Энэ өдөр Токиогийн 2020 оны олимпийн наадамд оролцох монгол тамирчдаа дэмжин ажиллах “Токио олимп сан”-гийн нээлтийг хийж, тус олимпийн эрх хүртээд буй 5 тамирчин хүндэтгэлийн цомыг Ерөнхий сайд, сангийн захирал нарт гардуулав.

1988 оны Сөүлийн олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Энхбат “Токио олимп сан”-д анхны хандивыг өргөж, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан “Тамирчны алдар” дуугаараа баярын тайзыг мялаалаа.

Баярын өдөрт алдар суугаа мандуулсан ахмад тамирчид болон 2020 оны олимпийн эрхийн төлөө бэлтгэл хангаж буй Үндэсний шигшээ багийн тамирчид, нийслэл, дүүргүүдийн биеийн тамир, спортын газар, олон төрлийн спортын мэргэжлийн холбоод, спорт сонирхогчид оролцов. Энэ жил орчин үеийн олимпийн хөдөлгөөн үүсэж хөгжсөний 125 жилийн ой тохиож, дэлхий даяар олимпийн өдрийг өргөн цар хүрээтэй тэмдэглэжээ.