x

Д.Мөнх-Эрдэнэ: Дипломат алба гэдэг тэтгэвэрт гарахын өмнө очиж амардаг газар биш

Хөх хотын Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та дипломат албанд ажиллаж байгаад хугацаа дуусаад ирсэн гэж NTV телевизийн ярилцлагад орохдоо хэлсэн. Мөн энэ үеэр ГХЯ-ны ургийн модны тухай мэдээлсэн. Та одоо ч энэ байр суурин дээрээ зогсох уу. Учир нь зарим хүмүүс Таны өгсөн ярилцлагыг няцааж байна?

-Дипломат албанд ажиллаж байсан хүний хувьд байр сууриа илэрхийлэх гэж телевизийн ярилцлагад орсон боловч олныг хамарсан ярилцлага болно гэж санасангүй. Гэхдээ үүнийг нийт массыг хамарсан ярилцлага гэж би хувьдаа бодохгүй байгаа. Төрийн яам, агентлагуудын нэг салбар нь ямархуу дүр төрхтэй байгааг илэрхийлсэн төдий. Энэ бол төрийн албанд болдог энгийн л нэг дүр зураг. Ийм зүйл байдаг гэдгийг хүн бүр мэддэг, гэхдээ нээлттэй ярьж байгаагүй учраас л энэ бүхэн хүмүүст хүрсэн байх. Иймэрхүү хэрүүлийн шинжтэй зүйл ярихаас үнэндээ залхаж байна. Угтаа эх орноо төлөөлөөд гадаадад дипломат алба хашаад ирсэн хүн тухайн суугаа улсын хөгжлийг яаж өөрийн улсын хөгжилтэй уялдуулж болох гарц, шийдлийг яриад сууж байх ёстой. Гэвч зарим нэг УИХ-ын гишүүд, дипломат албаны хүмүүс үнэнийг нь хэлсний төлөө намайг гүжирдээд, зүгээр суулгахгүй юм даа. 

-Та Хөт хотод хэдэн жил консулаар ажилласан бэ. Таныг эгүүлэн татсан мэтээр ойлгуулсан. Гэтэл хугацаа дуусаад ирсэн юм байна, тийм үү?

-Уг нь дипломат албаны агуулга маш том юм шүү дээ. Монгол Улс дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхахын тулд гадаад харилцаагаа нэгдүгээрт тавьж, чухалчлах ёстой. Харин үүнд Гадаад хэргийн яамаар дамжин дэлхийн өнцөг булан бүрт суугаа дипломатууд гол үүрэг гүйцэтгэх учиртай. Ялангуяа, ЭСЯ, Консул, Дипломат төлөөлөгчийн газар ажиллаж буй манай боловсон хүчнүүд гүүр болж ажилладаг. Ийм л ухамсраар миний бие 3.5 жил Хөх хотод консулаар сайхан ажиллаад ирсэн. Энэ хугацаанд хоёр улсын харилцааг бүхий л талаар хөгжүүлэх чиглэлд боломжийн хэрээр ажилласан гэж өөрийгөө дүгнэж байгаа. Харин зарим нэг увайгүй улстөрчид төрийн албыг мөнгөний, төрөл садангийн алба болгож, ажил хийхэд садаа болж байна. Ийм зүйлийг биеэр мэдэрч, нүдээр үзсэн учраас залуу хүний хувьд эвлэрэхийг хүсээгүй. Ер нь Монгол Улсын иргэд тулгарч буй зовлон бэрхшээлээ нээлттэй, ил тод ярих ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Тиймээс энэ бүхнийг мэдсээр байж дуугүй өнгөрч болохгүй гэсэн үүднээс телевизийн ярилцлагад орсон юм аа.

-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын тухай Та нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Таны ярилцлагын хариуд Н.Анхбаяр цахим хуудсаараа ГХЯ-нд зүтгэлтэй ажиллаж байгаа тухайгаа тайлбарласан байна лээ. Үүнийг олж харсан уу?

