x

Фауст хүн төрөлхтний мөнхийн асуултыг өнөөдөр биднээс асууж байна

Фауст” тун удахгүй энэ сарын 16, 17-ны өдрүүдэд дахин тавигдана. Жүжгийн ерөнхий найруулагчаар нь М.Батболд, зохиолч, орчуулагчаар Н.Пүрэвдагва, ерөнхий продюсероор МУГЖ Г.Мягмарнаран, зөвлөх найруулагчаар УГЗ, Ч.Найдандорж, ерөнхий зураачаар МУГЖ Г.Ганбаатар, хөгжмийн зохиолч, найруулагчаар СТА М.Болд нар ажиллаж байна.

Фаустын залуу насны дүрд СТА жүжигчин С.Болд-Эрдэнэ тоглохоор зэхэж буй. УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнийг шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг. Учир нь дэлхийн сонгодгуудын гол дүрийг найруулагч нар одоогийн дунд үеийнхнээс түүнээс өөр хүнд итгэж өгч чадахгүй байгаа юм. С.Сугар найруулагчийн хүү тэрээр аав шигээ найруулагч болно гэж адарсангүй бас од болно гэж “задардаггүй” мужик, ам чангатай жүжигчин ажээ. Шоу, ярилцлаганд үзэгдээд байдаггүй түүнтэй уулзаж ярилцахад хамаг л хүчээ дотооддоо нөөчхөөд яваа хэзээ нэг цагт тэсрэх юм шиг санагдана. Гэтэл тэр Гамлет, Фауст хоёрыг хэдийнээ өөрийн болгочихсон жүжигчин. С.Болд-Эрдэнэ дотооддоо хуримтлуулсан хүчээ сонгодгуудад сорьж бага багаар тэсэрч яваа ч юм бил үү. Сойлттой морь шиг тоглоход байнгын бэлэн байдалд байдаг чанартай жүжигчин С.Болд-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэе.

-Фауст тавигдах тун дөхөж байна. Бэлтгэл сургуулилт ямархуу байна?

-Бэлтгэл сургуулилт сайн байна. Фаустын жүжгийн ерөнхий найруулагчаар Москвагийн Театр урлагийн академид төгсөөд ирсэн М.Батболд гэдэг залуу ажиллаж байна. Будаг нь ханхалсан найруулагчтай ажиллаж байна даа. Хөгшин Фаустын дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран ах, залууд нь би тоглох гэж байна. Чөтгөрийн дүрд МУГЖ Л.Баттулга мөн МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Өнгөрсөн жилийн тавдугаар сард нээлтээ хийж Соёлын төв өргөөнд бид тоглож байлаа. Бас хэдхэн өдөр тоглосон. Энэ удаад Corporate-д хоёр дахь удаагаа тайзан дээр хоёрхон удаа л тоглохоор төлөвлөгдсөн, бэлтгэлээ хийж байна.

-Өмнө жилийн Фаустаасаа нэмж сайжруулах ч гэдэг юм уу энэ удаад хэрхэн тоглохоор бодож байна вэ?

-Жүжгийн хамгийн сайхан тал нь гэвэл тоглох бүртээ дүрээ ямар нэг байдлаар ахиулах, илүү сонирхолтой болгож сайжруулж тоглох боломж жүжигчинд ирдэг. Кинонд бол тийм юм байхгүй шүү дээ. Ийм учраас драмын жүжиг өөр өөр тоглогддог. Ерөнхийдөө өнгөрсөн жилийнхээс найруулагчийн гол шугам, тавилт хэвээрээ байгаа. Гэхдээ найруулагч ч гэсэн сайжруулж байгаа. Тиймээс жүжигчин өмнөхөөсөө илүү сайжруулахыг л хүсч тоглоно. Өнгөрсөн жил бэлтгэл давчуу байсан. Энэ жил хоёр дахь удаагаа гэхээр тэр хугацаанд бодож боловсруулах цаг хугацаа олдсон гэсэн үг. Тийм учраас илүү ахиулахыг л хичээж байна. Миний хувьд тавилтуудаа илүү сайн бэлдэнэ. Хамтран тоглогчидтойгоо хэрхэн харьцах вэ гээд жүжигчин хүн чинь дотроо ихийг хуримтлуулж ажиллана шүү дээ.

-Гамлет 3 цаг 30 минут, Фауст 2 цаг 20 минут үргэлжилдэг. Энэ том тавилтад тайзан дээр гарахын өмнө бие сэтгэлээ хэрхэн бэлддэг вэ?

