x

Дорд үзэхийг эсэргүүцэн тэмцсэн 17 жил

1941 онд АНУ-ын Детройт хотын хоёр дүүргийн дундуур, цагаан болон хар арьстан айл өрхүүдийн газрыг хооронд нь тусгаарласан 2 м өндөр хана барьжээ. Ингэж хана барьсан гол зорилго нь иргэддээ газраар нь барьцаалж зээл олгох холбооны засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой. Тодруулбал, тус зээлийг цагаан арьст иргэд газраараа барьцаалан авах эрхтэй, харин хар арьстай иргэд авах эрхгүй байхаар ялгаварлан тогтоосон шийдвэрийг холбооны банкны удирдах зөвлөл гаргасан байж. Тэгэхээр, зээлийн барьцаалбар болж болох газар болон болж болохгүй газар хоёрыг хооронд нь тусгаарлан ялгахаас өөр аргагүй болжээ.

Цагаан арьстантай нэг л хотод амьдардаг, адилхан “газар” хэмээх үл хөдлөх хөрөнгөтэй атлаа зээл авах эрхгүй байгаадаа хар арьст америкчууд гайхаш алдан “Надад мөнгө л хэрэгтэй байна” хэмээн дуулдаг байв. 

Сүүлдээ тэвчээр нь барагдаж, 1967 оны зун бослого гаргав. Энэ бослого тав хоног үргэлжлэхэд 43 хүн амь үрэгдэн, 467 хүн шархдаж, 7200 хүн баривчлагдаж, 3000 гаруй барилга байгууламж шатжээ. Энэ бослогыг танк, пулемётоор зэвсэглэсэн армийн оролцоотойгоор арайхийн дарсан байна. 

Детройт хот дампуурсан нэг гол шалтгаан бол хар арьст иргэдээ арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхаж, амьдардаг газрыг нь заагласан, мөнөөх алдарт хоёр метрийн хана билээ. 

Өдгөө америк залуус, адилхан газартай хүмүүсийг хар арьстай болохоор нь зээл олгохгүй байсан тэр үеийн тэнэглэлийг яагаад ч ойлгохгүй. Газар бол, цагаан ч бай, хар ч бай, улаан ч бай, ямар ч арьстай хүн эзэн нь байхаас үл хамааран, үүрээд зугатаачихаж чадахгүй үл хөдлөх хөрөнгө болох учраас л зээлийн барьцаалбар болдог атал, арьс өнгөөр ялгаварласан нь тэдэнд ёстой гажиг санагдалгүй яахав. Тийм учраас суут Айн Рэнд, Америк улс капиталист орон болж чадаагүй байгаа хэмээн тухайн үед бичиж байжээ. 

Өнөөдөр Монголд гэр хорооллын хашааны газраар барьцаалж зээл олговол “хохь чинь шүү!” гэдэг хуультай. Энэ хуулиас нь болоод банкууд хашааны газар гэгдэх үл хөдлөх хөрөнгөөр барьцаалан зээл олгодоггүй. Дээр нь баригдсан обьектийг маш багаар үнэлэн зээл олгодог. 

Үүнээс болоод хашааны газар зах зээлийн бодит үнэ цэнийхээ 10 хүрэхгүй хувиар үнэлэгдэн “зээлжих зэрэглэл” нь унадаг. Энэ байдлыг далимдуулан эрх баригчид, дарга нар, гэр хорооллын иргэдийн хашааны газрыг хямд үнээр чөлөөлөн аваад дээр нь хотхон, хороолол барьж өөрсдөө бизнес хийхээр оролдож байгаа. 

Дарга нар ингэж улайрахдаа гэр хорооллынхныг, хар арьстануудыг дорд үзэн элэг барьж байсан цаг үеийн дээдэс адил, ичих ч үгүй “хашаа бүхий 100 айл нийлээд газраа чөлөөлөөд өгвөл айл бүрийг хоёр өрөө байранд оруулж чөлөөлөгдсөн газар дээр нь бид орон сууцны хороолол барина” хэмээн ил тодоор зарлаж байна. 

Гэр хорооллынхон газрын эзэн гэдгээ мэднэ. Намайг хотын дарга байхад явагдсан дахин төлөвлөлтийн үр дүнд хашааных нь газар хэчнээн үнэ цэнэтэй хөрөнгө болохыг ойлгосон. Одоо тэд хашааныхаа газрыг нийтийн орон сууцны “нэг муу” хоёр өрөөнөөс хол илүү үр ашигтай хөрөнгө болохыг мэднэ. 

Нийтийн орон сууцны хоёр, гурван өрөөний квадрат дээр тавилга тавихаас өөр ямар ч “бүтээн байгуулалт” хийх аргагүй хөрөнгө. Харин хашааний газар дээр хорин давхар байшин ч барьж болно, үйлдвэр ч байгуулж болно, супермаркет ч ажиллуулж болно. Хашааний газар өөр дээрээ юу ч шингээж чадах ийм лут хөрөнгө. Тэгэхээр дарга нар өөрсдийнх нь газрыг хямдахнаар чөлөөлж аваад дээр нь тохилог орон сууцны хотхон, хороолол босгон хэдэн арван тэрбум төгрөгийн ашиг олох бизнес хийх гэж байгааг, хашааны газрын эзэд өнөөдөр мэдэхтэйгээ болсон. 

