x

Цоожтой хаалганы цаана цаг бусаар өнгөрсөн гурван охины амийг хэнээс нэхэх вэ?

"Талийгаач охидын ээж ажил руугаа яваад гурван цагийн дараа ирэхэд золгүй явдал болсон байжээ"

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Их сургуулийн гудамж дахь Оюутны хотхоны байранд бага насны гурван хүүхэд цаг бусаар амиа алдсан эмгэнэлтэй явдал хоёр өдрийн өмнө гарлаа. Уг золгүй явдлын мөрөөр "Өдрийн сонин" нэхэн сурвалжилсан байна.

"Н.Алтанзул Тавдугаар цэцэрлэгт өнгөрсөн намраас ажиллаж эхэлжээ"

Иргэн Ч-гийнх Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат. Дархан-Уул аймагт түр оршин суудаг. Нөхөр Ч нь 28 настай, авто засварын газарт ажилладаг. Эхнэр Н.Алтанзул нь 26 настай.

Тэд өнгөрсөн намраас эхлэн Дархан сумын 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Их сургуулийн гудамж дахь Оюутны хотхоны байранд иргэн Г-гийн эзэмшлийн дөрвөн өрөө байрны нэг өрөөг түрээслэн амьдарч эхэлжээ. Их сургуулийн гудамжны байруудыг оюутнууд голдуу түрээсэлдэг учир Ч-гийнх ч энэ маягаар түрээсэлсэн бололтой.

Энэ үеэс эхнэр Н.Алтанзул байрны ойролцоо Тавдугаар цэцэрлэгт үйлчлэгч багшаар ажиллаж эхэлжээ. Тэднийх гурван хүүхэдтэй. Том охин нь таван настай, дунд охин нь дөрөвтэй, бага охин нь ой зургаан сартай байж.

Уржигдар буюу өнгөрсөн мягмар гаригийн өглөө гэрийн эзэн Ч засварын газар луугаа ажилдаа явжээ. Харин эхнэр Н.Алтанзул өдөр 13:00 цагийн үед цэцэрлэг рүүгээ явсан байна. Ингэхдээ гурван охиноо гэртээ цоожлоод явжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар Н.Алтанзул ажил дээрээ дөрөв орчим цаг ажиллаад гэртээ харьсан гэж байна.

Тэрбээр гэртээ очиход золгүй явдал хэдийнээ болоод өнгөрсөн, гурван охин нь амьсгал хураасан байдалтай угтсан гэдгийг ойрынх нь эх сурвалж хэлж байв.

Золгүй явдлын талаарх дуудлага цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламжийн төвд 17:20 цагийн орчимд ирсэн байна. Хэргийн газарт хамгийн түрүүнд аймгийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах аврах ангийн албан хаагчид очсон байна. Аврагчдыг очиход өрөөнүүд усанд автсан байдалтай, уртасгагч залгуур холбоостой байснаас шууд орох боломжгүй байсан гэнэ.

Энэ тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэхдээ “Ажлын хэсэг тухайн айлд очиход угаалтуурын хэсэг бөглөрч хэрэглээний халуун ус хальж шалнаас 2.5 см тогтсон байдалтай.

Хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай орох боломжгүй байсныг аюулгүй болгож, цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнтэй хамт орсон. Цагдаагийн болон прокурорын байгууллагаас ослын газарт үзлэг хийгдсэн” гэсэн юм. Мэргэжлийн байгууллагууд хэргийн газарт үзлэг хийж, хүүхдүүдийн цогцсыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлжээ.

"Хөр хорио тогтоосон үед яагаад цэцэрлэгийн багш нар ажил дээрээ цуглав" 

Нэг айлын бага насны дэрсхэн охид ийнхүү цаг бусаар хорвоог орхисон явдал хүн бүрийн сэтгэлийг шимшрүүлж байна. Тэр тусмаа хэл, хөлд гүйцэд орж амжаагүй, хорвоог таньж мэдээгүй, өөрийгөө хамгаалах чадваргүй жаахан охид зуурдаар амиа алдсан нь тэр гэр бүлд нөхөж баршгүй гарз хохирол болсон нь гарцаагүй.

Улс даяар коронавирусийн халдварын эрсдэлтэй байгаагаас Засгийн газраас их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоох шийдвэрийг гаргаад байгаа юм. Тиймээс сургууль, цэцэрлэгийн багачууд хөл хорионы байдалтай гэртээ байгаа.