-Удахгүй үзэгчдийн өмнө гарах гэж байгаа учраас бие сэтгэлийн амсхийлт заавал хэрэгтэй л дээ. Аль болох эрт унтаж амрахаас эхлээд амрах боломж гарвал л ашигладаг. Жүжгийн бэлтгэлийн үед бол бодно, боловсруулна, түүнийгээ туршиж хийж үзнэ. Харин яг тайзан дээр үзэгчдийн өмнө гарахад тэс өөр мэдрэмж орж ирдэг. Тайзан дээр гараад тоглож эхлэхэд илүү их хүч ордог. Онгод ч гэх юм уу тайзан дээр огт өөр оршихуй ноёлоод ирдэг шүү. Яг тайзан дээр гарах үед миний хувьд зуун хувь нээгддэг. Ялангуяа жүжгийн нээлтийн үед энэ илүү мэдрэгддэг. Цөөн сургуулилтын дараа тайзан дээр гараад ирэхээр хүн маш хүчтэй эмоциор тоглох гээд байдаг тал бий. Тийм учраас олон удаагийн сургуулилт нь гол нуруугаа алдахгүй тоглохыг суулгаж өгдөг гэх үү дээ. Өөрөөр хэлбэл олон удаагийн сургуулилтын дараа дүрээ өөртөө шингээгээд тоглосон нь хүчээр нүдэж тоглосноос дээр гэсэн үг. Дүрийнхээ хувьд графиктай тоглоно гэсэн үг.

-Тайзнаас буух үед нэг ачаа нуруунаасаа аваад хаячихсан юм шиг сэргээд ирдэг үү эсвэл бүр сульдчихсан байдаг уу?

-Сэтгэл сайхан онгойгоод ирнэ бас маш их ядарч сульдсанаа ч мэдэрнэ. Ер нь юм юм л болно шүү дээ. (инээв)

-Сонгодог жүжгийн дүрүүдийг өмнөх жүжигчдээсээ өөрөөр бүтээхийг хичээдэг үү эсвэл хүн бүхний бүтээж байгаа нь цаанаасаа өөр тавигддаг юм уу?

-Ер нь ямар ч жүжгийн нэг дүрийг өөр өөр хүн бүтээхэд яг ижилхэн давтагдана гэж байдаггүй. Хүн өөрөө цорын ганц төрдөг мөн чанартай нь илүү холбоотой байх. Бас найруулагч болгон өөрийнхөө ертөнцөөр тавьдаг учраас ер нь адил байх боломжгүй л дээ. Жишээ нь Гамлетад Ардын жүжигчин Л.Жамсранжав агсан тоглож байсан. Тэр агуу жүжигчин Гамлетийг оюун ухааны талаас нь гаргаж байсан. Харин бид илүү идэвхтэй зөрчилтэй талаас нь гаргахыг зорьсон. Ёс суртахууны өндөр хэмжүүрт баригдсан өшөө авагч гэж хэлж болох юм.

-Тэгвэл өнөөдрийн таны бүтээж байгаа Фауст ямар хүн бол гэдэг нь сонирхолтой санагдаж байна?

-Дэлхийн жүжгийн Гамлет, Фауст, Дон Кихот гээд гурван ноён оргил байдаг. Ийм жүжгүүдийн ямар ч дүрд тоглох нь жүжигчин хүнд дахин нэг их сургууль төгссөн мэт өгөөжтэй байдаг. Тэр утгаараа уран бүтээлчээс ч маш их хүч, хөдөлмөр, ур чадвар, ухаан шаарддаг. Одоо тавигдаж байгаа Фаустын найруулагчийн шийдэл нь их сонирхолтой пост модерн гэдэг утгаараа шинэлэг, ер нь нэлээд зоригтой алхам гэж хэлэхээр байгаа. Фаустын цаг хугацааг илүү нааш нь татаж орчин үед авчирсан хэлбэрээр тавигдаж байна.
Фауст ертөнц хоорондын хамаарлын томьёог олох гээд эрэл хайгуулд хатна. Амьдралын утга учир юу юм, аз жаргал гэж юу юм бол гээд эцэс төгсгөлгүй эрэл хайгуул нь сүүлдээ аз жаргалын томьёо руу хөтөлдөг. Тэгээд тэр олно. Фаустын олсон тэр аз жаргал бол хайр байсан. Ер нь л тийм шүү дээ. Хайргүйгээр хүний амьдрал ямар утга учиртай билээ дээ.

