x

Сонгуулийн тогтолцооны гор гэж...

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгууль болж өнгөрлөө. МАН үнэмлэхүй ялалт байгуулж, улс орноо ирэх дөрвөн жилд удирдах эрхээ ард түмнээсээ авлаа. Баяр хүргэхээс аргагүй гайхалтай ялалт!

МАН эрх баригч намын хувьд сонгуулийн хуулиа өөрт ашигтай томсгосон мажиротар хувилбараар баталж чадсан нь том давуу талыг авчирсан биз. Томсгосон болон жижиг мажоритар тогтолцоо нь МАН-д ашигтай туссаар ирсэн түүхтэй. Учир нь мажоритар тэр дундаа томсгосон тогтолцооны үед сонгогчдын санал гээгдэх магадлал хамгийн өндөр гэж улс төрчид үздэг. 

 

Энэ удаа ч гэсэн нийт саналын 44.9 хувийн дэмжлэг авсан МАН парламентын суудлын 81.6 хувийг авлаа. Хэрэв УИХ-ын сонгуулийн тогтолцоо хувь тэнцүүлсэн хэлбэрээр явагдсан бол МАН 34 суудалтай болж, АН-19, Та бидний эвсэл-6, Зөв хүн Электорат Эвсэл-4, Шинэ эвсэл-4 суудал авах байжээ гэж зарим судлаачид ярьж, бичиж байна. 

 

Ялалтын шалтгаан олон бий. Сонгуульд нэр дэвшигчдээ сонгож дэвшүүлэх тал дээр МАН урьд өмнөхөөсөө ахиц дэвшил гаргаж, залуу үе, шинэ хүнийг түлхүү оруулж, АН-ын хууччуудтай “тулгасан” нь олны дэмжлэгийг олов бололтой. Эрх баригчдын шинэ гишүүдийн бараг тал нь 40 болон түүнээс доош насны нэр дэвшигчид байлаа. У.Хүрэлсүх нам дотроо үеийн шилжилтийг хийх зорилтоо тодорхой хэмжээнд ажилттай эхлүүлж чадсан гэж үзэж болно.

 

“Ковид 19” цар тахлын эсрэг Засгийн газрын хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа үр дүнгээ өгч, дэлхий дахинаа үнэлэгдсэн явдал сонгуулийн ялалтад том түлхэц үзүүлсэн нь дамжиггүй. 

 

Нөгөө талаас, намын лидерийнх нь цэргийн ёсолгоо бүхий “шударга ёсны төлөө тэмцэл”-ийн уриа дуудлага, дайчин, шийдэмгий төрх байдал нь төрийн “хатуу гар”-ыг хүсэмжилэх сэтгэхүйд автсан олон түмэнд илүүтэй таалагдах шиг болсон.

 

Гэхдээ туршлагатай улс төрч С.Баярын хэлсэнчилэн “МАН бүү хөөр”. Энэ удаагийн ялалт тэдний сайных гэхээсээ илүүтэй гол өрсөлдөгч АН-ын муугийнх байв. 2008 оны сонгуулиар Ардчилсан нам сонгогчдын 40.4%, 2012 онд 35.3%, 2016 онд 33.6%-ийн дэмжлэг хүлээж байсан бол энэ удаа бараг хоёр дахин буурч, 24,5 хувийн дэмжлэгтэй үлдлээ. Намын удирдлага нь нэр хүнд муутай, дотроо хагарч бутарсан, нэр дэвшүүлэх үйл явц нь их хэмжээний мөнгөөр үнэлэгдсэн, сонгуулийн тактик нь урсгал байдалтай, “гараман дээр морио солих” шийдвэр гаргасан зэрэг олон сул талууд тэднийг ялагдалд хөтөлсөн бизээ.

