x

Хоёр хөршид Монголын дарангуйлагч хэрэггүй!

Хойд Солонгост Хойд Солонгосын гадаад бодлого гэж байхгүй. Ким Чен Уны гадаад бодлого л гэж бий. Хойд Солонгосын гадаад, дотоод бодлого нь эцэстээ Кимийн династийн ашиг сонирхолд захирагдах ёстой. Аливаа дарангуйлагч дэглэмтэй улсад ийм байдаг зүй тогтолтой.

Ким Чен Уны гадаад бодлого Хятад, Орос, Америк зэрэг их гүрнүүдийн хоорондын харилцааг улам түвэгтэй болгож байдаг. Их гүрнүүд гэдэг бол ямагт ил далд өрсөлдөж байдаг. Харин жижиг орны дарангуйлагч нар үүн дээр нь тоглож улсынхаасаа илүүтэй  хувийн ашиг сонирхлоо хангаж авдаг.

Ким Чен Уны хувьд Кимийн династийг аварч үлдэхийг хүсэж байгаа. Уг зорилгоо болбол Америк, Япон, Өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудыг рэкетэлж хөгжлийн дэмжлэг авах замаар хэрэгжүүлнэ хэмээн тооцсон. Ингэж чадвал ард түмэн нь Ким Чен Уны "суу билэг"-ийг жинхэнээсээ бишрэх болно. 

Хачирхалтай нь ягтаа, хойд солонгосчууд Америкийг хамгийн их дайсагнах атлаа чухамдаа Америкийг л хамгийн их үзэхийг хүсдэг аж. Дарангуйлал дор буй хүмүүс хоёр нүүртэй байдгийг бид мэднэ дээ.

Ким Чен Ун юу ч тооцдог байлаа, их гүрнүүдийн харилцаа улам түвэгтэй болж байна. Бие биедээ цэргийн сүр хүчээ үзүүлэхдээ тулж,алсын тусгалтай пуужингуудаа байлдааны бэлэн байдалд оруулжээ. Америк гэлтгүй хоёр хөрш маань ч бие биедээ "хар санаж" хил залгаа нутгийн дагуу пуужин байрлуулсан. Хүйтэн дайны үед ч ингэж байгаагүй ээ!

Жижиг орны дарангуйлагч, их гүрнүүдийн хоорондын харилцааг, хувийн ашиг хайсан тоглолтоороо улам түвэгтэй, түгшүүртэй болгодгийг Монголын дарангуйлагч ч мөн үзүүлж байсан түүхтэй юм.

1949 онд БНХАУ байгуулагдаж, түүнээс хойш 60-аад оны эхэн хүртэл хоёр хөршийн маань харилцаа найрсаг сайн байлаа. Найрсаг сайнаар зогсохгүй ах дүүсэг. Шинэ дутам байгуулагдсан БНХАУ анхнаасаа Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөг нь тун ч золтой хэрэг байв.

Тэр үед л хоёр хөрштэйгөө сайн хөршийн ёсоор "...эн тэргүүнд... тэнцвэртэй харилцах" Монгол улсын гадаад харилцааны бодлогын чиглэл гарч ирсэн юм. Бодлогын энэ чиглэл өгөөжөө өгсний нэг жишээ гэхэд, орчин цагийн Улаанбаатар хотын эхлэл болсон 40, 50 мянгатын орон сууцны хорооллууд хоёр хөршийн тусламжаар зэрэгцэн боссон явдал билээ.

Хоёр хөршийн маань ах дүүсэг найрсаг харилцаа тогтвортой үргэлжилж чадаагүй. 60 оны эхнээс хүйтэрч сүүлдээ дайсагнах болсон. Их гүрнүүдийн харилцаа муудахтай зэрэг түүн дээр нь хожоо олох гэсэн дарангуйлагч гараад ирэлгүй яах вэ.

Цэдэнбалыг л ганцаараа Зөвлөлтийн талыг баримтлагч байсан мэтээр эндүүрч ойлгодог. Тэр үеийн удирдагч нар бүгдээрээ Зөвлөлтийн талыг баримтлагчид байсан. Харин Цэдэнбал бол, өөрийг нь сталинч этгээд гэж үзээд зайлуулах гэж байсан Зөвлөлтийн удирдагчид нь Хятадын талтай муудалцаж эхэлсэн агшныг овсгоотой ашиглан тоглолт хийж, дарангуйлагч болж чадсан нэгэн юм.   

Цэдэнбал, өөрийнх нь хүссэн эрх мэдлийг л өгч байвал Зөвлөлтийн талд морь нохой мэт зүтгэхэд бэлэн байв. Тэгж зулгуйдахдаа, улсынхаа тусгаар тогтнолыг устган Зөвлөлт Холбоот Улсад нэгдэж орох тухай санал гаргах зэргээр хэтрүүлж байсан юм. Арав гаруй жилийн өмнөхөн монголчууд бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолынхоо төлөө байгаагаа илэрхийлснийг мэдсээр атлаа!    

Цэдэнбал, Зөвлөлтийн талыг өөрөөс нь дутуугүй баримталчих болов чиг хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах нь зүйтэй хэмээн “ам алдаж” байсан өрсөлдөгч нараа Хятадын талын "нөлөөллийн төлөөлөгч" гэх зэргээр гүжирдэн зайлуулж нутаг цөлсөн.

Хятадын "нөлөөллийн төлөөлөгчид" нэрээрээ өөрийн дайснуудаа цэвэрлээд зогсохгүй, хятад ажилчид, цагаачдыг хөөх, иргэдийнхээ удам судрыг мөшгөж эрлийз, хурлийзаар нь нууцаар бүртгэх зэрэг арьс өнгөөр ялгаварлах бодлогыг явуулав.

