x

Д.Наранбаатар: Хэт их бүү ид, бага зэрэг өлсгөлөн байх нь биед сайн

“Оном” сангийн ТУЗ-ийн дарга, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачлагч, доктор Д.Наранбаатар коронавирус тойрсон сэдвээр сонирхогчдын асуултад сошиалаар хариулсныг хүргэж байна.

Коронавирусийн дэгдэлтийн дараа тэрбээр нүүр номоороо дамжуулан хүмүүст мэдээлэл хүргэж эхэлсэн агаад олон хүн энэ мэдээллийг сонирхон сонсох болсон юм.

-Коронавирусийн дэгдэлт цаг агаартай холбоотой юу, дулаарахаар дэгдэлт намжих болов уу?

-Канад, АНУ, Хятад, Итали, миний амьдарч байгаа Калифорнид гэхэд л гадаа дулаахан, бороо орж байна. Болж байгаа процессыг хүмүүс янз бүрээр тайлбарлах гэж оролдож байна. Нарны идэвхжилийн үед ийм юм болдог, ингэдэг тэгдэг гээд. Энэ бүхэн шинжлэх ухааны хувьд батлагдсан зүйл байхгүй, үгүйсгэхэд бас хэцүү. Өмнө нь дэгдэж байсан SARS зун ч тархаж л байсан. 1918 онд дэгдсэн Испанийн томуу гэж нэрлэгддэг томуугийн вирус зуны саруудад ч тархаж байсан. Одоо бол дулаарахаар илүү их идэвхжинэ эсвэл багасна гэдэг шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл биш. Хамгийн гол нь хүмүүсийн хоорондох зайг ихэсгэх, хөл хорио тогтоох нь халдварын тархалтыг бууруулахад чухал.

БНХАУ эхэндээ жаахан хугацаа алдсан. Нэгдүгээр сарын 20-доос хойш маш зөв арга хэмжээ авсан. Европ, Италид хөл хорио тогтоож, хөдөлгөөн хорьж байна. Италид одоо нөхцөл байдал хүнд байна. Гэхдээ долоо, арав хоногийн дараа гайгүй болоод ирнэ. Үүнээс суралцаад, Европын ихэнх орнууд, Хятад, Италитай төстэй арга хэмжээ авч эхэлж байна. Манай улсын хувьд зөв арга хэмжээ авсан. Хөл хориог болиулах санал санаачилга гарч байна. Мэдээж эдийн засгийн хувьд хүнд байгаа. Гэхдээ хөл хориог цуцлах нь алдаа болно шүү.

Аль болох олон хүн оролцсон арга хэмжээ зохион байгуулахгүй байх нь зүйтэй. Барууны орнуудад хөл хорио тогтоохгүй, сургуулиуд нь ажиллаж, тухайлбал Англид нийтэд нь тараагаад, хүн амд дархлаа үүсгэх нь зөв гэж яриад байгаа. Энэ бол үнэхээр тэнэг, ард түмнээрээ туршилт хийсэн шийдвэр. Эдийн засгийн хувьд бодож үзээд ийм алхам хийж байх шиг. Гэхдээ энэ нь маш аюултай. Та бүхэнд “Оном” сангийн эрдэмтдийн багаас өгсөн өмнөх мэдээлэлд нас баралтын хувь хэд байгааг ярьсан.

Арга хэмжээ авахгүй оройтож алхам хийхэд нас баралт 4-5 хувьтай. Маш сайн арга хэмжээ авч байгаа тохиолдолд нас баралт нэгээс бага хувьтай байгаа. Халдвар хурдтай орж ирвэл ямар ч мундаг эрүүл мэндийн систем дийлэхгүй. Тэр тусмаа манайх шиг 150 амьсгалын аппараттай бол яагаад ч дийлэхгүй. Хэн үхэх вэ, хэн сэхэх вэ гэдэг сонголтыг эмч нар хийнэ гэсэн үг шүү дээ.

Ихэнх тохиолдолд тийм сонголт хийх ч боломж байхгүй. 150 хүн амьсгалын аппаратад аль хэдийнэ орчихно. Үлдсэн нь уушги нь ажиллахгүй, амьсгал авч чадахгүй үхнэ. Төр засаг зөв шийдвэр гаргаж, хөл хориог эрт тогтоосон. Хувь хүмүүсийн хувьд гараа угаагаад явахад температур, хэддүгээр өргөрөг уртрагт байгаа нь, нар идэвхжиж байгаа эсэх нь хамаагүй болж байна. Урт хугацаандаа бол эд сонирхолтой асуудал, богино хугацаандаа ач холбогдолгүй.

