэн хөөрхий Анна. Анна яагаад Вронскигийн төлөө хүүгээсээ хүртэл салахад хүрсэн юм бэ. Тэр аз жаргалгүй амьдарч байсан. Язгууртнуудын бүтэж бүгчим ялзарсан уур амьсгал дунд тогтсон ёс уламжлалыг даган амьдарч явсан нэгэн. Вронскитой учирсан нь түүнийг бүхэлд нь өөрчилсөн. Тэр Вронскигоос эмэгтэй хүн гэдгээ мэдэрсэн.

Сэтгэлийн их шуурга дэгдэхэд эмэгтэй хүн заримдаа чиг зүгээ алддаг. Тогтоож үл дийлэх тэрхүү эрчилсэн хүчит шуургандаа өөрөө хийссэн Анна. Дэгдээсэн их түймэртээ өөрөө шатсан Анна. Үерлүүлсэн их хайрандаа өөрөө үйсэн Анна. Эмэгтэй хүн бүрийн дотор Аннагийнх шиг адын хайр байдаг. Эмэгтэй хүний сэтгэл тэр чигтээ ээдрээ. Тэр эрчим ээдрээг нуухгүй зоргонд нь тавьж чадсан нь Аннагийн хувь тавилан.

Миний хайртай Анна ийм л эмэгтэй. Харин таных? Үзэх л үлдлээ. Үймрэх л үлдлээ.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

"Анна Каренина" романыг Улсын драмын эрдмийн театрын хамт олон тайзны бүтээл болгон, аравдугаар сарын 1-нээс эхлэн үзэгчдийн мэлмийд хүргэхэд бэлэн боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 1 цаг 45 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 1 цаг 50 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 1 цаг 57 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 2 цаг 1 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 5 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 2 цаг 33 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 3 цаг 9 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 4 цаг 16 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 4 цаг 19 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 4 цаг 27 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 10 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 10 цаг 8 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 10 цаг 11 мин Хэлгүй бол төргүй 11 цаг 13 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 11 цаг 24 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 11 цаг 30 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 11 цаг 34 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цаг 45 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top