-Монгол Улсад хэний ч хүүхэд хаана ч ажиллаж болно оо. Заавал ч үгүй төрийн түшээ гэдгээр нь онцлоод байгаа юм биш ээ. Өнөөдөр төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж, төрийнхөө төлөө зүтгэж, гавьяаныхаа амралтанд гарсан болон хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн үе үеийн УИХ-ын гишүүд байдаг аа. Тэдний заримынх нь хүүхдүүд эцгийнхээ залгамж халаа болж, сайн ажиллаж байгаа. Гишүүдийн хүүхэд гэхээрээ л болдоггүй, бүтдэггүй гэсэн талаас нь яриагүй юм, уг нь би. Төр барилцаж, 30 жил нэг салбарыг удирдаж, хийсэн гавьяа, бүтээсэн зүйлгүй атлаа үр хүүхдээ төрд шургуулж, тэд нь төрийн албыг төрлийн алба болгон гажуудуулж, ажлаа хийж чадахгүй байгаа нөхдийн талаар ганц нэг зүйл цухас хэлсэн. Түүнээс биш ардчилсан нийгэмд хэний хүүхэд, хаана ажиллах нь нээлттэй шүү дээ, тийм биз.
Өнөөдөр УИХ-ын зарим нэг увайгүй гишүүд дипломатын болон төрийн албаны шаардлага хангаагүй төрсөн ахыгаа төрд шургуулж байна. Угтаа УИХ-ын гишүүн бол хууль сахиулах ёстой хүн. Ийм байтал хуулиас гадуур зарчим гаргаж байгаа нь ямар ёс зүйгүй нэгэн болохыг харуулж байна. Ийм хүмүүсээс гарах хуулийн санаачилга ч ямар байх нь ойлгомжтой. Төрсөн ахыгаа, төрсөн хүүгээ, хамаатныхаа дүүг, бэрээ, нууц амрагаа төрийн албанд “шахдаг” увайгүй үйлдлийн үнэнийг нь би хэлсэн. Харин сэтгүүлчид та нар үүнийг хөөвөл төрийн албаны ургийн мод улам том болж ургах юм шиг байна лээ дээ.

-ГХЯ-ны ургийн мод улам томорч магад гэлээ. Ер нь дипломат албанд ямар зарчмаар шалгаруулалт явуулдаг юм бэ?

-Угтаа төрийн албанд даргын, гишүүний, сайдын, малчны, жолоочийн гээд хэний ч хүүхэд нээлттэй сонгон шалгаруулалтад орж, шалгалтаа өгөөд тэнцдэг байх ёстой. Гэтэл үүнийг УИХ-ын гишүүд, сайд нар шударга зарчмаар хийхгүй байгаад асуудлын гол нь байна. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй нь лавтай. Тэгэхээр эхлээд дээрээ суудлаа олох хэрэгтэй. Суудал дээр суулгах албан тушаалтныг эрх барьж байгаа сайд, дарга нар зөв, шударга зарчмаар буюу шилэн аргаар сонгох хэрэгтэй. Тухайлбал, ГХЯ-нд 10 орон тоо гарлаа гэхэд гадаад, дотоодод төгсөөд ирсэн 100 залуугаас бүртгээд, шилэн хэлбэрээр шалгаруулалтаа явуулах хэрэгтэй гэсэн санаа. Түүнээс биш дипломат алба гэдэг тэтгэвэртээ гарахынхаа өмнө очиж амардаг газар биш. Ийм хүмүүс төрийн албыг гутаамааргүй байна. Ийм байдлаар явж байгаа учраас л өнөөдөр төрийн албыг шүүмжилсэн. Түүнээс хэний хүүхэд, хаана ажиллах нь надад сонин биш, барьцаад байх юм ч байхгүй.

-УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах болон Н.Анхбаярыг Та дипломат албанд тэнцэхгүй хүн гэж хэлсэн. Өөр ямар асуудал ГХЯ-нд байна вэ?