-Фауст гэнэн тэнэг хүн мөн үү эсвэл...?

-Далан нас хүртлээ зөвхөн шинжлэх ухаанаар энэ хорвоог танин мэдэж түүний төлөө бүхнээ зориулж умгар өрөөнөөсөө цааших амьдралыг үзээгүй тийм л хүн. Өөр бусад бүгдийг тэр орхисон. Гэхдээ зөвхөн шинжлэх ухаанаар эрдэм мэдлэгийн оройд гарлаа ч тэр нь аз жаргал биш болохыг мэдээд хүний гэх амьдралыг танин мэдэхийн тулд чөтгөртэй гэрээ хийдэг. Хүний амьдрал гэгчийг огт мэдэхгүй өөрөөр хэлбэл хайр гэдгийг үзээгүй хүүхдээрээ үлдчихсэн тийм л дүр. Фауст хүн төрөлхтний үеийн үед хариултыг нь хайдаг тэр асуултыг л энэ цаг үед дахиад биднээс асууж буй хэрэг.

-Хүний амьдралд олон сорилтууд ирдэг. Сонгодог жүжгийн дүр хүлээж авах нь амьдралд чинь ирж байгаа сорилтуудын нэг мөн үү?

-Сорилт мөн. Нөгөө талаараа оногдож буй хувь тавилан гэж хүлээж авдаг. Гамлет, Фаустаас гадна намайг сорьсон дүрүүд бий.

-Тэгвэл Кихот ноёнд тоглохыг хүсдэг гэсэн үг үү?

-Кихотыг манай театрт Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагч тавьж МУГЖ Б.Жаргалсайхан ах гол дүрд нь тоглосон. Би гахайчинд тоглосон.

-Ямар ч жүжигчинд найруулагчийн оноолтоос гадна тийм дүрд тоглох юм сан гэсэн хүсэл байдаг шүү дээ. Танд байдаггүй гэж үү?

-Байлгүй яах вэ. (инээв) Уран бүтээлч хүн бүхэнд л шунал байдаг. Би болчихлоо гээд ханачихвал хөгжихгүй зогсчихлоо гэсэн үг. Мэдээж том хүсэл мөрөөдөл байна.

-Мөрөөдлөө нуучхав уу?

-Түүнийг заавал одоо яриад байх шаардлагагүй шүү дээ. (инээв) Уран бүтээлч хүн чинь өөрийгөө хөгжүүлэх, зохиол уншихаас эхлээд биеэ ямар ч дүрд тоглосон бэлэн байлгах ёстой. Мэдээж илүү сонирхолтой дүрд тоглохыг жүжигчин бүхэн л хүсдэг.

-Ямар ч дүрд тоглоход бэлэн байхын тулд юу хийдэг вэ?

-Хэвийн жингээ хадгалах хэрэгтэй. Түүний тулд юу хийж болох юм түүнийг л хийдэг. Жүжигчин хүн элдсэн гурил шиг л байх ёстой. Ямар ч хоол хийхэд бэлэн хатуу, зөөлөн нь яг таарсан гурил байдаг шүү дээ. Түүн шиг л байх ёстой.

-Найруулагч нар тэр гурилыг бас сайн элддэг байх тийм үү?

-Өөрийгөө бэлэн байлгахаас гадна янз янзын найруулагч нартай ажиллаж үзнэ гэдэг чинь элдэгдээд л явж байгаа хэлбэр.

-Дүр дээр ажиллах дүр бүтээх хоёр юугаараа ялгаатай юм бэ?

-Жүжигчин хүний зорилго бол дүр бүтээх л дээ. Манай алтан үеийн жүжигчид гэхэд 200 шахам дүрд тоглосон хэрнээ түүнээсээ гарын арван хуруунд багтахаар дүрийг л бүтээсэн гэж ярьдаг юм. Тэгэхээр ахмад үеийн жүжигчид маань ингэж ярьж байхад бид дүр бүтээчихлээ гэж хэлж болохгүй л дээ. Жишээ нь Ардын жүжигчин А.Очирбат гуайн бүтээсэн “Тунгалаг Тамир”-ын Итгэлт баян бол жинхэнэ бүтээгээд, бүр мөнхлөөд үлдээчихсэн дүр шүү дээ. Бодит амьдрал дунд Итгэлт баян гэдэг хүн амьдарч байгаа, амьдарч байсан мэт амилуулсан дүрийг л бүтээсэн гэж хэлж болох байх. Урлагийн байгууллагад ажиллаж байгаа учраас жүжигчин олон дүр дээр ажилладаг. Харин тэр дундаас жинхэнэ дүр болж амилж амьдрах нь их цөөн. Хэрвээ ажилласан дүрээ бүтээж чадвал жүжигчин болсны хэрэг бүтэх нь мэдээж.

