x

Л.Энхболд: Засгийн газар алдаагаа засчихвал маргаангүй болно

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.

-Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцалж, тухайн орчныг улсын тусгай хамгаалалтад авах асуудал нэлээд маргаан дагууллаа. Өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх уурхайн үйл ажиллагааг зогсоох талаар холбогдох албаныханд үүрэг өгснөөр асуудлыг эцэслэх бололтой. Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүний хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай хандаж байгаа вэ?

-Өмнөговь аймагт уул уурхай хөгжиж байгаагийн хэрээр иргэд, аж ахуйн нэгжийн хооронд их маргаан үүсэж байна. Тэр дундаа Гурвантэс сумын Тост багийн нутагт орших Тост, Тосон бумбын нурууг тойрон үйл ажиллагаа явуулж буй уурхайнууд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгааг сумын иргэд, төрийн бус байгууллагууд эсэргүүцэж, тэмцэж байна.

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд би энэ асуудалд анхаарал хандуулж байгаа. УИХ-ын гишүүн хүн аливаа нэг асуудлыг гаргаж ирээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиулж, гудамж талбайд жагсахаас илүүтэй хууль эрх зүй, хэм хэмжээний хүрээнд хэрхэн ажиллах, гаргалгаа нь юу вэ гэдгийг судалж, ажиллах ёстой.

Тост, Тосон бумбын нуруунд уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа нь асуудалтай. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнгөрсөн тавдугаар сард дөрвөн асуудлаар асуулга тавьсан.

Нэгдүгээрт, “Сауд гоби коэл транс” компани тусгай зөвшөөрөл авахдаа анхан шатны бичиг баримтыг хэрхэн бүрдүүлсэн, дүрэм, журмын дагуу зөвшөөрлөө авсан уу гэдгийг асуусан.

Мөн хууль зөрчсөн эсэх, тусгай зөвшөөрөл авч, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж, төлөвлөгөөгөө батлуулсан уу гэдгийг тодруулсан. Түүнчлэн тусгай хамгаалалтад авах газар 899 мянган га байсныг 734 мянган га болгож бууруулсан нь ямар үндэслэлтэйг асуусан. Ийм дөрвөн үндэслэлээр Ерөнхий сайдад асуулга тавьсан юм.

-Тухайн үед асуулгын хариуд ямар мэдээлэл өгсөн бэ?

-Засгийн газар холбогдох агентлагаас ирүүлсэн мэдээллийн дагуу хариу ирүүлсэн. Тодруулбал, хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар төлөвлөгөөгөө батлуулсан, Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай хамгаалалтад авсан тухай мэдээлэл ирүүлсэн.

Гэхдээ би өөрөө нэлээд их материал цуглуулж судалсан. Ингэхэд анх Тост, Тосон бумбын нурууг дөрвөн үндэслэлээр тусгай хамгаалалтад авсан юм билээ. Харин мэргэжлийн хүмүүсийн санал, нутгийн ИТХ-ын тогтоолоор баталсан хамгаалалтад авах бүсчлэлийг өөрчилсөн байна лээ.

-Тодруулбал?

-Анх УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас судалгаа шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулсан юм билээ. Энэхүү ажлын хэсэг нь ховор ургамал, ан амьтан, гол, булаг шанд аль хэсэгт байгааг нь судалж, хамгаалалтад авах бүсчлэлийг гаргасан байдаг.

Энэхүү ажлын хэсэгт “Ирвэс хамгаалах сан” төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд, Шинжлэх ухааны академийн дэргэдэх хүрээлэнгийн эрдэмтэд оролцсон байдаг. Үүнээс гадна Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, Гурвантэс сумын ИТХ-ын тогтоолоор тусгай хамгаалалтад авах координатыг гаргасан юм билээ.

Харин Засгийн газар тусгай хамгаалалтад авахдаа эдгээр тогтоол бүсчлэлийг огт харгалзаж үзээгүй. Уурхайг тойруулаад тусгай хамгаалалтад авчихсан. Тиймээс би УИХ-ын гишүүний хувьд мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтээр тусгай хамгаалалтын хилийн бүсийг тогтоогооч гэсэн хүсэлт тавьсан.

Асуулгын хариу ирсний дараа хүсэлтээ илгээсэн юм. Харин энэ хугацаанд иргэд, төрийн бус байгууллагууд хэлэлцүүлэг зохион байгуулж, тэмцлээ илэрхийллээ. Ер нь, УИХ-ын гишүүн, тухайн тойргоос сонгогдсон гишүүний хувьд яалт ч үгүй баян бүрд, ирвэс нутагладаг, ховор ургамал ургадаг газар учраас уул уурхай эрхэлж болохгүй гэсэн хатуу байр суурь илэрхийлсэн. Мөн өнгөрсөн ням гарагт Ерөнхий сайдтай уулзаж, асуудал тавьсан.