-Тэр хүн өмнө нь Сан Францискод ажиллаж байсан шиг байгаа юм. Хийсэн ажлаа яриад байх шиг байна лээ. Би түүнээс хийсэн ажлынх нь талаар огт асуугаагүй. Надад ч гэсэн хийсэн ажлаа ярья гэвэл зузаан боть ном гарах юм бий. Бид энэ ажлыг хийх гэж очсон, хийх ч үүрэгтэй. Хүний өмнөөс хэн нэгэнд гайхуулах гэж ажиллаагүй, тийм биз? Намайг худал хэлсэн гэж байгаа бол шүүхдээд яв л даа. Ганц үнэн үг хэлэнгүүт яам даяараа мэдэгдэл гаргаж, сүржигнэх хэрэг байна уу? Монгол Улсын ГХЯ-ыг ганц нэг албан тушаал хашиж байгаа нөхөр төлөөлж, мэдэгдэл гаргахгүй ээ. Өөрсдийнхөө өмнөөс мэдэгдэл гаргаж байгаа юм бол яамны нэрийг барьж, өмнөөс нь ярих хэрэггүй ээ. Хувийн шугамаараа асуудлаа яриад явах хэрэгтэй. Нэг гишүүний ахын тухайд гэвэл, тэтгэвэрт гарахынхаа өмнө яваа хүн зөвхөн мөнгө л боддог юм билээ. Бас “том” артай, “том” дарга сайдын үр хүүхэд гэхээрээ гул барьж ажилладаг юм билээ. Энэ бүхнийг л би хэлсэн. Үүнийг нэг их сүйд майд болгож ойшоож үзэх хэрэг байна уу. Зөвөөр ойлгох хэрэгтэй. Ийм хэрүүлийн чанартай юмаа одоо болимоор байна. Би хэн нэгэнтэй заргалдах гэж, од болох гэж энэ бүхнийг яриагүй. Дахин хэлье. Байгаа нөхцөл байдлын өчүүхэн хэсгийг л үнэнээр нь хэлсэн. Хууль дүрэм зөрчөөд нэг ахыгаа томилж явуулсан тухай л ярьсан. Иймэрхүү хүмүүс төрийн албыг бүр нууц амрагийн алба болгож байх жишээтэй. Эрчүүд ярьдаг л даа, чамд ямар хамаатай юм гэж. Үнэн, гэхдээ хувийнхаа бизнесээр нууц амрагаа тэтгэж байвал маньд ямар хамаа байх вэ. Гэтэл төрийн албыг ингэж завхруулж болохгүй л дээ.

-Та бусдыг дипломат албанд тэнцэхгүй гэж их ярилаа. Тэгвэл өөрөө энэ албанд хэрхэн тэнцэж явсан бэ, өөрөөр хэлбэл, ямар боловсролтой хүн бэ?

-Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн хүн гэдэг Монгол Улсаа төлөөлж явдаг юм. Тиймдээ ч олон талын харилцааны маневр хийх чадвартай, эрч хүчтэй, шударга, үнэнч, дайчин, ажлын ачаалал даах чадвартай, боловсролтой, соёлтой гэх мэт шалгуурыг хангасан Монгол Улсын иргэн дипломат албаа харь улсад төлөөлнө. Харин дипломат төлөөлөгчийн газар Ерөнхий консул, Элчин сайд түүний багт ажиллаж байгаа дипломат техникийн ажилтнууд мэргэшсэн, хэлтэй устай, төрийн албаны болон дипломатын шалгалт өгсөн, комьпютерийн мэдлэгтэй гээд бүхий л талын чадвартай хүмүүс байх ёстой. Түрүүнд хэлсэн, нэг гишүүний тэтгэвэрт гарсан ах нь дээр дурдсан шаардлагыг алийг нь ч хангахгүй хүн ирсэн. Гэтэл үүнийг нь мэдсээр байж мэдээгүй царайлан томилж явуулж байгаа сайд нь өөрөө ямар ёс зүйтэй хүн болохоо харуулж байна. Төрийн албыг зүгээр л нэг наймааны алба болгож байна. Гадаад хэргийн сайд нь өөрөө ГХЯ-ны боловсон хүчнүүдийг бараа, бүтээгдэхүүн борлуулж байгаа юм шигээр ажиллаж байна. Жишээ нь, Д.Цогтбаатар надад хэлэхдээ, “Ерөнхий консул аа, Та Манжуур явчих. Таны оронд хүн зүтгүүлэх гэсэн юм” гээд яриад сууж байсан. Яг л энэ жишгээр гадаад томилгоонууд хийгдэж байна. Үнэн дүр төрх нь иймэрхүү л байна. Д.Цогтбаатарын үед ийм маягаар хийсэн томилгоонууд нь өнөөдөр Монгол Улсын нэр хүндийг гадаадад унагаж дууслаа. Түрээчээсээ Европт хар тамхины хэрэгт холбогдож байна. Тэд бүгд Д.Цогтбаатар, Н.Анхбаяр нарын үед томилогдож явсан байх жишээтэй. Тодруудбал, Н.Анхбаярын найз нь хүртэл нь Германы шоронд ял аваад байна. Энэ үйлдэл нь Д.Цогтбаатарыг ГХЯ-нд тэнцэхээргүй болохыг харуулж байна.

-ГХЯ-ны дэд сайдын дүүг Хөх хотод томилсон гэж Та ярьсан. Гэтэл дэд сайд нь үгүйсгэж байна лээ. Та хоёрын хэн нь худлаа ярьсан юм бол?