Миний бие, үзэл санаа нэгт нөхдийнхөө хамт, эхний ээлжинд гэр хорооллын айл өрхүүдийн хашааны газрыг хамгаалах, улмаар зээлжих зэрэглэлийг нь нэмэгдүүлэн эдийн засгийн эргэлтэнд орох эрхтэй болгохоор зорин 2002 оноос хойш өдийг хүртэл тэмцэж байна. Энэ тэмцэл өдгөө 17 нас хүрсэн. Ирэх жилийн 9-р сард 18 нас хүрнэ. 

2002 оны 6-р сарын 27-нд УИХ “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хэмээх нэртэй хуулийг баталсан юм. Монгол Улсын иргэнд газар өмчлөх эрхийг нээж өгсөн ардчилсан Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш яг 10 жил 5 сар гаруйн дараа, манай иргэдийн газрын эзэн байх эрхийг амьдралд хэрэгжүүлэх, олон жил хүлээсэн хууль маань гарсан бөлгөө. 

Иргэнд газар өмчлүүлэх хууль 10 жил гацсан шалтгаан нь одоогийн залуучууд сонсвол хөх инээд нь хүрмээр. МАН-ыхан; ядуу иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд өмчилж авсан газраа “хятадуудад зараад дуусгана” гэх зэрэг элий балай шалтаг тоочин уг хуулийг гаргахаас цааргалсан. 

Үнэндээ чухамхүү дарга нар л авилга, хээл хахуулиар хятадуудад газар “ид зарж” байсан юм. Тэд өөрсдиийнхөө ашиг ихтэй авилгын бизнесээ алдахгүйн тулд л олон түмний толгойг эргүүлсэн. 

Харин ч тухайн үеийн Ерөнхий сайд Н. Энхбаярын зүтгэлээр, дарга нарын элдэв бойкот, саадыг даван гарч, ийнхүү 2002 онд “Иргэнд газар өмчлүүлэх” хууль сая нэг батлагдсан авай. 

Хууль гарсан ч эрх мэдэлтэнгүүд, иргэдийн газрыг завшиж хувьдаа бизнес хийх өмхий санаагаа тавиагүй. Хуулийг хэрэгжүүлэх тухай тогтоолын төсөлд, нийслэлийн гэр хорооллын иргэдийн хашааны газрыг “барилгажих талбай” нэрээр хураан аваад, газраа хураалгасан айл өрхүүдийг Өлзийт хорооны чиглэлд 580 га газар гарган шинээр суурьшуулахаар төлөвлөв. Бас, тариалангийн талбайг, эзэмшсэн компаниудад нь 60-100 жилээр олгохоор болов. 

Тариаланчид, нийслэлийн гэр хорооллын иргэдэд хувийн өмч болон ноогдох учиртай алга дарам газрыг нь эрх мэдэлтэнгүүд болоод тэдэнд ойр хүрээллийхэн хуваах авч завших гэж байгаа явдалд дургүйцсэн Сэлэнгэ, Төв аймгийн тариаланчид, гэр хорооллын иргэд “Газрыг шударгаар хувьчлуулах хөдөлгөөн”-д нэгдэн тэмцсэн юм. Тэр тэмцлийг ард түмэн “Тракторчдын тэмцэл” хэмээн алдаршуулсан билээ. 

“Тракторчдын тэмцэл” үр дүнд хүрч, тариаланчид 60-аас 100 хүртэл га тариалангийн газар эзэмшлээр авсан бол, харин гэр хорооллын иргэд газарт орох аюулаас аврагдаад зогсохгүй хашаанийхаа газрыг үнэ төлбөргүй өмчлөлдөө шилжүүлж авсан. Тэмцсэн нь ялдаг болохыг тэр үед харуулсан юм!

Би “Тракторчдын тэмцэл”-ийг удирдан зохион байгуулж явсан өдрөөс хойш 17 жилийн турш гэр хорооллын хашааны газрыг, барууны улсуудын жишгээр эдийн засгийн эргэлтэнд ордог болгохын төлөө дарга нартай тэмцэж байна!

Хотын дарга болмогцоо, хашаанийхаа газрыг өмчилж авсан иргэд өөрсдөө газраа үнэлэн, хөрөнгө оруулагчтай тохирох замаар, газар дээрээ дахин төлөвлөлт хийн хөрөнгө орлоготой болох ажлыг 26 байршилд эхлүүлсэн. Энэ ажлын үр дүнд нийслэлийн гэр хорооллын иргэдийн хашааны газар үнэ цэнэ дунджаар 10 дахин өссөн юм. 

