Монголын хуульчдын нийгэмлэг ТББ-аас өчигдөр тайван жагсаал зохион байгуулж, жагсаалд ирсэн хуульчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн шүүхтэй холбоотой хэсгийн талаар УИХ-ын гишүүдэд дараах шаардлагыг хүргүүлжээ.
Уг шаардлагад, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгуулахаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн дараах гурван заалтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Үүнд:
1. Үндсэн хуулийн 49.5, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно",
2. Үндсэн хуулийн 49.6, “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно",
3. Үндсэн хуулийн 48.1, “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно" гэсэн байна.
Мөн жагсаалд оролцсон хуульч, эрх зүйч мэргэжилтнүүд, иргэдийн зүгээс нийгмийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд ханджээ. Тэнд,
"УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төслөөр“шүүхийн хараат бус байдал”-ыг бэхжүүлсэн есөн зүйл заалт агуулж байсан боловч өнөөдрийн байдлаар гурван зүйл, заалт үлдэж бодитоор батлагдах боломжтой байна. Бид ямар ч тохиолдолд урагшлах ёстой. Нэг алхам ч бай, нэг төө ч бай, бай бид урагшлах ёстой. Үүний тулд УИХ-ын Төрийн байгуулалтын хорооноос дэмжсэн гурван заалтыг Үндсэн хуульд тусгавал шүүхийг хараат бус, шударга болгоход чухал алхам болно" гэсэн байна.



