x

Б.Гүнбилэг: Ерөнхийлөгчийн Тамгын газар хуулийг буруу тайлбарлаж байна

Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх тухай маргаан гараад байна. Нэг талаас АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатай томилогддог гэж байгаа. Мөн одоогийн даргын хувьд нөхөн томилогдсон тул өмнөх даргын үлдсэн хугацааг дуусгаад ажлаа өгөх ёстой гэдэг байр суурь ч гарч байна?

-Авлигын эсрэг хуулийн 21.1 дээр “АТГ-ын дарга, дэд даргыг зургаан жилийн хугацаатай томилно" гэсэн байгаа. Мөн хуулийн 21.5 дээр “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж байдаг. 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа гэдэг нь зургаан жилийг хэлж байгаа юм. Тэгэхээр хэрвээ нөхөн томилогдсон тохиолдол гарвал зургаан жилийн хугацаатай байна гэдэг утга санаа байна.

-Гэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөр хуулиудын заалтыг иш татаж тайлбарлаж байсан санагдаж байна?

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гуай Төрийн албаны тухай хуулийг эшэлж төсөөтэй байдал үүсгэн тайлбарлаж байна лээ. Тэр нь буруу. Төрийн албаны тухай хуулийн 72 дугаар зүйл дээр “Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол эрх бүхий этгээд өер хүнийг нэр дэвшүүлж, саналаа УИХ-д оруулна" гэж байдаг. 72.2 дээр “Энэ хуулийн 72.1-д заасны дагуу томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацаатай адил байна” гэсэн бий.

Тэгэхээр Төрийн албаны зөвлөлийнх дээр болохоор “өмнөх гишүүний” гэдэг үг оруулаад тодорхой заагаад өрчихсөн байгаа биз. Мөн олон нийтийн дунд ч Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын болон гишүүний тухай асуудлыг эш татсан яриа гарч байна. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15.2 дээр “Энэ хуулийн 15.1-д заасны дагуу томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа өмнөх гишүүний томилолтын үлдсэн хугацаатай адил байна” гэж байгаа.

Тэгэхээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд зааж байгаа нөхөн томилогдож байгаа тохиолдолд өмнөх гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна гэж тодорхой заачихсан.

Харин Авлигын эсрэг хуулийн 21.5 дээр эсрэгээрээ өмнөх даргын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө тэр хүн нөхөн томилогдсон бол тэр хугацаанд нь биш харин зургаан жилээр байна шүү гэдгийг тайлбарлаад өгчхөж байгаа юм. Тэгэхээр энэ чинь төсөөтэй жишиг биш болчхож байна. Тийм учраас “Төрийн албаны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуультай адилтгаж үзнэ. Ийм учраас одоогийн АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа нь дуусчихсан” гээд байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн дагуу биш, хуулийг буруу тайлбарлаж байгаа асуудал.

-Тэгвэл хуулийг буруу тайлбарлах нь ямар хэрэгтэй юм бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн явуулж байгаа үйл ажиллагаануудыг ерөнхийд нь харахаар тодорхой хэмжээгээр улстөржсөн, хуулийг өөртөө ашигтайгаар тайлбарлахыг зорьсон ийм эрмэлзэл байна уу даа гэж бодогддог. Тодотгон хэлбэл, зөвхөн энэ асуудал биш цаазаар авах ялын тухай асуудал гэдэг ч юм уу. Урагшаа хараад үйл ажиллагаагаа явуулах байтал, хуулийг өөрөөр тайлбарлах, хуулийг олон нийтийн сэтгэхүйг хагаралдуулах байдлаар тайлбарлаад байгаа нь буруу жишиг юм.

-АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатай томилдог нь эрх бүхий албан тушаалтнуудын нөлөө орохоос сэргийлж байгаа хэлбэр байх. Гадаадын адил төсөөтэй албанд яаж хуульчилсан байдаг юм бол?

-Бусад оронд ямар байдгийг би сайн мэдэхгүй юм. Авлигын эсрэг олон улсын конвенц гэж байгаа шүү дээ. Түүгээр ийм байгууллагатай байх нь зүйтэй, Эрүүгийн хуульдаа авлигын гэмт хэргүүдийг хуульчлах ёстой гэдэг үүргүүдийг өгчихсөн байдаг. Энд нэг зүйлийг тайлбарлахад томилогдсон, нөхөн томилогдож байгаа тохиолдолд тэр албан тушаалтан улс төрөөс хараат бусаар ажиллах ёстой учраас зургаан жил байх ёстой гэсэн санаа Авлигын эсрэг хуульд байна шүү дээ.

Ингэж үйл ажиллагаа нь тогтвортой, хараат бус байхыг нь хуульчилсан. Харамсалтай нь, би алдаагүй бол одоогийн дарга нь АТГ-ын тав дахь дарга нь байгаа байх. Нэг ч АТГ-ын дарга бүрэн эрхийн хугацаагаа бүрэн гүйцээж байсан удаа Монголд байхгүй. Ямар нэгэн байдлаар өөрийн хүслээр ажлаа өгдөг. Эсвэл нас барлаа, гэмт хэрэгт холбогдлоо гэдэг. Миний мэдэж байгаагаар сүүлийн хоёр АТГ-ын дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгч байсан.

Тэгэхээр энэ АТГ-ыг өөрийн эрх нөлөөнд байлгах, үүнийг оролдох сонирхол улс төрийн албан тушаалтнуудад байдаг л байгаа байхгүй юу. Тийм учраас 21.5 дээр тийм юм байхгүй шүү, зургаан жилээр томилно гэж оруулсан. Хэн Ерөнхийлөгч болно, аль нам нь УИХ-д олонхыг бүрдүүлж байгаагаас үл хамааран зургаан жил байна гэснийг баталгаажуулж өгсөн хэрэг. Гэтэл цагаан дээр хараар биччихсэн зүйлийг эсрэгээр нь тайлбарлаад байгаа нь сонин байна.

“Пи Ар”-даа сайн байж болно. Нийгмийг давалгаалуулдаг үйл ажиллагаандаа улстөрчид сайн байж болно. Харин цагаан дээр хараар биччихсэн хуулийг улайм цайм буруу тайлбарлаад нийгмийг хагаралдуулаад байгаа нь өөрөө улсын тогтвортой байдал, хөгжилд хорио тээг болно гэдгийг хэлмээр байна.

-АТГ-ын даргыг олон нийтээс асуух тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэлж байсан. Ерөнхийлөгчийн албан вэб сайтад иргэд саналаа өгөх аргаар АТГ-ын даргыг сонгож болох уу?

-Нэгдүгээрт, энэ бол хугацаа нь дуусаагүй хүний тухай асуудал яригдаж байна.

-Хэрэв зургаан жилийн хугацаа нь дуусчихсан тохиолдолд?

-Хэрвээ АТГ-ын даргын зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусчихсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч санал гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ямар арга хэрэгсэл ашиглах нь өөрийнх нь эрхийн асуудал. Тиймээс түүнийг нь буруутгаад элдэв янзаар хэлэх бол хууль зүйн утгаар үр нөлөө байхгүй. Нэг л хүнийг гаргаж ирж явуулна шүү дээ. Хэрэв санал асуулга хийх замыг сонгосон бол тэр хүн олон нийтийн дунд судалгаа тандалт хийж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ өнцгөөс буруутгаж болохгүй.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 34 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 36 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 37 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 39 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 8 цаг 43 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 8 цаг 45 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 8 цаг 46 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 9 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 17 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 18 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 21 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 23 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 28 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 29 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 31 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 30 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 31 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 32 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 34 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top