x

Эрх баригчдыг Covid-19 ч айлгаж чадсангүй

Өнгөрсөн долоо хоногт Америк, Европ тивд COVID-19 вирус “аюулын харанга” дэлдэв. Хэдхэн хоногийн өмнө Хятадын Уханиас эхтэй тахал Азийн Япон, Солонгост хүрч, хүнснийх нь лангуу хэрхэн хоосорч буй зэрэг элдэв сэтгэл эмзэглэм мэдээллийг тэртээ холынх хэмээн төсөөлж байсан “барууныхан” өнөөдөр яг л “үүрээ эвдүүлсэн шоргоолж” мэт бужигналдаж байна. Коронавирус, иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул занал учруулаад зогсохгүй улс орны бизнесийн үйл ажиллагааг царцааж, улмаар эдийн засагт нь сөрөг нөлөөллөө үзүүлж байна. Улс үндэстэн бүрийн өмнө үнийн төдийгүй санхүүгийн тогтворгүй байдал бий болж эдийн засаг уналтад орох давхар аюул нэмэгджээ.

Дэлхийн олон орны санхүүгийн зах зээл дээр огцом уналтууд эхэлсэн. Нийлүүлэлтийн сүлжээний аварга том компаниудын 75 хувь нь Хятадаас ирэх бараа бүтээгдэхүүний сааталд тодорхойгүй хугацаагаар оржээ. Тун удахгүй Европын Холбоо, Америк нэмэгдэх нь. Олон улсын агаарын тээврийн ассиоцацаас агаарын тээврийн салбарын орлого энэ онд 63-113 тэрбум ам.долларын алдагдалд орно гэх тооцоогоо танилцуулж байна. Олон улсын аялал жуулчлалын салбар сард 47 тэрбум ам.долларын орлогоо алдаж байгаа аж. Зочид буудлын салбарууд хямарч эхэллээ гэх мэтээр эдийн засгийн “хар мэдээ” цуварч байна.

Коронавирус тархсан улс орнуудад жижиг, дунд үйлдвэрлэгчид дампуурлын ирмэгт ирээд байна. Жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) нь улс орны эдийн засагт тэр дундаа хөгжиж буй орнуудын хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. “ЖДҮ нь хөгжиж буй улсуудын ажил эрхлэлтийн 40 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний 60 хүртэлх хувийг бүрдүүлдэг” гэсэн судалгаа бий. Тэд ажлын байрны дийлэнх хувийг шийдвэрлэдэг. ЖДҮ эрхлэхийн тулд өндөр хүүтэй зээл авч, байр түрээслэн, тодорхой тооны хүмүүсийг цалинжуулах шаардлагатай. Аюулт вирусийн тархалттай холбоотойгоор тэдний бизнесийн үйл ажиллагаа нь зогсоход зээлийн хүү, түрээсийн төлбөр, ажилчдын цалин нэхэгдэхээс эхлээд аливаа бизнес гэрээ, хэлцлүүд зогсч дампуурахаас өөр замгүй болдог аж.

Дэлхийн улс орнуудын Засгийн газар болон Төв банк хамтран хямралын багц арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч эхэллээ. Тухайлбал, БНСУ-ын Засгийн газар 9.8 тэрбум ам.долларын төсвийн тодотгол хийж, энэхүү мөнгөө вирусийн тархалтаас хохирол хүлээж буй бизнесээ дэмжих, мөн эрүүл мэндийн салбартаа ашиглах юм байна. АНУ-ын конгресс вирусийн тархалтын эсрэг Засгийн газрын үйл ажиллагаандаа 8.3 тэрбум ам.долларыг баталжээ. Японы Засгийн газрын ерөнхий сайд Ш. Абе энэ асуудалд нийт 15.3 тэрбум иен зарцуулахаар төлөвлөж байгаа боловч онцгой нөхцөл байдалд 270 тэрбум иенийн хүртэл тусгай сангийнхаа хөрөнгийг ашиглахад бэлэн гэдгээ мэдэгдсэн.

Италийн ерөнхий сайд Ж. Конте бизнесийг дэмжихэд зориулж 7.5 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдээд байна. Д.Трамп жижиг дунд үйлдвэрлэгчдэдээ 50 гаруй тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амласан бол, Италид тэдний түрээсийн төлбөрүүдийг тэглэх аж. ОУВС доогуур орлоготой болон хөгжиж буй орнуудад 50 тэрбум ам.долларын санхүүжилт, үүнээс орлого багатай орнуудад 10 тэрбум ам.долларын хүүгүй зээл олгохоо амлаад байна.