 

МАН-ын ялалтын бас нэгэн том учир шалтгаан бол МАНАН-г үзэн ядаж, “Шинэ”, “Зөв” хүмүүсийг хүсэмжлээд байсан ард түмнийхээ 30,6 хувийн дэмжлэгийг улс төрийн олон эвсэл, нам болон бие даагчид дундаа жижиглэн хувааж, тарамдуулж орхисонд оршино. Эвсэж чадсан бол гуравдагч хүчин АН-аас ч илүү суудал авах боломж ч байжээ. Энэ бол Монгол улсад улс төрийн гуравдагч хүчин төлөвшиж чадаагүй, эв эеээ ч олж чадахгүй байгаагийн бас нэгэн баталгаа боллоо.

Сонгууль болдогоороо болоод ийнхүү өнгөрчээ. Ялалт, ялагдлынхаа учир шалтгааныг эрж хайсан нам, улс төрчид үндэстэй, үндэслэлгүй олон шалтаг, шалтгаан тоочин олон түмэнд тайлбарлаж байна. Тиймээс сонгуулийн асуудлыг хөндсөн цувралаа сонгуулийн тогтолцооны асуудлаар үргэлжлүүлэх сайхан шалтаг, боломж ч надад бас гарлаа.

***

Одоо монголчууд бид сонгуулийн ялалт, ялагдлын сэтгэхүйгээсээ аль болох хурдан гарч, цаашид бид яаж амьдрах ёстой болж байгаа талаараа бодох, сэтгэх нь чухал байна. 

Эн тэргүүн дүгнэлт хийж, засаж залруулах асуудал бол сонгуулийн тогтолцоо болох нь энэ удаагийн сонгуулийн дүнгээр дахин нотлогдлоо. Тиймээс “тогтолцоогоо солих, засах хэрэгтэй” гэж хүн бүр хэлж, ярьж, бичиж байгаа нь сонгуулийн бодит сургамж төдийгүй, хэрэгжүүлж чадвал ирээдүйд том ололт болно. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар Чуулганыг нээж хэлсэн үгэндээ: “Юуны өмнө сонгуулийн систем, аргачлалаа солих шаардлага тулгарч байна. Монгол Ардын нам хоёр сонгууль дараалан сонгогчдын 44 орчим хувийн дэмжлэг хүлээсэн хэрнээ парламентад үнэмлэхүй олонхын суудлыг эзэлж байна. Энэ бол системийн гажуудал юм. Сонгуулийн гажуу системийн ачаар олонх биш олонхын засаглалыг үүсгэж байгаа нь шийдвэр гаргалтад гажуудал үүсгэх, иргэдийн бухимдал эргэлзээг төрүүлэх үндсэн нөхцөл болж байгааг анхаарах ёстой. Сонгогчдын санал, дэмжлэг парламентад тусгалаа олдог тийм шударга, зөв сонгуулийн систем, тогтолцоог хэрэгжүүлэхгүй бол ардчилал хөгжихгүй, мухардах, гажуудах байдалд аваачих эрсдэл мөн бидний өмнө тулгараад байна.” гэсэн дүгнэлтийг хийчихлээ. 

Цөөнх болсон, ялагдсан улс төрийн хүчнүүд ч өөр өөрийнхөөрөө дүгнэлт хийж байгаагаас Хөдөлмөрийн Үндэсний Нам /ХҮН/ асуудалд илүү бодитой, ажил хэрэгч хандаж байх шиг. Тухайлбал, сонгуулийн дүнгийн учир шалтгаан сонгуулийн тогтоцоотой шууд холбоотойг олж харж, УИХ-д суудалтай намын хувьд сонгуулийн мажиротар тогтолцоог өөрчлөхийн төлөө тэмцэхээ Намын дарга нь зарлав. 