-Нэг жүжигчин олон ойролцоо дүрд тоглоод байхаар хооронд нь хольж хутгах андуурахаар байдал сүүлийн үед ажиглагддаг болсон. Энэ тухай?

-Харин тиймээ. Гэхдээ яалт ч үгүй нэгэн бие махбод, нэгэн дуу хоолойнд заяачихсан хүн чинь ойролцоо дүрд тоглож байгаа болохоор үзэгч танихааргүй өөрчлөгдөх боломж байхгүй. Жишээ нь би одоо 16 настай хөвгүүн шиг харагдаж чадахгүйтэй адил. Гамлет гэдэг дүр байлаа гэхэд 50 хувь нь би өөрөө, 50 хувь нь Гамлет байж л тэр дүр амилна. Надад тохирсон, надад байдаг жаахан ч гэсэн зан араншин тэр дүрд байж л дүрийг гаргана шүү дээ.

-Тоглож буй дүрээ амьд оршин буй мэтээр хүлээн аваад хайрлах, өрөвдөх, үзэн ядах гэх мэт мэдрэмж төрдөг үү?

-Зохиолын хувьд ч юм уу тухайн дүрийн хувь заяанаас ч болдог юм уу тиймэрхүү мэдрэмж төрдөг. Тэр дүрийн чинь 50 хувь нь би өөрөө явж байгаа учраас амьд оршин буй хүн гэж л хүлээж авна шүү дээ. Надаар дамжиж байгаа учраас тэр. Сонгодог жүжгүүдэд тоглоход үргэлж өөрийгөө шинээр нээж байдаг. Дүрийнхээ өөртөө байхгүй зан чанарыг нээж тоглох хэрэг гардаг. Дэлхийн сонгодгууд түүгээрээ л сонгодог байгаа шүү дээ. Дахин дахин тавихад хэзээ ч хуучирдаггүй тэр тоолонд шинэ бодол, мэдрэмж, үзэл санаа, өнцөг гарч ирдэг. Хүн төрөлхтний хариуг нь хайж байх ёстой мөнхийн асуултыг эргээд л асуудаг.

-Ямар дүр илүү гоё вэ?

-Тоглоход хүч шаардсан тоглосны дараа асар их таашаал авч чадах дүрүүд илүү гоё.

-Дэлгэцийн бүтээл, драмын жүжиг хоёрын аль дээр нь та өөрийнхөөрөө амьдарч чаддаг вэ?

-Жүжигчин хүний хүч самбаа, ур чадвар, ухаан бодлыг сорьдог талбар бол театр. Жинхэнэ жүжигчин бол театрын тайзан дээр л амьдардаг. Тухайн агшинд жүжигчин тайзан дээр хэн нэгэн хүний амьдралаар амьдарч байгаа хэлбэр. Бусдаар хэдэн үг цээжлээд тайзан дээрээс уншдаг юм биш. Кино ч бас сайхан л даа. Техник технологийн бүх дэвшлийг ашиглаж тоглож болдог. Кинонд энгийнээрээ өөрөөрөө тоглож болдог. Харин тайз бол хамгийн арын суудлын үзэгчдэд хүртэл тоглохын тулд хэд дахин хүчийг нэмэх болдгоороо ялгаатай. Хүч нэмж байгаа хэрнээ тэр нь үнэн байх ёстой.

-Ямар дүрд тоглохгүй вэ?

-Сайн мэдэхгүй байна. Өөрөөсөө их хол дүр, тэс өөр дүр дээр ажилла гэвэл илүү л надад өгөөжтэй.

-Таныг эмэгтэй хүнд тогло гэвэл яах вэ?

-Тоглосон шүү дээ.

-Тийм үү, нэг л буухгүй байх чинь...?

-Н.Ганхуяг найруулагчийн найруулсан инээдмийн төрлийн “Гол дүрийн амрагууд” гэдэг нэртэй жүжиг байдаг юм. Тэр жүжигт эмэгтэй хүн болж тоглосон.