"Харгис лам нарыг ангийн нь хувьд устгасан нь манай намын түүхэн гавьяа" хэмээн ямагт сайрхаж явдаг Цэдэнбал, Далай ламыг айлчлуулахдаа нүглээ наманчлах гээгүй нь ойлгомжтой. Зөвлөлтийн удирдлагад үнэнчээ харуулж, Хятадыг л улам ихээр өдөж буй нь тэр. 

Монгол дахь Зөвлөлтийн цэргийн хүчийг зузаатгаад улмаар Хятадыг хашраах зорилготой Зөвлөлт-Монголын цэргийн, урьд хожид үзэгдээгүй том хээрийн хамтарсан сургуулийг урд хилийн дагуу 1979 онд хийв.  

Зөвлөлтийн гар хөл нь болж байсан Цэдэнбалын Хятадаар айлгах Зөвлөлт маягийн бодлого, 30 гаруй жил хийрхэж улайрсан байдалтай явсаар 90 оны ардчилсан хувьсгалын дараа сая нэг зогссон билээ. Хоёр хөршийн "хүйтэн дайн"-аар Монголын дарангуйлагчийн тоглосон товч түүх ийм.

Гэхдээ өнөө хэр хор уршиг нь арилаагүй байна. Хятадаас "айчихсан" масс хэвээрээ байна. Эрлийз, хурлийз гэж дайрдаг коммунистуудын гаргасан элий балай "суртал" одоо хүртэл ерөнхийлөгчийн бодлогод ашиглагдсаар байна. 

Их гүрнүүд муудалцахад "хаяа хатавч"-аар нь байдаг жижиг оронд дарангуйлагч гарч ирэн дарангуйлал тогтох магадлал нэмэгддэг. Цэрэг стратегийн байрлалтай бол улам нэмэгдэнэ. Юу гэвэл, их гүрний сонирхлын хувьд, ард түмнээсээ асуудаг ардчилсан төртэй ярихаасаа илүүтэй ард түмнээ дарангуйлдаг этгээдтэй тохирох нь хамаагүй хялбар бөгөөд өртөг багатай.

Хэдий тийм боловч дараа нь дарангуйлагчийн "шалиг занг маллах" нь амаргүй агаад бүр өндөр үнэтэй тусна. Ийм болохыг Ким Чен Уны тоглолт харуулж байна.

Жижиг улсын ардчилсан төр угаасаа гадаад дотоод бодлогоо нээлттэй хэлэлцэж явуулдаг тул их гүрнүүдийн хар сэрийг төрүүлэн шалиглаж чаддаггүй. Хэн нэгэнтэй нь "нууцаар явалдаж араар нь тавих" боломж хомстой.

Ардчилсан улсын гадаад бодлого нь олон ургалч болоод "чалчаа" авч, дарангуйлагч мэт улс үндэстнээ эрсдэлд оруулсан тэнэглэл хийхийг сонгогчид нь зөвшөөрдөггүй тул хамжааргатай. Жишээ нь Оросын дургүй хүргэвэл шатахуун өгөхөө болиход манай сонгочид хэнд уураа гаргахаа мэднэ. Хятадын дургүй хүргээд визтэй болоодохвол манай сонгогчид бас хэнд уураа гаргахаа агшин зуур мэднэ.

Гэтэл Хойд Солонгост их гүрнүүд нийлээд тултал нь хориг тавиад байхадКим Чен Ун "ажрахгүй" байна. Пуужингаараа сүрдүүлээд сууж байна. Ард түмэн нь өлсөж байгаа боловч алуулахаасаа айгаад, Ким Чен Унд уураа гаргаж чадахгүй, аргаа барж байна.

Зүүн хойд Азийн бүс нутаг,нэг дарангуйлагчийн ааш авираас болоод дайн бүхий байдалд орчхоод байгаа. Энэ бүс нутагт ахиад нэг ийм дарангуйлагч хэрэггүй. Тэр тусмаа "цэрэг стратегийн" хамгийн урт хилээр хиллэдэг тийм улсад нь дарангуйлагч гарч ирэх нь хоёр хөршид маш их эрсдэлтэй.

Хоёр хөрш маань хүсвэл Монголд дарангуйлал тогтоож чадна. ХХ зууны Монголын түүх үүнийг нотолно. Хоёр хөршийн дэмжлэгээр дарангуйлагч болох шуналтай этгээд манайд дуусдаггүй. Одоо ч бий!

Гэхдээ хоёр хөршид ардчилсан Монгол Улс хэрэгтэй! Тэдэнд Монголын дарангуйлагч хэрэггүй!

Э.Бат-Үүл

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.94.65)
    чанарын хооронд нийлбэр хэрэггүй
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 3 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 11 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 18 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 12 цаг 58 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 13 цаг 30 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 13 цаг 58 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 14 цаг 14 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 15 цаг 4 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 17 цаг 10 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 17 цаг 24 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 18 цаг 1 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 18 цаг 13 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 18 цаг 21 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 19 цаг 36 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв 20 цаг 53 мин “ДАКАР 2026”: Э. Энхмэнд 200м мэлхий сэлэлтийн төрөлд финалын шатанд амжилттай өрсөлдлөө 21 цаг 38 мин Японд гамшгийн удирдлагын шинэ агентлаг байгуулжээ 23 цаг 23 мин Хиймэл оюунаар гарган авсан вирусийг анх удаа эмчилгээнд ашиглажээ Уржигдар 19 цаг 03 мин Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж уу? Уржигдар 18 цаг 35 мин С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой Уржигдар 14 цаг 32 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ...
Top