Яагаад гэхээр вирус хүнээс хүнд маш идэвхтэй хурдан дамжиж байна. Халдварлах чадварын хувьд улирлын томуугаас хоёр дахин өндөр, нас баралтын хувь нь 10-50 дахин өндөр байна шүү дээ. Томуугийн үед мянган хүнээс нэг нас бардаг бол энэ тохиолдолд мянган хүнээс 10-50 нь нас барах магадлалтай.

-Коронавирусийг гэрээр яаж эмчлэх вэ?

-Би эмч хүн биш учраас эмчилгээний талаар олон зүйл ярихгүй. Статистик мэдээлэл харвал 80 хувь нь харьцангуй гайгүй, амьсгал нь давчдахгүй, хатгаа болохгүй эдгэж байгаа. Ойролцоогоор 15 хувь эмнэлэгт хэвтэх хэрэгцээ шаардлагатай болно. Тэр хүмүүсийн тодорхой хувьд нь амьсгалын аппарат хэрэгтэй.

Таван хувь нь шууд сэхээн амьдруулах тасагт очиж байгаа. Францын Эрүүл мэндийн сайд мэдээлэл өгсөн байна лээ. Үрэвслийн эсрэг ибупрофен ч юм уу кортизойд маягийн юм хэрэглэх хэрэггүй. Хэрэв эм уух хэрэгтэй бол парацетамол уугаарай гэсэн зөвлөгөө өгсөн байна.

Үрэвслийн эсрэг эмүүд өвчнийг нь улам хүндрүүлээд байна гэжээ. “Оном” сангийн эрдэмтдийн багийн зүгээс гэртээ яах хэрэгтэй тухай зөвлөгөө гаргаж байгаа. Хүндрээгүй тохиолдолд гэртээ тусгаарлаад, шингэн сайн уугаад, ерөнхийдөө томуугийн үед яадаг түүнтэй адилхан. Харин амьсгал давчдаад эхэлбэл утсаар яриад, эмнэлэгт хандаарай. 100 хүн өвдлөө гэхэд тав нь сэхээн амьдруулах тасагт орох нь. 15 нь хүндрэх нь.

Энэ хүмүүсийн хувьд уушгинд нь гэмтэл үүсч, сорвижих процесс болж байгаа. Уушгиных нь 20-30 хувийн үйл ажиллагаа алдагдах, урт хугацааны гэмтэл учрах талаар шинжлэх ухааны сэтгүүлүүдэд гарч эхэлж байна. Мөн хүний өтгөн ялгадсаар халдвар дамжих нь тодорхой болчихлоо. Элэгний өвчтэй бол элгэнд ачаалал өгөх нь. Элэгний хатуурал, вирустэй хүмүүс маш анхааралтай байх хэрэгтэй. Аливаа өвчнийг бие даагаад, эмчлэх гэж битгий оролдоорой. Мэргэжлийн эмчтэй утсаар ярьж, онлайнаар холбогдож, зөвлөгөө аваарай. Өөрийгөө эмчлэх гэж оролдож байгаад өвчнөө хүндрүүлэх вий.

Монгол Улс газарзүйн байрлалын хувьд онцгой, манайд орж ирэхгүй халдахгүй гэсэн юм байхгүй. Бид зөв арга хэмжээ авсан, хүмүүс маань маск зүүж, хөл хорио тогтоосон учраас л Монгол одоо гайгүй байгаа юм. Тайвань, Хонгонк, Сингапур хамгийн үлгэр жишээ давж байгаа улс орнууд. Жилд Тайвань, Хятад хоёрын хооронд 2,7 сая хүн ирж очдог гэж байгаа.

Тэгэхэд халдварын тохиолдол маш бага, 53 тохиолдол илэрч, нэг нас баралттай байна. Тайвань 2002-2003 онд SARS гарахад бэлтгэл хийж эхэлсэн. Арванхоёрдугаар сарын 31-нд ДЭМБ мэдэгдэл хийхэд л тайваньчууд онгоцонд зорчигчдын халууныг хэмжиж эхэлсэн. Тэд SARS-аас маш их зүйл сурсан, харьцангуй бэлтгэлтэй байсан улсууд. Манайх ч зөв арга хэмжээ авсан. Түүнээс биш цаг агаар, темпертуртаа байгаа биш гэдгийг зөв ойлгоорой, хүмүүс ээ.