-Тэгээд ямархуу бүсгүй болов?

-Мэдэхгүй ээ, эмэгтэйчүүд л мэдэх байх. (инээв)

-Урт цагтай хүнд жүжгүүдэд тоглоход хүний бие эрхтэнд сөргөөр их нөлөөлдөг гэж сонссон. Энэ тухай?

-Олон жил хурц гэрэлд, олон удаагийн сургуулилтыг хүн биеэрээ л хийнэ шүү дээ. Уурласан, шаналсан, инээсэн, уйлсан бүх тэр мэдрэмжийг тайзнаас үзэгчдэд хүргэхийн тулд хэд дахин хүчийг нь нэмэх шаардлага гардаг. Тиймээс тайзны жүжигчдэд хараа муудах, зүрх өвдөх, ходоод өвдөх гэх мэт нөлөө ирдэг нь үнэн. Сэтгэл хөдлөлийг өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр л дамжуулж байгаа учраас хүний биед нөлөөлдөг байх. “Май энэ инээд, май энэ гуниг шүү үзээрэй” гээд өөр юмаар үзүүлэх биш. Тоглолтын өмнө зүгээр инээгээд сууж байсан хүн чинь тайзан дээр гарангуутаа уйлж гашуудаж, энэлж шаналаад байхаар тэгж нөлөөлдөг байх.

-Та аавынхаа шавь байсан. Багш хүнд шавь нартаа тийм болоосой гэсэн чин хүсэл бас зарчим байдаг. Та багшийнхаа хүссэн шавь нь болж чадсан уу?

-Тийм шавь байх гээд л хичээж явна. Бидэнд “Сайн тоглоё гэж бодож болохгүй. Үнэнээсээ мэдэрч тогло. Зохиолын болон дүрийнхээ мөн чанарыг нь таньсны дараа хэлбэрт нь анхаар” гэж хэлдэг байсан.

-Харин аавынхаа сайн хүү нь мөн үү?

-Мөн.

-Тайзан дээр амьдрах тайзнаас гадна сургуулилахаас бусад цагаа хэрхэн өнгөрөөх дуртай вэ?

-Хөдөө гадаа аяллаар явах усанд сэлэх дуртай. Ер нь ус харахаараа л үсэрч орчих гээд байдаг хоббитой хүн шүү дээ. (инээв)

А.Мөнхжин

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Томуугийн дэгдэлт улсын хэмжээнд өндөр хэвээр байна 11 мин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралдав 14 мин Эм ханган нийлүүлэгчид төлбөрийн саатлаас болж нийлүүлэлтээ зогсоохоо мэдэгдлээ 15 мин 2025 онд Улаанбаатарт 600 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртжээ 16 мин Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгох хоёрдугаар шатны тендерт бэлтгэж байна 17 мин “Сүү” ХК гурван бүтээгдэхүүндээ ESG эко тэмдэг авлаа 19 мин 4 улирлын ухаалаг хүлэмжийг Сэлэнгэ аймагт байгуулна 20 мин Төв аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хийсэн гар урлалыг борлуулж эхэллээ 21 мин Хятадад авлигын хэргээр яллагдсан компанийн захирал асны цаазын ялыг гүйцэтгэжээ 23 мин Нийслэлийн 14 байршилд шинэ жилийн сүлд модны гэрэл нэгэн зэрэг асна 25 мин 2025 онд дэлхий даяар 67 сэтгүүлч амиа алджээ 29 мин Тагнуулын сайдын албыг байгуулах асуудлыг Япон судалж эхэллээ 30 мин Австрали 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ хориглосон анхны улс боллоо 2 цаг 13 мин Олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна 2 цаг 17 мин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Арбитрын байнгын шүүхэд зочилж, удирдлагатай нь уулзав 2 цаг 25 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцвол 25 мянган төгрөгөөр торгоно 2 цаг 29 мин “Монгол ур чадвар-2025” уралдаанд хуурай хийцийн шилдгүүд шалгарлаа 2 цаг 30 мин ОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдээс сонголт хийх ажлын хэсэг байгууллаа 2 цаг 31 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1470 дуудлага иржээ 2 цаг 33 мин Хилчид 152 ширхэг бөхөнгийн эвэр хилээр гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэв 2 цаг 34 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш... Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл и... Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар х... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шин... Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өнд...
Top