Нийслэлийн зургаан дүүрэгт цагдаагийн газар, хороодод 17 хэсэг дээр нэмж 16 хэсгийг бүтцийн өөрчлөлтөөр бий болгожээ.
Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд улам ойртуулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар ийн шийдвэрлэсэн байна.
Шийдвэр гарсан даруйдаа хэрэгжин цагдаагийн албан хаагчид иргэдэд үйлчилгээгээ улам ойртуулахын тулд шинэ бүтцийн өөрчлөлтийн дагуу ажиллаж эхэлжээ.
Зургаан дүүрэгт цагдаагийн газар байгуулснаар дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангахын зэрэгцээ тухайн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргатай нэг бодлогоор харилцах, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх юм байна.
Энэхүү шинэ бүтцээр Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагын бүтцээс 52 орон тоог дүүргүүдэд шилжүүлснээр цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээ иргэдэд ойртох хамгийн том зорилготойгоос гадна ажлын байрны давхардлыг арилгах, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэн үргүй зардлыг бууруулах ач холбогдолтой юм.



