Нэр бүхий найман шүүгчийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх саналыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар,Т.Аюурсайхан, Л.Болд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар энэ оны зургадугаар сарын 28-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮБАЗ/-д гаргасан.
Тэд үүнийгээ “Эдгээр шүүгчийн талаарх гомдол УИХ-д ирсэн. Тэд шүүхэд байгаа цагт шударга ёс тогтохгүй гэж иргэд үзэж байна. Тэд С.Зоригийг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар “Биднийг тамлан зовоож, хэрэг хүлээлгэх ажиллагаа хийсэн” гэж мэдүүлсэн ч гурван шатны шүүхээр хэлэлцүүлж, ял оноосон. Гүйцэтгэх ажлын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндсээр нь зөрчсөн” хэмээн тайлбарласан билээ.
Энэ дагуу Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарыг түдгэлзүүлэх шийдвэрийг ҮАБЗ гаргасан тухай өнөөдөр өдөр тутмын зарим сонин мэдээлсэн байна. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад:
-“Таван шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр ирээгүй. УИХ-ын нэр бүхий гишүүд ҮАБЗ-д найман шүүгчийг огцруулах асуудлаар 2019 оны зургадугаар сарын 28-ны өдөр шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагын дагуу холбогдох мэдээллийг ҮАБЗ-д ирүүлнэ үү гэсэн утгатай албан бичиг энэ сарын 21-ны өдөр ШЕЗ-д ирсэн” гэжээ.