Нэгдүгээрт, Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коэл транс”, “Баатарван”, “Жавхлант орд” гэсэн гурван компанийн зөвшөөрлийг яаралтай шалгаж, цуцлах асуудлыг хөндсөн. Хоёрдугаарт, Гурвантэс сумын нутагт шинээр олборлолт хийх лиценз авсан таван компани байна.

Тухайлбал, “Саус гоби сэндс”, “Монгол чадал”, “Хайрхан толгой”, “ЕАИ” компаниуд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон байна. Тиймээс эдгээр компани мөн асуудал үүсгэж магадгүй. Тиймээс байгаль орчны үнэлгээгээ хийлгэсэн эсэх, олборлолт хийх гэж байгаа газар нь байгальд сөрөг нөлөө үзүүлэх үү зэрэг асуудлыг нягтлах хүртэл зөвшөөрлийг нь түдгэлзүүлэхийг хүссэн. Мөн Өмнөговь аймгаас экспортод гарч байгаа нүүрс тээврийн асуудлыг хөндсөн.

-Уурхайг хаалгах үйл ажиллагаа зохион байгуулалттай гэж харагдаад байгаа. Энэ асуудлын ард магадгүй таныг байгаа гэсэн хардлага байна л даа?

-Би ямар ч асуудлын ард байхгүй. Хууль зөрчсөн үйлдэл байвал иргэн хүний хувьд, УИХ-ын гишүүний хувьд анхааралдаа авахаас өөр аргагүй. Тэр дундаа миний төрж, өссөн нутагт асуудал үүсэж, ард иргэдийг бухимдуулж байгаа учраас би анхаарал хандуулахаас өөр арга байхгүй.

Тусгай хамгаалалтад авах ёстой талбайгаас Засгийн газар хассан нь алдаатай шийдвэр байсан. Үүнийгээ засчихвал ямар ч маргаангүй болно.

-Тост, Тосон бумбын нуруу орчимд 10-аад уурхай үйл ажиллагаа явуулж байхад зөвхөн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй нэр холбогддог уурхайг л онилоод байгааг уурхайчид хэлж байсан. Ерөнхий сайд ч бас Б.Чойжилсүрэн гишүүн рүү хандсан үг хэлж байна лээ. Хувь хүний үүднээс улстөрчид нэгийгээ “намнаж” байгаа үйлдэл юм болов уу гэсэн хардлага байна?

-Хардах эрх танд бий. Гэхдээ үндэслэл муутай байна. Хоёр жилийн хугацаанд маргаан гарч байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх дуугараагүй. Иргэд бухимдаж, төрийн бус байгууллагууд ч хэлэлцүүлэг өрнүүллээ.

Харин хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн иргэдийг хахуульдах гэсэн үйлдэл гарсан гэхээр ямар нэгэн нуун далдлах зүйл байна гэж болно. Нөгөө талаас миний хувьд удаа дараа бичиг өгч, биечлэн уулзсан.

Улс даяар тэр дундаа говь нутаг усны хомсдолд орсон, өвс ургамал ховордсоноос гадна ховор ан амьтантай газар нутгийг хамгаалах нь зүйтэй гэдэг үүднээс Ерөнхий сайд дуугарч байна. Түүнээс биш хэн нэгэнтэй тэрсэлдсэн зүйл биш.

Өөрийн тань хэлсэн шиг олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Харин Тост, Тосон бумбад хамгийн ойрхон үйл ажиллагаа явуулж байгаа нь “Сауд гоби коэл транс” компани байгаа юм. Нөгөө талаас “Жавхлант орд”, “Баатарван” гэсэн компаниуд бий. Тэдний зөвшөөрлийг ч авч үзэх ёстой.

-“Сауд гоби коэл транс” компанийн үйл ажиллагаа явуулж байгаа ордын нөөц нь ямар байдаг вэ. Нөөцийн талаар мэдээлэл олдохгүй юм билээ?

-Би хараагүй. ТЭЗҮ-ийг баталсан байгаа. Гэхдээ ТЭЗҮ-дээ төдийлөн тодорхой байхгүй байх. Цаашдаа хайгуул хийснээр нөөц нь тодорхой болох байх. Ерөнхийдөө сонсоход нэлээд нөөцтэй л гэдэг юм билээ.

-Уурхайн үйл ажиллагааг зогсоолоо гэж бодоход дараа нь өөр аж ахуйн нэгж ашиглах юм биш үү. Яаж хамгаалах юм бэ?

-Улс тусгай хамгаалалтад авчихвал ямар нэгэн лиценз олгохгүй. Төр буцаагаад тусгай хамгаалалтаас гаргасан тохиолдолд л ашиглах боломжтой болно.

-340 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан талаар мэдээлэл гараад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байна вэ?

-340 мянган тонн нүүрс алдагдсаныг Засгийн газар зарлаад нэг жил орчим болж байна. Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг шалгаж, 340 мянган тонн нүүрс “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зөвшөөрөлтэй газраас хулгайд алдагдсаныг тогтоож, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн. Өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг Ерөнхий сайдад хэлсэн.