Харин эцэг эхчүүд нь амьдралаа залгуулахын тулд ажилдаа явахаас аргагүй. Энэ үед харж хандах том хүнгүй бол хүүхдүүдээ гэрт нь орхиод явахаас өөр сонголт эцэг эхчүүдэд байхгүй билээ. Үүний хамгийн эмгэнэлт жишээ энэ гурван бяцхан охин болж таарлаа.

Охидын ээж Н.Алтанзул цэцэрлэгийн үйлчлэгч ажилтай нэгэн байсан. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглоод байгаа энэ үед Дархан-Уул аймгийн Тавдугаар цэцэрлэгийнхэн 50 жилийн ойн арга хэмжээгээ бэлдэхээр багш ажилчдаа цуглуулсан, цэцэрлэгийн эрхлэгч ажилчдаа маш их дарамталдаг гэх зэрэг мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээ, цахим сайтуудаар түглээ.

Хамгийн гол нь хөл хорио тогтоон Засгийн газар, Салбарын яамны шийдвэр гараад байхад цэцэрлэгийн үйл ажиллагаа үргэлжилж, бүр баярын арга хэмжээнд ажилчдаа дайчилсан болж таарав. Орон нутгийн удирдлага, салбар хариуцсан газар, цэцэрлэгийн удирдлага яагаад ингэж шийдвэрлэснийг ам асуух учиртай.

"Хохирогч хүүхдүүд тогонд цохиулж нас баржээ"

Талийгаач хүүхдүүдийн ээж ажилдаа яваад удаагүй байхад золгүй явдал болсон байна. Хүүхдүүд тоглож явахад угаалгын өрөөний угаалтуурыг бөглөснөөс ус алдаж эхэлжээ. Бага насны хүүхдүүд учир яаж өөрсдийгөө хамгаалах, бөглөөг хэрхэн гаргах талаар мэдэхгүй.

Удалгүй ус шалаар нэг тархаж, цахилгаанд залгасан уртасгагч залгуурыг норгожээ. Ингэснээр ус цахилгаанжсан байна. Энэ үед хүүхдүүд тогонд цохиулж нас барсан байдалтай байсныг эх сурвалж хэлж байна.

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас Тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайханаас мэдүүлэг авч эхэлсэн байна. Түүнийг хөл хорио тогтоосон үед цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа бололтой.

Харин талийгаач охидын ээж, аав шокийн байдлаас гараагүй, эмнэлгийн тусламж авч байгааг орон нутгийн эх сурвалж хэлж байв.

Харж хандах хүнгүй, амьдралаа залгуулахын тулд эцэг, эхчүүд хүүхдээ гэртээ цоожлоод явцгаадаг. Ард үлдсэн хүүхдүүд эмгэнэлтэй байдлаар амиа алдах тохиолдол манайд нэг бус удаа гарч байсан. Харин энэ удаа магадгүй хүүхдүүдийн ээж ажилдаа яваагүй бол тэд эндэхгүй байсан гэх хандлага хүн бүрт бий болж байгаа юм. Тиймээс орон нутагт ямар нөхцөл байдал өрнөсөн, хөл хорионы шийдвэр хэрхэн хэрэгжиж байсныг тодруулахаар аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбаттай холбогдсон юм. Тэрбээр дараах тайлбарыг хийв.

"Ч.Энхбат: Хохирогч хүүхдүүд тогонд цохиулсан уу, халуун усанд түлэгдсэн үү гэдэг нь тодорхойгүй байна"

"Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр бүх талын хориг арга хэмжээг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа. Тэр дундаа сургууль, цэцэрлэг амарсан байгаа энэ үед олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон. 0-18 насны хүүхдүүдийг гадуур авч явахгүй байхаас гадна тэдэнд үйлчлэхгүй байхыг аж ахуйн нэгжүүдэд сануулж ирсэн.

Ялангуяа сургууль, цэцэрлэгийн багш нарыг онлайнаар сурагчидтайгаа харьцаж сургалтын үйл ажиллагааг явуулах зэргээр аймгийн хэмжээнд Засгийн газар, салбарын яамдаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Бага насны гурван хүүхэд гэртээ эндсэн хэрэгт аймгийн ЗДТГ-аас шуурхай ажлын хэсэг гаран ажиллаж байна.