Улс орны Төв банкууд эдийн засгаа дэмжихийн тулд мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлээд эхэлжээ. Энэ нь үнийн тогтвортой байдлыг хамгаалах, хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, санхүүгийн нөхцөл байдлыг дэмжих, санхүүжилт татрахаас сэргийлэх зорилготой арга хэмжээнүүд болно. Санхүүжилтийн өртөг өсөхөд эдийн засгийн идэвх буурдаг. Иймээс хэрэглэгчдийн болон бизнесийн идэвх буурахаас сэргийлж төв банкууд бодлогын хүүгээ бууруулж эхэллээ. Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Жером Пауэл эдийн засгаа дэмжих зорилгоор бодлогын хүүгээ 0.5 хувиар буулгаж буйгаа зарласан. Английн Төв банкны бодлогын хүү 0.5 нэгжээр буурч 0.25 хувь болов. Бодлогын хүү нь хасах утгатай Европын холбооны Төв банк, Японы Төв банкуудад ийм боломж байхгүй. Иймд Японы Төв банк 500 тэрбум иен хүртэлх Засгийн газрын бонд худалдаж авахаа зарлаад байна.

Ийнхүү дэлхийн улс орны Засгийн газар, Төв банкууд цаг алдалгүй, маш шуурхай үр дүн өгөхүйц арга хэмжээнүүд авч байна. Олон орон жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ үйл ажиллагааг хамгаалах сан байгуулж, төсвөө тодотгож эхэллээ. Харин манайд бусдыг дуурайж “Нүглийн нүдийг гурилаар хуурах” оролдлого хиймээр аядав. Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар бууруулсан юм байх. Энэ нь зах зээлд ямар нэгэн нөлөө үзүүлэх шийдэл огт биш. Бодлогын хүү 10 байх, эсвэл 11 байх нь манай зах зээлд мэдрэгдэхгүй.

УИХ гишүүд нь жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ санг хуу цөлмөчхөөд өнөөгийн хүнд үед тэдэнд “дунд хуруугаа” л үзүүллээ. Энэ үйлдлээрээ эрх баригчид, улс орныхоо эмзэг эдийн засгийн “амийг тасалж” буйгаа ойлгохгүй биз ээ. Уул нь манайх шиг хэрэглээнийхээ дийлэнхийг импортоор авдаг улс хамгийн түрүүнд “эрсдэлийн сан” байгуулах ёстой. Түүхий эдийн ханш сүүлийн гурван жил дараалан өсч, донор орнуудаас хангалттай хатуу валют орж ирсэн өнөө үед “эрсдэлийн сан” босгох, санхүүгийн тусламж үзүүлэх маш их боломж бололцоо байгаа юм. Тэрхүү сан босгох санхүүгийн нөөц нь хаана байгаа хийгээд Коронавирусийн дэгдэлт манай эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ гэдэг асуултад хариулт өгье.

Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээллээр: Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны 2 дугаар сард 697.0 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 92.6 (11.7%) тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ 848.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 253.9 (42.7%) тэрбум төгрөгөөр өсчээ. Татварын нийт орлого 2020 оны эхний хоёр сард 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 76.2 (5.7%) тэрбум төгрөгөөр буурлаа.

Гадаад худалдааны хувьд нийт бараа эргэлт 1.5 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 770.7 сая ам.доллар, импорт 750.0 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 410.4 (21.3%) сая ам.доллар, үүнээс экспорт 322.9(29.5%) сая ам.доллароор, импорт 87.5 (10.4%) сая ам.доллароор тус тус буурчээ. Үүнд зэсийн баяжмал 90 сая ам.доллар, нүүрсний борлуулалт 104.8 сая ам.доллароор буурсан нь нөлөөлжээ. Ийнхүү хоёрдугаар сарын байдлаар төсвийн орлого, экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан “түгшүүртэй” мэдээтэй байна.

Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газар 2020 оны нэгдсэн төсвийн нийт орлого 2019 оны батлагдсан дүнгээс 1.8 их наяд төгрөгөөр өснө гэж тун өөдрөг тооцоолол хийж батлуулсныг энд сануулъя. Төсвийн тухай хуулиа мөрддөг бол тус хуулийн “34.1.2. урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх” тохиолдолд Засгийн газар тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ёстой юм.

Бяцхан тооцоо хийж үзүүлье. Бидний гаднаас олдог 10 ам.доллар тутмынхаа наймыг нүүрс, зэсийн баяжмалын борлуулалтаас олдог. Өөрөөр хэлбэл энэ хоёр бүтээгдэхүүн манай эдийн засгийг тодорхойлдог. 2020 оны төсөвт экспортын голлох бүтээгдэхүүний нэг болох нүүрснээс нэг их наяд 493 тэрбум төгрөг төвлөрүүлэхийн тулд тонныг нь 75-125 ам.доллароор тооцож, 42 сая тонныг нийлүүлнэ. Гэтэл нүүрсний үнэ энэ онд ямар байх таамаглалтай байна вэ?

Дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгч, экспортлогчдын нэг болох АНУ-ын дотоодын нүүрсний зах зээл уналтад орж, уул уурхайн компаниуд нь 2020 оны нэгдүгээр сард бүтээгдэхүүнээ тонн тутамд нь 36-53 доллароор борлуулж алдагдалтай ажилласан. Энэ жил хэт дулаан өвөл болсонтой холбоотой Хятадад нүүрсний хэрэглээ буурч өмнөх оны нөөцөлсөн нүүрс нь бараг хэвээрээ байна. Эрчим хүчний шинэ бодлого, ногоон эдийн засгийн хөгжлийн чиг хандлагын хүрээнд дэлхийн тэргүүлэх орнуудын зүгээс өмнөд хөршийг нүүрсний хэрэглээгээ бууруулахыг уриалж байгаа зэрэг хэд хэдэн шалтгаанаар нүүрсний үнэ өнгөрсөн жилийнхээс буурч эхлээд байна.

Харин 2020 оны төсөвт зэсийн баяжмалыг тонныг нь 5991 ам.доллар борлуулах тооцоолол хийсэн. Дэлхийн зах зээл дээр сүүлийн 14 арилжаа дараалан зэсийн үнэ буурлаа. Зэсийн жилийн хэрэглээ буурч 4400 ам.долларт хүрч магадгүй хэмээн Блумберг мэдээлж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэс 5631.75 ам.доллароор хаалтаа хийсэн бол Азийн бирж дээр 5450 ам.доллароос бага үнээр арилжаалжээ.

Дээрхээс тооцвол 2020 оны нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувь бүү хэл өсөхөөр байна. Гэвч тэд “мэнчийтэл” гүрийсээр.

Эрх баригчид 2020 оны “сонгуулийн” төсөв өргөн барихдаа тооцоо судалгаагүй өндөр орлогын дүн төсөөлж, Монгол Улсын түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалтыг өөрсдөдөө зарцуулах эрхтэй болсон. Тухайлбал: 56 соёлын төв, 110 цэцэрлэг, 120 сургууль, 76 авто зам, 41 дотуур байр,13 спорт цогцолбор, 26 гүүр гэх мэт. Сумын Засаг даргын тамгын байр, багийн цогцолбор, багийн дарга нарын мотоцикль...гээд үргэлжлүүлж болно. Өөрийн сонгуулийн тойргийн хэдэн сумын хүүхдүүдэд нийслэлд дотуур байр барьж өгөхөөр олон тэрбум төгрөг төсөвлөсөн.

Энэ бол иргэдээ дэндүү басамжлан доромжилж буй нэг хэлбэр боловч нөгөө талаараа улс орныхоо эдийн засгийн хөгжлийн эсрэг хийж буй ноцтой гэмт хэрэг юм. Эдгээр байшин савныхаа тендерээс ч багагүй юм хүртдэг нь хэнд ч нууц биш. Ийнхүү татвар төлөгчдийн мөнгийг улс орны хөгжилд бус харин “тууз хайчлах” нэрээр өөрсдийгөө дөвийлгөхөд бэлдэцгээсэн хэрэг. Ингэхдээ хууль хүчний байгууллага, татвар төлөгчдөөсөө ч санаа зовсонгүй. Тэр бүү хэл, дэлхий нийтийг донсолгож буй коронавирусийн аюул хажууд ирсэн нь юу ч биш бололтой.

Р.Даваадорж /Эдийн засгийн ухааны дотор/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.104.2)
    тийм байна
    2020 оны 03 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй 13 цаг 9 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна 13 цаг 13 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна 13 цаг 56 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ 14 цаг 3 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой 16 цаг 18 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна 18 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа 18 цаг 51 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна 18 цаг 56 мин СОР17 Хурлын шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог бодитоор хангаж өгөхийг уриаллаа 19 цаг 2 мин Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно 19 цаг 8 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав 19 цаг 12 мин СОР17: Уугуул иргэдийн төлөөлөл дэвшүүлсэн санал санаачилгыг нь хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв 19 цаг 22 мин Бүлгүүдийн бөглөө мултарчээ… 19 цаг 33 мин Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо 20 цаг 18 мин У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай Уржигдар 18 цаг 17 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ Уржигдар 17 цаг 57 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв Уржигдар 17 цаг 51 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна Уржигдар 17 цаг 02 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв Уржигдар 17 цаг 00 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Уржигдар 16 цаг 48 мин
iИх уншсан
Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөө... Боловсролын салбарын орчин нөхцөлийг сайжруулахад “Таван Бог... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлы...
Top