Эрдэмтэд судлаачид маань ч дуугараад эхлэж байна. МУБИС-ийн багш, судлаач, доктор /Ph.D/ Э.Гэрэлт-Од сонгуулийн үр дүнг дүгнэхдээ: “Сонгуулийн тогтолцооны хувьд МАН олонх болох нь тодорхой байсан. Гэхдээ сонгогчдын санал хэт савлана гэж төсөөлөөгүй. ...Томсгосон мажоритар тогтолцоогоор 1992, 2008 онд МАН хэт олонх болж байсан. 2019 оны арванхоёрдугаар сард Сонгуулийн хуулийг батлах үеэр судлаачид бид энэ тогтолцооны давуу болон сул талын талаар нэлээд ярьсан. Харамсалтай нь, сонгогчид төдийлөн ойлгоогүй. Томсгосон мажоритар тогтолцооны сул тал нь сонгогчдын санал гээгддэг. Өнөөдөр ч гэсэн энэ дүр зураглалыг харж байна. Нийт сонгогчдын 45 хувийн саналыг авсан улс төрийн нам парламентад 62 суудал авч байна. АН 24 хувийн санал авч парламентад 11 суудал авлаа. 

...цаашид сонгуулийн тогтолцооны асуудлыг ярих зайлшгүй шаардлагатай. Сонгогчид сонголтдоо сэтгэл ханамжтай, сонгуулийн үр дүнд итгэл үнэмшилтэй байх тогтолцоог сонгох нь зөв.

Сонгуулийн тогтолцооноос хамааралтайгаар сонгогчдын санал гээгдэг юм байна гэдгийг одооноос л улс төрийн намууд нь ч тэр, мөн сонгогчид ч ойлгож эхэлсэн нь талархууштай.” гэсэн олзуурхууштай санааг илэрхийлсэн байна. 

Гарц

Тэгвэл хэрэгжүүлэх арга зам, гарц юу байж болох вэ? Сонгуулийн тогтолцоог олонхын (plurality/majority), хувь тэнцүүлэх (proportional-PR) гэж хоёр хуваадгыг бид мэднэ. Улс орнууд энэ хоёр тогтолцооны өөрт тохирсон аль нэг хувилбар, эсхүл хоёуланг нь хослуулсан холимог (mixed) хувилбарыг хэрэглэдэг. Тогтолцоо тус бүртээ олон хувилбартайг мартаж болохгүй. Ер нь бол сонгуулийн аль ч тогтолцоо аль нэг улсад 100 хувь тохирно гэсэн ойлголт байхгүй. Сонгуулийн тогтолцоо бүхэн давуу болон сул талуудтай. Тиймээс давуу болон сул талыг яаж тэнцвэртэй байлгах вэ гэдэгт л асуудлын гол нь байгаа юм. 

Сонгуулийн тогтолцооны давуу, сул талыг тодорхойлох хамгийн нийтлэг, зохистой арга нь сонгогчдын өгсөн санал нь нам, нэр дэвшигчийн хууль тогтоох байгууллагад авсан суудлын тоонд хэр нийцэж байгааг авч үзэх явдал юм. Улс төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангаж байж сонгогчдын итгэл үнэмшил цаашлаад хүчтэй сөрөг хүчин гаргах боломж нээгддэг.

Пропорционал тогтолцоог заримдаа бүрэн төлөөлөлийн зарчим ч гэж нэрлэдэг тал бий. Учир нь сонгуулийн мажоритари хэлбэрийг бодвол энэ тохиолдолд сонгогчдын авсан саналын хувь хэмжээ нь авсан суудлын тоотой нь илүүтэй тохирч байдаг. Гэхдээ улс төр судлалын үүднээс авч үзвэл, сонгуулийн дан пропорционал тогтолцоо нь улс төрийн хоёр том намын сонгодог тогтолцоо руу түлхдэг гэдэг.

Ийм учраас би хувьдаа сонгуулийн холимог тогтолцоо Монголд илүү тохиромжтой гэж үздэг хүн. Бүр УИХ-ын 1996 оны сонгуульд 52:24 гэсэн холимог тогтолцоог ашиглах саналыг намынхаа Удирдах Зөвлөлд тавьж цөөнх болж, жижигрүүлсэн 76 тойрог бүхий мажиротар тогтолцооны хувилбарт ялагдаж явсан билээ. 