Хэний буруутай үйл ажиллагаанаас болж ийм явдал гарав, үнэхээр цэцэрлэгийн эрхлэгч ой тэмдэглэх нэрээр багш ажилчдаа цуглуулсан уу гэдгийг шалгана. Хэрэв зөрчилтэй нөхцөл байдал тогтоогдвол хариуцлагын арга хэмжээ авна.

Цагдаагийн газар энэ хэрэг дээр мөрдлөг эхлүүлсэн. Цахим сайтуудаар янз бүрийн мэдээлэл гараад байгаа. Айлын паар дэлбэрсэн байна, усанд шалзарсан байсан зэргээр өнгөц харсан хүмүүсийн яриа гараад байх шиг байна. Хохирогч хүүхдүүд тогонд цохиулсан уу, халуун усанд түлэгдэж нас барсан уу гэдэг нь тодорхойгүй байна" гэлээ.

"Б.Гантулга: Хохирогч охидын ээж энэ сарын 20-ны л хариуцлагатай жижүүр хийх хуваарьтай байсан юм билээ"

Боловсрол, соёл урлагийн газрын дарга 

Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглосон энэ үед хяналт тавьж ажиллах үүрэг салбар хариуцсан газруудад байх учиртай. Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл урлагийн газар энэ үүргээ биелүүлсэн эсэх, цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдаж байхад ямар хяналт тавьж байсан нь анхаарал татна.

Тэгвэл тус газрын дарга Б.Гантулга “Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэг ажиллахгүй байх чиглэл өгсөн.

Тавдугаар цэцэрлэгийн хувьд хохирогч хүүхдүүдийн ээж энэ сарын 20-нд хариуцлагатай жижүүр хийх хуваарьтай байсан юм билээ. Гэтэл яагаад тэр өдөр ажлаа хийсэн нь тодорхойгүй байгаа. Энэ асуудлыг нягталж байна. Цэцэрлэгийн эрхлэгч бол тухайн цэцэрлэгийн шууд удирдлага. Тиймээс энэ явдал маш хүнд тусч байгаа” гэсэн юм.

"Ц.Мөнхтуяа: Багш ажилчдын ажлын байрны дарамтаас болж гурван хүүхэд эндлээ"

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос золгүй явдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Тус холбооны гишүүн, багш Ц.Мөнхтуяа “Бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан багшид ийм хүнд явдал тохиолдсонд гүнээ харамсаж байна.

Улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглоод байгаа энэ үед багш ажилтнуудыг ажлын байран дээр нь дуудах, ажиллуулах зөрчил олон газар гарсан. Үүний нэг нь Дархан-Уул аймгийн Тавдугаар цэцэрлэг. Тус цэцэрлэгийн эрхлэгч ажилчдаа маш их дарамталдаг гэсэн мэдээлэл байгаа.

Үүний уршгаар л гурван хүүхэд эндсэн золгүй явдал боллоо. Өмнө нь ч бид багш ажилтнуудын ажлын байрны дарамт, цалингийн асуудлаар олон нийтэд мэдээлэл хүргэж, салбарын яаманд хандаж ирсэн.

Өнөөдөр энэ асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад шаардлага хүргүүлэхээр очиход хариуцах, эмгэнэл илэрхийлэх хэн ч байсангүй. Дэд сайд нь “Би мэдэхгүй” гэдэг тайлбар өглөө. Маш харамсалтай байна” хэмээв.

"Б.Нямбаяр: Эхнэр, нөхөр хоёр сэтгэл санааны хямралаас болж эмнэлгийн тусламж авсан"

Дaрхан сумын 13 дугаар багийн Засаг дарга 

Бид орон нутагт ямар нөхцөл байдал өрнөсөн талаар олон эх сурвалжтай холбогдон мэдээлэл цуглуулсан юм. Үүний нэг нь Дархан сумын 13 дугаар багийн Засаг дарга Б.Нямбаяр байв. Тэрбээр мөн багийнхаа хэмжээнд хорио цээрийн дэглэмийн талаар хэсгийн ахлагчдаараа дамжуулан айл өрх бүрт хүргүүлж байсныг онцолсон.