Яагаад яаралтай вэ гэхээр өмнө нь 2011-2013 онд 379 мянган тонн нүүрс нууцаар тээвэрлэсэн хэрэг гарсан юм билээ. Үүнийг шалгаж, тогтоохоор ажиллаж байх хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан мэдэгдэж байсан. Үүнтэй адил 340 мянган тонн нүүрсний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууслаа гэх магадлалтай байгаа юм.

-Хууль хяналтын байгууллагын шалгалт яагаад одоог хүртэл дуусахгүй байгааг тодруулсан уу?

-Ерөнхий сайд хууль хяналтын байгууллагын удирдлагуудад албан даалгавар өгсөн байна. 340 мянган тонн нүүрсний хулгайг ингээд орхиж болохгүй. Энэ бол гурван сая иргэний өмчөөс хулгайлж буй хэрэг. Энэ хулгайг магадгүй бүлэг этгээдүүд давтаж хийдэг юм биш биз гэсэн хардлага бий.

-Сүүлд 340 мянган тонноор тогтохгүй их нүүрс алдагдсан байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан.Үүнийг тодорхой болгосон УУ?

-Тийм. Гэхдээ би хууль хяналтын байгууллагад хандаагүй байна. Холбогдох мэргэжлийнхний хэмжилт хийснээр дөрвөн сая 200 мянган тонн нүүрс алдагдсан. Одоогийн ханшаар 700 орчим тэрбум төгрөгийн нүүрс алдагдсан байж болзошгүй нөхцөл байдал байгаа юм. Тиймээс ямар ч гэсэн 340 мянган тонн нүүрсний асуудлыг шийдвэрлэснээр дараагийн ул мөр гарч ирэх байх.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье. УИХ-ын гишүүдийн өргөн барьж хэлэлцүүлж буй төслөөс гадна Ерөнхийлөгч төсөл өргөн барьсан. Тиймээс зөвшилцөх ажлын хэсэг байгуулж, төслүүдийг уялдуулж, зөвшилцөхөөр болсон. Харин өнөөдөр (өчигдөр) УИХ дахь МАН-ын бүлэг хуулийн төслийг жигдлэхээр хуралдаж байна. Таны хувьд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн саналуудад ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэдээж эцэг хуулиа хөндөх гэж байгаа учраас тал бүрийн саналыг авах нь зүйтэй. Ерөнхийлөгч тодорхой хэмжээнд саналуудаа өгсөн. Эдгээрээс УИХ-ын гишүүдийн тоог 108 болгохыг эсэргүүцэж байгаа. Мөн сонгуулийн хувилбарын хувьд 54 нь улс нэг тойргоор, 54 нь жижиг мажоритар тогтолцоогоор сонгох санал орж ирсэн.

-Шүүхтэй холбоотой зохицуулалтуудыг хуучнаар нь явуулах санал гаргасан байна лээ. Та аль зохицуулалтыг нь дэмжиж байгаа вэ?

-Би УИХ-ын гишүүдийн өргөн барьсан саналыг дэмжиж байгаа. Харин шүүгчдийг олон жилээр томилох саналыг өөрчилж болох байх. УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд хоёр давуу тал бий. Шүүхийн ерөнхий зөвлөлийг 10 гишүүнтэй болгож тавыг нь парламент, тавыг нь мэргэжлийн байгууллагаас томилохоор тусгасан.

Нөгөө нь иргэдийн төлөөллийн оруулсан хариуцлагын зөвлөл байгуулахаар тусгасан нь чухал зохицуулалт. Хууль шүүхийн байгууллагыг бие даасан хараат бус байлгахын тулд энэ өөрчлөлтийг хийх хэрэгтэй.

-Сум, дүүргийн Засаг даргыг иргэд сонгоно гэхээр нэгж бүрт вантай болох вий гэсэн болгоомжлол байна л даа?

-Энэ бол их эмзэглэх асуудал биш. Сумын иргэд өөрсдийн удирдлагаа сонгох нь зөв. Органик хуулиараа тухайн хүний хэм хэмжээ, хариуцлага тооцох байдлыг нь гаргаад өгчих хэрэгтэй.

-Байгалийн баялгийг төрийн, нийтийн өмч гэж хуульчлах уу гэдэг нь нэлээд маргаантай байх шиг байна. Таныхаар аль томьёолол нь зөв бэ?

-Мэдэл нь ард түмэнд бий. Төр гэж хэн юм бэ. Ард түмний төлөөлөл удирдаж байгаа гэдэг үүднээс төр бол ард түмэн. Тиймээс төрийн өмч гэж томьёолох нь зөв үзэж байгаа.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 3 цаг 28 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 5 цаг 41 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 5 цаг 51 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 6 цаг 8 мин Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ 6 цаг 21 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 6 цаг 46 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 7 цаг 4 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 7 цаг 25 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 7 цаг 40 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 8 цаг 23 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 10 цаг 5 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 10 цаг 9 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 11 цаг 1 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 11 цаг 2 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 11 цаг 3 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 11 цаг 4 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 11 цаг 5 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 11 цаг 6 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 11 цаг 7 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 11 цаг 8 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top