-Дархлаа өндөртэй хүнд өвчин халдахгүй юу?

-Хувь хүний дархлааны системээс хамаарна. Яагаад настай хүмүүсийн нас баралт их байна. Хүн өтлөх тусам дархлааны систем нь мууддаг. Халдвартай хүнтэй хэр зэрэг харьцсан, тухайн халдвартай хүний шүлсэн дэх вирусийн тоо, ачаалал их байсан бол халдвар авах магадлал өснө.

-Гадуур хувцас, даавуун дээр вирус хэр тэсэх вэ?

-Америкийн үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд судалгаа хийгээд коронавирус агаарт гурваас дөрвөн цаг халдварлах чадвараа алддаггүй юм байна. Хөргөгч, хуванцар хэрэгсэл дээр гурав, дөрөв хоног тэсдэг. Цаасан дээр 24 цаг болдог. Хувцсан дээр амьдрах чадвар тийм сайн биш, цаасан дээрхтэй ойролцоо хугацаагаар амьдардаг юм байна гэж дүгнэсэн.

Олон хүн хүрдэг хаалганы бариул голдуу зэвэрдэггүй ган эсвэл металл гадаргуутай байгаа шүү дээ. Зэсэн дээр харин гурав дөрвөн цагийн дотор задардаг. Олон хүн хүрдэг, хаалга, бариул зэргийг сайн ариутгах хэрэгтэй. Хуванцар материалтай лифтний товчлуурт аль болох гараараа хүрэхгүй байх, бээлийтэй яваарай. Гараа савандаж угаахад виурс амархан задарч алга болдог. Спирттэй уусмалаар арчихаас илүү савантай бүлээн усаар угаах нь сайн нөлөөтэй.

-Арванхоёр, нэгдүгээр сард баахан хүн хатгаагаар өвдсөн энэ ерөөсөө коронавирус байсан юм биш үү?

-Тийм биш. Яагаад гэхээр дэлхий даяар вирусуудийн тандалтын тогтолцоо байдаг. Эндээс дүгнэлт хийгээд ямар вирус яаж тархаж байгаагаас шалтгаалж вакцин хийдэг. Манай тандалтын тогтолцоогоор шинэ коронавирус илрээгүй. Харин хамрын ханиадны коронавирус илэрсэн.

Хамрын ханиадны 10-30 хувь нь дөрвөн төрлийн коронавирус байгаа шүү дээ. Хүндэрдэг коронавирус нь сүүлд гарсан гурав нь SARS, MERS, шинэ коронавирус. Энэ вирус урьд нь хүнд халдварлаж байгаагүй шинэ вирус. Аль болох хүнээс хол байх ёстой болж байна.

Гэртээ бүгэх бус хүн цөөтэй газар гадаа алхах, ууланд алхах нь дархлааг сайжруулдаг.

-Энэ өвчнийг тусаад эдгэсэн хүмүүс дахиж өвдөж байгаа гэдэг үнэн үү?

-Анагаах ухааны хоёр дахь том сэтгүүл болох Английн Лансет сэтгүүлд гарсан судалгааны өгүүлэлд энэ тухай байна. Энэ сэтгүүлд вирус тоологдож байгаа хүмүүст зарим хүнд 27 хоног вирус нь тоологдож байна. Тийм учраас 14 хоног тусгаарлах учир дутагдалтай юм биш үү гэж байна. Дахин халдвар авсан цөөн хүний талаар шинжлэх ухааны сэтгүүлүүдэд гарсан байна.

Гэхдээ энэ вирусийг авсан хүмүүст дархлаа тогтож байгаа. Харин дархлаа нь хэр удаан тогтох, салхин цэцэг шиг нэг тусчихвал насандаа ахиж тусдаггүй юм уу эсвэл нэг, хоёр сар хамгаалагдаж байна уу. Хэдэн жилээр хамгаалагдаж байгаа эсэхийг мэдэхгүй байна.