Харин золгүй явдлын талаар өчигдөр хэсгийн ахлагчаасаа дуулжээ. Тэрбээр энэ тухай “Хэрэг гарсны маргааш буюу өчигдөр өглөө энэ мэдээллийг авлаа. Хэсгийн ахлагч маань “17:00 цагаас хойш хэргийн газар дээр байлаа. 22:00 цаг хүртэл тэнд байсан. Тиймээс тань руу мэдээлэл өгч амжсангүй гэсэн.

Энэ мэдээллийг авсан даруйд цэцэрлэгийн нэгэн ажилтантай холбогдож тодруулсан.

Ч хэмээх энэ айл бол манайд түр оршин суудаг. Гэхдээ багаар орж ирж мэдээлэл үйлчилгээ авдаггүй учраас ямар хүмүүс байдаг, аж амьдрал нь ямар гэдгийг сайн мэдэхгүй юм. Ямартаа ч өнгөрсөн намраас манай багт амьдарч эхэлсэн.

Сэлэнгэ аймгийн уугуул хүмүүс юм байна. Эхнэр, нөхөр хоёр сэтгэл санааны байдлаас болж эмнэлэгт хүргэгдэж эмнэлгийн тусламж авч байгаа гэж сонслоо. Яг тэдэнтэй өөрсдөдтэй нь холбогдож амжаагүй байна” гэлээ.

"О.Дэлгэрсайхан: Хүүхдүүд амарч байгаа үед цэцэрлэгийн ойн ажлыг амжуулъя гэж бодсон юм"

Тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч 

Үүний дараа бид Тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайхантай холбогдож дараах мэдээллийг тодруулсан юм.

-Танай үйлчлэгч багшид харамсалтай явдал тохиолджээ. Яагаад ийм байдалд хүрэв. Уг нь сургууль, цэцэрлэг амарчихсан байгаа үе шүү дээ?

-Юуны өмнө багшийн маань гэр бүлд нөхөж баршгүй гарз хохирол учирсанд эмгэнэл илэрхийлье. Манай байгууллагын хувьд Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, аймгийн Засаг дарга болон Боловсрол, соёл урлагийн газраас өгсөн мэдээ, мэдээллийг цаг тухайд нь багш ажилчид, эцэг эхчүүдэд дамжуулан хүргэж байсан.

Хүүхэд авахгүй хориотой байгаа энэ хугацаанд багш, ажилчидтайгаа ярилцаж байгаад цэцэрлэгийнхээ 50 жилийн ойг хийхэд бэлдье гэж санаачлаад хоёр өдөр л цуглаж ажиллахаар болсон юм. Гэхдээ бүтэн өдөржин биш, өдөр 12:00-15:30 цаг хүртэл боломжоороо ирээрэй гэж багш нартаа хэлсэн. Харамсалтай нь энэ хугацаанд ийм золгүй явдал болчихлоо.

-Талийгаач хүүхдүүдийн ээж ямархуу ажилтан бэ. Та тэдэнтэй холбогдсон уу?

-Бид бүгд сэтгэл санааны гүн шокийн байдалтай байна. Мэдээж хохирогч хүүхдүүдийн ээж, аав хоёр маш хүнд байгаа. Н.Алтанзул бол манай сайн ажилтан, хөдөлгөөнтэй, сэргэлэн, ажлаа сайн хийдэг бүсгүй.

-Хүүхдүүд нь танай цэцэрлэгт явдаг байсан уу?

-Дунд охин нь явдаг байсан. Бага нь хувийн цэцэрлэгт явдаг гэж байсан. Харин том нь өвөө, эмээ дээрээ байдаг гэж хэлж байсан.

-Таныг ажилтнуудаа дарамталдаг, ёс зүйгүй аашилдаг зэрэг мэдээлэл гарч байна?

-Би цэцэрлэгтээ 2013 оноос хойш долоо дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд хамт олонтойгоо ойлголцдог, багаар сайн ажиллаж ирсэн, тэдний санал гомдлыг сонсож ажил үүргээ явуулж ирсэн. Би ажилтнуудаа “Та нар тэдэн цагт ирж, яв” гэж дарамт үзүүлж байгаагүй. Үүнийг манай ажилтнууд мэднэ дээ хэмээсэн юм.