Холимог тогтолцоо нь улс төрийн нам, бие даагчдын оролцоо, төлөөллийг тодорхой хэмжээнд хувь тэнцүүхэн барьж өгдөг давуу талтай гэж ярьдаг. Тиймээс сонгуулийг 50:50 хувийн харьцаатай буюу 38-ыг пропорционал, 38-ыг нь мажоритараар зохион байгуулбал Монголд илүү зохистой санагддаг. Ингэж байж хэмээн нь хүчтэй сөрөг хүчинд ажлаа илүү сайн хийх боломжийг олгоно. Улс төрийн хоёр том намаас гадна гуравдагч хүчний орон зайг ч бий болгож чадна.

Монголын ардчилалын түүхэнд холимог тогтолцооны давуу талыг сайтар нотолсон сонгодог жишээ бол УИХ-ын 2012 оны сонгууль байв. “Улсын Их Хурлын сонгуулийн тухай” 2011 онд батлагдсан хуулиар мажоритар тогтолцоогоор 48, пропорционал тогтолцоогоор 28 суудал бүхий сонгуулийн хосолсон тогтолцоотойгоор УИХ-ын 2012 оны сонгуулийг зохион байгуулж явуулсан. Сонгуульд 11 нам, 2 эвсэл оролцохоо илэрхийлж, 26 тойрогт 354 нэр дэвшигч, нам, эвслийн жагсаалтаар 190 нэр дэвшигч өрсөлдсөн байдаг. Сонгуулийн дүнд УИХ-ын гишүүнээр АН-аас 34, МАН-аас 26, ИЗНН-аас 2, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ээс 11, Бие даан нэр дэвшигч 3 хүн гишүүнээр сонгогдсон байдаг. 

Ардчилсан нам ийнхүү олонхи суудал авч, 24 суудалтай хүчтэй сөрөг хүчин гарч ирж, гуравдагч хүчин буюу “Шударга ёс “ эвсэл бүлэг байгуулах эрхтэй болсон нь холимог тогтолцооны үр дүн байсныг өнөөдөр хэн ч үгүйсгэж чадахгүй. Харамсалтай нь УИХ-д олонхи байсан АН-ынхан өөрсдөө энэ хувилбараасаа ухарч, 2016 онд мажоритор хувилбарыг сонгосон нь өнөөг хүртэлх цуврал ялагдлынх нь нэг үндсэн шалтгаан болсоор ажгуу.

Тиймээс сонгуулийн тогтолцоог цаашид боловсронгуй болгохдоо олон талын судалгаа шинжилгээ хийж, асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж байгаасай гэж хүсэх байна.

Шийдэл

Сонгуулийн тогтолцоо бүр өөрийн давуу ба сул талуудтай учраас ямар тогтолцоог сонгох нь судалгаанд тулгуурласан улс төрийн шийдэл байх ёстой. Улс төрийн хамгийн зохистой шийдлийн нэг бол Швед Улсын сонгуулийн тогтолцоо юм болов уу гэж би хувьдаа боддог хүн. 

Швед улсын сонгуулийн тогтолцооны талаар хийсэн судалгаан дээрээ тулгуурлан Монголын улс төрийн тогтолцоог боловсронгуй, тогтвортой болгоход чухал байж болох тодорхой саналыг миний бие 2011 оноос эхлээд хэд хэдэн удаа дэвшүүлж, тэр байтугай Элчин сайд байхдаа УИХ-д суудалтай улс төрийн бүх нам, СЕХ-нд хүртэл албан ёсоор хүргүүлж байсан. Өнөөг хүртэл хэн нь ч албан ёсны хариу өгөөгүй. Байр сууриа хадгалах сонирхолтой эрх баригчид нь биш юмаа гэхэд парламент дахь суудлаа нэмэгдүүлэх, суудал олж авах сонирхолтой улс төрийн сөрөг хүчин болон өрсөлдөгч намууд нь сонирхох болов уу гэж өнөөг хүртэл харлаа. Сонгуулийн хоосон хийрхэлээс өөр улс төрийн ямар ч боловсрол, тэр ч байтугай улс төрийн мэдрэмж алга даа. Манай улс төрч гэгддэг хүмүүст....