-ГХЯ-ны дэд сайд нөхрийнхөө дүү н.Ганчимэгийг Хөх хот руу томилсон. Би дээр телевизээр орж байхдаа “нөхрийнх” нь гэдэг үгийг гээгээд хэлчихсэн байна лээ. Ер нь миний дүү манай эхнэрт төрсөн дүүгээс ялгаагүй, харин эхнэрийн дүү надад төрсөн дүүгээс өөрцгүй. Тэгэхээр нөхөр, эхнэрийн дүү гэдэг төрснөөс ялгаагүй гэсэн үг. ГХЯ-ны дэд сайдаас очоод асуух хэрэгтэй. Ийм байж болдог юм уу? Тэр дүү нь гадаад яамны үндсэн ажилтан биш шүү дээ. Дэд сайдын “Мөнхийн үсэг” гэдэг хувийнх нь компанид дүү н.Ганчимэг нь ажиллаж байгаад, Гадаад яам руу орж ирээд, нэг жил ажиллахдаа шаардлага хангахгүй, мэдлэг чадваргүй гэж яамны хүмүүс байнга гомдол гаргаж байсан юм билээ. Ийм хүнийг яамны дэд сайд нь гадагшаа томилж явуулсан байх жишээний. Энэ ёс зүй мөн үү? Сайд, дэд сайд, Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал хаа хаанаа ямар ч ёс зүйгүй ажиллаж байна шүү дээ. Үүнийг л ил болгож хэлсэн, юу нь буруу байна? Миний талаар хий хоосон мэдэгдэл гаргахынхаа оронд хуулийн байгууллагад хандах хэрэгтэй. Хуулийн байгууллага л эцсийн үнэн, мөнийг тогтоодог газар баймаар юм.

-Холын хүнээс үг сонс гэдэг. Хөт хотод Та багагүй хугацаанд эх орноо төлөөлж ажиллалаа. Хөх хотын хөгжлийн талаар ярина уу?

-Хөх хот бол 20 сая хүн амтай, хөдөө аж ахуй, газар тариалан түшиглэсэн урд хөршийн Өвөрмонголын өөртөө засах орны төв. Урд хөршийн стратегийн хөдөө аж ахуйн бүс нутаг гэхэд болно. Өвөрмонголын ДНБ-ийг бүрдүүлдэг гол салбарын нэг нь аялал жуулчлал. Жилд тус улсын хэмжээнд гадна, дотнын нийлсэн 15 сая жуулчин ирдэг. Энэ 15 сая жуулчны 10 хувийг нь хил орчмын аялал жуулчлалаар Монгол Улс руу авах боломж байна. Үүнийг ажил хэрэг болгомоор байна. Өнөөдөр ӨвөрМонгол ногоон болохын төлөө зорилт тавьж, хариуцлагагүй уул уурхайнуудыг хааж байна. Хот төлөвлөлтийг ягштал мөрдөж байна. Хэдэн өрхийн дунд, хэдэн хүн амын дунд эмнэлэг, сургууль байх ёстой гэхчилэн. Энэ мэтчилэн урд хөршөөс санаа авах, зөв хөгжлийг нутагшуулах олон салбар байна. Тухайлбал, байгаль орчин, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, үүн дотор эрчимжсэн мал аж ахуй, хот төлөвлөлт, дэд бүтэц гэх мэтчилэн.

-Солонгос, Станбул, Орос, Хөх хот гэх мэт газарт Элчин сайдаа томилохгүй удаж байна гэж шүүмжилсэн. Тухайн суугаа орон Элчин сайдгүй удвал ямар эрсдэл үүсэх вэ?

-Аливаа оронд зэрэг дэв гэж байдаг. Гадаадын төрийн тэргүүн Монгол Улсад айлчилбал манай төрийн тэргүүнтэй уулзана. Дэд сайд ирвэл манай дэд сайдын түвшинд уулзана. Үүний адилаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд Монгол Улсаа төлөөлж байгаа учраас бүхий л тал дээр тухайн орныг бүх салбарт төлөөлөх нэг номерын хүн байх ёстой. Ийм эрхтэй Элчин сайд, ерөнхий консул, дипломат төлөөлөгчийн газрын дарга эзгүй учраас орлогч, эсвэл түр хамаарагч нартай харилцаа ямар түвшинд байх нь ойлгомжтой. Жишээлбэл, 40 мянга гаруй монгол иргэдийн ажиллаж, суралцаж, амьдарч байгаа Солонгос Элчин сайдгүй хоёр жилийн нүүр үзэж байна. Эрээн Консулын газрын даргагүй гурван жил боллоо. Хөх хот, Хонконг, Сан Франциско, Истанбул Ерөнхий консулгүй, ОХУ Элчин сайдгүй байна. Чөлөөлж болно, гэхдээ зөрүүлээд орных нь хүнийг нь томилдог байх ёстой.