"Н.Болдбаатар: Н.Алтанзул “Хүүхдүүдээ гэртээ орхиод гарсан” гээд л яараад явсан"

Цэцэрлэгийн жижүүр 

Тухайн өдөр ээлжинд гарч байсан цэцэрлэгийн жижүүр н.Болдбаатар ийнхүү ярьсан юм.

-Золгүй явдал болсон өдөр та жижүүрт гарч байж. Цэцэрлэгийн багш нар ажиллаж байсан хэрэг үү?

-Манай жижүүрүүдийн хувьд бол 24 цаг ажиллаад 72 цаг амардаг. Ажлын бус цагаар цэцэрлэгээс дуудаж ажиллуулаад байсан юм байхгүй. Гарах ёстой гараан дээрээ л гарч байсан. Тэр өдөр багш нар нэг, хоёроор орж гараад явж л байсан. Би цэцэрлэгийн үүдэн дээрээс холдож болохгүй, хийх ёстой, хянах ёстой ажилтай хүн. Тэр үед багш нар юу хийж байсныг сайн мэдэхгүй.

-Цэцэрлэгийн ой тэмдэглэх бэлтгэл ажил хийж байсан гэж дуулсан. Багш нар дуу хуур, хөгжим болоогүй юу?

-Ёстой тийм байдал ажиглагдаагүй.

-Н.Алтанзул хэдэн цагт ажилдаа ирсэн бэ. Ажил дээрээ удсан уу?

-Өдөр 13:00 цагийн үед ирсэн. Над дээр “Ах аа, гудас хуйлмаар байна туслаач” гэсэн. Би ч ёсоор нь болгож тусалсан. Ер нь их хөөрхөн ааштай, ахаа эгчээ гээд л явдаг бүсгүй. Ойр зуурын ажил хийж байгаад 16:00 цаг өнгөрөөд гарч явсан. Гарахдаа “Хүүхдүүдээ гэртээ цоожилчихсон. Эртхэн харихгүй бол болохгүй нь” гээд гарсан. Гэр нь ажлын ойрхон гэж байсан. Удалгүй буцаад ороод ирсэн. ‘‘Юмаа мартчихаж” гээд. Тэгээд л яваад өгсөн.

-Ослын талаар хэзээ дуулав?

-Орой 21:00 цагийн үед хоёр цагдаа ороод ирсэн Учир явдлыг ч хэлсэн. Тэгээд “Алтанзул хэдэд ажилдаа ирсэн, хэзээ явсан" зэргийг асуусан. Би ч түүнийх нь дагуу хариулсан. Үнэхээр сонсоход зүрх шимширмээр үйл явдал болж. Маш харамсалтай байна.

-Танай цэцэрлэгийн эрхлэгч багш, ажилтнууддаа ихээхэн дарамт шахалт үзүүлдэг гэв үү?

-Ёстой мэдэхгүй юм. Бид хийх ёстой ажлаа ажил үүргийнхээ дагуу л хийж ирсэн. Би гэхэд энэ цэцэрлэгтээ олон жил ажиллаж байгаа хүн гэв.

Албаны хүмүүс ажил үүргээ гүйцэтгэж байсан гэсэн хариу тайлбартайгаар ийнхүү сууна. Цэцэрлэгийн эрхлэгч ч боломж гарсан дээр нь гээд ажлаа амжуулахыг хүссэнээ тайлбарлаж байна. Хамгийн харамсалтай нь бяцхан охид бүгд хорвоог орхиж, нэгэн залуухан гэр бүлийн элэг эмтэрлээ. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Цаашид Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд цоожтой хаалганы цаана амиа алдсаар байх уу?  

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (139.5.218.60)
    Мөнхнаран ээж фесбүүк бүлгэмээс энэ гурван хүүхдийн төлөө залбираад
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (139.5.218.60)
    мөнхнаран ээжээ
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
"Хонда" АНУ-д шинэ угсрах үйлдвэр барихаар судалж байна 4 цаг 53 мин Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ 4 цаг 58 мин Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 5 цаг 3 мин Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 5 цаг 11 мин "Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 5 цаг 15 мин COP17 хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш болно 6 цаг 7 мин Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо 6 цаг 42 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 7 цаг 21 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 10 цаг 35 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 11 цаг 22 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 11 цаг 26 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 12 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Уржигдар 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Уржигдар 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Уржигдар 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Уржигдар 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Уржигдар 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Уржигдар 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Уржигдар 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Уржигдар 13 цаг 20 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ...
Top