Тиймээс дөнгөж өнгөрөөд байгаа сонгуулийнхаа дүнгийн шокноосоо гараагүй байгаа сонгогч, уншигч Та бүхэндээ энэ талаар дахин нуршихаас өөр аргагүй болов.

Шведийн сонгуулийн тогтолцоо бол хувь тэнцүүлсэн буюу пропорционал аргад тулгуурладаг гэдэг. Энэ нь намаас нэр дэвшигчдийн дотроос тухайн намын сонгуульд авсан саналтай дүйцэхүйц тооны нэр дэвшигч Рикстаг буюу хууль тогтоох байгууллагад сонгогддог гэсэн үг. Гэтэл амьдрал дээр Шведийн тогтолцоо нь сонгуулийн хувь тэнцүүлэх болон олонхийн хэлбэрийг ухаалгаар хослуулсан холимог шинжийг агуулсан байдаг онцлогтой.

Шведийн сонгуулийн тогтолцооны юу нь бидэнд сонин бэ?

Нэг. Шведэд улс төрийн нам бүхэн өөр өөрийн саналын хуудасаа хэвлүүлнэ. Саналын хуудас нь 3 төрөл байх тул санал өгөх хүний тооноос 3 дахин олон байхаар тооцож хэвлүүлдэг. Эндээс л хүний сонголтын эрх тэгш байдал хангагдаж эхэлдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Шведэд шат шатны сонгуулиудад 3 төрлийн саналын хуудаснаас сонгогчид аль нэгийг сонгож саналаа өгөх эрхтэй гэсэн үг. Үүнд:

  • Нэрээр санал авах хуудас      – Нам бүрээс нэр дэвшигчдийн жагсаалт бүхий хуудсан дахь нэр дэвшигчийн      нэрийн өмнө байх дөрвөлжингөөс сонгож, дэмжих хүнийхээ нэрийн өмнөхийг      дөрвөлжинг чагтлаж зурна. 
  • Намаар санал авах хуудас      -Сонгогчид тодорхой намыг сонгож      санал өгнө. Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцогч намуудын нэрс бүхий хуудсыг      авч, дэмжих намаа тэмдэглэж саналаа өгнө. 
  • Хүснэгттэй санал авах      хуудас – Энэ хуудасанд сонгогч сонгох намын      нэрээ өөрөө бичиж болно.

Сонгуульд оролцож буй нам бүхэн тус тусдаа саналын хуудастай байдаг бөгөөд сонгогчид намаас ирүүлсэн жагсаалтын дагуу хэн нэг нэр дэвшигчийг сонгох, эсвэл намуудын жагсаалтаас аль нэг намыг сонгож саналаа өгч болно гэсэн үг. Энэ л бидний нөгөө учир начираа олохгүй эцэс төсгөлгүй маргалдаад байгаа хувь тэнцүүлэх болон олонхийн тогтолцооны асуудлыг ямар ч маргаангүйгээр шийдэж чадсан хувилбар гэж би ойлгодог.

Сонгуулийн санал авах хуудаснууд хэмжээ болон материалын хувьд ижил байх ёстой боловч, сонгуулийн төрлөөсөө хамаарч өнгө нь өөр өөр байдаг онцлогтой. Тухайлбал, Рикстагийн сонгуулийнх шар, Мужийн сонгуулийнх цэнхэр, дүүрэг, хот, тосгоны болон Европын Парламентын сонгуулийнх цагаан байдаг ажээ. 

Шведийн сонгуулийн тогтолцооны сайн давуу талыг сонирхвол, дэлгэрэнгүй тодорхой жишээн дээр авч үзсэн нийтлэлийг www.baabar.mn/enkhmandakh хаягаар ороод үзэж болно.

Хоёр. Хэрэв хоёр нэр дэвшигчийн авсан санал ижил буюу санал тэнцсэн тохиолдолд хэн нь суудал авахыг шийдэхийн тулд сугалаа сугалах буюу шодох /lots are drawn to decide/ замаар шийддэг журам Шведэд байдаг нь бас сонин. 