Туркийн Станбулын Ерөнхий консулын газар Ерөнхий консулгүйгээс болж Д.Цогтбаатарын томилсон албан хаагчид дипломат дугаартай машинаар улс орон дамнуулан хар тамхи зөөж, Монгол Улсын нэр хүндийг онц ноцтой унагалаа. Энэ бүгд асуудал уу, асуудал. Хэрэв Монгол Улсын ГХЯ-ыг чадалтай сайд, дэд сайд, Төрийн захиргааны газрын дарга удирдсан бол ийм асуудал гарахааргүй байлаа. Залгамж халааг алдагдуулахгүй ажлаа сайн хийж байсан бол ийм дээрээ тулахгүй байсан. Ийм нөхдийг Монгол төрөөс чөлөөлөх хэрэгтэй. Хэрэв ёс зүй өндөртэй Япон, Солонгос улсад нэг мэргэжилтэн нь ийм асуудал гаргавал сайд нь огцордог байх жишигтэй юм билээ.

-Таныг Ж.Батзандан гишүүн найман жилийн боловсролтой гэсэн. Та ямар мэргэжлээр, аль сургууль төгссөн бэ?

-Би хөдөөгийн дунд сургууль төгссөн. Бакалавраа КТМС-д, магистраа МУИС-д хамгаалсан. Боловсролыг хэн нэгэн попордог, хүн муулдаг нөхөр өөрийнхөөрөө дүгнэхгүй ээ. Монголдоо боловсрол эзэмшиж, эх орныхоо төлөө шударга ажиллаж байгаа боловсон хүчнүүд бүгд боловсролгүй байж таарах уу, тэр хүнийхээр? Гадаадад төгссөн нь боловсролтой, Монголд төгссөн нь боловсролгүй гэж ойлгож болохгүй л дээ. Гадаадад төгсөөд Монголд ирээд ажил хийж чадахгүй, асуудал гаргадаг нөхөд зөндөө байдаг юм билээ. Манай Ерөнхий сайд, Ерөнхийлөгч бас л Монголдоо боловсрол эзэмшсэн шүү дээ. Тэд Монголынхоо төлөө сайхан ажиллаад зүтгэж, мэдлэг чадвараа ашиглаж байна. Боловсролтой хүн аливаа юмыг өргөн агуулгаар нь харах чадвартай байдаг юм.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Бямбасүрэн "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ 11 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа 28 мин Гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв 40 мин Нийслэлийн шинэ Засаг даргыг ирэх даваа гаригт томилно 1 цаг 8 мин Улаанбаатар хотын агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсныг танилцууллаа 1 цаг 23 мин ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны төлөөлөлтэй уулзлаа 1 цаг 24 мин ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангид ажиллалаа 1 цаг 25 мин ХБНГУ-д инженер, техникийн чиглэлээр 100 оюутан суралцуулахаар хэлэлцэж байна 1 цаг 26 мин Элчин сайд Н.Оюундарь Украины Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 1 цаг 27 мин Италийн алдарт "Палио" морин уралдааны зохион байгуулагчидтай уулзлаа 1 цаг 27 мин "Эрдэнэт үйлдвэр" гаалийн байгууллагуудтай хамтран экспортын зардлыг бууруулах асуудлаар хэлэлцлээ 1 цаг 27 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 28 мин Төв болон зүүн аймгуудын нутгаар цас, бороо орж шуурна 1 цаг 28 мин Э.Бат-Үүл: Нийслэлийн бүх хариуцлагыг улаанбаатарчууд Н.Учралаас л нэхэх ёстой 2 цаг 2 мин МУЭИС-ийн дэргэд “Монгол-Япон судалгааны төв” нээгдлээ 15 цаг 56 мин Ерөнхий сайд Н.Учрал Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрт оролцлоо 16 цаг 6 мин НҮБ-ын бие даасан шинжээч Грэйм Рийдийг хүлээн авч уулзлаа 16 цаг 6 мин Мотокроссын "Mongol Grandprix MX League 2026" лиг Монголд анх удаа болно 16 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 18 цаг 36 мин УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ 18 цаг 38 мин
iИх уншсан
“Гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал улстөрчид, албан тушаалтну... Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Монгол хэмээх нэрийн учир Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... Улаанбаатар марафон 2026-ын үеэр зам хаах мэдээлэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий...
Top