12-16 онд эдийн өсөлт саарч байхад ганцхан хашааний газрын үнэ л тогтвортой өсөж байлаа шүү дээ! Урамшсан гэр хорооллын иргэд өөрсдөө газраа хоорондоо хувь нийлүүлэн орон сууцны хотхон, хороолол барих санаачлага гаргацгааж “Нарлаг Буянт-Ухаа”, ”Газрын эзэн Баянзүрх” зэрэг нэртэй төслүүдийг эхэлүүлсэн юм. 

Харамсалтай нь 16 оны сонгуулиар ялж гарч ирсэн эрх баригчид эдгээр ажлуудыг зогсоож, хашааны газрын үнэ цэнийг захиргааны аргаар тогтоон үнэгүйдүүлэх бодлого явуулж эхэлсэн. Түүнээс болоод хашааны газрын үнэ унав.

Түүгээр зогсохгүй, газраа чөлөөсөн иргэдээс 600 орчим иргэд орох оронгүй болон хохирсон. Дахин төлөвлөлтөнд оролцсон иргэдийг залхааж, бусдад нь харуулах зорилгоор ингэсэн бололтой дог. 

Хашааны газрын зээлжих зэрэглэлийг улам бүр нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ-ын дарга З. Энхболдын идэвхтэй дэмжлэгтэйгээр 15 оны 5 сард УИХ-аар хэлэцүүлэн батлууллаа. Гэтэл энэ хуулийг Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн дүгнэж Цэц унагав. 

Үнэндээ Үндсэн хуулинд яг нийцсэн хууль байсан бөгөөд Цэц, хашааны газрын зээлжих зэрэглэлийг өсгөхгүйн тулд түүнийг санаатай унагасан билээ. 

Гэр хорооллын хашааны газрыг үнэ цэнэтэй хөрөнгө болгохын төлөө тэмцсэн 17 жилийн тэмцлийн хамгийн хэцүү нь юу байсан гээч?

Эрх мэдэлтэнгүүд, дарга нар гэр хорооллынхныг, мөнөөх детройтын хар арьст иргэд шиг, дорд үзэх үзлээ ерөөсөө тавьж өгөөгүй. Тэд, хэдийгээр гэр хорооллыг тойруулан бетонон хана босгочихоогүй ч гэлээ, харин ухамсар, оюун бодол дотроо “хана” босгосон байлаа. 

Манай гэр хороолол бол өөрөө Оюутолгой, Тавантолгойгоос дутахгүй баялаг болохыг нотолсон Эрнандо Де Сотогийн онол, номыг яаж ч үзүүлэн тайлбарлаад ухамсарын тэр ханыг нурааж чадаагүй. Хэнийг ч алагчлалгүй, хувийнх нь сонирхолыг өөгшүүлбэл хөгжил дэвшилд хүрдэг гэсэн Айн Рэндийн философийг яаж ч ухуулаад ухамсрын тэр ханыг нурааж дийлээгүй. “Гэр хороолол”-ын иргэдийнхээ хашааны газар руу дэд бүтэц татаад, газраар нь барьцаалан зээл олгох аргаар газрын эзэдтэйгээ хотын захиргаа нь түншлэн дахин төлөвлөж Токио хотыг хөгжүүлж буй туршлагыг яаж ч үзүүлээд ухамсарын тэр ханыг нурааж чадаагүй. Токио хотын туршлагыг шууд хуулан гэр хорооллын газрын зээлжих зэрэглэлийг өсгөж эдийн засгийн эргэлтэнд оруулбал Монголын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос 30 жилдээ буухгүй гэдгийг яаж ч хэлээд тэр ханыг нурааж чадаагүй юм. 

Дарга нар, улстөрчид маань мэдлэгээр ядуу, боловсролоор дорой атлаа тэнэг их зантай тул жижигхэн тархин дахь гэр хорооллыг дорд үзэх “хана” нь зузаан байв. Тэр тусмаа нийтийн алба эрхэлж байгаагаа ямагт умартаж, хувийн ажлаа амжуулаад сурчихсан совесть нь “хана”-ыг маш бат бөх болгосон юм билээ. 

Тэгэхээр гэр хорооллынхон тэмцэхээс өөр аргагүй. Өөрсдийгөө биш юмаа гэхэд эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө тэмцэх хэрэгтэй. Тэмцвэл дахин ялна!

Гэр хорооллынхон бол газрын эзэд. Тэд бол төрийн буруу бодлогын гайгаар хөрөнгө нь үнэгүйдсэн дундаж ангийхан. Тэдний газар дээр Монгол орны хөгжил дэвшлийн ирээдүй бий. 

Дарга нар л жокер мэт үзээд байгаа болохоос, тэд жокерууд биш. Тэд хүндлэл хүлээх эрхтэй!

Э.Бат-Үүл /2019.12.10/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 1 цаг 49 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 1 цаг 54 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 1 цаг 54 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 2 цаг 4 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 2 цаг 21 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 2 цаг 28 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 2 цаг 36 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 2 цаг 43 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 15 цаг 23 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 15 цаг 55 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 16 цаг 23 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 16 цаг 40 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 17 цаг 29 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 19 цаг 35 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 19 цаг 49 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 20 цаг 26 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 20 цаг 38 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 20 цаг 46 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 22 цаг 1 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв 23 цаг 18 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top