Гурав. Нам нь зарим нэр дэвшигчээ хэд хэдэн тойрогт “сойж” болно. Хэн нэг нэр дэвшигч нэгээс илүү тойрогт ялалт байгуулсан тохиолдолд түүний оронд түүний төлөөлсөн намаас гаргасан нэрсийн жагсаалтыг үндэслэн дараачийн нэр дэвшигчийн босго оноог хангасан байдал, тухайн тойрогт авсан санал болон түүнд ногдож буй намаас хамааралт саналыг тооцон орлуулан сонгогдсонд тооцдогыг бас анхаарч үзүүштэй. 

Дөрөв. Сонгуулийн тогтолцооны Шведийн энэ хувилбар нь сонгогч бүрийг намын төлөө болон нэр дэвшигчийн төлөө гэсэн хоёр боломжийн аль нэгийг сонгон санал өгөх тэгш эрхээр хангадаг давуу талтай. Монголын жишээн дээр авч үзвэл, сонгогчид УИХ-ын сонгуулийн тойрогтоо нам бүрээс нэр дэвшигчдийн нэрс бүхий хуудсанд нэр дэвшигчдээс сонгох хүнийхээ нэрийн өмнөхийг дугуйлан зурах эсвэл, хоёр дахь саналын хуудсыг сонгож, тодорхой намыг сонгож санал өгөх боломжтой болсноор хүнээ, эсвэл намаа сонгох тэгш боломж олгосонгүй гэх талаар гардаг шүүмжлэлийг шийдэх чухал шийдэл, гарц болно.

Тав. Шведэд саналын хуудасны нэрсийн жагсаалтыг гаргахдаа намын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналын дараалалаар жагсаадаг нь шударга ёсонд нийцсэн журам юм. Өөрөөр хэлбэл, жагсаалт гаргахдаа тухайн нэр дэвшигчийн намдаа эзэлж буй байр суурийг эн тэргүүн харгалздаг гэсэн үг. 

Зургаа. Сонгуулийн тогтолцооны өөр нэгэн маргаантай асуудал бол хувь тэнцүүлэх болон олонхийн тогтолцооноос хамаарч, сонгогчдын санал тооцогддоггүй, дутуу үнэлэгддэг гэдэг шүүмжлэл манайд их байдаг. Тухайлбал, АН энэ удаагийн сонгуульд нийт сонгогчдын 25 орчим хувийн санал авсан байж, УИХ-д 11-хэн суудалтай үлдсэн гэж гомдоллож байгаа. Үүнийг шийдэх арга бол сонгуулийн тогтолцоог зөв сонгохын зэрэгцээ санал тоолох, суудал хуваарилах аргыг зөв сонгох явдал болно. Үүнийг Сонгуулийн хууль, түүнийг хэрэгжүүлэх журамдаа тодорхой зааж өгөх нь чухал. 

Шведэд үүнийг яаж шийдсэн бэ? Рикстаг нь 349 гишүүнтэй. Тэдгээрийн 310-ыг нь сонгуулийн 29 тойрогоос намуудын авсан саналын хувьтай тэнцүүлэн хуваарилах намын нэрсийн жагсаалтын пропорционал төлөөллөөр сонгогддог. Манайд бол олон мандаттай томсгосон 29 тойрогтой хэлбэр, эсвэл 52:24, магадгүй 38:38 гэх мэт холимог хувилбар байж болох жишээтэй. 

Шведэд намуудын тойрог бүрт авсан саналын дагуу 310 суудлыг хуваарилсны дараа зохицуулалттай суудлуудыг хуваарилдаг. Үлдэж буй 39 суудлыг намуудын сонгуульд авсан хувь хэмжээнээс хамаарч хуваариллагддаг зохицуулалттай суудал /adjustment seats/ гэж нэрлэдэг. Энэ бол манай сонгуулийн хуульд холимог хувилбарыг сонгож байх үед байсан, одоо байхгүй зохицуулалт. Бид ч холимог хувилбараар ч, томсгосон тойрогоор ч сонгууль явуулж үзэж л байсан. 