Дархлаа тогтож эсрэг биет үүсч байгааг харж байна. Тийм учраас эсрэг биетийн шинжилгээ хийгээд байгаа юм. Эсрэг биет үүснэ гэдэг дархлаа тогтож байна гэсэн үг. Жишээлбэл, элэгний В вирусийн хувьд Монгол Улсын хүн амын 50 хувь нь халдвар авч, дархлаа тогтсон байдаг.

Тэр 50 хувийн 40 хувьд нь дархлаа тогтож, 10 хувь нь байнгын вирус тээгч болсон байдаг. Дархлаа тогтсон улсууд вирусийн халдвар авахгүй. Харин химийн эмчилгээ хийлгэх, эрхтэн шилжүүлэн суулгах тохиолдолд вирус нь эргэж гарч ирэх тохиолдол байдаг.

-27 хэмээс дээш вирус тэсвэргүй гэсэн тэгэхээр хүний биеийн дундаж хэм 36 шүү дээ, яаж үрждэг байх нь вэ?

-Вирус 27 хэмээс дээш тэсвэртэй байлгүй яах вэ. Энд 40 градуст гадаргуу дээр хэр зэрэг хугацаанд амьдарч байна вэ гээд Германы эрдэмтдийн хийсэн судалгааны ажил байна. SARS-ын вирус бүр ес хүртэл хоног амьдарч байгаа шүү дээ.

Шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүлд нийтлэгдэж, эрдэмтэд асуудлыг нь ярьж байгаа бол үнэн гэж бодох хэрэгтэй. Ямар нэг вэб сайтад тавигдсан орчуулгын материалд эргэлзэж хандаарай. Шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдэнэ гэдэг эрдэмтэд шүүлт хийж, эрдэмтэд эрдэмтдийнхээ ажлыг шалгаад хэвлүүлдэг процессоор дамждаг. Шинжлэх ухааны сэтгүүлд гарсан болгоныг ч бид яриад байдаггүй.

-Гадаадад байгаа хүмүүстээ дархлаагаа дэмжих талаар зөвлөөч?

-Ээ дээ, та нар маань сүлжээний эм л битгий авч уугаарай. Жинхэнэ эм дамлана гэдэг чинь энэ болдог шүү. Чухамдаа янз бүрийн витаминуудыг бэлтгээд өгөхөөр хүний бие авдаггүй байхгүй юу. Зүгээр л гаргаад үнэтэй шээс болгоно. Юуг хүний бие хүлээж авдаг гэхээр шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхээр авдаг.

Хүний бие хөдөлмөрлөж байж олсон юмаа илүү сайн тогтоодог юм. Зүгээр өгсөн юмыг гаргаад хаячихна. Хавар дархлаагаа дэмжиж, эмнэлэгт хэвтдэг гэж зарим хүн ярьдаг. Үүн шиг хэрэггүй зүйл байхгүй. Эмнэлэгт хэвтсэнээр та халдвар авах боломжоо ихэсгэнэ.

Эмнэлэгт эрүүл хүн очиж хэвтэхгүй шүү дээ. Египетэд гэхэд ийм хүн олон байдгаас болоод С вирус зургаан сая хүнд тарчихсан. Жилд 200-300 мянган хүн халдвар авдаг. Өвдөөгүй, эрүүл байхдаа илүү дутуу эм битгий уу, янз бүрийн тариа битгий хийлгээрэй. Эм бол хор шүү дээ. Дасгал хөдөлгөөн хий.

Цэвэр агаарт алх, сайн унтаж амар. Тэгээд шим тэжээл сайтай хоол хүнс хэрэглэ. Хэт битгий ид. Бага зэрэг өлсгөлөн байхад хүний биед сайн. Илүүдэл өөхөө шатаахад маш хэрэгтэй. Зарим тохиолдолд дэндүү туранхай байх нь дархлааны систем муутгадаг. Нэг юмыг хэт их идэж болохгүй. Өөх тос бас хэрэглэх хэрэгтэй. Тархинд өөх тос хэрэгтэй. Эсийн гадаргууг өөх тос бүрдүүлдэг шүү дээ. Тэгэхээр давс хужрыг нь тааруулаарай.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 11 цаг 34 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 12 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 12 цаг 20 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 12 цаг 42 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 12 цаг 52 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 13 цаг 59 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 15 цаг 14 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top