Шведийн хувьд намын нэрсийн жагсаалтын пропорционал төлөөлөлд хамаарах мажоратори буюу маш өвөрмөц тогтолцоотой гэж хэлж болохын зэрэгцээ зохицуулалттай суудлаараа гишүүний суудлаа нэмэх боломжтой байдаг нь холимог хэлбэртэй гэж хэлэхэд хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгогчдын намын төлөө, тойрог дох нэр дэвшигчийн төлөө өгсөн хоёр саналын аль аль нь сонгуулийн дүнд нөлөөлж, тооцогдож чадаж байдагт сонгуулийн тогтолцооны давуу тал оршиж байна. 

Тойрогт нэр дэвшигчдийг хэн хамгийн их санал авснаар нь жагсааж шалгаруулдаг бол намын төлөөллийг хувь хүнээр бус, харин намын авсан саналын хувиас шалтгаалан сонгуулийн өмнө намаас гаргаж өгсөн нэрсийн жагсаалтаас нь сонгодог байна.

Тиймээс намуудаас нэр дэвшигч бүр өөрийн намын доторх рейтинг болон сонгогчдоос авсан саналын тоо гэсэн 2 хүчин зүйлээс хамаарч сонгогдох эсэх нь тодорхой болно. Жишээлбэл, Парламентын сонгуульд сонгогчдын 8 хувийн босго саналаас дээш санал авсан буюу намынхаа авсан саналаас илүү их санал авсан нэр дэвшигчээс эхлэн рейтингийн дагуу намын нэрсийн дараалал гарна.

***

Миний бие “Сонгуулийн хуулийг боловсронгуй болгож, шударга ёс тогтоох шинэ боломж нээе” хэмээн уриалсан нийтлэлийг 2019 оны 3-р сард бичиж, “Нээлттэй хаалга” /Open door/ сонинд хэвлүүлж, 6 дугаар сард www.baabar.mn нийтлэлчдийн буланд тавьсан билээ. 

Сонгуулийн хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэлж байх үед бичсэн энэ нийтлэлийг маань өнөөг хүртэл 5615 хүн уншиж, 14 сэтгэгдэл үлдээжээ. Ганц нэг “чухал санал байна” гэсэн сэтгэгдлийг эс тооцвол дийлэнхи нь “хараал ерөөл”, гүтгэлэг, доромжлол... Ийм байхад бид өөдлөнө гэж үү?! Тэгсэн мөртлөө өнөөдөр “сонгуулиа луйвардуулчихлаа” гээд бүгдээрээ хоосон гомдоллоод, уйлах нь холгүй сууж байна. Энэ хугацаанд УИХ-ын нэг ч гишүүн, нэг ч улс төрч сонгуулийн тогтолцооны талаар санаа зовж надтай лав ярилцаагүй ээ. Эхлээд өөрсдөө толгойгоо цэнэглэх хэрэгтэй болжээ. Улс төрчид минь!

Одоо харин асуудал орой руу нь орж байх шиг байна. Хүн бүр эрх биш сонгуулийн тогтолцоо ярьж эхэлсэнд инээд ч хүрэх шиг, баяр ч хүрэх шиг...

Эцэст нь, Шведийн сонгуулийн хууль, журамд манай сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгоход чухал хэрэгтэй санаа цөөнгүй байх шиг. Үүнийг УИХ, Сонгуулийн Ерөнхий Хороо болон улс төрийн намууд оройтсон ч гэсэн одоо нэг анхаарч үзээсэй билээ!

Б.Энхмандах /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 1 цаг 32 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 1 цаг 42 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 2 цаг 45 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 3 цаг 2 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 3 цаг 2 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 3 цаг 10 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 3 цаг 22 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 3 цаг 36 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 3 цаг 39 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 3 цаг 52 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 3 цаг 56 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 4 цаг 9 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 4 цаг 45 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 6 цаг 59 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 7 цаг 3 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 8 цаг 10 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 9 цаг 7 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 9 цаг 41 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 10 цаг 34 мин ОРОС дахь АЛЛАГА 11 цаг 31 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top